Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Д овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 1820002310137 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч  Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд сумаас 104 километр хатуу хучилттай асфалтан зам дээр ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж ... улсын дугаартай Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж Б.Ө-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хавтаст хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай нөхөр энэ ослын улмаас болж нас барсан. Бидэнд Д.Г оршуулгын зардлыг бүрэн гүйцэт төлж барагдуулсан байгаа. Мөн надаас уучлалт гуйсан. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс намайг харж хандаж байгаа. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүн энэ хүнийг дуудаж машинаар нь явж ажлаа амжуулсан юм байна лээ, манай нөхөр гэртээ байхдаа архи уугаагүй талаар хүүхдүүд хэлсэн. Гэрээсээ гарахдаа эрүүл гарсан талаар хэлсэн байдаг. Хэргийн  газрын үзлэгээр архи уусан гэсэн дүгнэлт гарсан. Бидэнд одоо гомдол санал , нэхэмжлэх зүйл байхгүй тул Д.Г-т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Л.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт : “...Машин зам тээврийн осолд ороод нилээн их хэмжээний гэмтэл гарсан байгаа. Машин сэргээн босгоход гарах зардлыг нэхэмжлэнэ. Мөн одоогийн байдлаар манай байгууллагын хүмүүс наашаа цаашаа олон удаа явж байгаа тул нийлүүлээд эцсийн байдлаар нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг. /хх-ийн 232-233/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Номт зөрлөг рүү салах зам дөхөж байна гээд жолоочтой би ярилцаад явж байхад гэнэт машины араас машин мөргөөд засмал замын баруун гар тал руу замнаас гараад машин онхолдож хажуу талаараа унаж машин дотор байсан хүмүүс нэг нэгээрээ машин дотроос гараад замын хажуу талд зогсож байхад хамт Эрдэнэ сумын Номт зөрлөг дээр ажиллах ажлын хүмүүс машинтай ирж зогсоод Цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд бид нарын унаж явж байсан машины хойноос мөргөсөн машин ар талаас орсон байдалтай машин дотор хоёр хүн байх шиг байсан, тухайн үед харанхуй байсан болохоор сайн анзаараагүй. Тэгээд байж байхад эмнэлгийн хүмүүс ирээд бие нь өвдөж байгаа хүн байвал сумын эмнэлэг дээр очиж үзүүлэх шаардлагатай байна гээд бид нар нөгөө машиндаа суугаад сумын эмнэлэг ороод эмчид үзүүлээд тэндээс Сайншанд сумын эмнэлэг орж бид нар үзүүлээд би, А бид хоёр нурууны зураг авахуулахад эмч үзээд хугарсан яс байхгүй байна зөөлөн эдийн гэмтэл байж магадгүй гээд маргааш хүрээд ир гэсэн. Тэгээд бид нарт буудал орж амарсан. Машин дотор жолооч Б машинаа бариад би жолоочийн хажуу талын урд суудал дээр, арын суудал дээр жолоочийн талд А, голд Н, миний ар тал М сууж явж байсан. Тухайн үед яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна, харанхуй байсан болохоор анзаараагүй. Номт зөрлөг рүү салах дөхөж байсан учир хурдаа хасаад явж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Номт зөрлөгийн харалдаа ирж байх шиг байсан жолооч хурдаа хасаад явж байхад гэнэт машины араас машин мөргөөд засмал замын баруун гар тал руу машин гарч машин хажуу талаараа онхолдож, жолооч та нар бүгд зүгээр үү гэж орилж байх шиг байсан. Бид нар зүгээр байна гээд машин дотроос Ариунтуул хамгийн түрүүнд машины жолоочийн эсрэг талын арын хаалгыг онгойлгож гараад бусад нь ар араасаа машинаасаа гараад машины хажуу талд зогсож байгаад, бид нар цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгуулагад мэдэгдэх хэрэгтэй гээд манай хүмүүсээс нэг нь мэдэгдэж байх шиг байсан. Тэгээд байж байхад Эрдэнэ сумын цагдаа, эмнэлгийн хүмүүс ирээд хэргийн газрыг хамгаалалтанд аваад араас мөргөсөн машинд явж байсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлээд бид нарын биеийн байдлыг асуухад А-н нуруу, Б-н толгой өвдөөд байна, Н тэр гурав манай нөгөө машины жолоочтой хамт Эрдэнэ сумын эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Тэгээд унасан машины жолооч, нөгөө машинаас үлдсэн хүмүүстэй хамт байж байхад машины араас мөргөсөн машин бид нарын унаж явж байсан машины ар талд урд хамар хэсэг нь хүчтэй мөргөснөөс болж чихэгдсэн байдалтай харагдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа машин буцаж ирээд бид нар суугаад Замын-Үүд сум руу ирсэн. ...Тухайн үед яг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Номт зөрлөг рүү салах дөхөж байсан учир хурдаа хасаад 40-50 км цагийн хурдтай явж байсан. Машины ар талын суудал дээр сууж явж байсан 3 хүн хамгаалах бүс бүслээгүй байсан. Харин жолооч болон урд талын суудал дээр сууж явж байсан зорчигч хамгаалах бүс бүсэлсэн байсан. Жолооч болон зорчигч нараас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан. Жолоочийг замын хөдөлгөөнд оролцоод явж байхад зорчигч нараас саад учруулсан хүн байхгүй, араас ирж явж байсан тээврийн хэрэгсэл мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ө-тэй хамт явж байсан жолоочийн эгч А-тай утсаар ярьж яг юу болсон талаар үнэн  байдлыг хэл гэж хэлэхэд Ө нас барсан, манай дүүг Сайншанд сум руу эмнэлэг аваад явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41/

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Номт зөрлөгийн харалдаа ирж байх шиг байсан харанхуй болж байсан. Тэгтэл тас хийх чимээ гараад машин засмал замаас гараад хажуулдаад унаж машин дотор сууж явж байсан хүмүүс сандралдаад машин дотроос хурдан гараарай гээд машин дотроос А, М хоёр намайг татаж гаргаж байх шиг байсан /тухайн үед болсон  зүйлийг сайн санахгүй байна/ машин хажуу талаараа унасан байдалтай машин асаалттай байх шиг байсан хүмүүс машиныг унтраа гэхэд машиныг унтраасан. Тэгээд хүмүүсээ бүртгэхэд хүмүүс бүгд машинаас гараад ирсэн А-н нуруу өвдөөд байна, Б-н толгой өвдөөд байна, миний зүүн талын шанаа өвдөөд байсан. Бусад нь гайгүй байсан. Тэгээд байж байхад ар талд явж байсан манай байгууллагын нөгөө машинтай хүмүүс ирээд юу болов яав гээд асуугаад байсан. Манай машины хойд талд нэг жижиг юм харагдаж байсан, манай хүмүүс хүн байна гэж дуугарч байсан, харанхуй байсан болохоор би сайн анзаарч хараагүй. Тэгээд араас ирсэн машинд А, Б, бид 3 суугаад Эрдэнэ сумын эмнэлэг орж үзүүлсэн. Тэгээд Эрдэнэ сумаас Сайншанд сум руу явах гээд эмнэлгийн машинд суухад нөгөө машины жолооч гэх нэг эрэгтэй хүн насилк дээр тавьсан хүн оруулж ирээд хамт авч явсан. Тэгээд Сайншанд сумын эмнэлэгт нөгөө хоёр хүн үзүүлсэн миний бие гайгүй байсан учир үзүүлээгүй. Тэгээд унтаж амарсан....Жолооч болон зорчигч нараас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан. Жолоочийг зам хөдөлгөөнд оролцоод явж байхад зорчигч нараас саад учруулсан хүн байхгүй араас ирж явж байсан тээврийн хэрэгсэл мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын салдаг өнгөрөөд уруудаад явж байхад гэнэт тас хийх чимээ гараад машин засмал замаас гараад хажуулдаад унаж, би жолоочийн эсрэг талын арын хаалгаар гараад нөгөө хүмүүсээ нэг нэгээр нь гаргаад замд явж байсан хүмүүс машинаас бууж ирээд эмнэлгийн хүмүүс дуудах гээд яваад өгсөн. Тэгээд Эрдэнэ сумаас эмнэлгийн, цагдаагийн хүмүүс ирээд эмч нарт машинд сууж явж байсан хүмүүс үзүүлээд биеийн байдал гайгүй, толгой өвдөөд байна гэж байсан. Миний толгой гар өвдөж байсан. Эрдэнэ сумын эмнэлэгт Н, Б бид гурав дахин үзүүлээд тэндээс бид гурав эмнэлгийн машинд 01 цаг өнгөрч байхад суухад машин мөргөдөг машины жолооч гэх нэг залууг машинд оруулж суулгаад Сайншанд сум руу яваад явсан. Тэгээд Сайншанд сумын эмнэлэгт би нурууны зураг авахуулсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45/

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Ингээд 20 цаг өнгөрч байхад Дорноговь аймаг Эрдэнэ сум 555 дугаар км заалт орчимд замаасаа гарах гээд зөөлхөн явж байтал гэнэт араас машин орж ирээд миний машиныг түрээд замаас гаргаж улмаар миний машин замын хажуу талын шуудуу руу түргэгдэж ороод шуудууны цаад талын эрэг мөргөн жолооч талаараа хажуу тийшээ унасан. Тэгэхээр нь би машинд зорчин явсан ажилчин нараасаа хүн амьтан зүгээр үү дарагдсан хүн байна уу гэж асуухад бүгд зүгээр гэж хэлээд машинаас гарсан ба хамгийн сүүлд би машинаас гарсан. Ингээд машинаас гартал миний хажууд ... улсын дугаартай,Тоёота приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашин зогсож байсан ба дотор нь жолоочийн суудалд нэг эрэгтэй сууж байсан ба тэр эрэгтэй хүн хөндлөнгөөрөө цээж хэсэг нь зорчигчийн суудал дээр доошоо харсан байдалтайгаар хэвтэж байсан. Бид нар тэр жолооч эрэгтэйг дуудсан боловч эхэндээ ямар нэгэн дуу гарахгүй байснаа гэнэт орилсон. Ямар ч байсан жолоочийг амьд байна гэж ойлгоод зорчигчийн талын хаалгыг онгойлгож жолоочийг жолоочийн сандал дээр татаж дээш харуулаад хэвтүүлтэл жолоочийн доороос хажуу талын сандал дээр нэг эрэгтэй дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Бид нар тэр эрэгтэйг мөн дуудсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Удалгүй Эрдэнэ сумаас эмнэлэг, цагдаа нар ирээд эмч нь үзээд жолооч эрэгтэйг авч яваад харин жолоочийн хажуу талын сандал дээр хэвтэж байсан эрэгтэйг нас барсан талаар хэлсэн. Би Номт зөрлөгийн харалдаа ирчихсэн замаас гарах шороон зам руу орох замаа хараад явж байсан болохоор цагт 50-60 км цагийн хурдтай явж байсан...Миний унаж явж байсан тээврийн хэрэгслийн араас машин мөргөх үед зогсоох арга хэмжээ авч тормосон дээр гишгэж, засмал замаас гарах хүртэл гишгэсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-47, 48-49/

 Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн орой 20 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн 70527102 дугаарын утсаар Эрдэнэ сумын 1 дүгээр баг Ханги-нуурын давааны хойно Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын 104/555 дугаартай замын тэмдэгтийн орчим зам тээврийн осол гарч 2 машин мөргөлдөөд хүмүүсийн бие тааруу байна гэсэн дуудлага ирсэн ба тухайн осол болсон газар 20 цаг 40 минутын орчим очиход ... улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн араас ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарсан байдалтай байсан. Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд жолооч болон түүний хажуугийн суудал дээр тус бүр нэг нэг хүн нийт 2 хүн байсан ба жолоо барьж явсан гэх Г гэх хүний биеийн байдал муу түүний хажууд явсан Ө гэх хүн газар дээрээ нас барсан байдалтай байсан. Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлд 5 хүн зорчиж байсан ба тэдгээр 5 хүн хүнд гэмтэлгүй зарим хүмүүсийн толгой өвдөөд байна гэх зүйл ярьж байсан. Тухайн хэргийн газар очиход Приус 20 маркийн тээврийн хэрэгслээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба дотор нь архины аяга ундаа гэх зэрэг зүйлс байсан ба жолоодож явсан гэх Г-с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, ухаан мэдрэл нь орж гараад, хэл яриа нь тодорхой бус уусан шинж тэмдэг ажиглагдаж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56/

Гэрч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 20 цаг 30 минутын орчимд очиход Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл, приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн замын хажуу руу гарсан байдалтай байсан. Тухайн хэргийн газар очоод би Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд байсан жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан хүнийг эхлээд үзэхэд зүрх судасны үйл ажиллагаа, амьсгал зогссон хүүхэн хараа хоёр талд өргөссөн гэрэлд хариу урвал өгөхгүй гүрээний лугшилт үгүй цагаан судас лугшилтгүй нас барсан байдалтай байсан ба жолооны ард сууж явсан хүн ёолж байхыг сонсоод тухайн хүн дээр очоод үзлэг хийхэд ёолж байсан боловч хөдөлж чадахгүй хөл нь жолооны хүрдэнд дарагдсан байдалтай байсан ба тэнд байсан хүмүүсийн тусламжтайгаар эмнэлгийн машинд оруулан үзлэг хийж эмнэлэг рүү тээвэрлэсэн ба нөгөө машинд байсан хүмүүсийг би үзээгүй. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооны ард намайг дуудлагаар очих үед Г гэх хүн байсан ба би тухайн хүнд яаралтай тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэн хүргэж өгсөн ба нөгөө машинд байсан хүмүүсийг би үзээгүй учир мэдэхгүй байна. Тухайн үед Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г-с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба хэл ярианд өөрчлөлт орсон байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 57-58/

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 54/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/

Зам тээврийн ослын  газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-15/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-23/

Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27/

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/084 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

1. Амь хохирогч Б.Ө-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гол судасны тасрал, элэгний эдийн задрал, уушгины гялтангийн урагдал, дотуур цус алдалт, уушиг шалчийлт, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы эгэмний дунд шугамаарх хугарал, эрүүний зулгаралт, зүүн алганы ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Амь хохирогчийн цогцост учирсан гол судасны тасрал, элэгний эдийн задрал, уушгины гялтангийн урагдал, дотуур цус алдалт, уушиг шалчийлт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы эгэмний дунд шугамаарх хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүүний зулгаралт, зүүн алганы ар хэсгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Амь хохирогч Б.Ө нь хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.

5. Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн байна.

7. Амь хохирогчийн цуснаас илэрсэн 2,4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

8. Амь хохирогчийн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна” гэжээ. /хх-ийн 101/

 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

Асуулт 1. ... улсын дугаартай ... арлын дугаартай Тоёота Ланд100 маркийн автомашины техникийн бүрэн бүтэн байдал ямар байна вэ?

Хариулт 1. ... улсын дугаартай ... арлын дугаартай Тоёота Ланд100 маркийн автомашин нь хашаанд байгаа байдлаар бол техникийн хувьд бүрэн бүтэн байдал хангахгүй байна.

Асуулт 2. Ослын өмнө ... улсын дугаартай ... арлын дугаартай Тоёота Ланд-100 маркийн автомашин нь тоормосны аппарат, явах эд анги, дуут дохио дугуй бүрэн эсэх?

Хариулт 2. ... улсын дугаартай ... арлын дугаартай Тоёота Ланд-100 маркийн автомашин нь Улаанбаатар хотын Баян гол техникийн хяналтын үзлэгийн төвд 2018 оны 03-р сарын 28 нд орсон ба тухайн үед бүрэн бүтэн гэсэн техникийн дүгнэлт гарсан байна.

Асуулт 3. Хэрэв бүрэн бус бол зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөн эсэх?

Хариулт 3. Техникийн хяналтын үзлэгийн дүгнэлтээр 2018 оны 03-р сарын 28 нд бүрэн бүтэн гэсэн дүгнэлт гарсан байна. Осолд нөлөөлөх шалтгаан байхгүй.

Асуулт 4. ... улсын дугаартай ... арлын дугаартай Тоёота Ланд-100 маркийн автомашины техник бүрэн бус бол тухайн ослоос болж гарсан уу эсвэл осол болохоос өмнө үүссэн үү?

Хариулт 4. Энэ тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь тухайн ослоос болж үүссэн болох нь нотлогдож байна.

Асуулт 5. Осод болох шалтгаан нь ... улсын дугаартай ... арлын дугаартай Тоёота Ланд-100 маркийн автомашины техникийн элэгдэл хорогдлын улмаас үүссэн бол ямар техникийн элэгдэл хорогдлын улмаас үүссэнийг тогтоох.

Хариулт 5. Осод болох шалтгаан нь ... улсын дугаартай ... арлын дугаартай Тоёота Ланд-100 маркийн автомашины техникийн элэгдэл хорогдлын улмаас үүссэх шалтгаан байхгүй.” гэжээ. /хх-ийн 135-136/

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

“Хариулт 1. Тус тээврийн хэрэгсэл 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Замын-Үүд сумын тээврийн хэрэгслэл түр саатуулах хашаанд байгаа байдлаар бол техникийн хувьд бүрэн бус байдалтай байна.

Хариулт 2. ... улсын дугаартай ... арлын дугаартай ТОЯОТА ПРИУС-20 Улаанбаатар хотын Сонгино хайрхан техникийг хяналтын үзлэгийн төвд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр орсон ба тухайн үед техникийн хувьд бүрэн бүтэн гэсэн техникийн дүгнэлт гарсан байна.

Хариулт 3.4.5 асуултанд нэгтгэж хариулахад уг тээврийн хэрэгслийн гэмтэл нь ослоос болж үүссэн болох нь нотлогдож байна. Харин уг авто машины осол техникийн элэгдэл хорогдлын улмаас үүсэх шалтгаан болохгүй болно” гэжээ. /хх-ийн 146-147/

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

“Хариулт 1. Улаанбаатар хот Баянгол дуургийн 4-р хороонд оршин суух хаягтай иргэн Н.Б нь ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер-100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөөгүй байна. Зорчигч нараас нөлөөлөөгүй байна.

Хариулт 2. Н.Б нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзнэ.

Хариулт 3. Замын-Үүд сумын 2-р багт оршин суух хаягтай Д.Г нь ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мен 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 4. Д.Г нь тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ аваагүй нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр нотлогдож байна.

Хариулт 5. Жолооч Н.Б жолоодох эрхтэй ... дугаартай BCDE ангиллын үнэмлэх хүчинтэй байна. Жолооч Д.Г нь жолоодох эрхтэй ... дугаартай В ангиллын үнэмлэх хүчинтэй байна.

Хариулт 6. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь жолооч Д.Г нь шинжээчийн хариулт 3-д дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн хэсгүүдийг зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.

Хариулт 7. Уг зам тээврийн осол нь ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодож явсан Д.Г-н буруутай үйлдлийн улмаас гарсан байна.

Хариулт 8. Тухайн тээврийн хэрэгслүүд хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломгүй байна.” гэжээ. /хх-ийн 157-158/

А ХХК-ийн ... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн техникийн тайланд 4.018.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 160-163/

 А ХХК-ийн ... улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн техникийн тайланд 9.870.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 165-168/

... улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн хуулбар /хх-ийн 180/

... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 181/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 187/

Шүүгдэгч Д.Г-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 188-193/

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх-ийн 195-199/

... улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн хувийн хэрэг /хх-ийн 200-221/

 Эрүүгийн 1820002310138 тоот хэргийн хохирлын тооцоо, хохирлын баримтууд /хх-ийн 234-237/

Б.Ө-н нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 239/

Гадаадын иргэн, харъяатын газрын Дорноговь аймаг дахь газрын албан тоот /хх-ийн 242/

Эмнэлгийн хуудас /хх-ийн 243-245/

Шүүгдэгч Д.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 246-247/

Х банкны дансаар хохирлын төлбөр, оршуулгын зардал шилжүүлсэн талаарх баримт /хх-ийн 249-250/

Улаанбаатар төмөр замын авто тээврийн үйлчилгээний төвийн 12-51 дугаартай албан тоот зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

 Шүүгдэгч Д овогт Д.Г нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд сумаас 104 километрт буюу Эрдэнэ сумын нутагт хатуу хучилттай асфалтан замд ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж ... улсын дугаартай Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Ө-н амь нас хохирчээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Г-н автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машины араас машин мөргөөд засмал замын баруун гар тал руу замнаас гараад машин онхолдож хажуу талаараа унаж машин дотор байсан хүмүүс нэг нэгээрээ машин дотроос гараад замын хажуу талд зогсож байхад хамт Эрдэнэ сумын Номт зөрлөг дээр ажиллах ажлын хүмүүс машинтай ирж зогсоод Цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд бид нарын унаж явж байсан машины хойноос мөргөсөн машин ар талаас орсон байдалтай машин дотор хоёр хүн байх шиг байсан тухайн үед харанхуй байсан болохоор сайн анзаараагүй….” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Номт зөрлөгийн харалдаа ирж байх шиг байсан жолооч хурдаа хасаад явж байхад гэнэт машины араас машин мөргөөд засмал замын баруун гар тал руу машин гарч машин хажуу талаараа онхолдож жолооч та нар бүгд зүгээр үү гэж орилж байх шиг байсан бид нар зүгээр байна гээд машин дотроос А хамгийн түрүүнд машины жолоочийн эсрэг талын арын хаалгыг онгойлгож гараад бусад нь ар араасаа машинаасаа гараад машины хажуу талд зогсож байгаад бид нар цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгуулагад мэдэгдэх хэрэгтэй гээд манай хүмүүсээс нэг нь мэдэгдэж байх шиг байсан.... Жолоочийг зам хөдөлгөөнд оролцоод явж байхад зорчигч нараас саад учруулсан хүн байхгүй араас ирж явж байсан тээврийн хэрэгсэл мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч О.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө-тэй хамт явж байсан жолоочийн эгч А-тай утсаар ярьж яг юу болсон талаар үнэн  байдлыг хэл гэж хэлэхэд Ө нас барсан, манай дүү Сайншанд сум руу эмнэлэг аваад явсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Номт зөрлөгийн харалдаа ирж байх шиг байсан харанхуй болж байсан. Тэгтэл тас хийх чимээ гараад машин засмал замаас гараад хажуулдаад унаж машин дотор сууж явж байсан хүмүүс сандаралдаад машин дотроос хурдан гараарай гээд машин дотроос А, М хоёр намайг татаж гаргаж байх шиг байсан тухайн /үед зүйлийг сайн санахгүй байна/ машин хажуу талаараа унасан байдалтай, машин асаалттай байх шиг байсан хүмүүс машиныг унтраа гэхэд машиныг унтраасан...Жолооч болон зорчигч нараас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй байсан. Жолоочийг зам хөдөлгөөнд оролцоод явж байхад зорчигч нараас саад учруулсан хүн байхгүй араас ирж явж байсан тээврийн хэрэгсэл мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/, гэрч О.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тэгээд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын салдаг өнгөрөөд уруудаад явж байхад гэнэт тас хийх чимээ гараад машин засмал замаас гараад хажуулдаад уннаад, би жолоочийн эсрэг талын арын хаалгаар гараад нөгөө хүмүүсээ нэг нэгээр гаргаад замд зогсож  байсан хүмүүс машинаас бууж ирээд эмнэлгийн хүмүүс дуудах гээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд 20 цаг өнгөрч байхад Дорноговь аймаг Эрдэнэ сум 555 дугаар км заалт дээр орчимд замаасаа гарах гээд зөөлхөн явж байтал гэнэт араас машин орж ирээд миний машиныг түрээд замаас гаргаж улмаар миний машин замын хажуу талын шуудуу руу түргэгдэж ороод шуудууны цаад талын эрэг мөргөн жолооч талаараа хажуу тийшээ унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 48-49/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн осол болсон газарт 20 цаг 40 минутын орчим очиход ... улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн араас ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарсан байдалтай байсан. Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд жолооч болон түүний хажуугийн суудал дээр тус бүр нэг нэг хүн нийт 2 хүн байсан ба жолоо барьж явсан гэх Ганхуяг гэх хүний биеийн байдал муу түүний хажууд явсан Өнөрбүл гэх хүн газар дээрээ нас барсан байдалтай байсан. Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлд 5 хүн зорчиж байсан ба тэдгээр 5 хүн хүнд гэмтэл үгүй зарим хүмүүсийн толгой өвдөөд байна гэх зүйл ярьж байсан. Машин жолоодож явсан гэх Г-с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба ухаан мэдрэл нь орж гараад, хэл яриа нь тодорхой бус уусан шинж тэмдэг ажиглагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/, гэрч Ш.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...20 цаг 30 минутын орчим очсон ба тухайн газар очиход Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэл, приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн замын хажуу руу гарсан байдалтай байсан. Тухайн хэргийн газар очоод би Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд байсан жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан хүнийг эхлээд үзэхэд зүрх судасны үйл ажиллагаа, амьсгал зогссон хүүхэн хараа хоёр талд өргөссөн гэрэлд хариу урвал өгөхгүй гүрээний лугшилт үгүй цагаан судас лугшилтгүй нас барсан байдалтай байсан ба жолооны ард сууж явсан хүн ёолж байхыг сонсоод тухайн хүн дээр очоод үзлэг хийхэд ёолж байсан боловч хөдөлж чадахгүй хөл нь жолооны хүрдэнд дарагдсан байдалтай байсан ба тэнд байсан хүмүүсийн тусламжтайгаар эмнэлгийн машинд оруулан үзлэг хийж эмнэлэг рүү тээвэрлэсэн ба нөгөө машинд байсан хүмүүсийг би үзээгүй. Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооны ард намайг дуудлагаар очих үед Г гэх хүн байсан ба би тухайн хүнд яаралтай тусламж үзүүлэн аймгийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэн хүргэж өгсөн ба нөгөө машин байсан хүмүүсийг би үзээгүй учир мэдэхгүй байна. Тухайн үед Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г-с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба хэл ярианд өөрчлөлт орсон байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/084 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-101/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135-136/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 146-147/, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 157-158/, А ХХК-ийн ... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн техникийн тайлан /хх-ийн 160-163/, А ХХК-ийн ... улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслийн техникийн тайлан /хх-ийн 165-168/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/, зам тээврийн ослын  газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-23/, хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирч, бусдын эд хөрөнгөд 9.870.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Доноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүйгээс Замын хөдөлгөөний дүрмийн хэсгүүдийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Мөрдөгч уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” 2018 оны 11 сарын 27-ны өдрийн тогтоолын /хх-ийн 226/ тогтоох хэсгийн 1-д “талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Х.О-г тогтоосугай” гэж талийгаачийн гэж хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг 2 удаа байцаахдаа хохирогчоор байцаасан /хх-ийн 228, 230/.

Гэмт хэргийн улмаас хохирсон ... улсын дугаартай, Ланд крузейр-100 маркийн машин нь УБТЗ ХНН-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн байхад өмчлөгчийг нь иргэний нэхэмжлэгч байгууллагаар тогтоогоогүй, тухайн байгууллагын албан  тушаалтанг томилсон нь буруу байна. Эхлээд тухайн өмчийн өмчлөгчийг иргэний нэхэмжлэгчээр томилоод дараа нь иргэний нэхэмжлэгч нь төлөөллөө томилсон тохиолдолд төлөөлөгчийг нь мөрдөгч иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилох ёстой байсан.

Хэргийн газар анх очиж үзлэг хийсэн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч, эмч нар “тухайн үед Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г-с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба хэл ярианд өөрчлөлт орсон байсан” гэж мэдүүлж байсан боловч мөрдөгч нь шүүгдэгч Д.Г-с цусны дээж авахуулахдаа энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авснаас болж шүүгдэгчийн согтуурлыг тогтоох боломжгүй болгосноос шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ял завших боломжийг олгосон зэрэг алдаа, зөрчил илэрсэн. Иймд дахин ийм алдаа зөрчил гаргахгүй, хууль зөрчихгүй байхыг анхааруулъя.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч Д.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөр болох оршуулгын зардалд нийт 4.500.000 төгрөгийг төлсөн болох нь Б.Б-н дансны Х банкны хуулга /хх-ийн 249-250/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г миний данс руу 3.500.000 төгрөг, бэлнээр 1.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгний хохирол барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 230/-ээр  нотлогдож байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан  гэм хорын төлбөрт иргэний нэхэмжлэгч байгууллага болох УБТЗ ХНН-д ... улсын дугаартай, Ланд крузейр-100 маркийн авто машины хохирол 8.240.000 төгрөгийг төлж, хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг болох 1.630.000 төгрөгийг уг машинд засвар үйлчилгээ хийж дууссаны дараа төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгч Д.Г-с ... улсын дугаартай, Ланд крузейр-100 маркийн авто машинд учирсан хохирол 8.240.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллага УБТЗ ХНН-д олгож , хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг болох 1.630.000 төгрөгийг уг машинд засвар үйлчилгээ хийж дууссаны дараа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмждэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг  нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хохирогчийг оршуулахтай холбогдсон төлбөрийг бүрэн төлсөн, хохирогийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт, бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, шүүгдэгчийн ар гэрт шүүгдэгчээс өөр ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн байхгүй, бага насны хүүхдүүдтэй зэрэг амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнсэнгийн хугацаанд хохирлыг нэг жилийн хугацаанд төлж дуусгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх зэрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх  боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Г-т гэмт хэргийн хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд арилгах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах учрыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-с бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт 8.240.000 /найман сая, хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллага УБТЗ ХНН-д олгож , хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг болох 1.630.000 /нэг сая зургаан зуун гучин мянган/ төгрөгийг уг машинд засвар үйлчилгээ хийж дууссаны дараа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Д.Ц