| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2024/00218/И |
| Дугаар | 218/МА2024/00014 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 218/МА2024/00014
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2024/00312 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох цалингийн зөрүү олговор нийгмийн даатгалын шимтгэлд нийт 8421032 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...Миний бие Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 01 сарын 16-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулж, хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилогдсон. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр ******* намайг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүд 5288011 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус шийдвэрээр миний 2023 оны 01 сарын 16-ны өдрөөс 2023 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. 2024 оны 06 сарын 04-нд аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Иймд 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 03-ны өдрийг хүртэлх нийт ажилгүй байсан 184 хоногийн цалингийн зөрүү, олговорт 6791155 төгрөг, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 780982 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 848895 төгрөг, нийт 8421032 төгрөгийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргаж байна. гэжээ.
2.Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга *******ын нэхэмжлэлтэй холбоотой иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 350 дугаар шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 06 сарын 04-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар эгүүлэн томилж, цалингийн зөрүү болох 5288011 төгрөгийг шийдвэрлэж хохирлыг барагдуулсан. Нэгдсэн эмнэлгийн дарга *******ын нэхэмжлэлд гаргасан илүү цагаар ажилласан цалин, онцгой нөхцлийн нэмэгдэл нь удирдах албан тушаалтны гүйцэтгэх ажил үүрэгт хамаарахгүй. Мөн улирлын ажлын үр дүнгийн нэмэгдлийг олгох боломжгүй. Цалингийн жагсаалтыг шүүхэд гаргаж өгсөн. Тэр хэмжээгээр олгоно. Иймд шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас цалин хөлсний зөрүү 7640049 /долоон сая зургаан зуун дөчин мянга дөчин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 780983 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******д олгох цалингийн зөрүү 7640049 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт даалгаж,
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176228 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас 137190 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2024/00312 дугаар шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагаас 7640049 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 780982 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн .
Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлд дурдсан зарим нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар гаргасан. *******ын цалингийн тооцооны хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар шүүх тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй зөвхөн нэхэмжлэгчээс ирүүлсэн Нэгдсэн эмнэлгийн цалингийн жагсаалт-ыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цалингийн зөрүү 4,188,466 төгрөг, даатгал 523,558 төгрөг, нийт 4,712,024 төгрөгийг олгох үндэслэлтэй гэв.
5. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий эмчийн ажил үүрэг, албан тушаалын тодорхойлолтод бусад мэргэжил болон нарийн түвэгтэй тусламж, үйлчилгээнд зөвлөнө, чиглүүлнэ гэсэн байгаа. Хэдийгээр анхан шатны шүүх даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 780,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон ч би маргаан үүсгээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7 дугаар зүйлээр аль алиныг нь төлж барагдуулах үүрэгтэй. иймд 780,000 төгрөгийг нэмж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, өөр ажилд шилжүүлсний улмаас буурсан цалин хөлсний зөрүү 6,791,155 төгрөг, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 780,982 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 848,895 төгрөг, нийт 8,421,032 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, шаардлагаа нотлон Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 12 өдрийн 139/ШШ2023/00350 дугаартай шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 сарын 07 өдрийн 218/МА2023/00017 дугаартай магадлал, МУ-н Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2024 оны 02 сарын 01 өдрийн 001/ШХТ2024/00192 дугаар тогтоол, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанаас ирүүлсэн *******ын цалингийн картын хуулбарууд, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2023 оны 07 сарын 05 өдрийн А/40 дугаар тушаал, хавсралт, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 07 сарын 05 өдрийн Б/62 дугаар тушаал, хавсралт, /хэргийн 4-45, 71-72-р хуудас/-ыг ирүүлжээ.
2. Хариуцагч тал цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 7,370,875 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг эс зөвшөөрч татгалзлаа нотлох *******ын 2023 оны 09 сараас 2024 оны 06 сар хүртэлх Нэгдсэн эмнэлгийн дарга болон хүүхдийн эмчийн цалингийн харьцуулсан судалгааг ирүүлжээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч талаас цалингийн зөрүү 6,791,115 төгрөг, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 848,894 төгрөг, нийт 7,640,009 төгрөг гаргуулахаар, шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
3.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа 2022 оны 02 сараас 08 сар хүртэл олговол зохих 21,542,997 төгрөгийн цалин авсан байх тул нэхэмжлэгчийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байх үеийн сарын дундаж цалинг 3,590,499 төгрөг, өдрийн дундаж цалинг 163,204 төгрөг гэж үзнэ. Нэхэмжлэгч 2023 оны 09 сарын 01 өдрөөс 2024 оны 06 сарын 03 өдрийг хүртэл 9 сар, 1 хоногын цалинг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнөх ажлын цалингийн дунджаар тооцвол 9 сар 1 хоногын цалин 32,477,695 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэгчийн хүүхдийн эмчээр ажилласан хугацааны цалинг хасч тооцход 7,282,829 төгрөг /32,477,695-25,194,866=7,282,829/ байна. Нэхэмжлэгч тал цалингийн зөрүүнд 6,791,115 төгрөг нэхэмжилсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр буюу 6,791,115 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
3.2 Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дугаар зүйлийн 21.7 дахь заалтаар ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон хүний шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шүүхийн шийдвэрт заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос, ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, буруутай этгээд нийгмийн даатгалын зохих санд нэг удаа төлөхөөр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******ыг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсний улмаас үүссэн цалингийн зөрүүнд ноогдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг буруутай этгээд буюу Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар нийгмийн даатгалын зохих санд төлөх үүрэгтэй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 848,894 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч ******* нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэг бүхий этгээд мөн тул хариуцагч талаас гаргуулах цалингийн зөрүүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгуулан төлөх үүрэгтэй болно.
4. Иймд хариуцагч талд ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 848,889 төгрөгийг, мөн ажилтанд төлөх цалингийн олговрын зөрүү 6,791,115 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 781,971 төгрөгийг суутган тус тус нийгмийн даатгалын зохих санд төлөх, төлснийг баталгаажуулахыг даалгаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
5. Хэдийгээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа ажилтнаас болон, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч талаас гаргуулан нийгмийн даатгалын зохих санд төвлөрүүлэхийг шаардаагүй боловч ажилтан, ажил олгогч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 21 дугаар зүйлийн 21.1, 21.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар сар бүрийн цалин орлогоос суутгаж, тооцож, төлөх үүргийг хуулиар хүлээсэн тул хариуцагч талд дээрх үүргийг оногдуулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 139/ШШ2024/00312 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын ... 7,640,049 /долоон сая зургаан зуун дөчин мянга дөчин есөн/ гэснийг 6,791,115 /зургаан сая долоон зуун ерэн нэгэн мянга нэг зуун арван тав/ гэж, 780,983 /долоон зуун наян мянга есөн зуун наян гурав/ гэснийг 1,629,867 /нэг сая зургаан зуун хорин есөн мянга найман зуун жаран долоо/ гэж, 2 дугаар заалтыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 21 дугаар зүйлийн 21.1, 21.7; Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д олгох 6,791,115 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд 781,971 төгрөгийг, ажил олгогчоос төлөх 848,889 төгрөгийг нийгмийн даатгалын зохих санд төлөхийг, төлснийг баталгаажуулахыг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт даалгасугай гэж, 3 дугаар заалтыг улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 176,228 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 123,607 төгрөгийг олгож, улсын орлогод 26,078 төгрөгийг оруулсугай гэж өөрчилсүгэй.
2. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ
Г.БАЯРДАВАА