| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0012/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Г-д холбогдох эрүүгийн 1820002710007 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, токерчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хил хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Ц.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйнд хязгаарласан бараа болох 165 кг 430 гр хонины махыг нууж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 165 кг хонины мах аваад машиныхаа дугуйндаа хийгээд дугуй засвар дээр очиж дугуйгаа хийлүүлчихээд хил рүү явсан. Тэгээд хил дээр Т гэх байцаагч шалгаж дугуй цохиж үзээд дараа нь рентген орж үзэж намайг саатуулсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр би Авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах талд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 17 цагийн орчимд ... улсын дугаартай автомашин шалгуулахаар ирсэн. Би уг автомашины дотор талд копуд, хаалганы карман, багааж зэргийг нь үзэж шалгасан. Тэгээд дугуйг нь төмрөөр цохиж үзэхэд хатуу зүйл мэдрэгдэхээр нь дугуйнд ямар нэг зүйл хийсэн байж магадгүй гэж бодоод өөрөө машин дотор сууж рентген рүү явсан. Миний өөрөө машинд суусан шалтгаан нь тухайн автомашиныг улсын дугаараа сольчихож магадгүй гэж сэрэмжилсэн. Тэгээд рентгенээр оруултал дугуйнд юм хийсэн нь тодорхой болсон. Би жолоочоос “Дугуйнд чинь юу байгаа юм бэ” гэж асуухад “мах байгаа” гэж хэлсэн. Ингээд машиныг саатуулж махыг нь хураан материалыг бүрдүүлсэн. Хураасан мах нь гаалийн агуулахад автомашин гаалийн хашаанд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2 сарын өмнө уг автомашиныг өөрийн танил дүү Г-д 500.000 төгрөгөөр худалдан борлуулсан тул одоо Г-н эзэмшлийн машин...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хх-ийн 75/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 76/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 78-79/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 83/
А ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээнд “Б.Ч эзэмшлийн ... улсын дугаартай 1996 онд Орос улсад үйлдвэрлэгдсэн 1996 онд Монгол улсад орж ирсэн УАЗ-31512 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2018 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэжээ. /хх-ийн 40-42/
2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд
“1. Шинжилгээнд хүргүүлсэн мах нь бог малынх бөгөөд өөхөн бүрхүүл, ууц, сүүлний хэсэг, морфологи, махны бүтцийн байдлаас үзэхэд хонины мах мөн.
2. Хөлдөөсөн махны байдлаас үзэхэд гарал үүсэл, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээгүй тул эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
3. Махны шинж байдлаас үзэхэд муудаж, ялзрал явагдаагүй боловч хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдсан тул нийтийн хэрэгцээнд шаардлага хангахгүй тул устгах хэрэгтэй” гэжээ. /хх-ийн 45/
А ХХК-ийн үнэлгээний тайланд “Тайлангаар үнэлэгдэж буй хонийны махны үнийг 774.435 төгрөгөөр тодорхойлов” гэжээ. /хх-ийн 48-51/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-55/
... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57/
Дорноговь аймгийн 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 62/
Шүүгдэгч Ц.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйнд хязгаарласан бараа болох 165 кг 430 гр хонины махыг нууж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Т-н “...Тухайн өдөр би Авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах талд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 17 цагийн орчимд ... улсын дугаартай автомашин шалгуулахаар ирсэн. Би уг автомашины дотор талд копуд, хаалганы карман, багааж зэргийг нь үзэж шалгасан. Тэгээд дугуйг нь төмрөөр цохиж үзэхэд хатуу зүйл мэдрэгдэхээр нь дугуйнд ямар нэг зүйл хийсэн байж магадгүй гэж бодоод өөрөө машин дотор сууж рентген рүү явсан. Миний өөрөө машинд суусан шалтгаан нь тухайн автомашиныг улсын дугаараа сольчихож магадгүй гэж сэрэмжилсэн. Тэгээд рентгенээр оруултал дугуйнд юм хийсэн нь тодорхой болсон. Би жолоочоос “Дугуйнд чинь юу байгаа юм бэ” гэж асуухад “мах байгаа” гэж хэлсэн. Ингээд машиныг саатуулж махыг нь хураан материалыг бүрдүүлсэн. Хураасан мах нь гаалийн агуулахад автомашин гаалийн хашаанд байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хх-ийн 75/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 76/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 78-79/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 83/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, тээврийн хэрэгсэл ашиглаж, тээврийн хэрэгслийн хөндий зайнд нуух аргаар, зохих зөвшөөрөлгүйгээр үйлдэж, 774.435 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон,Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
А ХХК-ийн үнэлгээгээр эд мөрийн баримтаар хураагдсан 165,4 кг махны үнэ ханшийн 774.435 төгрөгөөр, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг 500.000 төгрөөр тус тус үнэлжээ.
Хавтаст хэргийн материалд гаалийн улсын байцаагч Д.Т-н бэхжүүлж авсан хэрэгт ач холбогдол бүхий Гаалийн байцаагчийн тэмдэглэл / хх-ийн 07/, бараа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 08-10/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 11-12/, холбогдогчийн мэдүүлэг /хх-ийн 05/, хураан авсан эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 17-18/ зэрэг нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан тул дээрх нотлох баримтуудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж бэхжүүлсэн тул үнэлэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хязгаарлалт тогтоосон барааг зохин зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан 165 килограмм 430 грамм хонины мах нь гаалийн агуулахад хадгалагдаж байгаа бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлтээр “хөлдөөсөн махны байдлаас үзэхэд гарал үүсэл, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээгүй тул эрүүл ахуйн шаардлага хангахгүй, махны шинж байдлаас үзэхэд муудаж, ялзрал явагдаагүй боловч хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдсан тул нийтийн хэрэгцээнд шаардлага хангахгүй тул устгах хэрэгтэй” гэсэн дүгнэлт гарсан тул устгахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 500.000 төгрөгний үнэлгээтэй, ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн, бор ногоон өнгийн автомашин нь шүүгдэгч Ц.Г-н өмчлөлийн машин мөн болох нь гэрч Б.О-н “Би 2 сарын өмнө уг автомашиныг өөрийн танил дүү Г-д 500.000 төгрөгөөр худалдан борлуулсан тул одоо Г-н эзэмшлийн машин” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болговол зохино.
500.000 төгрөгний үнэ бүхий ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн, бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 01 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, тогтмол орлоготой, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хязгаарлалт тогтоосон барааг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Г-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 165 килограмм 430 грамм хонины махыг устгахыг Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Г-н гэмт хэрэг үйлдлэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох ... улсын дугаартай УАЗ31512 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар 500.000 төгрөгний үнэ бүхий ... улсын дугаартай, УАЗ-31512 маркийн, бор ногоон өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 01 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц