| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0013/Э |
| Дугаар | 16 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт О.Ш-т холбогдох эрүүгийн 1820001370012 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг, хувиараа авто машины засварчинаар ажилладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1, 9 дүгээр зүйлийн 3-д зааснаар эдлээгүй үлдсэн 03 жил, 02 сар, 19 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн , бие эрүүл А овогт О.Ш
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ш нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг хүн байнга амьдрах орон сууцны цонхоор орж иргэн Б.Ц-н Самсунг Жи-3 маркийн гар утсыг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөрийнхөө хийсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв. Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө өөрийн Замын-Үүд сум 1 дүгээр баг гэртээ 4 хүүхдийнхээ хамт унтаж байхдаа цэнэглээд орхисон байсан Самсунг Жи-3 маркийн 2 сим карт уншдаг гар утсаа гэрээсээ алдсан. Тухайн өдрийн орой хамгийн сүүлд манай охин И найз залуутайгаа миний Самсунг Жи-3 маркийн гар утсаар ярьж байгаад унтахдаа цэнэглээд орхисон байсан. Тэгээд өглөө нь босоод утсаа хайгаад олоогүй ба суудлаас хүн тосч ирээд утсаа мөн хайгаад олоогүй, дугаар руугаа залгатал утас маань холбогдох боломжгүй байсан. Бид унтахаасаа өмнө гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд цонхоо онгорхой орхиод унтсан байсан. Суудлаас хүн тосоод ирсэн хойно манай хүү цонхон дээр гутлын мөр байсан гэж хэлсэн ба тэр нь хаана байна гэхэд С эгч арчиж цэвэрлэсэн гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн….Би гар утсаа бүрэн бүтэн олж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 28-29, 110-111/
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... О.Ш шөнө Самсунг Жи 3 маркийн гар утастай орж ирээд энэ ямар утас байна гээд надад үзүүлэхэд нь гайгүй л цэвэрхэн утас байна, яг ямрыг нь мэдэхгүй байна гээд асаах гэж үзэхэд асахгүй байхаар нь өөрт байсан цэнэглэгчээр цэнэглэхэд асахгүй болохоор нь өөрийхөө утсыг цэнэглэхэд Ш нөгөө утсыг аваад цааш нь хийгээд бид 2 унтаад өгсөн. … Ш З-руу залгаад тэмээтэй байрны урдуур явж нэг газар уулзсан. Би Сайншандыг мэдэхгүй учраас хаана уулзсан газрыг нь санахгүй байна. Тэгээд З-тай уулзаад Ш цүнхнээсээ хөх өнгийн Самсунг Жи-3 маркийн гар утас гаргаж ирээд бид 2 мөнгө муутай явна энийг зараад өгчих гээд З-д өгөөд намайг нөгөөдөхөө гаргаад ир гэхээр нь би өөрт байсан LG маркийн гар утсаа гарган З-д өгөхөд З өөрийн барьж байсан Самсунг Эс 3 маркийн гар утсаа нийлүүлээд УБ хотод гар утас засдаг хүн рүү яриад 110.000 төгрөгөнд гурвууланг нь зарсан ба зарсан мөнгөө З өөрийн Х банкны дансаараа шилжүүлэн АТМ-ээс 110.000 төгрөг авч О.Ш-т өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 41/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 42/
А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-122/
Шүүгдэгч О.Ш-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 126/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч А овогт О.Ш нь 2018 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг хүн байнга амьдрах орон сууцны цонхоор орж иргэн Б.Ц-н Самсунг Жи-3 маркийн гар утсыг хулгайлж бусдад 280.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Ш-н орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид унтахаасаа өмнө гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд цонхоо онгорхой орхиод унтсан байсан. Суудлаас хүн тосоод ирсэн хойно манай хүү цонхон дээр гутлын мөр байсан гэж хэлсэн ба тэр нь хаана байна гэхэд С эгч арчиж цэвэрлэсэн гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн….Би гар утсаа бүрэн бүтэн олж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29,110-111/, гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... О.Ш шөнө Самсунг Жи 3 маркийн гар утастай орж ирээд энэ ямар утас байна гээд надад үзүүлэхэд нь гайгүй л цэвэрхэн утас байна, яг ямрыг нь мэдэхгүй байна гээд асаах гэж үзэхэд асахгүй байхаар нь өөрт байсан цэнэглэгчээр цэнэглэхэд асахгүй болохоор нь өөрийхөө утсыг цэнэглэхэд Ш нөгөө утсыг аваад цааш нь хийгээд бид 2 унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 41/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 42/, А ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-122/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Ш нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэж, бусдад нийт 280.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э шүүгдэгч О.Ш нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газарт хүсэлт гаргажээ. Прокуророос уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Ш-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн үндэслэлтэй байна.
А ХХК-ний шинжээчийн үнэлгээний дүгнэлтээр хулгайд алдагдсан Самсунг Жи-3 маркийн гар утасны үнийг 200.000 төгрөгөөр үнэлсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд хулгайлсан гар утсаа хохирогчид буцаан өгсөн нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Ш-н энэ хэрэгт сэжигтэнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О.Ш-т эрүүгийн ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хяналтын прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд буюу 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт О.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А овогт О.Ш-ш 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Ш-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ш-н баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч О.Ш нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц