Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгч Т.Б, Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Т.Б, О овогт Ц.А нарт холбогдох эрүүгийн 1820001410134 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  вагон үзэгч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам аав, ээжийн хамт амьдардаг, хувиараа хил хооронд автобусаар зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл О овогт Т.Б,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт амьдардаг, Т ХХК-ны захирал ажилтай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл О овогт Ц.А,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Ц.А нь Т.Б-тай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор  Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан 11 нэр төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйлийг улсын хилээр хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн,

шүүгдэгч Т.Б нь Ц.А-тай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан 11 нэр төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйлийг улсын хилээр хууль бусаар, зохих зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зэс, гуулин савуудыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогдсон. Хуулийг сайн мэдэхгүй учраас БНХАУ руу авч гарах гэж байгаад баригдсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хуулийг сайн мэдэхгүй учраас БНХАУ руу  зэс, гуулин савнууд авч гарах гэж байгаад баригдсан. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс гуйх зүйл байна. Хорих ялаар битгий шийтгээч, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Би дахин хууль бус үйлдэл хийхгүй, миний буруу гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Түүх соёлын дурсгалт зүйлийг зэрэглэл үнэлгээ тогтоох хуралдаанаас тогтоосон байгаа болохоор маргах юм байхгүй. Үнэ ханштай мөн адил санал нийлж байна. ...Улсын өмчлөлд аваад Монгол Улсын Соёлын өвийн сан хөмрөг рүү шилжүүлэх саналтай...” гэжээ. /хх-ийн 27-29/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08 цагаас 10 цагийн хооронд Монгол Улсаас БНХАУ-ын орох чиглэлд зорчигчийн гар тээш шалгах рентген аппратан дээр үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед рентген аппарат дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Т.Б-н гар тээшинд төмөр металл эд зүйлүүд илэрч харагдсан ингээд түүнээс ямар эд зүйл байгаа талаар асуухад Т.Б нь зэс, сав суулга, зэс эдлэл байгаа гэж тайлбарлаж  байсан. Ингээд зөрчил гэж үзээд шалгасан юм. Түүнийг яг хэнтэй хамт явж байсан эсэхийг бол мэдээгүй олон хүн бараг 200 орчим хүн эхний автобусаар цуваад орж байгаа учраас хэн нь хэнтэйгээ хамт явж байгааг мэдэх боломжгүй, тэрээр гаалийн мэдүүлэг деклараци бөглөөгүй байсан. Сүүлд нь шалгаад эхэлсэн чинь Ц.А гэдэг залуу хүрээд ирсэн юм...” гэжээ. /хх-ийн 35-36/

Эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22/

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-46/

Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/12548 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн тухай” албан тоот /хх-ийн 53/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/

Шүүгдэгч Ц.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-71/

Шүүгдэгч Ц.А-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77/

Шүүгдэгч Т.Б-н иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 78/

Шүүгдэгч Т.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-80/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч О овогт Ц.А нь шүүгдэгч Т.Б-тай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 12-ны Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох тугалга зайлбартай гуулин цар таваг 6 ширхэг, зэс данх 1 ширхэг, зэс бүслүүртэй гуулин домбо 1  ширхэг, гуулин хөөрцөг 1 ширхэг, зэс савхан хувин 1 ширхэг, гуулин дашмаг 1 ширхэг нийт 11 нэр төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйлийг Улсын хилээр, хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн, шүүгдэгч О овогт Т.Б нь шүүгдэгч Ц.А-тай бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох тугалга зайлбартай гуулин цар таваг 6 ширхэг, зэс данх 1 ширхэг, зэс бүслүүртэй гуулин домбо 1  ширхэг, гуулин хөөрцөг 1 ширхэг, зэс савхан хувин 1 ширхэг, гуулин дашмаг 1 ширхэг нийт 11 нэр төрлийн түүх соёлын дурсгалт эд зүйлийг Улсын хилээр хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өглөө 08 цагаас 10 цагийн хооронд рентген аппарат дээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Т.Б нь гар тээшинд төмөр металл эд зүйлүүд илэрч харагдсан ингээд түүнээс ямар эд зүйл байгаа талаар асуухад Т.Б нь зэс, сав суулга, зэс эдлэл байгаа гэж тайлбарлаж  байсан. Ингээд зөрчил гэж үзээд шалгасан, тэрээр гаалийн мэдүүлэг деклараци бөглөөгүй байсан. Сүүлд нь шалгаад эхэлсэн чинь Ц.А гэдэг залуу хүрээд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, иргэний нэхэмжлэгч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Түүх соёлын дурсгалт зүйлийг зэрэглэл үнэлгээ тогтоох хуралдаанаас тогтоосон байгаа болохоор маргах юм байхгүй. Үнэ ханштай мөн адил санал нийлж байна. ...Улсын өмчлөлд аваад Монгол Улсын Соёлын өвийн сан хөмрөг рүү шилжүүлэх саналтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-46/, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 22/ Монгол Улсын Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/12548 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн тухай” албан тоот /хх-ийн 53/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Б, Ц.А нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн бүрдүүлэлтэнд бичилгүйгээр үйлдэж, 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

Шинжээчээр томилогдсон Болосрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөс зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 11 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны” жагсаалтын түүх, соёлын дурсгалт зүйлийн ангилалд хамааруулж, дээрх түүх соёлын дурсгалт 11 ширхэг эд зүйлийг Сангийн сайдын 2013 оны 140 дүгээр тушаалаар баталсан “түүх соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журмыг баримтлан тус бүрийг нь 400.000 төгрөгөөр нийт үнэлгээг 4.400.000 төгрөгөөр үнэлжээ.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан гуулин тагтай, дотроо тасалгаа бүхий гуулин сав / тагтайгаа хоёр ширхэг/ нь үйлдвэрийн аргаар хийгдсэн, монголчуудын ахуй амьдралд төдийлөн хэрэглэгдэж байгаагүй тул түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй гэж үзжээ.

Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Уг хэрэгт иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо эхлээд яамны харъяалах газар хэлтсийг иргэний нэхэмжлэгч байгууллагаар тогтоогоогүй, тухайн байгууллагын албан  тушаалтанг томилсон нь буруу байна. Эхлээд тухайн холбогдох байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр томилоод дараа нь иргэний нэхэмжлэгч байгууллага нь төлөөлөгчөө томилсон тохиолдолд төлөөлөгчийг нь мөрдөгч иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилох ёстой байсан. Иймд хууль буруу хэрэглэж байгаа алдааг дахин гаргахгүй байхыг анхаараах хэрэгтэй байна.

Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тул Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын Прокурорын газрын хяналтын Прокурор шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан ирүүлжээ.

Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч нарыг соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан 11 ширхэг эд зүйл нь соёлын дурсгалт зүйлд хамаарч байгаа тул иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр улсын орлого болгож, Монгол Улсын Соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлж, гуулин тагтай, дотроо тасалгаа бүхий гуулин сав / тагтайгаа хоёр ширхэг/ нь үйлдвэрийн аргаар хийгдсэн, монголчуудын ахуй амьдралд төдийлөн хэрэглэгдэж байгаагүй тул түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй гэж үзсэн тул уг зүйлийг шүүгдэгч Ц.А-д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б, Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг  нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч нар нь тус тусдаа  ажил төрөл эрхэлж, тогтмол орлоготой, шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, олох орлого зэргийг харгалзан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Т.Б, О овогт Ц.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр бүлэглэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Б, Ц.А нарыг тус бүр 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т.Б, Ц.А нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тугалга зайлбартай гуулин цар таваг 6 ширхэг, зэс данх 1 ширхэг, зэс бүслүүртэй гуулин домбо 1  ширхэг, гуулин хөөрцөг 1 ширхэг, зэс савхан хувин 1 ширхэг, гуулин дашмаг 1 ширхэг нийт 11 ширхэг түүхийн дурсгалт эд зүйлийг хурааж, улсын орлого болгон Монгол Улсын Соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлж, гуулин тагтай, дотроо тасалгаа бүхий гуулин сав / тагтайгаа хоёр ширхэг/-ыг  шүүгдэгч Ц.А-д буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Т.Б, Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Д.Ц