Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 06

 

Ч.Баясгаланд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Х.Гэрэлмаа,    Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

            Шүүгдэгч Ч.Баясгалан

            Нарийн бичгийн дарга С.Уянга  нарыг оролцуулан хийж,  Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбатын шийдвэрлэсэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч Д.Баатарчулууны давж заалдах гомдлоор Ч.Баясгаланд холбогдох эрүүгийн 201612000180 тоот хэргийг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан  дүүрэг 9-р хороо Баруун  Баян –Уул 8-17 /одоо Налайх дүүрэг, уурхайн задгай/  тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Цэций Боржигон овгийн Чулуундоржийн Баясгалан /РД:ТЯ86011819/

            Шүүгдэгч Ч.Баясгалан нь Дундговь аймгийн  Адаацаг  сумын  ерөнхий боловсролын сургуулийн байранд засварын ажил гүйцэтгэж байх үедээ 2016 оны 10 дугаар сарын  08-ны өдөр  хамт ажиллаж байсан Д.Баатарчулууныг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Ч.Баясгаланг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг,

Шүүгдэгч Ч.Баясгалан нь хохирогч Д.Баатарчулуунд гэм хорын  хохиролд 1000.000 /нэг сая/ төгрөг төлсөн  болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн  291.3, 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Баатарчулууны гэм хорын нэхэмжлэлээс 1.806.150 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ч.Баясгалангаас нэхэмжлэх эрхтэйг зааж,

Эрүүгийн  хуулийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баясгаланд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан  дүүргийн  Цагдаагийн  газар /Налайх дүүргийн Цагдаагийн газар /-т  даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Баясгаланд урьд авсан  бусдын  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

   

            Хохирогч Д.Баатарчулуун давж заалдах гомдолдоо:

             Шүүгдэгч Баясгалан нь хохирогч миний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг журамлан ялыг тэнссэн болно.

Шүүгдэгч Баясгалан нь миний нэхэмжилсэн 2.806.150 төгрөгийг төлөх ёстой ч хавтаст хэргийн баримтаар 1 сая төгрөгийг хүлээлгэж өгөөд үлдэгдэл 1.806.150 төгрөгийг тэнсэн харгалзах ял авсныхаа дараа 10 хоногийн дотор өгнө гэж  надтай тохиролцсон.

           Би түүнийг хохирлоо барагдуулчихна гэж үзсэний үндсэн дээр ялыг хүндрүүлэхгүй,  гомдолтой гэж хэлээгүй билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл миний гэм хорын хохирлыг бүрэн арилгаагүйн дээр  миний хамрын яс хугарч, нүүрэндээ 2 см оёдол тавиулж, нүдний 6-р мэдрэл саажсанаас болж нүдний болор болон нүд бүрэн хөдлөхөө больсон байгаа нь миний эрүүл мэндэд мөнгөөр илэрхийлэх боломжгүй хүндэвтэр гэмтэл, хохирол учирсан болох нь тогтоогдоод байхад ганц сая төгрөг өгөөд надад учирсан гэм хор, гомдол, бодит хохирлыг бүрэн арилгахгүй байгаа нь үнэнд нийцэхгүй, хүний өвчин зовлонгоор тохуурхсан үйлдэл гэж үзэж байна.

Шүүгдэгч Баясгалан нь гэм хороо  бүрэн арилгаагүй явдал нь түүнийг хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж өөрөө өөртөө дүгнэлт хийгээгүй, хохирогчийг үл тоосон сэтгэлээр хандаж гэм буруугаа ухаарахгүй байгаа тул түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Шүүх түүнд хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзсэнийг ч хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс давж заалдах шатны шүүх хэргийг бүрэн хянан үзэж, үнэн зөв шийдвэрлэж, хохирогч миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү. Шүүгдэгч Баясгалан нь миний хохирол, гомдлыг бүрэн барагдуулахгүй бол түүнд оноох ялыг биеэр эдлүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Хохирогчийн гомдол үндэслэлгүй. Шүүгдэгч хохирогчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримттай хохирлоос илүү  хэмжээнд  хохирлыг барагдуулсан байна.  Хохирогч нь давж заалдах шатны шүүхэд хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй учир хохирлыг төлж барагдуулсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Баясгалангаас: Би 10 хоногийн дотор хохирлыг төлж өгнө гэж хохирогчид хэлээгүй. Орлоготой болоод хохирогч нь баримтаа гаргаад ирвэл хохирлыг төлж өгнө гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Дундговь аймгийн Адаацаг сумын сургуулийн байранд засварын ажил хийж  байсан хүмүүс  2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр цаг агаарын сааталтай  байснаас ажилдаа гаралгүй  архидан согтуурч улмаар Д.Баатарчулуун нь Төрөөгийн дээр суух, Батдоржийг өшиглөх зэргээр согтуурч түүнийг  салгах гэсэн Ч.Баясгаланг цохиж зодсоны улмаас Ч.Баясгалан нь Д.Баатарчулууныг зодож түүний биед хамар ясны хугарал, нүдний 6-р мэдрэлийн саажил, хамрын нуруунд няцарсан шарх, зулай, баруун чамархайн зөөлөн эдийн няцралт, зүүн чамархай, баруун хацар, хамрын дор, баруун хөмсөгний дор, зүүн нүдний дор, хүзүүнд зулгарал, баруун гуяны баруун шилбэ, цээжний баруун талд цус хуралт үүсгэсэн хөдөлмөрийн чадварыг 30 хувиар алдагдуулсан хүндэвтэр гэмтэл  учруулсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч  Ч.Баясгаланг  бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулжээ.

           Ялтан Ч.Баясгалангийн үйлдсэн гэмт хэрэг нь  хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэргийг зөв зүйлчилсэн,  шүүхээс оногдуулсан ял нь ялтны гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах шатны шүүхэд хохирогч Д.Баатарчулууны гаргасан гомдлын дагуу хавтаст хэргийг шинжлэн судалбал:

Хохирогч  “Миний нэхэмжилсэн 2.806.150 төгрөгийг төлөх ёстой ч 1 сая төгрөгийг өгөөд үлдэх 1.806.150 төгрөгийг ял авсныхаа дараа 10 хоногийн дотор төлж өгнө гэсэн боловч одоо болтол өгөхгүй гэм хорыг арилгахгүй байна. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү” гэжээ. Хэргийн 70-75 дугаар хуудсанд авагдсан хохирлын талаархи нотлох баримтууд байгаа бөгөөд эдгээрийг нэг бүрчлэн тооцож үзэхэд нотлох баримтын шаардлага хангасан 632.380 төгрөгийн баримт байгаагаас шүүгдэгчээс гэм хорын хохиролд  хохирогч Д.Баатарчулуунд 1 сая төгрөг өгсөн болох нь  шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдсон,  анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн  гэж  дүгнэлт хийж, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь Эрүүгийн хуульд нийцжээ.

Хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн нэхэмжилж буй   925.780  төгрөгийн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн  1.853.000 төгрөгийн  нэхэмжлэлтэй холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүхээс  хохирогч нь  энэ талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, уг зардлууд нь ирээдүйд буюу хагалгаа хийлгэхтэй холбогдон гарах зардлууд байх тул   нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг зөрчөөгүй байна.

Мөн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж  иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо зааж тайлбарласан байна.

Иймд хохирогчийн “Надад учирсан  хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү, шүүгдэгч  гэм хорыг арилгаагүй тул хорих ялыг биечлэн эдлүүлж өгнө үү”  гэсэн  гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  дүгаар  сарын 03-ны  өдрийн 04 дүгээр  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Баатарчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

     ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ