Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/01848

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/01848

 

Э г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02172 дугаар шийдвэртэй,

Э г- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б- А- ХХК, МК Б п- ХХК-д холбогдох,

Хариуцагч нарын цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46,461,711 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч МК Б п- ХХК-ийн барилгын гадна дулааны болон цэвэр усны шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахыг нэхэмжлэгч Э г- ХХК-д даалгуулах хариуцагч МК Б п- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Л.Н, хариуцагч МК Б п- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б- А- ХХК-ийн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э г- ХХК нь *** дүүргийн 15-р хороо, **** дагуу 4,680 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд Нийслэлийн Засаг даргын  *** дугаар захирамжаар эзэмших эрхийг сунгасан. 2009 онд манай С- төвийн зүүн талд Б- А- ХХК авто салон барих зорилгоор манай эзэмшлийн дулаан болон цэвэр бохир усны шугамд өөрийн барилгыг холбох хүсэлт гарган бид тохиролцож, 2009 оны 09 сарын 24-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус компани манай газар дээр 135 м урттай, 288 м.кв талбайд өөрийн дулаан, цэвэр усны шугам татаж байрлуулан манай компанийн эзэмшил газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж эхэлсэн.

Хамтран ажиллах гэрээний 5.5-д Энэхүү гэрээг байгуулагдсанаас хойш 3 жилийн дараагаас С- төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б тал А талын саналыг хүлээн авах үүрэгтэй гэж заасан. Манай компани С- төвийн барилгыг дахин төлөвлөж шинээр барилгын ажлыг 2021 оны 7 дугаар сараас эхлүүлснээр хариуцагчийн манай эзэмшил газар дээрх шугам сүлжээг чөлөөлөх шаардлага үүсч, барилгын ажилд саад учруулж байна. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т зааснаар манай компани хариуцагчид удаа дараа шаардлага хүргүүлж байсан. С- төвийн өргөтгөлийн барилгын зураг төслийг Р- консалтинг ХХК гаргасан Б- А- ХХК-ийн дулаан болон цэвэр усны шугам нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй БНбд 41-02-13 норм дүрмийн 8.3 хүснэгтэд заасан Дулааны сүлжээг газар доор сувагт угсрах үед сувгийн бетонон гадаргуугаас барилга байгууламжийн суурь хүртэлх зай 2 метрээс багагүй байна гэсэн стандартыг ноцтой зөрчиж байгааг дүгнэсэн нь мөн хариуцагчийн шугам сүлжээг чөлөөлөх үндэслэл юм.

1.2. МК Б п- ХХК-ийн *** дүүрэг, 15 дугаар хороо, **** 14 хаягт байрлах барилгын цэвэр ус, дулааны эзэмшил газарт 2012 оны №5 Б-07 дугаартай Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээний дагуу хуримтлагдсан төлбөр 31,407,600 төгрөг, алданги 15,054,111 төгрөг, нийт 46,461,711 төгрөг болсон.

Иймд хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг хангаж, манай эзэмшил газраас Б- А- ХХК-ийн цэвэр ус, дулааны шугамыг чөлөөлж, мөн 46,461,711 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б- А- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн 2009 оны 09 сарын 29-ний өдрийн ** тооттехникийн нөхцөл, мөн Ус сувгийн удирдах газрын 2007 оны 07 сарын 19-ний өдрийн ***- тоот техникийн нөхцөлийн дагуу талууд Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний 5.1.1-д буюу барилга өөрчлөлт гарвал гэж тайлбарлаж байна. Гэрээний нийтлэг үндэслэлд юу тохиролцсон нь ойлгомжтой, Б- А- ХХК-ийг дулааны шугам сүлжээг байрлуулах гэж байгаа. Б- А- ХХК тухайн техникийн нөхцөлд заагдсан газраас шугамыг татахын тулд ****** ХХК-д компанид 215,000,000 төгрөг төлж татуулсан. Газрын тухай хуулийн 13.1 дүгээр 13.1-д заасан шугам сүлжээний газар хамаарал байхгүй газар байгаа. Хязгаарлагдмал эрхтэйгээс өөр харилцааг Иргэний хуулийн хөршийн эрхээр зохицуулна. Хамтран ажиллах гэрээгээр заагдсан, хувь хэмжээний мөнгийг төлөөд газрыг эзэмшиж байгаа. Хамтран ажиллах гэрээгээр тохиролцчихсон хэмжээний талаар мөнгөө өгчихсөн. Улсын дээд шүүх нөхөн төлбөр гэдгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхгүй улмаас авч байгаа төлөөс гэсэн. Шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, зассан үйлчилгээ, газрын төлбөр, нэхэмжлэгч газрын төлбөрийн асуудлыг ярьж байгаа. Гэрээ нь 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдрийн хугацаатай. Өөрөөр хэлбэл 2015 оны 12 сарын 31-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.

 

3. Хариуцагч МК Б п- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2009 онд хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээгээр Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээг байгуулсан. Хязгаарлагдмал эрхтэйгээр газрыг ашиглаж байгаа. Тиймээс гэрээгээр харилцан тохиролцож, эрх нь үүссэн. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 -т Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь манай зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хязгаарлаж байгаа нэхэмжлэл байгаа нь хуулийг зөрчиж байна. 135.3-т зааснаар хөрш залгаа газрыг эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй. Э г- ХХК-ийн барьж буй С- төвийн өргөтгөлийн барилга нь манай дулааны шугамтай 2 метрээс багагүй зайтай барьж, манай дулааны усны шугамыг ашиглах, өртгийн барилга байгууламжийг ашиглах эрхэд халдаж байгаа. Иргэний хуулийн 138.2, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй.

Р консалтинг ХХК-ийн 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 60/2021 дугаартай дүгнэлт нь ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт юм. Э г- ХХК нь уг шугам сүлжээг өөрсдийн газраар дайран өнгөрч буйг мэдсээр байж өргөтгөлийн барилгын зураг төслийг манай компанийн шугам сүлжээтэй 2м-ээс багагүй зайтай барих дүрмийг зөрчиж барьсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

МК Б п- ХХК нь Б- А- ХХК-аас С- төвийн зүүн талын барилгыг худалдаж авсан. Э г- ХХК нь өөрийн С- өргөтгөлийн барилгыг дахин барихдаа хангагч тал буюу УБДС ХК, УСУГ-т мэдэгдэлгүйгээр дээрх шугам сүлжээг өөрчилсөн, Б- А- ХХК-ийн хэрэглээг хязгаарласан зөрчлүүдийг удаа дараа гаргасаар байгаа нь хэргийн баримтаар нотлогдсон ба зөрчлөө одоог хүртэл арилгаагүй. Иймд МК Б п- ХХК-ийн Улаанбаатар дулаан сүлжээ ХК-ийн 2008 он №** тоотТехникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын №165/07 дугаартай Техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э г- ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар *** дүүрэг, 15 дугаар хороо, **** 1, Э г- ХХК-ийн эзэмшлийн газраас цэвэр ус, дулааны шугам сүлжээг чөлөөлөхийг хариуцагч МК Б п- ХХК-д даалгаж, хариуцагч Б- а ХХК-аас 12,212,156 төгрөг гаргуулж, Э г- ХХК-д олгож, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн 2008 оны ** тооттехникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын 165/07 дугаартай техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э г- ХХК хууль зөрчин өөрчилснийг хуучин техникийн нөхцөлд заасан трассаар дахин байрлуулах тухай МК Б п- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Э г- ХХК-ийн төлсөн 460,459 төгрөг, МК Б п- ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч МК Б п- ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч Б- а ХХК-аас 210,344 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э г- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч МК Б п- ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан зарчимтай нийцэхгүй байна гэж хариуцагч талаас үзэж байна.

5.1. Манай компани Б- а ХХК-аас Сүхбаатар дүүрэг. 1-р хороо. ****- 14 хаягт байх автосалон, засвар үйлчилгээний барилга, дотроо зоорьтой 3 давхар үл хөдлөх хөрөнгийг "МК Б п- ХХК-д газрын хамт худалдаж авсан. УБДС ТӨХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссын 2008 оны ** тоотТехникийн нөхцөл, УСУГ-ын ***-дугаартай Техникийн нөхцөл-ийг тус тус гаргуулж, уг техникийн нөхцөлөөр холболтын цэгийг зураг төслийн шатанд "Э г- ХХК-тай салаа шугамын хүчин чадлыг тооцож өргөтгөхөөр сайтар зөвшөөрөлцөхийг даалгасан. Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх 300, 164/04 дугаартай техникийн нөхцөлүүдийг үндэслэн "Б- А-" ХХК, "Э г-" ХХК нар харилцан тохиролцож 2009 оны 09 сарын 24-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр хуульд заасны дагуу нэг удаагийн нөхөн төлбөрийг төлж, техникийн нөхцөлийн шугам хоолой татсан.

Э г-' ХХК-ийн 100 мм диаметртэй салаа шугамыг 125 мм диаметртэй болгон өргөтгөж шинэчилсэн. Хуучин шугам хоолойнуудыг Э г- ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэрээний төлбөрийг 35,000,000 төгрөг гэж тохиролцсон ч бодит байдалд 70,900,000 төгрөг өгсөн. Үүнээс гадна шугам сүлжээг шинээр суурилуулах ажлыг ****** ХХК-аар гүйцэтгүүлэхэд 215,000,000 төгрөгийн зардал гаргасан. Улсын 5-В магистраль шугамаас Э г-" ХХК-ий хашаан доторх ДХЗ (дулааны худаг) хүртэлх 2x125 мм диаметртэй 482 метр хос дулаан хангамжийн шугам сүлжээ, мөн Цэвэр усны 100 мм диаметртэй 251 метр шугам хоолойг хамтран эзэмшдэг байтал манайд мэдэгдэлгүй *** худалдааны төвд дулаан, цэвэр усны шугамын огтолгоог хийж өгсөн. Ингэснээр Б- А- ХХК-ийн дулаанаар хэвийн хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, шугамын ачааллыг тооцох байсан ч Э г- ХХК нь 2021 оноос эхлэн дур зоргоороо аашлан манай шугамыг хааж засвар хийж байгаа нэрийдлээр бүтэн зуны турш халуун ус хэрэглэх бололцоо олгодоггүй, намрын цагт цаг хугацаандаа дулаан авч чадахгүй байж байна. Энэ тухай хавтаст хэрэгт олон удаагийн баримтаар нотлогдоно.

Э г- ХК, Б- А- ХХК нарын хооронд байгуулсан 2009 оны 09 сарын 24-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 138 дугаар зүйлийн 138.1, 138.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэг удаагийн тохиолдлыг шийдвэрлэхээр тохиролцсон ба хөршийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Хангагчийн цэвэр ус дулааны шугамаас шугам татах ажиллагаа нь бусдын эзэмшил газраар дайруулан авахаас өөр гарц тухайн нөхцөл байдалд байгаагүйг техникийн нөхцөл олгох комисс тухайн нөхцөлд судлаад дээрх техникийн нөхцөлийг гаргасан. Гэрээний дагуу Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн нөхөн төлбөр төлснөөр манай компани нь тухайн харилцаа дуусгавар болсон гэж ойлгож байгаа.

5.2. Шийдвэрт: Э г- ХХК нь 2009 онд өөрийн эзэмшил газраа Б- А- ХХК-д ашиглуулахдаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасныг зөрчсөн гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Учир нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар дээрх заалт нь гадаад улс, олон улсын байгууллагад хамаатай байхад хуулийг буруу хэрэглэж МК Б п- ХХК-ийн эрхийг зөрчиж шийдвэрлэсэн. Иймд Б- А-" ХХК нь Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2-т зааснаар Э г- ХХК-тай шугам байрлуулахаар тохиролцож, нэг удаагийн нөхөн төлбөр төлж байрлуулсан шугам сүлжээ нь бусдын эрхийг зөрчөөгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар газрыг хууль бусаар эзэмшээгүй гэж үзэж байна.

5.3. Газар эзэмшигч Э г- ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг mөслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй.. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д зааснаар ...түгээх, зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах... үүрэгтэй, Засгийн газрын 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 5.1.21-т "...Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 20 дугаар зүйлийн 29.1.9 дэх заалтыг тус тус мөрдөж өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, өөрийн шугамаас хэрэглэгч холбох үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор бизнес үйл ажиллагаа явуулахгүй байх ...үүрэгтэй гэж заасан байхад дээрх хууль тогтоомжийг илтэд зөрчсөн Э г- ХХК-ийн дээрх үйлдлийг зөвтгөн, хэрэг маргааны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж чадаагүй гэж хариуцагчаас үзэж байна.

5.4. Шийдвэрт, шүүх хариуцагч нар цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй буюу Б- А- ХХК өөрийн барилгын шугам сүлжээг өөр газраас татах боломжгүй байсныг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн. Гэвч энэ нь 1-р хавтаст хэргийн 63-66-р талд авагдсан техникийн нөхцөлөөр нотлогдоно. Мөн хуулийн 15.1.10-д заасан батлагдсан зураг төсөл нь 1-р хавтаст хэргийн 67-р талд авагдсан баримт болох дулааны заагийн зургаар нотлогдоно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчид өөрийн тайлбар, хүсэлтдээ дурдсан, мөн 2-р хавтаст хэргийн 199 талд заасан гэрчийн мэдүүлгийг шүүх үндэслээгүй.

Нэхэмжлэгч нь Р консалтинг" ХХК, "МК Б п-" ХХК-ийн дулааны болон цэвэр усны шугам нь БНБД 41-02-13 норм дүрмийн 8.3 хүснэгтэд заасан "Дулааны сүлжээг газар доор сувагт угсрах үед сувгийн бетонон гадаргуугаас барилга байгууламжийн суурь хүртэлх зай 2 метрээс багагүй байна" гэсэн стандартыг зөрчсөн тухай дүгнэсэн. Гэвч С- өргөтгөлийн барилга нь 2021 оны 7 сараас эхлүүлсэн бөгөөд Б- А- ХХК нь уг дулаан, цэвэр усны шугамыг 2009 онд байрлуулсан. Харин нэхэмжлэгч нь хөршийн эрхийг зөрчихгүй байх үүргээ биелүүлэхээс татгалзсаар байсан. МК Б п- ХХК нь Э г- ХХК-ийн эзэмшлийн газраар дайран өнгөрч буй дулааны шугам нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасныг хэрхэн зөрчиж буй эсэхийг тодруулахаар шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасныг шүүх хангаж 6958 дугаартай захирамж гаргасан ч Э г- ХХК захирамжийг биелүүлээгүй. Иймд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

5.5. Шийдвэрт, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 болон Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасныг дүгнэсэн бөгөөд Э г- ХХК нь Б- А- ХХК-ийн шугам татсан газрыг буцаан шаардах эрхтэй байдлаар дүгнэсэн. Шүүхийн хууль тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй ба мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагч тал гомдол гаргаж байна. Учир нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газарт нэвтрэх, дайран өнгөрөх талаар Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааж журамласан бөгөөд үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй байхаар заасан. Үүнд Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар шугам сүлжээ, дулаан, усан хангамж, ариутгах татуургын зам бүхий газар нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан шаардах эрхэд хамаарахгүй байхад шүүх Иргэний хуулийн 106.2, Газрын тухай хуулийн 48.2, Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 тогтоолыг тус тус зөрчсөн.

Анхан шатны шүүх шугам сүлжээ бүхий газар нь хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах газарт хамаарахааргүй, харин Иргэний хуулийн 138 дугаар зүйлд заасан хөршийн эрхийн харилцааг мөн хуулийн 151 дүгээр зүйлд заасан сервитутийн зохицуулалт руу холбон тайлбарлаж, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасныг үндэслэн Э г- ХХК нь Б- А- ХХК-аас дээрх газрыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхээс хариуцагчийг бусдын газрыг хууль бусаар эзэмшсэн гэж дүгнэн үзэж Иргэний хуулийн 106.1 -т заасныг баримтлан газрыг чөлөөлсөн шийдвэр нь үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар талуудыг хамтран ажилласан гэж шүүх дүгнэсэн. Гэтэл талууд Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь ашгийн төлөө биш бөгөөд гэрээний гол нөхцөл, төлбөрийн хэмжээ, хугацаа зэргээс дүгнэн үзвэл шугам сүлжээг байрлуулах, нэг удаагийн нөхөн төлбөр авах талаар харилцааг зохицуулсан гэрээ байгуулсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээгээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.6. Анхан шатны шүүхээс ...Хариуцагч нар нь цэвэр ус дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл Б- А- ХХК нь тухайн үед өөрийн барилгын шугам сүлжээг өөр газраас татах боломжгүй байсан гэх боловч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна... гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анхан шатны шүүх эрх зүйн харилцааг дүгнэхдээ барилгын шугам сүлжээ бүхий газар гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Улсын Дээд шүүхийн 2008 оны 15-р тогтоолын 1.3-д заасантай нийцэхгүй байна. Хариуцагч талаас 1-р хавтаст хэргийн 63-67-р талд авагдсан УБДС ХК-ийн 2008 оны 09 сарын 29-ний өдрийн ** дугаартай "Техникийн нөхцөл"-тэй холбогдуулан маргаан бүхий харилцаанд Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Шүүхийн шийдвэрт МК Б п- ХХК, УБДС ХК-ийн 2008 оны ** тооттехникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн, халаалт, хэрэглээний халуун усны шугам сүлжээ, УСУГ-ын *** дугаартай техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн цэвэр, бохир усны шугам сүлжээг Э г- ХХК хууль зөрчин өөрчилснийг нотолж чадаагүй гэж үзсэн. 2-р хавтаст хэргийн 45-р хуудаст УБДС ХК-ийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 01/1035 дугаартай албан бичигт УБДС ХК-ийн хяналтын инженер Д.Очир-Эрдэнийн 2023 оны 04 сарын 25-ны үзлэгээр Э г- ХХК нь дээрх шугамыг техникийн нөхцөлөөс зөрүүлэн өөрчилж Эрчим хүчний тухай хуулийн 29.1.8 дахь заалтыг зөрчсөн тухай маш тодорхойгоор тэмдэглэсэн байсан.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хөршийн эрхийг зөрчихгүй байх үүргээ биелүүлэхээс татгалзсан нь МК Б п- ХХК-ийн эд хөрөнгөө ашиглах, хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн албан бичгүүдээр нотлогдоно. Э г- ХХК нь С- өргөтгөлийн барилга баригдаж эхлэхээс ч өмнө уг дулаан, цэвэр усны шугам руу хууль бусаар халдсаар байсан байна. Гэвч шүүгч хэргийг судлалгүй, талуудын гаргасан баримтыг харьцуулан үзэлгүй шийдвэр гаргасан үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагч Б- А- ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн зарчимтай нийцэхгүй байна гэж хариуцагч талаас үзэж байна.

Б- А- ХХК нь С- төвийн зүүн талд 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн ба Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссын 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар олгосон ** тоотТехникийн нөхцөл-ийн дагуу Улсын 5-В магистраль шугамаас Э г- ХХК-ийн С- төвийн барилгын салаа шугамын хүчин чадлыг өргөтгөх, мөн Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2007 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлын 176 тоот протоколыг үндэслэн Техникийн нөхцөл №***- дугаар шийдвэрийн дагуу Э г- ХХК-ийн С- төвийн цэвэр усны шугамаас зөвшилцөж холбох, одоо байгаа шугам сүлжээг өргөтгөх гэсэн техникийн нөхцөл буюу зөвшөөрлийг өгсөн.

Техникийн нөхцөлийн дагуу Э г- ХХК-тай хэлэлцэн тохиролцож 100 мм диаметртэй байсан салаа шугамыг 125 мм диаметртэй болгон өргөтгөж шугам хоолойг шинэчилсэн. Гэвч Э г- ХХК нь 2021 оноос эхлэн дур зоргоороо аашлан манай шугамыг хааж засвар хийж байгаа нэрийдлээр бүтэн зуны турш халуун ус хэрэглэх бололцоо олгодоггүй, намрын цагт цаг хугацаандаа дулаан авч чадахгүй байж байна. Э г- ХХК-д гэрээний дагуу нөхөн төлбөрт 35.000.000 төгрөг өгөхөөр гэрээнд заасан ч 70,900,000 төгрөг өгсөн.

УБДС ХК-ийн №300 дугаар, Ус сувгийн удирдах газрын 164/04 дугаартай техникийн нөхцөл болон Э г- ХК-тай байгуулсан 2009 оны гэрээний дагуу шугам тавьсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 138 дугаар зүйлийн 138.1, 138.2 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн нэг удаагийн тохиолдлыг шийдвэрлэхээр нэхэмжлэгчтэй тохиролцож, дээрх цэвэр ус, дулааны шугамыг Э г- ХХК-ийн эзэмшил газраар дамжуулан төрийн эрх бүхий байгууллагын хяналт зохицуулалтайгаар техникийн нөхцөлд заагдсан газарт тухайн хэмжээгээр шугамын татсан нь хууль тогтоомж болоод хөршийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Э г- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Б- А- ХХК нь давж заалдах гомдолдоо хамтран ажиллах гэрээ, шугам сүлжээ ашиглах гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж дурдсан байна. Дулааны эрчим хүч хэрэглэх тухай дүрмийг 2.1.5-д ...шугам сүлжээнээс холболт хийлгүүлэх тохиолдолд шугам сүлжээний өмчлөгч хэлэлцэн тохиролцох эрхтэй гэж заасан. Тиймээс талуудын хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр шугам тавьсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан нөхцөл байдал үүсээгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн.

МК Б п- ХХК-ийн давж заалдах гомдолд зам шугам сүлжээний газар гэж маргадаг. Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт ...Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна гэж заасан. Нэхэмжлэгч компанид Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйлчилгээний зориулалтаар тухайн газрыг олгосон. Тус газар шугам сүлжээний зориулалтаар олгогдсон газар биш. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.2 дахь заалтыг ашиглах ёстой байсан гэж хариуцагч нар маргаж байна. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт ...Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж хуульд заасан. Бид энэ асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч МК Б п- ХХК-аас ...Э г- ХХК 2022 онд газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Түүнээс хойш танай компани уг шугам сүлжээг өөр газраар явуулах боломжтой эсэхэд нотлох баримт гаргаж өгсөн үү, хавтаст хэрэгт авагдсан уу гэж асуухад ...авагдаагүй, шаардлагагүй гэх хариултыг өгсөн.

Хэрэгт энэ талаар ямар ч баримт байхгүй. Тийм ч учраас анхан шатны шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэх хуулийн заалтыг барьсан. Түүнчлэн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг ашигласан. Хариуцагч давж заалдах гомдолдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл, дүрмийн 5.1 дэх заалтуудыг зөрчиж ашиг олох зорилгоор ашгийн хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байна. Шүүх Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийг ашигласныг буруутгах үндэслэлгүй. Учир нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж болно, энэ зохицуулалтыг Иргэний хуулиар нарийвчлан зохицуулсан гэж заасан байдаг. Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт орж дулааны шугам сүлжээг байрлуулах, ашиглаж байгаа тохиолдолд сервитут тогтооно гэж заасан. Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь заалтыг ашигласан гэх үндэслэлээр шүүхийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 болон 106.4 дэх хэсэгт хууль ёсны эзэмшигч өмчлөгчийн нэгэн адил шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч Э г- ХХК Нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж, хууль ёсны үндсэн дээр газраа эзэмшиж байх тул хууль ёсны эзэмшигчийнхээ хүрээнд шаардлага гаргах бүрэн эрхтэй гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэнг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн ба ашиг олох болон бусад зориулалтаар гэж заасан байдаг тул хамтран ажиллах гэрээ байгуулсан бол ашиг олох зорилготой гэсэн үг биш. Хариуцагч байгууллага 2014 оноос хойш нэхэмжлэгчид огт төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч энэ хугацаанд газрын төлбөрийг төрд төлсөөр байсан. Гэтэл хариуцагч нар бизнесийн хэлцэл хийсэн гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Хариуцагчийн талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, талуудын хоронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаагүй. Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э г- ХХК нь хариуцагч Б- А- ХХК, МК Б п- ХХК нарт холбогдуулан хариуцагч нарын цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46,461,711 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Хамтран ажиллах гэрээний 5.4-т Энэхүү гэрээг байгуулснаас хойш 3 жилийн дараа С- төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б (Б- А-) тал А (Э г-) талын саналыг хүлээн авах үүрэгтэй гэж зааснаар С- төвийн барилгыг дахин төлөвлөж шинээр барилгын ажлыг 2021 оны 07 сараас эхлүүлэхэд хариуцагч нарын эзэмшлийн шугам сүлжээ саад учруулж байгаа, мөн зураг төслийн Р консалтинг ХХК-ийн дүгнэлтээр уг шугам нь БНбд 41-02-13 норм дүрмийн 8.3-т зааснаар Дулааны сүлжээг газар доор сувагт угсрах үед сувгийн бетонон гадаргуугаас барилга байгууламжийн суурь хүртэлх зай 2 метрээс багагүй байна гэсэн стандартыг зөрчсөн тул тус шугам сүлжээг чөлөөлүүлэх шаардлага Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт зааснаар үүссэн тул хууль бус эзэмшил гэж үзсэн гэсэн агуулгаар тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагч Б- А- ХХК-аас дурдсан Хамтран ажиллах гэрээний дагуу мөнгийг төлөөд шугам сүлжээний газрыг эзэмшиж байгаа. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ** тоот, УСУГ-ын ***- тоот техникийн нөхцөлийн дагуу шугам татсан гэсэн агуулгаар, хариуцагч МК Б п- ХХК-аас нэхэмжлэгчтэй тохиролцон Хамтран ажиллах, Шугам сүлжээг ашиглах гэрээ байгуулж, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа. Тиймээс Иргэний хуулийн 138 дугаар зүйлд зааснаар төлбөрийг төлж тохиролцсон. Э г- ХХК нь манай шугам сүлжээ өөрийнх нь газраар дайрч байгааг мэдсээр байж өргөтгөлийн барилгыг ойртуулан барьсан байна гэсэн агуулгаар тус тус тайлбарлажээ.

Мөн хариуцагч МК Б п- ХХК нь нэхэмжлэгчид холбогдуулан Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн 2008 оны ** тоот, мөн УСУГ-ын 165/07 тоот техникийн нөхцөлийн хүрээнд хийгдсэн халаалт, хэрэглээний халуун усны болон цэвэр, бохир усны шугам сүлжээг Э г- ХХК хууль зөрчин өөрчилснийг өмнөх техникийн нөхцөлд зааснаар хэвийн ашиглах нөхцөлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамаарахгүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтыг зөв, бодитой тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

5. Ус сувгийн удирдах газрын 2007 оны 07 сарын 19-ний өдрийн *** дугаартай техникийн нөхцөлд Б- А- ХХК-д авто машины худалдаа, үйлчилгээний 5 давхар барилгын цэвэр, бохир усны шугамын холболт хийх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн 1-р хороо, С- төвийн зүүн талд, С- төвийн цэвэр усны шугамаас зөвшилцөн холбох гэсэн, мөн Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн 2008 оны 09 сарын 29-ний өдрийн ** дугаартай техникийн нөхцөлд Б- А- ХХК-ийн худалдаа, үйлчилгээний барилга, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Э г- ХХК-ийн С- төвийн зүүн талд гадна дулааны шугамын холболтыг 5-В магистраль, С- төвийн барилгын салаа шугамын хүчин чадлыг тооцож өргөтгөн (Э г- ХХК-ийн салаа шугамын хүчин чадлыг тооцож өргөтгөхөөр сайтар зөвшөөрөлцөх), тусдаа салаа шугам татаж хийх гэсэн нөхцөлтэйгээр тус тус хоёр жилийн хугацаатай олгосон байна.

Энэ дагуу нэхэмжлэгч Э г- ХХК, хариуцагч Б- А- ХХК (2017 онд оноосон нэрээ Б- А- гэж өөрчилсөн, цаашид Б- А- гэнэ ) нарын хооронд 2009 оны 09 сарын 24-ний өдөр 2 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээгээр Б- А- ХХК нь өөрийн барилгын дулаан, цэвэр усны шугамыг Э г- ХХК-ийн эзэмшлийн С- төвийн газраар дамжуулан тавьж, байрлуулахаар тохиролцож, Э г- ХХК нь дээрх 300, 167/07 тоот техникийн нөхцөлийн дагуу газраа ашиглуулах, өөрийн шугамаас холбуулах зөвшөөрөл олгосны төлбөрт 35,800,000 төгрөгийн төлбөр авахаар тохиролцжээ. Гэрээний дагуу Б- А- ХХК өөрийн шугам сүлжээг Э г- ХХК-ийн газар дээр тавьж байрлуулсан, гэрээнд заасан төлбөрийг төлсөн зэргээр хэн аль нь гэрээний үүргээ биелүүлсэн талаар маргаагүй байна.

 

6. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй гэж, 138.2 дахь хэсэгт Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Талууд ийнхүү хуульд зааснаар үүсэх үүргийн харилцааны хүрээнд харилцан тохиролцож, дээрх 2 тоот гэрээг байгуулснаар зохигчийн хооронд хөршийн газраар дамжин өнгөрөх шугам хоолой барьж байгуулахтай холбоотой Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцэл хийгджээ. Иймээс энэхүү маргаанд Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт хэрэглэгдэхгүй.

 

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр сервитут үүссэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүсч хувийн сервитут тогтоосон гэж үзэж, улмаар Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсэгт зааснаар сервитут дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан үүргээ нэхэмжлэгч зөрчсөн гэх асуудал энэ маргаанд хамааралгүй.

Харин нэхэмжлэгч Э г- ХХК нь Иргэний хуулийн 138 дугаар зүйл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-д зааснаар өөрийн эзэмшил газарт хариуцагчийн шугам хоолойг байрлуулах, дамжин өнгөрүүлж хүлцэх үүрэг бүхий газар эзэмшигч байна. Иймд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн **тоот, УСУГ-ын ***- тоот техникийн нөхцөлийн дагуу хариуцагч Б- А- ХХК өөрийн эзэмшил газарт хүрэх дулаан, хэрэглээний усны шугам хоолойг татаж, байрлуулахтай холбоотой эрх, үүрэг зохигчийн хооронд хуульд зааснаар үүссэнийг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн талууд гэрээний 5.4-т Энэхүү гэрээг байгуулснаас хойш 3 жилийн дараа С- төвийн барилга, өргөтгөлд өөрчлөлт гарвал Б (Б- А-) тал А (Э г-) талын саналыг хүлээн авах үүрэгтэй гэж заасан нь хариуцагч нарын хуульд заасан эрхийг хязгаарлахгүй, нэхэмжлэгчийн хүлцэх үүргийг гэрээгээр үгүйсгэхгүй юм. Мөн нэхэмжлэгчийн эзэмшил газраар дамжин өнгөрөх хариуцагч нарын эрх нэхэмжлэгчийн газраа ашиглах эрхээр хязгаарлагдах зайлшгүй шаардлага үүссэн эсэх, мөн хариуцагч тал өөр газраар шугам хоолойг тавих боломжтой гэх байдлыг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байна.

 

8. Иймээс хуульд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч Э г- ХХК нь хариуцагч Б- А- ХХК-аас байрлуулсан шугам хоолойг чөлөөлөхийг шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар нэг удаагийн нөхөн төлбөрт 35,800,000 төгрөгийг хариуцагч Б- А- ХХК төлсөн байх тул хариуцагч нар нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хууль бусаар шугам хоолой байрлуулсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хариуцагч нарын эсрэг шаардлага гаргах эрхгүй. Иймд хариуцагч Б- А- ХХК, МК Б п- ХХК нарыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт байрлуулсан шугам хоолойг чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэгч Э г- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2 тоот гэрээний 4.7, 4.8-д зааснаар хариуцагч техникийн нөхцөлд заасны дагуу шугам хоолойг газар доор байрлуулан газрыг хүлээлгэн өгснийг нэхэмжлэгч мөн гэрээний 3.3, 3.5-д зааснаар хүлээн авчээ. Р- консалтинг ХХК-ийн 2022 оны 60/2021 тоот дүгнэлтэд нэхэмжлэгчийн барилга тус шугам хоолойнд 2 метрийн дотогш байхаар зохиогдож, нэхэмжлэгч барилгыг уг зургийн дагуу барьсан нь БНбД 41-02-13-ын 8.3-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Мөн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс 2024 онд барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан талаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан нь хариуцагчийн байрлуулсан шугамнаас үл хамааран барилгыг ердийн байдлаар ашиглах боломжтой гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хариуцагч Б- А- ХХК-аас 12,212,156 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э г- ХХК-д олгож шийдвэрлэхдээ талуудын хооронд 2010, 2011, 2012 онд байгуулсан гэрээг буруу үнэлж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Нэхэмжлэгч Э г- ХХК, хариуцагч Б- А- ХХК нарын хооронд байгуулсан Шугам сүлжээг хамтран ашиглах гэрээ 2012 оны 12 сарын 31-ны өдөр дуусгавар болсноос хойш талууд дахин гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгч 2014-2022.10 сар хүртэлх хугацаанд хуримтлагдсан төлбөр, алдангид нийт 46,461,711 төгрөгийг шаарджээ. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд уг төлбөрийг хариуцагчаас шаардсан, хариуцагч төлбөр төлж эсхүл шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч ийнхүү шаардах эрхтэй болохоо нотлоогүй учир мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй байна. Энэ үндэслэлээр хариуцагчаас 46,461,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хариуцагч нарын гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгч Э г- ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Хариуцагч МК Б п- ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Э г- ХХК нь Ус сувгийн удирдах газрын 2007 оны 16407 дугаартай, мөн Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн 2008 оны ** дугаартай техникийн нөхцөлөөр тус компанийн газраар дамжуулан дулааны болон цэвэр, бохир усны шугамын холболт хийгдсэнийг тасалж, хариуцагч МК Б п- ХХК-ийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 сарын 11-ны өдрийн 02-07-112/420 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 01/1035 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг болон гэрч С.Баярсайханы мэдүүлэг, нэхэмжлэгч тал шугам хоолойг салгаж, хураасан тухай гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогджээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.

Хариуцагч Б- А- ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшил газарт дээрх шугам хоолойг байрлуулсны нөхөн төлбөрт 35,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдаж, талууд энэ талаар 2009 оны 2 тоот гэрээгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч Э г- ХХК-ийн дээрх үйлдэл зөвтгөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч МК Б п- ХХК-ийн нэхэмжлэгчид холбогдох сөрөг нэхэмжлэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан шаардлагад нийцүүлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг найруулан томьёолж, хариуцагч МК Б п- ХХК-ийн барилгын гадна дулааны болон цэвэр усны шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахыг нэхэмжлэгч Э г- ХХК-д даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч МК Б п- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/02172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б--А- ХХК, МК Б п- ХХК нарт холбогдох хариуцагч нарын цэвэр ус, дулааны шугамыг эзэмшил газраас чөлөөлүүлэх, 46,461,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э г- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч МК Б п- ХХК-ийн барилгын гадна дулааны болон цэвэр усны шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөлийг хангахыг нэхэмжлэгч Э г- ХХК-д даалгасугай гэж өөрчилж,

3 дахь заалтын ...хариуцагч МК Б п- ХХК-аас 70,200 төгрөг, хариуцагч Б- автоматив ХХК-аас 210,344 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э г- ХХК-д олгосугай гэснийг нэхэмжлэгч Э г- ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч МК Б п- ХХК-д олгосугай гэж өөрчлөн,

шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 3 гэж дугаарлагдсан 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч МК Б п- ХХК-аас урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б- А- ХХК-аас төлсөн 280,545 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ