Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.А-т холбогдох эрүүгийн 1920000000038 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, ээж, дүүгийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Д.А.

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт өөрийн гэртээ ээж Н.Э-тэй маргалдаж улмаар заазуураар түүний баруун гаран тус газар зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар багт байх гэртээ өдөр нь манайд ирсэн найз Б-тэй 1 шил 0,33 Е архи хувааж  уусан. Ингээд Б хүний машинд дайгдаж ирсэн болохоор яваад өгсөн. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд хоол хийх санаатай мах гаргаад тавьчихсан байснаа санаад махаа өшиглөх гээд гэрийнхээ хагарсан ногоон эрээн иштэй заазуурыг авсан. Энэ үед 20 цаг л болж байсан. Махаа өшиглөх гээд гал тогооны тавиурын хажууд зогсож байсан чинь гаднаас манай А согтуу орж ирсэн. Тэгснээ намайг архи уулаа, яах гэж архи уугаад байгаа юм бэ гэхээр нь би яахав дээ, цуг ажиллаж байсан өндөр настай хүн ирэхээр нь жаахан уучихлаа гэсэн. Хэнтэй архи уусан юм бэ гэхээр нь Б гэсэн. А яахаараа та чинь эрэгтэй хүнтэй архи уудаг юм бэ гээд агсарсан. Тэгэнгүүтээ мах өшиглөх гээд гал тогооны тавиур дээр махны хажууд тавьчихсан байсан заазуурыг аваад миний баруун гар луу нэг удаа цохиод авсан. Нэг их хүчтэй цохиогүй. Гайгүй байх гээд харсан чинь цус нь тогтохгүй байсан. Ингээд алчуураар гараа дарж байгаад А-г гэрээс хөөж гаргасан. Эмнэлэг дуудаж, дараа нь цагдаад хэлсэн...” гэсэн мэлүүлэг /хх-ийн 06-07/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02/0165 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд: “1. Н.Э-н биед баруун сарвууны 1 дүгээр хурууны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 19/

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 29/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/

Шүүгдэгч Д.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт өөрийн гэртээ ээж Н.Э-тэй маргалдаж улмаар заазуураар түүний баруун гаран тус газар зүсэж, эрүүл мэндэд нь баруун сарвууны 1 дүгээр хурууны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд сумын 3 дугаар багт байх гэртээ өдөр нь манайд ирсэн найз Б-тэй 1 шил 0,33 Е архи хувааж  уусан. Ингээд Б хүний машинд дайгдаж ирсэн болохоор яваад өгсөн. Би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд хоол хийх санаатай мах гаргаад тавьчихсан байснаа санаад махаа өшиглөх гээд гэрийнхээ хагарсан ногоон эрээн иштэй заазуурыг авсан. Энэ үед 20 цаг л болж байсан. Махаа өшиглөх гээд гал тогооны тавиурын хажууд зогсож байсан чинь гаднаас манай А согтуу орж ирсэн. Тэгснээ намайг архи уулаа, яах гэж архи уугаад байгаа юм бэ гэхээр нь би яахав дээ, цуг ажиллаж байсан өндөр настай хүн ирэхээр нь жаахан уучихлаа гэсэн. Хэнтэй архи уусан юм бэ гэхээр нь Б гэсэн. А яахаараа та чинь эрэгтэй хүнтэй архи уудаг юм бэ гээд агсарсан. Тэгэнгүүтээ мах өшиглөх гээд гал тогооны тавиур дээр махны хажууд тавьчихсан байсан заазуурыг аваад миний баруун гар луу нэг удаа цохиод авсан. Нэг их хүчтэй цохиогүй. Гайгүй байх гээд харсан чинь цус нь тогтохгүй байсан. Ингээд алчуураар гараа дарж байгаад А-г гэрээс хөөж гаргасан. Эмнэлэг дуудаж, дараа нь цагдаад хэлсэн...” гэх мэдүүлэг,  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02/0165 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.А нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Н.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27.5 см урттай цагаан өнгийн металл хуучин заазуурыг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 Прокуророос шүүгдэгч Д.А-т 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал болгосон ба шүүгдэгч Д.А нь ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нийтэд тустай ажил хийх боломжтой бие эрүүл тул уг нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял шийтгэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б овогт Д.А-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А-г 600 /зургаан зуу/ цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.А нь 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болох 27.5 см урттай цагаан өнгийн металл хуучин заазуурыг устгуулахаар тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.Ц