| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0209/И |
| Дугаар | 258 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг 6-24 тоотод оршин суух, Ургах наран цэцэрлэгт туслах багш ажилтай, Хөх овогт Энхзулын Ундармаа /РД: ГВ90101802/-гийн нэхэмжлэлтэй,
2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн У.Буян-Өлзийгийн эцэг Я.Баярсүрэнг мөн болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, хүсэлт гаргагч Э.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Ундармаа нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2009 онд Я.Баярсүрэнтэй гэр бүл болж 3 хүү төрүүлсэн. Эхний 2 хүү маань аав Я.Баярсүрэнгээр овоглосон. Бага хүү болох Буян-Өлзийг төрхөд бичиг баримтаа гээгдүүлсэн байсан учир надаар овоглосон. 2012 оны 08 сарын 28-нд хүү Буян-Өлзий төрсөн. Эцэг Я.Баярсүрэн мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Э.Ундармаа нь 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн У.Буян-Өлзийгийн эцгээр Ядамсүрэнгийн Баярсүрэнг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Ундармаа нь Я.Баярсүрэнтэй 2009 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү У.Буян-Өлзийг төрүүлж эцэг эх болон гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан. Нөхөр Я.Баярсүрэн нь автомашины ослоор 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нас барсан үйл баримт болжээ.
Нэхэмжлэгч Э.Ундармаа, Я.Баярсүрэн нарын дундаас 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүү У.Буян-Өлзий төрсөн болох нь хүсэлт гаргагч Э.Ундармаагийн тайлбар, гэрч Д.Пүрэвмаагийн “...Э.Ундармаа, Я.Баярсүрэн нар нь 2009 оноос 2016 оны 06 сарын 28-ны хүртэл хамтын амьдралтай байсан. 2012 оны 08 сарын 28-ны өдөр бага хүү Буян-Өлзий төрсөн. Энэ хүү нь талийгаач Я.Баярсүрэнгийн хүүхэд мөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэцэгмаагийн “Э.Ундармаа, Я.Баярсүрэн нар хамт амьдарч байсан нь үнэн. Дундаасаа 3 хүүхэдтэй. Бага хүүг нь Буян-Өлзий гэдэг. Энэ хүү нь талийгаач Баярсүрэнгийн хүүхэд мөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэнгэмаагийн “Э.Ундармаа, Я.Баярсүрэн нар нь 2009 оноос 2016 он хүртэл хамтран амьдарсан. Тэд дундаасаа 3 хүүхэдтэй. 2010-2012 оны хооронд төрүүлсэн юм. У.Буян-Өлзий нь 2012 оны 08 сард төрсөн өдрийг нь сайн мэдэхгүй байна. Энэ хүү нь талийгаач Баярсүрэнгийн хүүхэд мөн” гэх мэдүүлэг болон гэрэл зураг зэргээр тогтоогдож байх тул 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ундармаагийн Буян-Өлзийгийн эцгээр Ядамсүрэнгийн Баярсүрэнг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Ундармаагийн Буян-Өлзийгийн эцгээр Боржигин овогт Ядамсүрэнгийн Баярсүрэнг мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА