Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2023/0097

 

Т.Ж-ын нэхэмжлэлтэй, Дотоодын

цэргийн штабын дарга, тус штабын Захиргааны удирдлагын

хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргад

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:   Ц.Цогт

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                    Х.Батсүрэн

                                           П.Соёл-Эрдэнэ

      Илтгэгч шүүгч:        Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0589 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2023/0616 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 478 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Т.Ж (цахимаар), түүний өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Дотоодын цэргийн штабын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгохоор тусгаагүй гэж үзэж, Т.Ж-д 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан.

3.Нэхэмжлэгчээс “... дотоодын цэргийн алба хаагч аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан 5 жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авах эрхтэй” гэж, хариуцагчаас “... дотоодын цэргийн алба хаагчид 5 жил тутамд урамшуулал олгох зохицуулалт Дотоодын цэргийн тухай хуульд байхгүй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “шүүхийн шийдвэр гарах өдрийн байдлаар дотоодын цэргийн алба хаагчид урамшуулал олгох нарийвчилсан журам Засгийн газраас батлагдаагүй тул урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт бүрдээгүй байсан” үндэслэлээр Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... “Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа дотоодын цэргийн алба хаагчид мөн нэгэн адил үйлчилнэ“ гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Н нар гомдолдоо:

6.1.2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6 дахь хэсэгт “Дотоодын цэргийн алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 87.3, 89.2-т заасан баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил хангагдана” гэж нэмсэн тул хуульд заасан урамшуулал олгох хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байтал нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааг хамруулан тэтгэмж олгох боломжгүйг давж заалдах шатны шүүх үнэлээгүй.

6.2.Нэхэмжлэгчийн албан тушаал суманд харьяалагдах боловч бодит байдал дээр аймагт байршиж, суманд хаяа очиж, харуул хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн тул түүнийг сумандаа тасралтгүй ажилласан гэж үзэхгүй.

6.3.Суманд тасралтгүй ажилласан үйл баримт тогтоогдоогүй байхад түүнийг “цаг үргэлж, байнга” ажилласан гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан.

6.4.Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан “бусад” гэдэгт “өөр, ондоо, нөгөө, тухайн байдлаас ондоо” гэх агуулгыг илэрхийлэх тул суманд тасралтгүй ажилласан байдлыг илэрхийлэхгүй юм.

6.5.Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн офицер Т.Ж-ыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/493 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, шилжүүлснийг Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын дарга ажилтай болсноор суманд харьяалагдах албан тушаалтан болсон болохоос биш, сумандаа тасралтгүй ажилласан албан тушаалтан гэж тодорхойлохгүй юм.

6.6.Энэ байдлаар урамшуулал олгох нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зорилтод нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

6.7.Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 478 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10.Баян-Өлгий аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салааны харуулын дарга Т.Ж 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгуулах”-аар гаргасан өргөдөлд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох тухай тусгаагүй, алба хаагчдын эрх зүйн байдлыг сайжруулах үүднээс уг урамшууллыг олгуулахаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа, хууль батлагдсан тохиолдолд хүсэлтийг шийдвэрлэх боломжтой” талаар 2-02/722 дугаар албан бичгээр хариу өгчээ.

11.Үүнтэй холбогдуулан Т.Ж-аас “Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Дотоодын цэргийн штабын дарга, тус штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт холбогдуулан гаргасан.

12.Т.Ж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/380 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах /гэрээт/ хэсэгт эрүүлийн офицероор, Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур чөлөөт бүсийг хамгаалах тусгай салаа /гэрээт/-ны харуулын даргаар томилогдон ажиллаж байна.

13.Дотоодын цэрэг нь Дотоодын цэргийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан улсын онц чухал обьектыг хамгаалах; нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх; гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх; террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох; зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

14.Дээрх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа дотоодын цэргийн алба хаагчид Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагчид олгосон баталгаа нэгэн адил үйлчлэх талаар мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д тусгагджээ.

15.Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ын 2-т “Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутам нэг удаа урамшуулал авах эрхтэй” гэж заажээ.

16.Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Дотоодын цэргийн тухай болон Цагдаагийн албаны тухай хуулиудад дээрх заалтууд тусгагдсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганаар уг хуулиуд хэлэлцэгдэх үед хуулийн тухайн заалтуудын талаар тухайлан яригдаагүй байна.

17.Монгол Улсын Засгийн газар Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ыг батлахдаа дотоодын цэргийн алба хаагчид тухайн журам нэг адил үйлчлэх агуулгыг тусгаагүйгээс гадна хууль болон энэхүү журам үйлчилж эхэлснээс хойш өнөөг хүртэл хугацаанд дотоодын цэргийн алба хаагчид тухайн мөнгөн урамшил олгохтой холбоотой хөрөнгө улсын төсөвт тусгагдаагүй байна.

18.Харин хууль тогтоогчоос 2023 онд Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан, ийнхүү оруулах болсон үзэл баримтлалдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан “Мэргэшсэн тогтвортой байх”, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан “Албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэсэн зохицуулалт хангагдах, дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална”, баталгаагаар цагдаагийн алба хаагчийн нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг бий болгохоор Дотоодын цэргийн тухай хуульд “36 дугаар зүйлийн 36.6” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Улмаар Улсын Их Хурлаас Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлахдаа хуульд “36.6 дахь” заалтыг нэмжээ.

19.Дээрхээс дүгнэн үзвэл хууль тогтоогчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дотоодын цэргийн тухай хуулийг батлахдаа хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан баталгаанд Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан баталгааг хамааруулаагүй, харин 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар дотоодын цэргийн алба хаагч тухайн баталгаагаар хангагдах эрх зүйн үндэслэлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

20.Энэ тохиолдолд буюу Дотоодын цэргийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан баталгаа хамаарагдах нь тодорхой бус, Засгийн газраас 2017 оны 74 дүгээр тогтоолоор баталсан журмын үйлчлэлд дотоодын цэргийн алба хаагч хамрагдах талаар тусгаагүй, Улсын Их Хурлаас батлагдсан төсөвт дотоодын цэргийн алба хаагч нарт аймгийн төвөөс бусад суманд томилогдсон өдрөөс эхлэн тасралтгүй ажилласан алба хаагчид олгох санхүүжилтийг тусгаагүй байхад хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх, улмаар холбогдох шийдвэр гаргахыг даалгах үндэслэлгүй.

21.Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

22.Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэгдсэн 36 дугаар зүйлийн 36.6 дахь заалтыг хэрэгжүүлж, урамшилд хамрагдах алба хаагчдыг тодорхойлж, олгох хариуцагчийн шийдвэрт шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2023/0616 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЦОГТ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                         Х.БАТСҮРЭН

                                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.БАТБААТАР