Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.З-т холбогдох эрүүгийн 1920000280025 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эмээ, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Д.З,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Д.З нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан хилийн ... дүгээр тэмдэгт болох боомт бус газраар хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын хил рүү гарсан. Тухайн үед би их сургуульд суралцах 1 жилийн виз даруулсан байсан. Тэгээд Хятад улсад байр түрээслээд ажил хийе гэж бодсон. Тэгээд эргээд Монгол руугаа явах гэсэн чинь визийн хугацаа хэтэрсэн гээд намайг торгуулийн 10.000 юанийг төл гэсэн. Надад 10.000 юань олдохгүй байсан. Надад Эрээн рүү буцаж яваад гурван хоногийн дараа торгуулиа төл гэж хугацаа өгсөн юм. Тэгээд мөнгө олдохгүй байсан учир Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх болсон. Би өөрийнхөө гаргасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн үед ангийн шуурхай жижүүр над руу утсаар залгаж Хилийн ... дүгээр тэмдэгтийн чиглэлд гадаадаас дотоод руу 1 явган хүн илэрлээ гэсний дагуу бүлэг авч тухайн газар оронд очиж явган явж байсан нэг эрэгтэй хүнийг ... дүгээр тэмдэгтийн чиглэлд саатуулсан. Тухайн иргэн нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн явж байсан. Монгол Улсын иргэн, эрэгтэй, З гэж байсан. Д.З нь өөрийн гадаад паспортаа БНХАУ-ын мөнгөний барьцаанд тавьсан учраас хил зөрчиж Монгол руу явсан” гэжээ. /хх-ийн 49-50/

Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагаас 05 цаг хүртэл манаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 03 цаг  40 минутанд Авто замын хяналтын камерт Хилийн ... дүгээр чиглэлээр нэг явган хүн явж байсныг илрүүлсэн. Тэгээд шуурхай жижүүрт мэдэгдсэний дагуу ангийн шуурхай бүлэг тухайн иргэнийг саатуулахаар явж, 03 цаг 40-50 минутын хооронд тухайн иргэнийг саатуулсан байсан...” гэжээ. /хх-ийн 51-52/

Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54/

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56/

Шүүгдэгч Д.З-н хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 20-21/

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-35/

Камерын бичлэгт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 38-43/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 58/

Шүүгдэгч Д.З-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72/

Шүүгдэгч Д.З-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт Д.З нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн цэргийн дугаар ангийн хариуцсан хилийн дүгээр тэмдэгт болох боомт бус газраар хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагийн үед ангийн шуурхай жижүүр надруу утсаар залгаж Хилийн дүгээр тэмдгийн чиглэлд гадаадаас дотоод руу 1 явган хүн илэрлээ гэсний дагуу бүлэг авч тухайн газар оронд очиж явган явж байсан нэг эрэгтэй хүнийг дүгээр тэмдгийн чиглэлд саатуулсан. Тухайн иргэн нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн явж байсан. Монгол Улсын иргэн, эрэгтэй, З гэж байсан. Д.З нь өөрийн гадаад паспортаа БНХАУ-ын мөнгөний барьцаанд тавьсан учраас хил зөрчиж Монгол руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, гэрч Н.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 03 цагаас 05 цаг хүртэл манаанд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 03 цаг  40 минутанд Авто замын хяналтын камерт Хилийн дүгээр чиглэлээр нэг  явган хүн явж байсныг илрүүлсэн. Тэгээд шуурхай жижүүрт мэдэгдсний дагуу ангийн шуурхай бүлэг тухайн иргэнийг саатуулахаар явж, 03 цаг 40-50 минутын хооронд тухайн иргэнийг саатуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-35/, камерын бичлэгт хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 38-43/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 44/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 58/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.З нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, боомт бус газраар явганаар нэвтрэх аргаар үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

Шүүгдэгч Д.З нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Д.З-н холбогдох эрүүгийн гэмт хэрэгт анх зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу олж авсан хилийн зөрчлийг шалгасан акт / хх-ийн 6/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/, биедээ авч явсан эд зүйлийн зураг /хх-ийн10/ зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу  аваагүй тул шүүхээс үнэлэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Д.З-г Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаанд хамт хадгалж, шүүгдэгч Д.З-н Е серийн ... дугаартай энгийн гадаад паспортыг устгуулахаар Улсын Бүртгэлийн ерөнхий газар хүргүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй, хувийн зан төлөв зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан Прокуророос санал болгосон торгуулийн ял оногдуулж, шүүгдэгчийн “шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг орлого олох боломжийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан шүүхээс оногдуулах торгууулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн  төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Д.З-г 1400 /нэг мянга, дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая, дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1.400.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаанд хамт хадгалж, шүүгдэгч Д.З-н Е серийн ... дугаартай энгийн гадаад паспортыг устгуулахаар Улсын Бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.З-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Д.Ц