Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 101/2023/01940/И |
Дугаар | 210/МА2024/01828 |
Огноо | 2024-09-27 |
Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01828
2024 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/01828 |
П- ХХК-ийн хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч П- ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй,
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ын хэлтсийн гаргасан П- ХХК-аас 3,502,127.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагч П- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга: Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани БНХАУ-ын С- бүтээн байгуулалт хөгжлийн хувьцаат компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд оффисс хэрэгтэй байсан тул тул иргэн Х.М-тэй түрээсийн гэрээг байгуулсан. Гэвч дээрх хамтран ажиллах хөрөнгө оруулагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас түрээсийн төлбөрийг төлж чадаагүй. Улмаар 2022 оны 05 сарын 12.-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02236 дугаар шүүгчийн захирамжаар манай компаниас 16,500,000 төгрөг гаргуулан Х.М-д олгож шийдвэрлэсэн. П- ХХК нь одоогийн байдлаар М-д 16,500,000 төгрөгийн өртэй, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна.
Компанийн зүгээс цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн боломжгүй. Тодруулбал П- ХХК-д эд хөрөнгө, мөнгө огт байхгүй. Эдийн засгийн боломжгүй учраас төлбөрийн чадваргүй болсон. Тиймээс П- ХХК цаашид үйл ажиллагаа явуулах эдийн засгийн болоод хүн хүчний хувьд ямар ч боломжгүй болсон. Иймээс Х.М-д өгөх 16,500,000 төгрөгийг төлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон учир Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу манай компанийн зүгээс үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж, энэхүү хүсэлтийг гаргаж байгаа болно.
Компани нь өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул П- ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү. Нэхэмжлэгч нар нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаантай талаар баримт хэрэгт авагдаагүй гэжээ.
2. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ын хэлтсийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: П- ХХК нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2014 оны Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 4,502,127.08 төгрөгийн хуульд заасан хугацаанд нь төлөөгүй. 2024 оны 05.02, 05.31-ний өдрүүдэд 1,000,000 төгрөг төлсөн тул 3,502,127.08 төгрөгийн өр төлбөрийг гаргаж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.М-ийн тайлбарын агуулга: П- ХХК-тай түрээсийн гэрээ хийгээд урьдчилгаа өгсөн. 2 жил манай үйл ажиллагаа тасалдаад байна гээд үл хөдлөхийг түгжээд төлбөрөө төлөөгүй. Улмаар шүүхээр яваад эдний хүсэлтээр 16,500,000 төгрөг авахаар тохиролцсон. Миний хувьд авлагаа барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
4. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, тайлбарын агуулга: Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн болон бусад баримт бичиг, лавлагаануудад үндэслэн хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээр П- ХХК нь 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу дахин дүгнэлт гаргахдаа, дүгнэлтээ 3 хэсэг болгож гаргасан. 1-д авлагын талаар тайлбар авч баримтыг хэрэгт өгсөн. Авлагын хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бөгөөд авсан цемент нь шаардлага хангахгүй байсан. Улмаар хятад улсын иргэнтэй асуудлыг шийдвэрлэхээр ажилласан ч нас барсан. Холбогдох лавлагааг гаргуулсан. Магадлалаар зарим ажлыг хийгээгүй байна гэдэг. Хугацаа хоцорсон ч гэсэн 2 нэхэмжлэлийн талаар тайлбарласан. Х.М-ийн авлагын хувьд ямар нэг төлбөр төлөгдөөгүй байна. Татвараас зарим төлбөр төлөгдсөн байдаг. П- ХХК-ийн захирал нь өвчний улмаас ээжийнхээ тэтгэврээр амьдарч байгаа, би 1 сая төгрөгийн татварыг нь төлүүлсэн. Баримтын хувьд шийдвэр гүйцэтгэлд байгаа баримттай танилцахад тодорхой ажиллагаа хийсэн ч хөрөнгөгүй гэсэн байдаг. Дампуурлын хэрэг үүсэхээс өмнөх гэрээ хэлцлийн хувьд өөр газартай гэрээ хэлцэл хийгдээгүй байсан. Иймд татан буулгах санал оруулж байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах тухай П- ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Нэмэгдсэн өртгийн албан Т-ынтухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар П- ХХК-аас 3,502,127.08 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ын хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хүсэлт гаргагч П- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, П- ХХК-аас 70,984.03 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
6. Хүсэлт гаргагч П- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: "П-" ХХК нь 2017 онд БНХАУ-ын "С- бүтээн байгуулалт хөгжлийн хувьцаат" компани нь П-" ХХК-д хөрөнгө оруулахаар болж, манай компанийг ажиллах хүч, ажлын байраа бэлдэхийг хүссэний дагуу шаардлагатай ажил хийгдсэн ч биднийг зальдаж хохироосон. Бид ажлын байрны түрээсийн төлбөр, 8 ажилтны цалингаа өгч чадалгүй санхүүгийн хүнд байдалд орсноос цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болон үйл ажиллагаа зогсож, бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон. Өөрөөр хэлбэл Х.М-д өгөх 16,500,000 төгрөгийг өгөх боломжгүй хүнд байдалд орсон. Тиймээс "П-" ХХК зүгээс Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу үүргээ биелүүлж чадахгүй болсноо мэдэгдэж шүүхэд хүсэлтээ гаргасан.
Шүүх дампуурлын хэрэг үүсгэсэн. Гэтэл анхан шатны шүүгч "... Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт зааснаар Татварын өр төлбөр шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй...." гэж үзсэнд маш их гомдолтой байна. Учир нь дампуурлын хэрэг хуулийн дагуу Дампуурлын тухай хуулиар зохицуулагдах ёстой ба нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ гаргах хугацаа нь ч мөн адил тус хуулиар зохицуулагдах учиртай. Дампуурлын тухай хуульд заасан 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт "Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана" гэж зааснаар Татварын ерөнхий газар болон Х.М нар нь 2023 оны 05 сарын 11-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой байсан. Гэтэл Х.М- нь 2023 оны 05 сарын 26-ны өдөр, Татварын ерөнхий газар нь 2023 оны 05 сарын 29-ний өдөр тус тус хугацаа хожимдуулан нэхэмжлэл гаргасан.
Шүүхээс 2023 оны 04 сарын 26-ны өдөр П- ХХК төлбөрийн чадваргүй болсныг нийтэд мэдэгдсэн. Уг мэдэгдэлд хуульд заасан хугацаа буюу нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор буюу 2023 оны 05 сарын 11-ний өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргахыг заасан. Шүүх хуулиа өөрөө хэрэгжүүлээгүй нь хууль бус, шударга бус үйлдэл. Учир нь би энэ талаар тухай бүрд нь хурал дээр хэлж байсан. Мөн П- компаниас 2023 оны 05 сарын 01-ний өдөр "ӨДРИЙН СОНИНД" зар оруулж нийтэд мэдэгдсэн. Тиймээс нэхэмжлэгч нарын хэн аль нь хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй байхад шүүх хууль зөрчин хүлээн авч шийдсэнд гомдолтой байна.
2015 оны 08 сарын 25-ны өдөр "S-" ХХК-тай "П-" ХХК харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний 3.1-д "Талууд харилцан тохиролцон 2011 оны 07 сарын 25-ны өдрийн байгуулсан Хамтран ажиллах гэрээний 3.1-д зааснаар Б тал коксжих нүүрсний төлбөрийг бэлнээр эсвэл А талын заасан дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг". Мөн 2011 оны 7 сарын 25-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний 3.1-д "Худалдан авагч нь нүүрсний төлбөрийг "Т т т-" компанийн заасан дансанд буюу бэлнээр урьдчилан төлнө..." гэж заасан. Уг гэрээний дагуу "П-" ХХК нүүрсний үнэ 542,836 ам.долларыг тухайн үед тус гэрээг "S-" ХХК-ийг төлөөлөн байгуулсан захирал Ц.Т-тай хамт "Т т т-" ХХК-д 2011 оны 09 сарын 12-ны өдөр очиж бэлнээр төлсөн. Нүүрсний үнэ төлсөн 542,836 ам.долларын баримт О.М- надад байдаг. "Т т т-" ХХК-иас Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт өгсөн бичиг "П- ХХК-ийг төлөөлж О.М- нь 2011 оны 09 сарын 12-ны өдрийн байдлаар манай компанид 542,836 ам.доллар шилжүүлсэн байна" гээд тус компанийн ерөнхий захирал Д.Д- гарын үсэг зурж, тамга дарсан албан тоот бий. Гэтэл анхан шатны шүүх П- ХХК буюу түүний удирдлага О.М-ыг нүүрсний үнэ 542,836 ам.долларыг бэлнээр хүлээн авчээ гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь П- ХХК болон О.М нар нь нүүрсний үнэ 542,836 ам.долларыг бэлнээр аваагүй.
БНХАУ-ын "S-" ХХК-ийн удирдлагын бүтцэд өөрчлөлт орж хоёр компанийн гэрээний үүргийн харилцаа зогсонги байдалд орсон. Ингээд 2015 оны 05 сарын 21-ний өдөр "S-" ХХК-иас хууль ёсны төлөөлөгч Г Г- /G G/ нь Т буюу Т-г 2012 оны 12 сарын 30-ны өдрөөс "S-" ХХК-иас гарсан байдаг. Тэгээд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр "П- ХХК-ийг төлөөлж О.М-, "S-" ХХК-ийг төлөөлж X D- нар Худалдах, худалдан авах гэрээ байгуулан ачилт, тээвэрлэлт хийх, нүүрсний чанарт хяналт тавих, бичиг баримт бүрдүүлэх ажлыг "П-" ХХК хариуцах ба "S-" ХХК нь ажлын хөлсөнд 147.800.000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Тиймээс П- ХХК 2015 оны санхүүгийн тайландаа "S-" XXK-аас ажлын хөлсөнд авах ёстой байсан 147,800,000 сая төгрөгийн авлагыг тусгасан ч уг авлагаа авч чадаагүй. "S-" XXK нь алдагдалд орсон гээд 147.800.000 төгрөгт 40,000 ам.доллар өгье гэснээр "S-" ΧΧΚ нь "П- ХХК-ийн ажлын хөлсөнд 40,000 ам.доллар төлөх тухай "Харилцан тохиролцов" гэсэн бичгийг хийж өгсөн. Гэвч энэхүү нотлох баримтыг шүүгч шаардлага хангаагүй гэж үзсэнд гомдолтой байна.
"S-" XXK 40,000 ам.доллараа ч өгөөгүй түүний оронд цементийг өгье гэсэн тул хоосон хоцорч байхаар гээд "Харилцан тохиролцов" гэсэн бичгийг 2017.03.25-ны өдөр үйлдсэн ба "П-" ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй, зогсонги байдалд байсан учраас цементийг Монгол руу тээвэрлэх, гаалийн татвар төлөх, бусад зардлыг төлөх ямар ч боломжгүй байсан. Энэ үед БНХАУ-ын иргэн Н нь Хэрвээ зөвшөөрвөл би БНХАУ-д цементийг чинь хүлээж авч зараад мөнгийг нь өгье. Харин надад зардал, ажлын хөлс өгөөрэй гэсэн. Түүнийг нь П-" ХХК зөвшөөрсөн. Ингээд 2017.03.25-ны өдөр S-" ХХК-ыг төлөөлж X D-, БНХАУ-ын иргэн Не Haribala нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хүлээлцсэн. Өөрөөр хэлбэл "П-" ХХК-ийн өмнөөс БНХАУ-ын иргэн Н нь цементийг хүлээн авсан. Ингээд "S-" ХХК-иас авах авлагыг дууссан гэж үзсэн. БНХАУ-ын иргэн Н нь хүлээн авсан цементээ худалдан борлуулах гэсэн ч чанар муудсан учраас худалдан борлуулахад хүндрэлтэй байгааг 2020 оны 04 сарын 23-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Харин тэрээр 2021 онд Монгол Улсад ирсэн үедээ Ковид-19 цар тахлын халдвар авч эмнэлэгт 2021 оны 07 сарын 19-ний өдөр нас барсан. Ингээд "П-" ХХК-ийн зүгээс авлагаа авах боломжгүй болсон.
"П-" ХХК-ийн дансуудаар 147,800,000 төгрөг орж ирээгүйг банкны лавлагаа нотолно. Хэрэг гүйцэтгэгч холбогдох газруудаас нь шүүхийн журмаар баримтуудыг цуглуулсан ба "П-" ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар, автомашин бүртгэгдээгүй, арилжааны банкнуудаас данс эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл бүртгэгдээгүй нь тогтоогдсон байдаг. Түүнчлэн нэхэмжлэгчдийн анхны хурлаар Баянзүрх дүүргийн Т-ынхэлтэс нь өөрөө хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-ийг томилуулахаар санал болгож шүүхээс томилсон. Дампуурлын хэрэг гүйцэтгэгч манай компанийн санхүүгийн болон бусад баримт бичигт, үйл ажиллагаанд 3 удаа дүгнэлт хийж П-" ХХК 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон хэмээн дүгнэж тогтоосон байдаг. Гэтэл шүүх "П-" ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул хүсэлтийг хангах боломжгүй гэж шийдвэрлэсэнд үнэхээр их гомдолтой байна. П- компанийн хувьцаа эзэмшигч О.М нь 2019 онд Цироз буюу элэгний хатуурлын 3-р үед орсон гэсэн онош тогтоогдсон буюу сүүлийн шатандаа орсон. Үүнийг муугаар хэлэхэд энэ хүн хэзээ мөдгүй хорвоогоос явах нь тодорхой болсны илрэл. Харин хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, "П-" ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү гэжээ.
7. Хүсэлт гаргагч П- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ынхэлтэс болон гуравдагч этгээд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч П- ХХК нь төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр дампуурсанд тооцуулж, татан буулгуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэжээ. Улмаар шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт зааснаар 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 10214 дугаартай захирамжаар П- ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурал хийх огноо, газар, нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг тус тус тусгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ын хэлтэс дээрх компанид холбогдуулан 4,502,127.08 төгрөгийн Т-ынөр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,502,127.08 төгрөг болгон багасгасныг хүсэлт гаргагч П- ХХК-аас нэхэмжлэгч нь хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй гэж татгалзан маргасан.
Иргэн Х.М- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.
3. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2023 оны 05 сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж, тус хурлаас П- ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргаагүй, хэрэг гүйцэтгэгчээр Ж.Э-ийг сонгож, шүүхээр батлуулахаар ирүүлжээ. Шүүх 2023 оны 06 сарын 05-ны өдөр Ж.Э-ийг хэрэг гүйцэтгэгчээр томилж, Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг дурджээ.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нарын зүгээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй бөгөөд мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах саналыг хэрэг гүйцэтгэгч шүүхэд гаргажээ.
4. Анхан шатны шүүх П- ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах хүсэлт гаргасан П- ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хэрэгт авагдсан П- ХХК-ийн санхүүгийн тайланд тус компани 2015 онд 147,804,100 төгрөгийн авлагатай байсан гэж тусгагджээ. Хүсэлт гаргагч уг авлагаа хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд хэрэг гүйцэтгэгч энэ талаархи баримтыг шалгаж, зохион байгуулалгүйгээр тус компанийг дампуурсан гэж үзэж, татан буулгах саналыг гаргасныг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д нийцээгүй гэж үзэхээр байна.
Хэрэг гүйцэтгэгчийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн дүгнэлтэд П- ХХК-ийн 2015 оны балансад 147,8 сая төгрөгийн авлагаас өөр хөрөнгө бүртгэгдээгүй байсан. Энэ авлагын талаар хүсэлт гаргагч нь 2024 оны 04 сарын 05-ны өдрийн уулзалтаар тайлбар өгөхдөө 2011.07.25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр нүүрс авч, өөр компанид зарсан. Тэр авлагаа авч чадаагүй явсаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Оронд нь бага үнээр цемент аваад өөр компанид өгсөн боловч чанарын шаардлага хангаагүйгээс болж энэ ажил бүтээгүй, сүүлд нь энэ авлага маань 40,000 ам.доллар болсоныг бүтээж өгөх БНХАУ-н иргэн H Монгол улсад ирээд 2021 оны 07 сарын 19-нд эмнэлэгт нас барсан. Ингээд авлагаа авах боломжгүй болсон гэжээ.
Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3-т зааснаар хариуцагчийн эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг хамгаалалтанд авч зохих тооллого явуулах болон хариуцагчийн үйл ажиллагаа, баримтад зохих шалгалт хийх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Улмаар мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т заасан агуулгыг багтаасан дүгнэлтийг гаргах үүрэгтэй байна. Гэвч хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд П- ХХК-ийг 2014 оноос төлбөрийн чадваргүй болсон, авлагаа шаардах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, авсан цемент нь шаардлага хангахгүй гэх болон БНХАУ-ын иргэнээс авлагаа шаардсан ч тус иргэн нас барсан, компани хөрөнгөгүй гэсэн дүгнэлт нь хүсэлт гаргагчийн 147,801,000 төгрөгийн авлагын талаарх бодит дүгнэлт гэж үзэхгүй.
5. П- ХХК нь 2011 оны 07 сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг S ХХК-тай байгуулсан байх бөгөөд тус компанийг төлөөлөн захирал Ц.Т- уг гэрээнд гарын үсэг зурсан, мөн талууд 2015 оны 08 сарын 25-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр коксжих нүүрс бэлтгэн нийлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд худалдан авагч S ХХК-ийг төлөөлж БНХАУ-ын иргэн L, X D нар гэрээг байгуулсан байна. Иймээс хүсэлт гаргагчаас БНХАУ-ын иргэн H-тай байгуулсан нүүрс бэлтгэн нийлүүлэх болон цемент худалдан авахтай холбоотой хэлцэл биелэгдээгүйн улмаас П- ХХК төлбөрийн чадваргүй болсон гэх тайлбарыг хэрэгт хамааралтай гэж үзэхгүй.
Тодруулбал, П- ХХК, БНХАУ-ын иргэн H нарын хооронд дээрх гэрээнүүд байгуулагдаагүй, БНХАУ-ын иргэн H нь П- ХХК-ийн бусдаас авах авлагыг хариуцах этгээд буюу тухайн иргэн нас барснаар хүсэлт гаргагч нь төлбөрийн чадваргүй болох шалтгаан болсон гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Мөн П- ХХК нь дээрх хоёр гэрээний дагуу санхүүгийн тайланд тусгагдсан авлагаа тухайн хуулийн этгээдээс шаардсан, авсан эсэх нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт, хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс П- ХХК нь 2011, 2015 онд байгуулсан гэрээний үүргийг S ХХК-аас шаардаагүй, авах ёстой авлагаа авч чадаагүй нь тус компанийг дампууруулах үндэслэл болохгүй юм.
6. Иймээс хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч П- ХХК-ийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэхгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Энэ үндэслэлээр хүсэлт гаргагч П- ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
7. Харин анхан шатны шүүх П- ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах хүслэтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Т-ынерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Нэмэгдсэн өртгийн албан Татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан П- ХХК-аас 3,502,127.08 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Учир нь Баянзүрх дүүргийн Т-ын хэлтсээс Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд Татварын өрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул энэ хуульд заасны дагуу Татварын өрийг шаардах эрхээ алджээ.
Шүүх П- ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учир Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ын хэлтэс өр төлбөрийн асуудлыг зохих хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Т-ын хэлтсийн хариуцагч П- ХХК-аас 3,502,127.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/03119 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Т-ын хэлтсийн татварын өр 3,502,127.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хариуцагч П- ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар П- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ