| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2022/00087/И |
| Дугаар | 210/МА2024/01829 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01829
| 2024 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 210/МА2024/01829 |
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02234 дугаар шийдвэртэй
Г х- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б э- ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б э- ГХОХХК нь З- аймгийн Д- сумын нутагт орших Б- ****** болон Алтан хөндийн ***** алт, мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд юм. Анх 2002 онд Г х- ХХК нь өөрийн эзэмшлийн **** тоот Б-ийн ордын хайгуулын лицензийг шилжүүлэх, К- Улсын К- Г- э- ЛТД корпораци уг талбайд хөрөнгө оруулахаар харилцан тохиролцож Б э- компанийг үүсгэн байгуулсан.
Компани үүсгэн байгуулахтай холбоотойгоор Г х- ХХК болон К- Г- э- ЛТД корпораци (К- К-), К- (БВА) ЛТД корпораци (К- БВА) нарын хооронд 2002 оны 05 сарын 13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn-in) болон Эскроу гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний А хавсралтаар Анхдагч лиценз, түүний талбайн солбилцлыг, В хавсралтаар Лиценз хамрах талбайн тодорхойлолт, С хавсралтаар Б э-ий хувьцаа шилжүүлэх тухай гэрээ, D хавсралтаар Б э- ХХК-ийн үүсгэн байгуулах тогтоол болон дүрэм, Е хавсралтаар Анхдагч лиценз шилжүүлэх тухай гэрээ, F хавсралтаар зөвшөөрөгдсөн зардал, G хавсралтаар Зөрчлийн тухай мэдэгдэл, Н хавсралтаар Нөхцөл биелэгдсэн тухай мэдэгдэл, I хавсралтаар Худалдан авах тухай мэдэгдлийг баталсан байдаг.
Гэрээний С хавсралт компанийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дугаар зүйлд Г- нь Б-ийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар Лицензит талбайтай холбогдуулан К- К-ын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20 хувийг Б-т нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г-ын хүлээх үүрэг нь зөвхөн Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г-д ногдох хувийн ная (80)-н хувиар төлөгдөх үүрэг (Г-ын үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна гэсэн. Давсан зардлыг манай компани өөрийн эзэмшиж байгаа 20 хувийн 80 хувиар төлж үлдсэн 20 хувийг манай компанид жил бүр шилжүүлэхийг үүрэгжүүлсэн зохицуулалт юм.
Гэрээний С хавсралтын 4 дүгээр зүйлд К- К- нь давсан зардлын төлбөрийг Г-ын хүлээх үүрэгтэй холбогдуулан бүрэн хариуцахаа зөвшөөрч байна. Давсан зардлын Г-д оногдох хувьд хамаарах, К К-ын зарцуулсан хөрөнгө мөнгийг үүрэг хүлээгээгүй зээллэг гэж үзнэ. Г-ын үүрэгт мөн эдгээр зээллэгийн Анхдагч хүүн дээр нэмэх хоёр хувийн хүү багтана. Анхдагч хүүгийн хэмжээг Т-Д банк өөрийн хамгийн найдвартай үйлчлүүлэгчиддээ өгдөг хүүгийн хэмжээгээр тoгтooнo гэж заасан. Үүний дагуу К- К-аас зээл хэлбэрээр Б э- ГХОХХК-ийн давсан зардлыг санхүүжүүлэх бөгөөд үүнд хамаарах Г х- ХХК-ийн хүлээх үүрэг болох уг зардлын 20 хувь нь Г х- ХХК-д ногдох зээл бөгөөд уг зээлийн дүн дээр Анхдагч хүүн дээр нэмэх хоёр хувийн хүүг Г х- ХХК нь уг гэрээний 3 дугаар заалтын дагуу Б э- ГХОХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний өөрт ногдох хувийн 80 хувиар төлөхөөр талууд тохиролцсон байдаг.
Дээрх тохиролцооны дагуу 2002 оноос өнөөг хүртэл өөрт ногдох хувийн 80 хувиасаа нэхэмжлээгүй, ямар нэгэн байдлаар маргаан үүсгэж байгаагүй. Бидний зүгээс хариуцагч компани толгой компаниасаа зээлсэн хөрөнгө оруулалтын зээл болон манай зээлийн хэмжээ, эргэн төлөлтийн хэмжээний талаарх мэдээллийг авахаар албан бичгүүдийг хүргүүлж байсан ба нэг ч удаа уг зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг манайд ирүүлээгүй бөгөөд жилийн үйл ажиллагааны тайланд зээлийн хэмжээг ерөнхийлөн мэдээлж байсан. Бид өөрийн үүргээ ухамсарлаж, уг өр төлбөрийг төлөхөд холбоотой ямар нэгэн саад учруулах нөхцөл байдлыг үүсгэхгүйгээр үүргээ биелүүлсээр ирсэн.
Компани 2015 оноос эхлэн одоог хүртэл зөвхөн ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулсан. Иймд Лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр мөнгөн гүйлгээ гэдэг нь үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ байна. Нэхэмжлэгч нь лицензит талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний өөрт ногдох хувь (20)-ийн ная (80)-н хувиар өр төлбөрөө төлөх бөгөөд үлдсэн 20 хувиа авахаар нэхэмжилж байгаа.
Бидний нэхэмжлэлийн зүйл нь Б э- ГХОХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний хорин хувийн (өөрт ногдох хувь) хорин хувь юм. Үүнийг нэхэмжлэхдээ хариуцагч компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарсан 2015-2021 онуудын үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн. Бид 2015-2021 оны Санхүүгийн тайлангаас Мөнгөн гүйлгээний тайлангийн 1.3 дахь баганад заасан Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээнд тусгагдсан дүн тус бүрийг нэмж 270,170,848,243 төгрөг гаргаж, үүнийг 100 хувь гэж үзвэл 20 хувийг нь 0.2-оор үржүүлэхэд 54,034,169,648.60 төгрөг гарсан бөгөөд үүнийг мөн 100 хувь гэж үзвэл 20 хувийг нь 0.2-оор үржүүлэхэд 10,806,833,929 төгрөг болсныг нэхэмжилж байна.
Гэрээний 4 дэх буюу D хавсралтаар компанийн дүрмийн төслийг талууд тохиролцсон. Энэ нь маргаан бүхий гэрээний 3 дахь буюу С хавсралт Хувьцаа шилжүүлэх тухай гэрээнд өөрчлөлт орсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл цогц гэрээний өөр хавсралтад өөрчлөлт оруулсан нь өөр хавсралтыг өөрчилсөн гэж үзэх үндэслэлгүй, С хавсралтад өөрчлөлт ороогүй учир тохиролцоо хэвэндээ гэж үзэж байна. Б э- ГХОХХК нь жижиг хувьцаа эзэмшигч болох манай компанид мэдэгдэлгүйгээр 2023 оны 11 сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулан цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын ***** тоот тусгай зөвшөөрөл бүхий уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэр нь жижиг хувьцаа эзэмшигчийн хардлагыг бүрэн баталж, эцэстээ жижиг хувьцаа эзэмшигч өөрийн шилжүүлсэн лицензээс ямар ч ашиг авч чадахгүйгээр уурхайн үйл ажиллагаа хаагдаж байна. Компани нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгө бөгөөд их нөөцтэй лицензийг мэдсээр байж хариуцагчийн тайлбарласнаар 25,000 ам доллараар худалдсан байх боломжгүй.
Иймд Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (Earn In) болон Эскроу гэрээ-ний С хавсралт болох Хувьцаа шилжүүлэх тухай гэрээ-ний үүрэгт тохиролцсоны дагуу 10,806,833,929 төгрөгийг Б э- ГХОХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2002 оны 05 сарын 13-нд Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээг байгуулсан. Ингээд 2002 оны 05 сарын 23-ны өдөр К- БВА нь Б э- ХХК-ийг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2005 оны 10 сарын 20-ны өдрөөр К- БВА нь Урьдчилсан нөхцөлтэй худалдан авах (Earn-In) болон Эскроу гэрээний 14 дүгээр хэсэгт заасны дагуу Б э- ГХОХХК дахь Г х- ХХК-ийн хувьцааг худалдан авах эрхээ шилжүүлснээ мэдэгдээгүй бөгөөд Г х- ХХК нь Б- дахь өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй учир хувьцаа шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болж, Г х- нь Б э- ХХК-ийн 200 ширхэг хувьцаа эзэмшигч болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2008 оны 03 сарын 25-ны өдөр Б э- ГХОХХК дахь К- БВА-ийн эзэмшдэг 800 ширхэг хувьцааг Г- Улсад бүртгэлтэй К- Г- Х- Лимитэд компанид шилжүүлсэн бөгөөд улмаар Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2008 оны 05 сарын 06-ны өдөр Б э- ГХОХХК дахь Г- улсад бүртгэлтэй К- Г- Х- Лимитэд компанийн эзэмшдэг 800 ширхэг хувьцааг Л- бүртгэлтэй К- Г- Х- С- компанид шилжүүлж, улмаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2016 оны 08 сарын 16-ны өдөр компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба компанийн хувьцаа эзэмшигчдээр К- Г- Х- С- болон Г х- ХХК хэвээр үлдсэн.
Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (earn in) болон эскроу гэрээ-ний С хавсралтын 3 дахь заалт нь зардал хуваарилах зохицуулалт болох тухайд:
Нэхэмжлэгч нь гэрээний С хавсралт болох хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалтыг баримталж шаарддаг ч энэ нь талууд зардлаа хэрхэн хувааж хариуцах тухай заалт бөгөөд хариуцагч үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр өгөх, төлөх, Г х- ХХК нь авах тухай үг, өгүүлбэр, шууд утга байхгүй юм. Тухайлбал, гэрээний 3 дугаар заалтад Г х- ХХК нь Б э- ХХК-ийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензэд талбайтай холбогдуулан К- К-ын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам доллараас давсан бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20 хувийг Б э- ХХК-д нийлүүлэх үүргээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г х- ХХК-ийн хүлээх үүрэг нь зөвхөн лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г х- ХХК-д ногдох хувийн 80 хувиар төлөгдөх үүрэг (Г-ын үүрэг) болохыг ойлгон зөвшөөрч байна. Г х- ХХК-д ногдох хувийг Б э- ХХК дахь Г х- ХХК-ийн хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно гэж заасан. Гэрээний энэ заалтаар үндсэн үйл ажиллагааны бэлэн мөнгөний цэвэр гүйлгээнээс тодорхой хувь хэмжээгээр мөнгөн хөрөнгийг шаардах эрхийг нэхэмжлэгч Г х- ХХК-д олгосон гэж үзэхгүй юм.
Иймд С хавсралт болох хувьцаа шилжүүлэх тухай гэрээний 3 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлан хэрэглэх бөгөөд үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ эерэг гарсан тохиолдолд бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний 20 хувийн 20 хувийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон шууд утга бүхий заалт байхгүй. Хуулийн дээрх заалтын дагуу лиценз шилжүүлэх, лицензийн үнийг төлөх, хувьцаа шилжүүлэх талаарх харилцааг зохицуулсан байх ба ямар нэгэн ногдол хувь, ашиг тараах үүргийг зохицуулаагүй байна. Харин лицензийн эрх шилжин ирсэн Б э- ХХК-ийн үйл ажиллагаанаас хувьцаа эзэмшигчдэд ногдох хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн баталсан дүрмээр зохицуулахаар байна. Нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус компаниас шаарддаг. Хариуцагч Б э- ГХОХХК нь нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй. Нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн хүлээсэн үүрэг байхгүй буюу 2002 оны 05 сарын 13-ны өдөр байгуулагдсан дээрх гэрээнд Б э- ГХОХХК ямар нэгэн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээж оролцоогүй.
Б э- ГХОХХК-ийн дүрмээр тус компанийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг шийдвэрлэж зохицуулсан тухайд:
Гэрээний С хавсралтын 3 дахь заалтаар ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардлыг шийдвэрлэсэн буюу хэн нь ямар хэмжээ, нөхцөлөөр лицензэд талбайд гарах зардлыг хариуцах талаар шууд тусгасан агуулгатай. Өөрөөр хэлбэл 20 хувийн 80 хувьтай тэнцэх зардлыг нэхэмжлэгч Г х- ХХК нь лицензэд талбайд гарах зардалд суутган хариуцах бөгөөд үлдэх 20 хувийн 20 хувьд ногдох хэсгийг Б э- ХХК ашигтай ажилласан тохиолдолд Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр ногдох ашиг болгон тараахаар тохирсон. Энэ ч утгаар талууд Б э- ГХОХХК-ийн 2016 оны дүрэмд тусгасан байна.
Тодруулбал, Б э- ГХОХХК-ийн компанийн дүрмийн 7.1.2-д Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г х- ХХК-д ногдох 20% (хорин хувь)-с 20% (хорин хувь)-г ногдол ашиг хэлбэрээр Г х- ХХК-д олгоно, 7.3-д Хөрөнгө оруулалтын давсан зардал болон хүүгийн өглөг төлөгдөж дууссаны дараа ногдол ашиг хуваарилах асуудлыг хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Иймд, нэхэмжлэгч Г х- ХХК-ийн 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг хуваарилах асуудлыг гэрээний С хавсралт болох Б э- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр бус компанийн дүрмийн дээрх заалтаар зохицуулсан. Иймд Компанийн хувьцаа эзэмшигчид К- Г- Х- С- болон Г х- ХХК нь компаниас ногдол ашиг болон ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон цэвэр мөнгөн гүйлгээнээс ямарваа нэгэн хувь, хэмжээгээр авах эрхгүй.
Түүнчлэн Компанийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.7-д зааснаар ногдол ашиг тараах, ногдол ашгийн хэмжээг баталж, хуваарилах болон ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон цэвэр мөнгөн гүйлгээнээс ямарваа нэгэн хувь, хэмжээгээр ашиг тараах, хуваарилах талаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй болно. Компани, Компанийн хувьцаа эзэмшигчийн харилцан хамааралтай этгээдүүд, К- Г- Х- Холдингс Лимитэд болон Г- Х- (Б-) Лимитэд (Хувьцаа эзэмшигчийн харилцан хамааралтай этгээдүүд) компаниудын хооронд байгуулсан хэд хэдэн зээлийн гэрээний дагуу компанийн хувьцаа эзэмшигчийн харилцан хамааралтай этгээдүүдээс хүлээн авсан нийт зээлийн хэмжээ 40,071,742.11 ам доллар болон 64,999,685,940 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа билээ.
Гэрээний дагуу тухайн үеийн худалдан авагч К- К- компани **** тоот хайгуулын лицензийн үнэд 25,000 ам долларыг худалдагч буюу С- ХХК, нэхэмжлэгч Г х- ХХК-д төлж үүргээ гүйцэтгэсэн тухайд:
Нэхэмжлэгчийн хамаарал бүхий гэх С- ХХК өөрийн **** тоот хайгуулын лицензийг Б э- ГХОХХК-д шилжүүлсний төлөө буюу худалдсаны төлөө тус лицензийн үнэд тухайн үеийн хувьцаа эзэмшигч К- К- компаниас 25,000 ам долларыг шилжүүлэн авч үүрэг дуусгавар болсон ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. Хайгуулын **** тоот лиценз шилжсэнээр С- ХХК болон нэхэмжлэгч Г х- ХХК-ийн өмчлөх эрх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон. Лицензтэй холбоотой аливаа үр шимийг тус компаниуд нь хүртэх эрхгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Тухайлбал, С- ХХК нь **** тоот лицензээ шилжүүлээд 2002 онд лицензийн хариу төлбөрт 25,000 ам долларыг эскроу агентын дансаар шилжүүлэн авсан. Гэтэл үүрэг нь дуусгавар болсон байтал нэхэмжлэгч нь уг лиценз биднийх байсан, лицензээ шилжүүлсний хариу төлбөрт 20 хувийн 20 хувийг авах ёстой гэж нэхэмжилснийг зөв гэж үзэхгүй. Нөгөөтэйгүүр, тус хоёр компани бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд С- ХХК өөрийн эзэмшиж байсан **** тоот хайгуулын лицензийг хариуцагчид шилжүүлсэнтэй холбоотой шаардах эрхийг нэхэмжлэгч Г х- ХХК-д ямар байдлаар шилжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Б э- ГХОХХК-д **** тоот хайгуулын лиценз шилжсэнээр Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар лицензтэй холбоотой үр шимийг нь тус компани олж авах эрхтэй гэж үзнэ.
Түүнчлэн хариуцагч компани өөрийн үйл ажиллагааны буюу ашигт малтмалаас олсон орлогыг Г х- ХХК-тай хуваах, тодорхой хувь хэмжээгээр жил бүр олгох талаар гэрээ, хэлцлийг нэхэмжлэгчтэй ямар байдлаар байгуулсан гэж үзэх, энэ нь ямар баримт сэлтээр бүрэн дүүрэн, эргэлзээгүй нотлогдож байгаа талаар нэхэмжлэгч нотлоогүй байна. Худалдах худалдан авах гэрээний гол шинж нь худалдагч эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч түүний үнийг төлснөөр гэрээ хэрэгжих бөгөөд энэ хэлцлийн хувьд хиймэгц биелэх боломжтой болох нь хуулийн дээрх заалтын агуулгаас ойлгогдохоор байна. Нэхэмжлэгч дээр дурдсанаар **** тоот хайгуулын лиценз шилжүүлсний гэрээний үүрэг биелэгдсэн бөгөөд нөгөөтэйгүүр, худалдах, худалдан авах гэрээ нь хөрөнгө шилжиж, үнэ төлөгдсөнөөр үүргийн харилцаа дуусгавар болдог. Гэрээний үүрэг 20 жилийн турш хэрэгжих (үргэлжлэх) учиртай гэрээний заалт болон хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан... үеэс үүснэ гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн тайлан, санхүүгийн баримт бичигтэй танилцах бүрэн боломжтой буюу санхүү байдлын талаар мэдэх ёстой. Мөн хэрэв нэхэмжлэгч Г х- ХХК нөгөө хувьцаа эзэмшигч болон бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан өөрт нь хадгалагдаж ирсэн 2002 оны 05 сарын 13-ны өдрийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа бол тус гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг 20 (хорин) жил өнгөрсний дараа шаардаж байгаа нь Иргэний хуулийн 75, 76, 88, 198 дугаар зүйлд заасантай тус тус нийцэхгүй.
Нэхэмжлэгч нь хайгуулын **** тоот лицензэд талбайгаас ашигт малтмалын үйл ажиллагааг явуулсан орлогоос хувь хүртэх ёстой хэмээн тайлбарладаг бөгөөд хариуцагчийн зүгээс дээрх **** тоот хайгуулын лицензээс гадна өөр ашигт малтмалын талбайд үйл ажиллагааг явуулдаг. Ашигт малтмалын газраас шүүхэд ирүүлсэн баримтуудаар З- аймгийн Д- сумын нутагт орших Б- нэртэй 6967 гектар талбай бүхий ашигт малтмалын **** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч Б э- ГХОХХК-ийн хүсэлтээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 372 тоот шийдвэрээр ашиглалт болгож одоогийн ***** тоот ашигт малтмал ашиглах лицензийг олгосон нь, мөн үүнээс гадна хариуцагч Б э- ГХОХХК нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2538 дугаар шийдвэрээр тус газрын зэргэлдээ Д- сумын Баруун бор толгой-1 нэртэй газарт ***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авч, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны 09 сарын 02-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр 3910.87 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглах ****** тоот тусгай зөвшөөрөл болгон авсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь ****** тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй Б- толгой-1 талбайд үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэхгүй гэж тайлбарладаг бөгөөд харин хариуцагчид шилжүүлсэн **** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан орлогоос нэхэмжлэх эрхтэй гэж шүүхэд тайлбар гаргадаг.
Иймд энэхүү үйл баримтаа нэхэмжлэгч нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар Б э- ГХОХХК-аас 10,806,833,929 төгрөг гаргуулж, Г х- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 54,349,970 /24,050,714+30,299,256/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 54,192,119 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн, маргаанд хамаарах хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалттай нийцээгүй гэж үзлээ.
4.1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу "Б- э-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ"-ний 3-т "Б э-" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой зардлыг хэн нь ямар хэмжээ, нөхцөлөөр хариуцах талаар тусгасан шууд утгатай заалт бөгөөд уг заалтын нөхцөл, утгыг ойлгомжгүй гэж үзэх, улмаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар тайлбарлах бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй юм. Өөрөөр хэлбэл, гэрээний энэ заалтад ашиг хуваарилах, ийнхүү хуваарилахдаа ямар хэмжээ, нөхцөлөөр хуваарилах талаар тусгаж зохицуулсан бус харин гэрээний талуудын ашигт малтмалын үйл ажиллагаанд гарах зардал, түүний хэмжээг хэн нь ямар хувиар хариуцах талаар зохицуулсан агуулгатай, хоёр талын харилцан үүрэг бүхий заалт юм.
Шүүхийн шийдвэрт, "Б- э-ийн хувьцаа шилжүүлэх гэрээ"-ний 3 дахь заалтыг "...Маргааны зүйл болсон С хавсралтын 3, 4 дэх заалтаар "Дундын компани"-аас ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой гарах зардлыг хувьцаа эзэмшигч нар ямар хувь хэмжээгээр, ямар нөхцөлөөр хариуцах талаар тусгасан байна..." гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь хариуцагч "Б э-" ХХК-ийн нэхэмжлэлд гаргасан татгалзлын үндэслэлтэй агуулгын хувьд ижил атлаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т "Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно" 198.5..... 198.6..." дахь заалтыг шийдвэртээ дурдсан байгаа нь үндэслэлгүй болсон. Мөн шүүх "...эскроу гэрээний зорилго, гэрээний бусад зохицуулалтууд, талуудын хамтын ажиллагааны үр дүнд хүрэхийг хүссэн анхны хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харьцуулж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.6 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж хэрэглэнэ" гэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий "Б э-ийн хувьцаа шилжүүлэх гэрээ"-ний 3 дахь заалтыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.6 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж хэрэглэнэ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болж чадаагүй.
Тухайлбал, шүүх гэрээний С хавсралтын 3 дахь заалтыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан "Гэрээний чөлөөт байдал", мөн зүйлийн 189.2-д "Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно" гэж заасныг хэрхэн тайлбарлан дүгнэж байгаа, маргаан бүхий гэрээний заалтыг хуулийн уг заалтад зааснаар төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээрх байгуулсан гэрээ хэмээн үзэж байгал эсэх нь тодорхойгүй, мөн хуулийн 189.6 дахь хэсэгт зааснаар" гэж хуульд байхгүй зүйл хэсэг дурдсан нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Хэрэв шүүх зохигчийн маргааны гол зүйл болсон "Б э- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ"-ний 3-д заасан "Г- нь Б-ийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензэд талбайтай холбогдуулан К- К-ын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллароос давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20%-ийг Б-т нийлүүлэх үүргээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г-ын хүлээх үүрэг нь зөвхөн лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г-д ногдох хувийн 80 хувиар төлөгдөх үүрэг (Г-ын үүрэг) болохыг ойлгон зөвшөөрч байна. Г-д ногдох хувийг Б- дахь Г-ын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно" гэснийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.6 дахь заалтаар тайлбарлаж байгаа бол үүнийгээ шийдвэртээ үндэслэлтэй дүгнэх учиртай юм. Гэвч, шүүх хуулийн дээрх зүйл, заалтаар гэрээний 3 дахь заалтыг тайлбарлаж байгаагаа шийдвэртээ дүгнэж, заагаагүй байна.
Иймээс, шүүхийн "энэ тохиолдолд шүүх эскроу гэрээний зорилго, гэрээний бусад зохицуулалтууд, талуудын хамтын ажиллагааны үр дүнд хүрэхийг хүссэн анхны хүсэл зоригийн илэрхийлэл зэргийг харьцуулж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.6 дахь хэсэгт зааснаар тайлбарлаж хэрэглэнэ" гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм.
4.2. Шүүх шийдвэртээ, С гэрээний 3 дахь заалтыг "... ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой гарах зардлыг хувьцаа эзэмшигч нар ямар хувь хэмжээгээр, ямар нөхцөлөөр хариуцах талаар тусгасан байна" хэмээн дүгнэснээрээ тухайн заалтыг хариуцагчийн тайлбарласнаар Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар хэрэглэж, тайлбарлахыг үндэслэлтэй гэж үзсан эсэх эсхүл нэхэмжлэгчийн "гэрээний тухайн заалтад 20 хувийн 20 хувийг жил бүр ашиг болгон олгохоор заасан" гэх агуулгаар тайлбарласныг үндэслэлтэй гэж үзсэн эсэх зэргээр хоёрдмол утгатай, ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн.
Тодруулбал, хариуцагчийн зүгээс гэрээний 3 дахь заалтад 20 хувийн 20 хувийг ашиг болгон нэхэмжлэгчид олгох талаар тусгаагүй, ийм агуулга, шууд утга байхгүй, харин энэ заалтад ашигт малтмалын үйл ажиллагаанд гарах зардал хуваарилсан зохицуулалт, ийм агуулгатай байгаа гэж тайлбарлан нэхэмжлэлийн татгалзлын гол үндэслэл болгосныг анхан шатны шүүх хариуцагчийн уг тайлбарын нэгэн адил агуулгаар шийдвэрийнхээ 6.1 дэх хэсэгт дүгнэсэн гэж үзэхээр байх боловч Иргэний хуулийн 189.2, 189.5 дахь хэсэгт зааснаар гэрээний заалтыг тайлбарлана гэсэн нь өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг хийсэн, шийдвэрт заасан дүгнэлт нь үндэслэлтэй, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй.
4.3. Анхан шатны шүүх "...80 хувиар үүрэг хүлээж хөрөнгө оруулалтад оруулахаар заасан, харин үлдэх 20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан байна" гэж дүгнэсэн нь мөн л үндэслэл бүхий биш байна. Гэрээний 3 дахь заалтад 20 хувиар бүхлээр нь нэхэмжлэгчид үүрэг хүлээлгээгүй, 20 хувийн 80 хувьд нь үүрэг хүлээлгэсэн бөгөөд ийнхүү 20 хувьд бүхэлд нь үүрэг хүлээлгэх эсэх нь харин талуудын гэрээний чөлөөт байдал бөгөөд үүргийг 80 хувиар хүлээлгэж, үлдэх 20 хувьд зайлшгүй зохицуулалт хийхийг гэрээний талуудаас шүүх шаардах эрхгүй бөгөөд ийм дүгнэлт өгөх үндэслэлгүй юм. Иймд шүүхийн дээрх дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөв тодорхойлох эрхтэй" гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Ашигт малтмалын үйл ажиллагааны зардал хуваарилсан гэрээний заалтад гагцхүү тухайн гэрээнд оролцогч талуудаас хэн нь ямар хэмжээгээр /бүрэн эсхүл тодорхой хэмжээнд/ үүрэг хүлээхийг шийдвэрлэх бөгөөд 20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан байна" гэсэн шүүхийн дүгнэлт, үндэслэлгүй юм.
Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 20 хувийн 20 хувиар үүрэг хүлээгээгүй учир энэ хэмжээнд цэвэр мөнгөн гүйлгээнээс авах эрхтэй, уг хэмжээгээр олгоно гэж гэрээний энэ заалтад шууд тусгаагүй нь нэхэмжлэгчийн уг хэмжээнд шаардах эрхийг үгүйсгэхгүй" гэх таамаг бүхий тайлбарыг шүүх хүлээн авч дээрх байдлаар дүгнэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл "Шүүхийн өмнө эрх тэгш байх", 6 дугаар зүйл 6.3-д "Зохигч, түүний телеөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ" гэж заасан зарчмыг ноцтой зөрчсөн.
"Б- э" ХХК-ийн дүрмийн 7.1.2-д "Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г х- ХХК- д ногдох 20% (хорин хувь)-с 20% (хорин хувь)-г ногдол ашиг хэлбэрээр Г х- ХХК-д олгоно" гэж зааснаар 20 хувийн 20 хувийг дүрмийн дээрх заалтад зохицуулсан. Иймд, "....20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан байна" гэсэн шүүхийн энэ дүгнэлт үндэслэлгүй юм.
4.4. "Б э- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ"-ний 3 дахь заалтад: "Г- нь Б-гийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензэд талбайтай холбогдуулан К- К-ын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллароос давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал (давсан зардал)-ын 20%-ийг Б-т нийлүүлэх үүргээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г-ын хүлээх үүрэг нь зевхен лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн менгений цэвэр гүйлгээний Г-д ногдох хувийн 80 хувиар төлөгдөх үүрэг (Г-ын үүрэг) болохыг ойлгон зөвшөөрч байна. Г-д ногдох хувийг Б- дахь Г-ын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно" гэж заасан. Энэ заалтаар нэхэмжлэгч "Г- х" ХХК нь ашиг малтмалын үйл ажиллагаанд ямар хувь хэмжээгээр зардал хариуцахыг буюу үүргийг хүлээсэн агуулга, шууд утгатай.
Нөгөө талаас, К- К- нь ашигт малтмалын үйл ажиллагаанд 450,000 ам.долларын хэмжээнд үүрэг хүлээсэн бөгөөд уг зардлаас хэн алинд нь татгалзах эрхийг олгоогүй, цэвэр мөнгөн гүйлгээнээс ашиг хуваарилах талаар шаардах эрхийг бий болгож зохицуулаагүй юм. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгеед үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй" гэж заасныг буруу тайлбарлах замаар гэрээний заалт буюу холбогдох баримтыг буруу үнэлсэн.
Өөрөөр хэлбэл, "Б э- ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг нэхэмжлэгч "Г- х" ХХК -д олгох талаар гэрээний тухайн заалтад зохицуулаагүй, ийм агуулгатай заалт биш учир шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.
4.5. Нэхэмжлэгч Г х-" ХХК нь 2015 оноос хойш хариуцагч "Б э-" ХХК-д нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор буюу цэвэр мөнгөн гүйлгээний 20/20 хувийг авах ёстой гэхээ хэрхэн шаардаж байсан, үүнийг нь хариуцагч хэрхэн татгалзаж байсан зэрэг нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал нотлоогүй. Анхан шатны шүүх маргаанд төдийлөн ач холбогдолгүй "Б э-" ХХК-ийн өр төлбөрийн асуудалд шийдвэрийнхээ 6.3-д дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт "Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно" гэснийг баримталсан атлаа, хариуцагчийн маргаж буй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой энэ үндэслэлд бүрэн дүгнэлт өгөөгүй, хэт нэг талд шийдвэр гаргасан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил", 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан.... үеэс үүснэ" гэж заасан. Нэхэмжлэгч "Г х-" ХХК нь хариуцагч "Б э-" ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тус компанийн тайлан, санхүүгийн баримт бичигтэй танилцах бүрэн боломжтой байдаг буюу санхүү байдлын талаар мэдэх ёстой. Энэ тухай нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар ч маргаагүй. Нэхэмжлэгч "Г х-" ХХК нь нөгөө хувьцаа эзэмшигч болон бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан өөрт нь хадгалагдаж ирсэн 2002 оны 05 сарын 13-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 20 (хорин) жил өнгөрсний дараа шаардсаныг хариуцагчийн зүгээс маргахдаа Иргэний хуулийн 75, 76, 88,198 дахь заалтыг үндэслэл болгосныг нэхэмжлэгч няцаагаагүй, анхан шатны шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.
Нэхэмжлэгч нь "Б э-" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд жил бүр оролцож, тайлан тэнцэлтэй танилцдаг байсан гэдэг бөгөөд шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 72.2 дахь хэсэгт заасныг дурдсан атлаа уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэх замаар, тодорхой, үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна.
4.6. Анхан шатны шүүхээс "Б- э-" ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3 дахь заалт, "Б э- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ"-ний 3 дахь заалтыг үндэслэлгүй, хийсвэр байдлаар таамаглан тайлбарлаж шийдвэрийнхээ 6.4-д дүгнэсэн байна. Гэрээний 3 дахь заалтаар 20 хувийн 80 хувьтай тэнцэх зардлыг нэхэмжлэгч "Г х-" ХХК нь лицензэд талбайд гарах зардалд суутган хариуцах бөгөөд үлдэх 20 хувьд ногдох хэсгийг ногдол ашиг хэлбэрээр гагцхүү хувьцаа эзэмшигч нараас шийдвэрлэхээр гэрээний тус заалтаар бус "Б э-" ХХК дүрмээр зохицуулж, тусгасан юм. "Б э-" ХХК-ийн дүрмийн 7.1.2-д "Тусгай зөвшөөрөлтэй талбай дээрх ашигт малтмалын үйл ажиллагаанаас олсон хуваарилах боломжит бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г х- ХХК-д ногдох 20% (хорин хувь)-с 20% (хорин хувь)-г ногдол ашиг хэлбэрээр Г х- ХХК-д олгоно", 7.3-д "Хөрөнгө оруулалтын давсан зардал болон хүүгийн өглөг төлөгдөж дууссаны дараа ногдол ашиг хуваарилах асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ" гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Г х- ХХК-ийн 20 хувийн 20 хувьтай холбоотой ашиг, алдагдлыг хуваарилах асуудлыг гэрээний С хавсралт болох Б э- ХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр бус компанийн дүрмийн дээрх заалтаар зохицуулсныг шүүх үндэслэлгүйгээр гэрээний дээрх заалтад зохицуулсан гэх агуулгаар дүгнэсэн нь гэрээнд байхгүй зохицуулалтыг шүүх санаачлан бий болгосон гэж үзэхээр байна. Энэ нь мөн шүүхийн 80 хувиар үүрэг хүлээж хөрөнгө оруулалтад оруулахаар заасан, харин үлдэх 20 хувь нь хэрхэх талаар шууд зохицуулаагүй орхигдуулсан байна" гэж дүгнэснээс харагдаж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр иргэний болон гэрээний эрх зүйн шударга ёс, итгэлцлийг хамгаалах зарчмыг баримталж хуулийг зөв тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. 2002 оноос хойш нийт дүнгээр нь тооцох юм бол 150,000,000 орчим ам.долларын үнэлгээтэй компанийн үндсэн лицензийг Г х- ХХК эзэмшиж байгаад гадаадын хөрөнгө оруулалт оруулан хамтарсан компани байгуулсан. Тийм учраас худалдах, худалдан авах гэрээ, 25,000 ам.доллар шилжүүлсэн, хариу төлбөр төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Шударга ёс, харилцан итгэлцлийн зарчмыг хамгаалах үүднээс том лицензийг шилжүүлсэн, Х лицензийн төлөө эрсдэл дааж ажил хийсэн хувьцаа эзэмшигч нар нэг ч төгрөгийн ашиг аваагүй, Төлөөлөн удирдах зөвлөл байгуулахыг зөвшөөрдөггүй, хамаарал бүхий компаниудтай шууд гэрээ хийдэг, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг дүрмээрээ зөвшөөрсөн байдаг, бүх зүйлийг 100 хувь эзэмшдэг К- Улсын уул уурхайн том акул компани Монгол Улсад орж ирээд 20 хэдэн жил болохдоо нэг ч төгрөгийн ашиг өгөхгүй хаяж байгаа учраас шударга ёсонд нийцэж байгаа юм уу гэдэг асуулт тавигдаж байгаа. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй.
Гэрээ нь гэрээний чөлөөт байдлын зарчим болон шударга ёс, харилцан итгэлцлийн зарчмын хүрээнд хийгдэх ёстой. Иргэний хуульд тодорхой нэрлэж заагаагүй, маш олон холимог шинжийг агуулсан нэрлэгдээгүй гэрээ гэдэг агуулгыг дэвшүүлэхгүй бол хариуцагчийн тайлбарласнаар зөвхөн худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлах ямар ч боломжгүй. Компани байгуулж, гарах зардлаа хувааж байгаа гэрээг яагаад худалдах, худалдан авах гэрээ гээд байгаа юм бэ. 9 бүрдэл хэсгээс бүрддэг, маш нарийвчилсан зохицуулалттай гэрээ учраас Иргэний хуульд зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Бид С хавсралтын 3 ,4 дүгээр зүйлтэй холбоотой маргаан үүсгэсэн О т ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ, хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээ байгуулдаг бөгөөд олон улсад жишиг болгож хийдэг гэрээ байдаг. Үүнийг олон улсын түвшинд, онолын түвшинд ойлгож судлах юм бол хувийн рояалти загвар жишиг гэрээ байдаг. Нөгөө талаас Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан компани үүсгэн байгуулах зорилготой хамтран ажиллах гэрээ гэж хэлж болохоор гэрээ. Гэтэл хариуцагч тал зөвхөн худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаад шүүх дээр ойлгомжгүй байдал үүсгээд байдаг. Анхан шатны шүүхийн дүгнэснээр болон нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар Иргэний хуульд нэрлэн заасан аль нэг гэрээ биш, холимог шинжүүдтэй, тусгайлсан, нарийвчилсан зохицуулалтуудтай нэрлэгдээгүй гэрээ гэдэг талаар талууд санал нэгдэж байгаа гэж бодож байна. С хавсралтын 3 дахь заалтыг талууд юу гэж ойлгож байгаа вэ, бүгд өөр өөрөөр ойлгож тайлбарлаж байгаа.
Бид 20 хувийн 80 хувиар өр төлбөрөө төлөөд явж байгаа, үлдсэн 20 хувийг авъя гэхэд өгдөггүй. Бид 2002 оны гэрээний эрх зүйн харилцааны тухай ярьж байхад 2016 онд дүрмийн заалтад тус гэрээний заалт биелэгдэх боломжгүй, Компанийн тухай хуулийг давсан томьёолол оруулж ирсэн. Гэрээг тайлбарлах хэд хэдэн арга зүй, хэд хэдэн нөхцөл байдал байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Үгийн шууд утга нь 80 хувиар өр төлбөрөө төлнө гэж байгаа. Хууль зүйн техник бичилтийн хувьд далд бичиглэл буюу логик нь ойлгомжтой зүйлийг бичдэггүй. 20 хувийн 80 хувиар өр төлбөрөө төлнө гэсэн үгийн шууд утгыг анхаараад үлдсэн 20 хувь нь манай эзэмшлийнх гэдэг хүсэл зоригийг анхнаасаа илэрхийл энэ гэрээнд манай тал оролцсон. Үүнийг Б, Г нар гэрчилдэг ба тухайн үед талууд юу хүсэж, ямар хүсэл зоригийн илэрхийллээр гэрээ хийсэн, нөгөө тал юу гэж тайлбарласныг тодорхой гэрчилсэн. Гэрээний утга ойлгомжгүй бол бусад нөхцөл байдалтай нь уялдуулж буюу хүсэл зоригийн үүднээс тайлбарласан шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзэж байна. Энэ төрлийн гэрээ зөвхөн Монгол Улсад эсхүл зөвхөн бидний хооронд хийгдээд талууд ойлгохгүй байгаа зүйл байхгүй.
Тус гэрээ нь К- Улсад хэрэглэгддэг, тус улсын анхны уул уурхайн компаниуд хийдэг загвар гэрээ. Хувийн рояалти байдаг юм байна, анхны Х лиценз буюу хайгуулын лиценз эзэмшиж байсан этгээд тогтмол өгөөж хүртдэг жишиг дэлхий дээр байна. Уул уурхайн томоохон компаниуд жижиг буурай орнуудад хөрөнгө оруулалт хийхдээ өөрсдөө бүх үйл ажиллагааг аваад зардлаа өсгөх замаар жижиг хувьцаа эзэмшигчдээ боддоггүй юм байна, тийм учраас ийм жишиг гэрээ байх ёстой гэсэн зохицуулалтын дагуу дэлхий нийтээр хувийн рояалтитэй зохицуулалт хийгээд явдаг. Логикийн хувьд тодорхой, гэрээнд өгнө, авна гэж бичээгүй байна гэсэн үндэслэлээр үгүйсгэж болохгүй. Хууль зүйн техник бичилт талаасаа маш тодорхой техник бичилттэй байхад огт ойлгохгүй, өөр байдлаар ойлгож гомдол гаргаж байна, ийм байдлаар 3 жил явж байгаа. 2023 оны сүүлээр тус уурхайгаас 10 орчим тонн алтыг авчихаад 20 хувийн хувьцаа эзэмшигчид нэг ч төгрөг өгөлгүй уурхайг зогсоох шийдвэрийг хариуцагч тал гаргасан байдаг. 35 орчим тонн алт буюу 10,000,000 ам.долларын хөрөнгийн хэмжээтэй уурхайг ашиглаад уурхайг зогсоох шийдвэр гаргачихаад гэрээний дагуу байх ёстой, өгөхгүй гэдэг байдлаар асуудалд хандаж байгаад харамсалтай байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г х- ХХК нь хариуцагч Б э- ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 10,806,833,929 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах болон эскроу гэрээний C хавсралт нь зардал хуваарилах заалт ба мөнгөн хөрөнгийг жил бүр олгох тохиролцоо биш, компанийн орлого эерэг гарсан нөхцөлд ногдол ашиг хуваарилах эсэхийг компанийн дүрмээр зохицуулахаар заасан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна. Харин шүүх талуудын хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хэлцэл хийгдсэн гэж дүгнэснийг залруулна. Энэ нь хариуцагч талын гомдлыг хангах болон анхан шатны шүүхийн шийдэлд нөлөөлөхгүй.
4. Нэг талаас Монгол Улсын хуулийн этгээд Г х- ХХК, нөгөө талаас К- улсын К- Г- э- ЛТД корпораци /К- К-/, Британы Виржиний арлуудад байгуулагдсан К- ЛТД корпораци /К БВА/ нарын хооронд 2002 оны 05 сарын 13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (earn-in) болон Эскроу гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээнүүд нь A, B, C, D, E, F, G, H, I гэсэн 9 хавсралттай байна.
4.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх гэрээ /эскроу/-ний 3 дахь заалт болон A, B, Е хавсралтаар Г- нь ашигт малтмалын **** тоот лицензийг болон талууд лицензтэй холбоотой эрх, үүргээ дундын эзэмшлийн компанид шилжүүлэхээр, мөн 2 дахь заалт болон D хавсралт, С хавсралтын 1, 2 дахь заалтууд дахь Хөрөнгө оруулагч нь дундын эзэмшлийн компанийг үүсгэн байгуулах, улмаар дундын эзэмшлийн компани дахь Г-ын эзэмшлийн хувьцааг худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй бол уг 200 ширхэг 20 хувийн хувьцаа Г- үлдэх тохиролцоог талууд харилцан биелүүлсэн. Мөн гэрээний 1, 4 дэх заалтын дагуу Г х- ХХК нь анхдагч лицензийг хамтран байгуулсан дундын компани болох Б э- ХХК-д шилжүүлснээр 25,000 ам.долларыг хүлээн авсан үйл баримтад зохигч маргаагүй байна.
4.2. Мөн гэрээний 17 болон C, I хавсралтад зааснаар дундын эзэмшлийн компани болох нь Б э- ХХК-ийн 20 хувийн хувьцааг худалдан авах эрхээ хөрөнгө оруулагч /К- К-/ тал хэрэгжүүлээгүй учир анхдагч лиценз /Г-/ эзэмшигч нь Б э- ХХК-ийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр үлдсэн нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан дүрэмд компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 800 ширхэг буюу 80 хувийн хувьцаа эзэмшигч К Ж Э Г-эн Х С- компани, 200 ширхэг буюу 20 хувийн хувьцаа эзэмшигч Г х- ХХК гэж тусгагджээ.
5. Дээр дурдсанаар Г х- ХХК нь өөрийн эзэмшлийн **** тоот Б-ийн ордын хайгуулын лицензийг дундаа хамтран байгуулсан Б э- ХХК-д шилжүүлэх, хөрөнгө оруулагч К- Г- э- ЛТД корпораци нь Б э- ХХК-д хөрөнгө оруулж, улмаар талууд дундын эзэмшлийн компанийн эрхлэх ашигт малтмалын ашиглалт, олборлолтын үйл ажиллагаанаас орлого олох зорилгоор Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (earn-in) болон Эскроу гэрээг байгуулжээ.
5.1. Хариуцагч талаас **** тоот хайгуулын лицензийг худалдан авагч К- К- нь лицензийн үнэ 25,000 ам.долларыг худалдагч С- ХХК-д төлж үүргээ биелүүлсэн, худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч лицензийн үр шимийг хүртэх эрхгүй гэж, мөн С хавсралтын 3 дахь заалт нь зардал хуваарилах зохицуулалт бөгөөд хариуцагч нь үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний 20 хувийн 20 хувийг жил бүр өгөхөөр зохицуулаагүй, мөн компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн баталсан дүрмээр зохицуулахаар заасан гэсэн агуулгаар татгалзлаа илэрхийлжээ.
5.2. Гэрээ байгуулсан талуудын хүсэл зориг, гэрээний агуулгаас үзвэл лиценз эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын хэн аль нь ашигт малтмалын хайгуулын лиценз худалдах-худалдан авах болон Иргэний хуульд зааснаар хамтран ажиллахаар харилцан тохиролцсон бус, харин Компанийн тухай /1999 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт ...компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана гэж зааснаар дундын эзэмшлийн Б э- ХХК-ийг үүсгэн байгуулж, ашиг олохоор хамтран ажиллахаар тохиролцсон гэж дүгнэнэ.
Өөрөөр хэлбэл, талууд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэл бүхий дундын эзэмшлийн компани байгуулж, нэхэмжлэгч Г х- ХХК-ийн дундын эзэмшлийн компанид шилжүүлсэн лицензийг түшиглэн ашиг олох үйл ажиллагааг явуулжээ. Харин хөрөнгө оруулагч тал дээрх 25,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлсөн нь гэрээний Ерөнхий зүйл болон 1-д зааснаар талууд компани үүсгэн байгуулж хамтран ажиллах, Г х- ХХК нь лицензээ дундын компанид шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсны төлбөр гэж үзэхээр байна. Түүнээс гадна талууд дундын компанийн хөрөнгө оруулалтын зардал, ашигт малтмалын орлогыг хэрхэн хуваарилах талаар гэрээний С хавсралтаар тухайлан тохиролцсон байна.
5.3. Нэхэмжлэгч Г х- ХХК нь өөрийн лицензийг дундын компанид шилжүүлснээр /С- ХХК, Г х- ХХК нар нь нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий этгээд гэж үзэхээр тул энэ талаар тухайлан дүгнэхгүй/ хөрөнгө оруулагч К- К-, К БВА нараас 25,000 ам.доллар хүлээн авсныг ашигт малтмалын хайгуулын лиценз бүхий мэдээллийг худалдсан буюу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн лицензийн талаар аливаа шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх дуусгавар болсон гэх татгалзал үндэслэлгүй байна.
6. Талуудын хооронд байгуулагдсан Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (earn-in) болон Эскроу гэрээ болон түүний хавсралт болох A, B, C, D, E, F, G, H, I нөхцөлүүдэд лиценз эзэмшигч болон хөрөнгө оруулагч нар хөрөнгөө нэгтгэсэн дундын эзэмшлийн компани байгуулж, уул компаниар дамжуулан хамтран ажиллах, хамтын үйл ажиллагааны орлогыг хуваах болон шинээр байгуулсан дундын компанийн хувьцааг хөрөнгө оруулагч тал нь лиценз эзэмшигч талаас 3 жилийн дотор худалдан авах эрхтэй байх зэрэг нөхцөлийг гэрээгээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ.
Энэ агуулгаар талуудын хооронд хэд, хэдэн хэлцлийн агуулгыг илэрхийлсэн холимог төрлийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тодорхойлж, талуудын хооронд үүссэн үүргийн харилцааны онцлогийг харгалзан тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.
7. Нэхэмжлэгч Г х- ХХК нь дээрх гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэж Б э- ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Урьдчилсан нөхцөлтэй худалдах худалдан авах (earn-in) болон Эскроу гэрээний Б- э-ийн хувьцаа шилжүүлэх тухай гэрээ гэж нэрлэгдсэн C хавсралтад нийцсэн байна. Учир нь,
7.1. C хавсралтын 3-т ...Г- нь Б-ийн 200 ширхэг хувьцааг хүлээн авснаар лицензит талбайтай холбогдуулан К- К-ын гаргасан, зөвшөөрөгдсөн зардлын доод хэмжээ болох 450,000 ам.доллараас давсан аливаа болон бүх хайгуул, боловсруулалт болон ашиглалтын үйл ажиллагааны зардал /давсан зардал/-ын 20 хувийг Б-т нийлүүлэх үүрэг хүлээхээ хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбогдуулан Г-ын хүлээх үүрэг нь зөвхөн лицензэд талбай дээрх ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний Г-д ногдох хувийн ная (80)-н хувиар төлөгдөх үүрэг (Г-ын үүрэг) болохыг ойлгон хүлээн зөвшөөрч байна. Г-д ногдох хувийг Б- дахь Г-ын хувь гэж үзэх бөгөөд уг хувийн хэмжээг лицензэд талбайд дахин нэг буюу хэд хэдэн уурхай ашиглалтад оруулахаар шийдвэрлэвэл тухай бүр нь шинэчлэн тогтоож болно гэж заажээ.
7.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээг үгийн шууд утгаар болон тодорхойгүй нөхцөлийн агуулгыг гэрээний ерөнхий агуулга, бусад нөхцөлтэй харьцуулан тодорхойлсон агуулгаар тодруулбал, Г х- ХХК-ийн (хувьцаа эзэмшигчийн хувьд) дундын компанид оруулах хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг тухайн компанид эзэмшиж буй 20 хувийн хувьцааны нь 80 хувиар тогтоосон гэж үзэхээр байна. Ингэхдээ уг зардлыг нэхэмжлэгч өөрийн хөрөнгө, үйл ажиллагаа, зээл болон бусад байдлаар бие даан санхүүжүүлэх бус лицензэд талбайгаас олох орлогын бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний орлого-оос хожим эргүүлэн төлөхөөр тохиролцсон нь компанийн ногдол ашгаас төлөх агуулгыг илэрхийлээгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь энэхүү зардлыг нөгөө хувьцаа эзэмшигч К Ж Э Г-эн Х С- компанид бус дундын компани буюу хариуцагч Б э- ХХК-д төлөхөөр гэрээгээр үүрэг хүлээсний дагуу хариуцагч Б э- ХХК нь нэхэмжлэгчийн жил бүр төлбөл зохих зардлыг дээрх аргаар тооцон компанийн ашигт малтмалын үндсэн үйл ажиллагааны цэвэр орлогоос суутгаж байсан, нэхэмжлэгч уг зардлаа төлж ирсэн гэж үзэхээр буюу зохигч энэ талаар маргаагүй байна.
Иймд ***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий лицензит талбайд хариуцагч 2015-2021 оны хооронд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж олсон орлогоос уг үйл ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасч, үлдэх цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос нэхэмжлэгч Г х- ХХК-д ногдох ашигт малтмалын лиценз ашиглуулсны төлбөрийг хариуцагч Б э- ХХК-аас шаардах эрхтэй байна. Энэ үндэслэлээр зохигчийн хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нь хувьцаа эзэмшигчдийн хоорондын гэрээний үүргийг хариуцахгүй гэх хариуцагч талын татгалзал, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Гэрээний С хавсралтын 3-т зааснаар нэхэмжлэгч Г х- ХХК-аас хариуцагч Б э- ХХК-д төлөх хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг тодорхойлсон ч үлдэх 20 хувийн цэвэр мөнгөн гүйлгээний орлогыг хэрхэн шийдвэрлэхийг тухайлан заагаагүйг хариуцагч тайлбарлаж, энэ асуудлыг ногдол ашгийн хэлбэрээр шийдвэрлэхээр компанийн дүрэмд заасан гэж татгалзсан ба ийнхүү талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт зааснаар уул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэж, тогтоохоор хуульд заажээ.
8.1. Талууд 2002 онд гэрээ байгуулах үедээ гэрээний С хавсралтын 3-т зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн лицензит талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж олсон орлогоос татварын дараах цэвэр ашгаас тооцож ногдол ашиг хэлбэрээр бус, харин мөнгөн гүйлгээний цэвэр орлогоос тооцох нөхцөлөөр тохиролцсоныг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зориг, тохиролцсон төсөөлөл гэж үзнэ. Энэ нь дундын эзэмшлийн компанийн санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайлан-д тусгагдсан нийт (үндсэн болон үндсэн бус) ашиг буюу татвар төлсний дараах цэвэр ашгаас тооцохгүй, харин дээр дурдсанаар хариуцагч Б э- ХХК-ийн ашигт малтмал олборлож олсон орлогын цэвэр мөнгөн гүйлгээний дүнгээс тооцохоор С хавсралтад тухайлан тохиролцсоноор илэрхийлэгджээ.
8.2. Нэхэмжлэгч нь цэвэр мөнгөн гүйлгээний орлогыг зөвхөн ***** тоот лицензит талбайд ашигт малтмал олборлож олсон цэвэр орлогоос тооцон шаардсан нь хөрөнгө оруулагч талын дундын эзэмшлийн компани дахь бусад үйл ажиллагааны орлогод (хөрөнгө борлуулсны, хүүгийн, түрээсийн г.м) энэхүү С хавсралтын 3 дахь нөхцөл хамаарахгүйг тодорхойлсон гэж үзэхээр байна. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ үндсэн ашигт малтмалын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний орлогоос гэж тодорхойлсон нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл заасан ногдол ашиг хуваарилах нөхцөл, болзолд хамаарахгүй бөгөөд хариуцагч Б э- ХХК-ийн дүрмийн 7.1, 7.3-т зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэвэл зохих асуудал гэж үзэхээргүй байна. Энэ үндэслэлээр хариуцагчийн зүгээс гэрээний С хавсралтын 3-т зөвхөн зардлыг хуваарилсан, ашгийг компанийн дүрмийн 7 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх учиртай гэсэн хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
8.3. Нэхэмжлэгч нь **** тоот хайгуулын лицензийг хариуцагчийн эзэмшилд 2002 онд шилжүүлсэн, улмаар 2008 онд ***** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор хариуцагч уг талбайд 2015-2021 оны хооронд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж нийт 270,170,848,243 төгрөгийн бэлэн мөнгөний цэвэр орлого олсон нь тухайн жилүүдийн санхүүгийн тайлангийн Мөнгөн гүйлгээний тайлан-гаар нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгөн дүн нь орлого, зарлагын зөрүү болох мөнгөн гүйлгээний цэвэр орлого байна.
Гэрээний С хавсралтын 3-т зааснаар дээрх мөнгөн хөрөнгийн 80 хувь буюу 216,136,672,194.4 төгрөгийг нөгөө хувьцаа эзэмшигч К Ж Э Г-эн Х С- компанид ногдоно гэж үзвэл үлдэх 20 хувь болох 54,034,169,648.60 төгрөгөөс С хавсралтын 3-т зааснаар нэхэмжлэгч Г х- ХХК-д ногдох (зардал) суутгал 43,227,335,719 төгрөгийг хасч, үлдэх 10,806,833,929 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн нэхэмжлэгчийн тооцоолол хэргийн байдалд нийцсэн байна.
8.4. Хариуцагч лицензит талбайд үйл ажиллагаа явуулж олсон бэлэн мөнгөний цэвэр гүйлгээний дээрх орлогын нэхэмжлэгчид ногдох хувиас гэрээний С хавсралтын 3-т зааснаар 7 жилийн хугацаанд дээрх зардлыг суутгаж ирсэн гэж үзвэл үлдэх 20 хувийн орлогыг мөн адил зарчмаар жил бүрээр тооцон нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1, 193.2 дахь хэсэг, гэрээний С Хавсралтын 3-т тус тус нийцнэ. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
9. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дэх заалт болон I хавсралт Худалдан авах тухай мэдэгдэл нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг залруулна. Хариуцагч Б э- ХХК-ийн энгийн хувьцааны 200 ширхэг буюу 20 хувийг эзэмшиж буй нэхэмжлэгчийн эзэмшлийг хөрөнгө оруулагч нөгөө тал гэрээ байгуулснаас хойш 3 жилийн дотор худалдан авч болох тухай зохицуулалт нь мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах /опцион/ гэрээнд хамаарна. Гэрээний талууд энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 03-ны өдрийн 181/ШШ2024/02234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б э- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,192,119 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ