Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 00014

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баяжих Лхагвасүрэнгийн Түмэн-Өлзийгийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох "Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сургууль дээрээ дур мэдэн хууль зөрчиж авсан шалгалтыг хүчингүйд тооцуулах, Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгуулах, хууль ёсны сонгон шалгаруулалтад тэнцэж нэгд зогссон бага ангийн багш Л.Түмэн-Өлзийг Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн ажлын байранд томилсон захиргааны акт гаргахыг Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд, хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Л.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газраас зарласан Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерийн сонгон шалгаруулалтад орж ганцаараа 38.8 оноо авч 65 хувиар тэнцэж 1-д зогссон боловч сургуулийн захирал намайг сургалтын менежерээр томилоогүй. Харин ч 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрөө дур мэдэн сургууль дээрээ шалгалт авч байна гээд надтай цуг Боловсролын газар дээр шалгалт өгөөд тэнцээгүй Б.Уранчимэгийг тэнцсэн гээд сургалтын менежерээр томилсон байгаа. Энэ хүнийг сургалтын менежерээр 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон захирлын Б/14 тоот тушаал 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь:

1 дүгээрт. Сургуулийн захирал болон сургалтын менежерийг Боловсрол, соёл, урлагийн газар дээр сонгон шалгаруулж оруулна гэж Боловсролын газрын дарга аймгийн Засаг даргатай гэрээ хийсэн байдаг. Энэхүү гэрээг зөрчсөн.

2 дугаарт. Сонгон шалгаруулалтын журам зөрчиж хууль бус шалгалт авсан байгаа.

Ингээд миний бие аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Энэ гомдлын хариуг салбар зөвлөлийн дарга Г.Төмөрбаатар 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3/2380 тоот албан бичгээр захирал Б.Ганзоригт ирүүлсэн боловч одоог хүртэл томилохгүй байгаа. Мөн боловсрол биржид гомдол гаргасны хариу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 7/2342 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд хариу ирүүлсэн боловч өгсөн үүргийг мөн биелүүлээгүй. Иймд би өөрийн гомдлоо холбогдох дээд шатны байгууллагад удаа дараа гаргаж, тухайн байгууллагууд сургуулийн захирал Б.Ганзоригт дүрэм, журам зөрчсөн шийдвэрээ цуцалж Л.Түмэн-Өлзийг бага боловсролын сургалтын менежерээр томилж, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон албан бичгүүд ирүүлсэн боловч одоо болтол биелүүлэхгүй шүүхийн шийдвэр гарвал авна гэсэн хариу өгч байгаа учир дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1 дүгээрт. Захирал Б.Ганзоригийн 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сургууль дээрээ дур мэдэн хууль зөрчиж авсан шалгалтыг хүчингүйд тооцуулах,

2 дугаарт. Захирал Б.Ганзоригийн гаргасан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгуулах,

3 дугаарт. Хууль ёсны сонгон шалгаруулалтад тэнцэж, нэгд зогссон бага ангийн багш Л.Түмэн-Өлзий намайг Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн ажлын байранд томилсон захиргааны акт гаргахыг захирал Б.Ганзоригт даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

... “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.4-т заасан багш нарын зөвлөл гэдэг нь тухайн сургуулийн бүх багш нарын зөвлөлийг хэлэх ба зөвхөн бага боловсролын багш нарын зөвлөлийн саналыг аваад Л.Түмэн-Өлзийг бага боловсролын сургалтын менежерээр томилохоос татгалзсан нь буруу” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ганзориг миний бие Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйл, ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүргийн хүрээнд шийдвэр гаргасан. Миний бие Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1.2-т заасан “Багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” заалтыг үндэслэн Б/14 тоот тушаал гаргасан нь хуульд нийцэж байгаа болно.

... Бага боловсролын сургалтын менежерийн сонгон шалгаруулалт Боловсрол, соёлын газарт явагдаж Л.Түмэн-Өлзий тэнцсэн боловч бага боловсролын 10 багшийн 7 багш нь Л.Түмэн-Өлзийтэй хамтран ажиллах боломжгүй гэсэн хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 471 дүгээр тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.4 дэх заалт “Захирал сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг багш нарын зөвлөлд танилцуулж, зөвлөлийн санал хураалтын дүнг харгалзан сургалтын менежерийг томилно” гэсэн заалтын дагуу бага ангийн багш нар, сургалтын менежерийг оролцуулан өөрийн хүсэлтээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр санал хураалт явуулахад дэмжсэн хүн байхгүй, 9 хүн дэмжихгүй, 1 хүн санал өгөөгүй. Олонхийн саналыг үндэслэн багш Л.Түмэн-Өлзийг бага боловсролын сургалтын менежерээр томилох боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Дараагийн сонгон шалгаруулалтыг тухайн үед мөрдөгдөж байсан Боловсрол биржийн журмын дагуу Боловсрол, соёлын газарт мэдэгдэн олон нийтэд зарлуулан 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сургууль дээрээ зохион байгуулахаар болон сонгон шалгаруулалтын материалыг Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүдээр бэлдүүлэн, даргаар батлуулж, битүүмжлэн авсан. Сонгон шалгаруулах комиссыг захирлын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/13 тоот тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сонгон шалгаруулалтыг комиссын гишүүд зохион байгуулан бага ангийн багш Б.Уранчимэг сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтыг хангасан тул сургалтын менежерээр томилсон.

Аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний 3.3-т сургалтын менежерийг томилж, чөлөөлөх болон багш нарыг сонгон шалгаруулах тухай мэдээллийг тухай бүр нь албан бичгээр Боловсрол, соёлын газарт ирүүлж, багшаар ажиллах эрх авсан, БМДИ-ийн үнэмлэх бүхий багш нарыг сонгон шалгаруулалтад оруулж ажиллуулж, мэргэжлийн багшийн хангалтыг 100 хувь хүргэнэ гэсэн үр дүнгийн гэрээний заалтад сургалтын менежерийг заавал Боловсрол, соёлын газарт явуулна гэсэн заалт байхгүй. Энэ нь мэргэжлийн хяналтын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23-09-005/420 тоот албан бичгээр баталгаажиж байна.

... хэлэлцэх асуудлаас хамаарч багш нарын зөвлөлийг янз бүрээр ойлгох бөгөөд Л.Түмэн-Өлзий нь хэрэв бага боловсролын сургалтын менежерээр томилогдвол зөвхөн бага боловсролын багш нартай хамтран ажиллах учраас тэдний саналыг авсан, түүнчлэн Л.Түмэн-Өлзий өөрөө сургуулийн бүх багшийг хуралдуулах шаардлагагүй, миний хамтран ажиллах бага ангийн багш нарыг хуралдуулж өгөөч гэж гуйсан тул буруу биш” гэв.

Гуравдагч этгээд Б.Уранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа “Манай сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан хүн өөр ажилд томилогдон ажиллах болсноор бага ангийн сургалтын менежерийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдаж сонгон шалгаруулалт 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёлын газар дээр зохион байгуулагдсан. Сонгон шалгаруулалтад багш Л.Түмэн-Өлзий, Г.Хандсүрэн болон миний бие оролцсон. Сонгон шалгаруулалтын дүнгээр багш Л.Түмэн-Өлзий надаас илүү оноотой байсан. Сонгон шалгаруулалт явуулж буй газар нь тухайн ажлын байран дээр зарлагдсан сонгон шалгаруулалтыг дүрэм журмын дагуу шударгаар явуулж, дүн мэдээг сонгон шалгаруулалт зарласан байгууллагын удирдлагад хүргэх үүрэгтэй. Харин тухайн ажлын байранд сонгон шалгаруулалтад орсон хүмүүсээс хэнийг сонгон авч ажиллуулахаа байгууллага, захирал, хамт олон шийдэх ёстой гэж боддог. Сонгон шалгаруулалтад нэгээр тэнцсэн багш Л.Түмэн-Өлзийг хамт олон хүлээж аваагүй. Учир нь:

Хамт олон багш Л.Түмэн-Өлзийтэй олон жил хамт ажилласан учир түүний ёс зүй, харилцаа хандлага, ажил зохион байгуулах чадвар зэргийг мэдэх учир бага боловсролын багш нар сургуулийн удирдлагад багш Л.Түмэн-Өлзийг бага боловсролын сургалтын менежерээр ажиллах чадваргүй, хамтарч ажиллах боломжгүй гэдгээ бичгээр болон амаар мэдэгдсэн.

Багш Л.Түмэн-Өлзийг хамт олон хүлээж аваагүй учир захирал Б.Ганзориг энэ тухай Боловсрол, соёлын газарт мэдэгдэж дахин сонгон шалгаруулалт зарлах хүсэлтээ хэлсэн гэсэн. Боловсрол, соёлын газраас танай зарласан ажлын байранд өөр сум, сургуулиас оролцох хүн байхгүй байсан, хоёр дахь сонгон шалгаруулалтыг сургууль дээрээ зохион байгуулж, шалгалтын материалыг Боловсрол, соёлын газраас бэлдэж өгнө гэсэн гэж захирал хэлж байсан. Ингээд сонгон шалгаруулалтыг сургуулиас комисс томилж, журмын дагуу зохион байгуулж явуулсан. Сонгон шалгаруулалтад хоёр хүн оролцож би 72.8 хувьтайгаар тэнцэж, намайг бага боловсролын сургалтын менежерээр 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 тоот захирлын тушаалаар авч ажиллуулсан. Миний хувьд сонгон шалгаруулах журам, дүрмийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байгаа” гэжээ.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                

ҮНДЭСЛЭХ нь;

Нэг. Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн сул орон тоог нөхүүлэхээр тус сургуулийн захиргаанаас Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газарт хандсаны дагуу Боловсрол, соёлын газар 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарлаж, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сонгон шалгаруулалт явуулжээ. Энэхүү сонгон шалгаруулалтад багш Л.Түмэн-Өлзий, Б.Уранчимэг, Г.Хандсүрэн нар оролцсоноос Л.Түмэн-Өлзий 38.8 оноо авч 65 хувийн үнэлгээтэй тэнцсэн байна.

Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм” батлагджээ. “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.4-т “Захирал сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг багш нарын зөвлөлд танилцуулж, зөвлөлийн санал хураалтын дүнг харгалзан сургалтын менежерийг томилно” гэж заасныг үндэслэн сургуулийн захирал Б.Ганзориг сонгон шалгаруулалтад тэнцсэн багш Л.Түмэн-Өлзийг Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн сул орон тоонд томилох эсэх асуудлаар зөвхөн бага боловсролын багш нарын зөвлөлд танилцуулжээ. Бага боловсролын багш нарын зөвлөлд багтах 10 багшийн 7 нь Л.Түмэн-Өлзийг бага боловсролын сургалтын менежерээр ажиллуулахыг дэмжихгүй гэсэн санал гаргасан байна. Эдгээр үйл баримтууд нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Түмэн-Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.4-т заасан багш нарын зөвлөл гэдэг нь тухайн сургуулийн бүх багш нарын зөвлөлийг хэлэх ба зөвхөн бага боловсролын багш нарын зөвлөлийн саналыг авсан нь буруу хэмээн, хариуцагч сургуулийн захирал Б.Ганзориг хэлэлцэх асуудлаас хамаарч багш нарын зөвлөлийг янз бүрээр ойлгох бөгөөд Л.Түмэн-Өлзий нь хэрэв бага боловсролын сургалтын менежерээр томилогдвол зөвхөн бага боловсролын багш нартай хамтран ажиллах учраас тэдний саналыг авсан, түүнчлэн Л.Түмэн-Өлзий өөрөө сургуулийн бүх багшийг хуралдуулах шаардлагагүй, миний хамтран ажиллах бага ангийн багш нарыг хуралдуулж өгөөч гэж гуйсан тул буруу биш хэмээн тус тус маргаж байгаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм” -ийн 2.4-т “... багш нарын зөвлөлд танилцуулж ...” гэж заасан байх ба бага боловсролын сургалтын менежерээр томилох бол бага боловсролын багш нарын зөвлөлд танилцуулна гэж заагаагүйгээс үзэхэд багш нарын зөвлөл гэдэг нь тухайн сургуулийн нийт багш нарын зөвлөл юм гэж ойлгогдохоор байна.

Иймд хариуцагч сургуулийн захирал Б.Ганзориг нь сургалтын менежерийг томилохдоо Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр багш Л.Түмэн-Өлзийгийн өөрийнх нь хүсэлтээр зөвхөн бага боловсролын багш нарын зөвлөлийг хуралдуулсан хэмээн хариуцагч тайлбарлаж байгаа боловч сургуулийн захирал аливаа шийдвэр гаргахдаа хууль тогтоомжид заасан журмыг баримтлах үүрэгтэй болохоос хэн нэгэн этгээдийн саналаар тогтоосон журмыг зөрчих эрхгүй.

Хоёр. Нэхэхэмжлэгч Л.Түмэн-Өлзий аймгийн Боловсрол, соёлын газар дээр зохион байгуулсан ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн шалгалт хууль ёсны, харин Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулсан шалгалт хууль бус хэмээн маргасанд дараах тайлбар өгөх нь зүйтэй байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/315 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ын 2-т “Газар нь Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.7.Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиглэлээр:

2.7.1.Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журамд заасны дагуу зохион байгуулах, үр дүнг ил тод, нээлттэй мэдээлэх” гэж заасан байна.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна” гэжээ. Үүнээс үзэхэд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан буюу төсөв захиран зарцуулах эрхтэй сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг аймгийн боловсролын газар зохион байгуулахаар байна. Харин төсөв захиран зарцуулах эрхгүй төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаалтан буюу сургалтын менежерийн сонгон шалгаруулалтыг аймгийн боловсролын газар зохион байгуулах үүрэггүй, харин түүнийг сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд томилж, чөлөөлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.Түмэн-Өлзий сонгон шалгаруулалтын журам зөрчиж, сургууль дээрээ дур мэдэн шалгалт авч Б.Уранчимэгийг сургалтын менежерээр томилсон нь буруу хэмээн маргаж байгаа.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2-т зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй ба “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.4-т “Захирал ... сургалтын менежерийг томилно” гэжээ. Захирал энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бага боловсролын сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг багш нарын зөвлөлийн санал хураалтын дүнг харгалзан томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчдээс сонгон шалгаруулж, шалгалт авах эсэх нь захирлын эрх юм.

Гэтэл аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар захирамжаар батлагдсан “Боловсрол бирж” буюу судалгаа, мэдээллийн багийг байгуулж, ажиллах журамд сургалтын менежерийг томилж, чөлөөлөхдөө “Боловсрол бирж”-д мэдээлж, сонгон шалгаруулалтыг Боловсролын газартай хамтран зохион байгуулж зөвшилцөхөөр заасан аж. “Боловсрол бирж” буюу судалгаа, мэдээллийн багийг байгуулж, ажиллах журам нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт байх боловч Монгол Улсын хэм хэмжээ тогтоосон захиргааны актад бүртгэгдээгүй, ерөнхий боловсролын сургуулийн захиралд хуулиар олгогдсон багш, ажилтнуудыг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхэд нэмэлт хязгаарлалт тогтоосон шинжтэй захиргааны акт байна.

Зүй нь сургуулийн захирал Боловсрол, соёлын газраас хамааралгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн сургалтын менежерийг томилж, чөлөөлөх эрхтэй юм.

Гэвч аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар захирамжаар батлагдсан “Боловсрол бирж” буюу судалгаа, мэдээллийн багийг байгуулж, ажиллах журмыг бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсхүл зөрчиж болзошгүй талаар хэргийн оролцогчид маргаагүй. Түүнчлэн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийн мэдлэг чадварыг шалгасан Боловсрол, соёлын газрын үнэлгээтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Иймд Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийн мэдлэг чадварыг шалгахаар 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Боловсрол, соёлын газар дээр зохион байгуулсан шалгалт, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулсан шалгалтыг аль алиныг буруутгах боломжгүй байна.

Хэдийгээр 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулсан бага боловсролын сургалтын менежерийн шалгалт хууль тогтоомж зөрчөөгүй боловч эхний шалгалтад тэнцсэн Л.Түмэн-Өлзийг сургуулийн бүх багш нарт буюу багш нарын зөвлөлд танилцуулах журмыг зөрчиж, дараагийн шалгалтад тэнцсэн Б.Уранчимэгийг томилсон нь шударга бус болжээ.

Нэхэмжлэгч Л.Түмэн-Өлзий “Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сургууль дээрээ дур мэдэн хууль зөрчиж авсан шалгалт болон 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар бүхий “Б.Уранчимэгийг ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Л.Түмэн-Өлзийг Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерээр томилсон захиргааны акт гаргахыг захирал Б.Ганзоригт даалгах” гэсэн шаардлага гаргасан.

Л.Түмэн-Өлзийг Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерээр томилохын тулд “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.4-т заасны дагуу багш нарын зөвлөлийн саналыг авах шаардлагатай. Гэтэл шүүхээс багш нарын зөвлөлийн санал авах журмыг зөрчиж, Л.Түмэн-Өлзийг Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын сургалтын менежерээр шууд томилохыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын зөвлөл ямар шийдвэр гаргахыг шүүх урьдчилан мэдэх боломжгүй байх тул хууль тогтоомжид нийцүүлэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр сургууль дээрээ зохион байгуулсан шалгалт болон 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар бүхий “Б.Уранчимэгийг ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал дахин шинэ захиргааны акт гаргаагүй бол 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар бүхий “Б.Уранчимэгийг ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болсонд тооцно.

Хэргийн материалын 86-90 дүгээр хуудаст авагдсан С.Ундармаа, Л.Отгон-Эрдэнэ, А.Энхцэцэг, Г.Гүндэгмаа, Г.Хандсүрэн нарын гарын үсэг бүхий багш Л.Түмэн-Өлзийгийн талаар бичсэн тодорхойлолтууд нь хэнд зориулж, ямар зорилгоор бичсэн нь тодорхойгүй баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хуралдааны товыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Уранчимэгт мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулиас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургууль дээр 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан бага боловсролын сургалтын менежерийн шалгалт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар бүхий “Б.Уранчимэгийг ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургууль дээр 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан бага боловсролын сургалтын менежерийн шалгалт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2016 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар бүхий “Б.Уранчимэгийг ажилд түр авч ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ерөнхий боловсролын сургуулиас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Түмэн-Өлзийд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ