Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 181/2021/00612/И |
Дугаар | 210/МА2024/01850 |
Огноо | 2024-10-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/01850
2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 210/МА2024/01850 |
Н.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02159 дугаар шийдвэртэй,
Н.Б-гийн нэхэмжлэлтэй, С.Ч-ад холбогдох
К-ХХК-ийн орон сууц барьж борлуулсны орлогоос тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд оногдох 446,527,056 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч К-ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ч- нь Компанийн тухай хуулийн 6.1, 8.7, 8.8 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэхгүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит ба ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулахгүй, санхүүгийн тайланг гаргаж танилцуулаагүй. Ш- ХХК, К-ХХК нар нь *** дүүргийн 16 дугаар хороонд байх 60 айлын орон сууц барьж борлуулсны ашиг нь 1,212,128,225 төг болж талууд ашгаа тэнцүү хувааж К-ХХК-д 606,064,112 төгрөг орох байтал С.Ч- уг орлогыг өөртөө авч завшсан байна.Энэ хоёр компанийн хооронд 2016 оны 01 сарын 11-ний өдөр хийгдсэн 01 тоот Хөрөнгө хуваарилах тухай тогтоолоор нийт нийт 906,064,112 өгөхөөс 621,600,000 төгрөгт нь К-ХХК-д 22, 24, 25, 28, 40, 51, 53, 54 болон үлдэх 284,464,112 төгрөгт нь 5, 27, 31, 49, 56 тоот, нийт 13 ширхэг орон сууц олгохоор шийдвэрлэсэн.
1.2. Дээрх 01 тоот тогтоолын дагуу 606,064,112 төгрөгийн ашгийн 50% буюу 303,032,056 төгрөгийг хариуцагч С.Ч-аас нэхэмжилсэн. Гэтэл 13 ширхэг орон сууцыг худалдсан гэрээний нийт үнийн дүн 948,670,000 төгрөг болж, 145,870,000 төгрөгийн илүү ашгийг К-ХХК нь олжээ. Иймд дээрх тогтоолоор хуваарилсан 606,064,112 төгрөгийн ашиг дээр нэмж олсон ашиг 145,870,000 төгрөгийг нэмэхэд 751,934,112 төгрөг болсон. Үүнээс Н.Б-д ногдох хувь 375,967,056 төгрөг буюу К-ХХК-д хуваарилсан нийт ашиг 751,934,112 төгрөгийн 50% буюу 375,967,056 төгрөг болно. Мөн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 01 тоот Тогтоол гарахаас өмнө борлуулагдах зарим төлбөрийг К-ХХК-ийн нэрээр С.Ч- авч захиран зарцуулсан. Энэ дунд 57 тоот сууцыг 72,520,000 төгрөгөөр борлуулсны ашиг багтсаны 50 хувь нь 36,260,000 төгрөг болно. Мөн 58 тоот орон сууцыг Чт нь Я-д 2015 оны 03 сарын 16-ны өдөр 68,600,000 төгрөгөөр худалдан борлуулсны тал хувь 34,300,000 төгрөг юм.
Иймд С.Ч-аас К-ХХК-ийн орон сууц барьж борлуулснаас олсон ашгаас нийт 446,527,056 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Н.Б- нь К-ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдаж авч хувьцаа эзэмшигч болсноос хойш өнөөдрийг хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаар ярьж байгаагүй, хувьцаа эзэмшигчдэд ногдох ашгийг компаниас хуваарилаагүй тул нэхэмжлэл нь үндэслэлгүй . *** дүүргийн 16 хороонд барьсан орон сууцнуудыг барих, хөрөнгө оруулах, захиран зарцуулахтай холбоотой асуудлуудыг К-ХХК болон Ш- ХХК-иуд харилцан тохиролцож шийдвэрлэсэн ба Ш- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Н.Б- нь оруулсан хөрөнгө оруулалт, ашгаа бүрэн авсан, энэ талаар маргаангүй явж ирсэн.
2.2. Хөрөнгө хуваарилах тухай тогтоолоор К-ХХК нийт 5 ширхэг орон сууцыг ашиг хэлбэрээр авсан. С.Ч- нь уг 60 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахад 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус барилгаас С.Ч-ад ашиг хэлбэрээр 606,064,112.78 төгрөгийг хуваарилсан гэх боловч бодит байдалд тогтоолын хавсралтаар зээлийн хүү 200,000,000 төгрөгийг Ш- ХХК-аас С.Ч-ад урамшуулал хэлбэрээр олгосон гэж бичсэн ч уг мөнгө олгогдоогүй. Ашиг 606,064,112 төгрөгийг хуваарилан бичсэн ч зээлийн хүү 200,000,000 төгрөг хасагдаж 406,064,112.78 төгрөгийг С.Ч- өөрөөс гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөх, ашигт хуваарилж авсан бөгөөд үүнд К-ХХК гэх нь үндэслэлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, Компанийн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ч-аас К-ХХК-ийн орон сууц барьж борлуулснаас олсон ашгаас тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт оногдох 50 хувь буюу 446,527,056 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,706,485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу дутуу үнэлж, хуулийг буруу ойлгож хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.1. Шийдвэрт: К-ХХК-ийн 2022.12.26-ны хувьцаа эзэмшигчийн хурлаас гарсан тогтоолыг нэхэмжлэгч Б-г хариуцагч С.Ч-аас ногдол ашиг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл болох баримт гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492, 495 дугаар зүйлүүдээр зүйлчлэн маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Ч-ыг хариуцагчаар татаж ногдол ашиг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч нь "К" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсны хувьд хариуцагчаас "хувьцаа эзэмшигчид ноогдол ашгаа тогтоолгохоор нэхээд байгаа бус, харин ногдол ашигт авбал зохих мөнгийг С.Ч- хувьдаа аваад ашиглачихсан байгаа учир түүнээс ногдол ашгаа авахаар нэхэмжилснийг шүүгч ойлгоогүй гэж үзэж байна.
Шийдвэрт, хувь иргэнд холбогдуулан ногдох ашгийг шаардсан нь үндэслэлгүй гэсэн ба маргаанд хамаарах цаг хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй, энэ талаархи баримтгүй. Компанийн тухай хуулийн 59.4 дэх хэсэгт "Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөвлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна" гэж заасан ба мөн зүйлийн 59.5 дахь хэсэгт энэ хуулийн 59.4-т заасан хугацаан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөвлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж гарах үр дагаврыг хуульчилсан гэжээ.
Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2, 34.1.3 дахь хэсгүүдэд заасан эрхтэй байна.
"К" ХХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан ... санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулаагүй нь тухайн үеийн гүйцэтгэх захирал, одоогоор иргэн С.Ч-ын буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар ...хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах эрхээ алдаагүй, энэ эрх нь нээлттэй харин хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болсон тухай асуудал яригдана. Иймд 2022.12.26-ны өдөр "К-ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж ноогдол ашиг хуваарилсан нь хууль зөрчөөгүй бөгөөд хуульд нийцнэ.
Шийдвэрт, Маргаан бүхий барилгыг барьж дууссан гэх ... онуудад хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Гүйцэтгэх захирал С.Ч- нь энэ хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулахгүй байсаар анх 2018 онд А.Б, Ч.М /С.Ч-ын охин/ нар нь хариуцагч нь Н.Б-, С.Ч-, "К" ХХК-ийг хариуцагчаар татан 2016.01.11-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хариуцагч Н.Б-гаас 1,145,800,872 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019.04.26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь хариуцагч С.Ч-аас татгалзсан, хариуцагч "К-ХХК-ийн төлөөлөгч нь дээрх тогтоолыг хүчингүй болгох, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийг авч өгөх шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байсан байдгийг анхааралдаа авна уу.
Гагцхүү хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээр маргаж, орон сууц барьж борлуулсан ашгаас "К-ХХК-д орсон ашиг болох 606,064,112 төгрөгөөс "К" ХХК-д 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт ногдох ашгийг авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх 2020 оны 1879 дүгээр шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч ..."К" ХХК-ийн удирдах зөвлөлийн хурлын 01 тоот "Хөрөнгө хуваарилах тухай" тогтоол батлахад Н.Б- нь "К-ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар оролцож "К" ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувиар өөрт ноогдох ашгийг хувааж аваагүй ба "Ш-" ХХК-ийг төлөөлөн "Ш-" ХХК-д ногдох ашгийг хуваарилсан болох нь тогтоогдсон" гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Ийнхүү нэхэмжлэгч Н.Б- орон сууцны борлуулалтын орлогын талаар маргаагүй бөгөөд "Ш-" ХХК-ийн өмнөөс хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаагүй, харин орон сууцны борлуулалтын орлогоос захиран зарцуулж үлдсэн ашгаас нь хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт оногдох ногдол ашгаа авахаар шаардсаныг дахин тодруулья.
Иргэний хуулийн 495 дугаар зүйлд зааснаар шүүх хариуцагч С.Ч-ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээд биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч С.Ч- нь дараах 2 төрлөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Үүнд:
Нэг: Хариуцагч С.Ч- нь 2012.07.24-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолоор 25 хувийн хувьцааг эзэмшихээс татгалзаж охин Ч.М-д шилжүүлж, өөрөө гүйцэтгэх захирлаар томилогдсон тул ногдол ашиг авах эрхгүй этгээд юм. "К-ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2022.12.26-ны өдрийн хурлаар хувьцаа эзэмшигч Ч.М болон А.Б нарт оногдох ногдол ашгийг тодорхойлсон байгаа. "К-ХХК-ийг төлөөлөн С.Ч- нь орон сууц худалдан борлуулах гэрээнүүдийг хийсэн нь түүнд борлуулалтын орлогыг хувьдаа завших боломж олгосон үг биш юм. С.Ч- нь "К-ХХК-ийн орлогыг захиран зарцуулснаас үлдэх ашгийг компанид олголгүй хувьдаа завшсан юм.
Хоёр: Орон сууц борлуулалтын орлогоор С.Ч- нь хувийн өр төлбөрөө төлж байсан, тэрээр орон сууцны үнийг хувийн дансаар авч улмаар компанид буцааж төлөөгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Энэ нь *** дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаа, түүний банкны дансны хуулга зэргээр хангалттай бүрэн нотлогддог. Ийнхүү тэрээр "К-ХХК-д хохирол учруулж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчсөн.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1879 дүгээр шийдвэрээр хувьцаа эзэмшигч Н.Б- нь "К-ХХК-аас ногдол ашгаа авч чадаагүй байгаа нь тогтоогдсон тул С.Ч-ыг хариуцагчаар татаж ногдол ашиг нэхэмжилсэн.
Хувьцаа эзэмшигч А.Б, Ч.М нар ногдол ашиг аваагүй, орон сууцны борлуулалтын орлого "К-ХХК-д бус С.Ч- хувийн дансандаа авч байсан нь нотлогдсон, мөн хувьцаа эзэмшигч А.Б, Ч.М нар орон сууц борлуулах гэрээ хийгээгүй, мөнгө аваагүй нь тэдний дансны хуулгаар бүрэн нотлогдсон болно. Ийнхүү "К-ХХК-д ногдол ашигт хуваарилах хөрөнгө мөнгө байхгүй тул С.Ч-ыг хариуцагчаар татсан нь хууль зөрчөөгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар өгсөн. К-ХХК-ийн хувьцаа эзэмшигч орон сууц худалдан борлуулсны орлогыг иргэн С.Ч-аас шаарддаг нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч А.Б, Ч.М нарт холбогдуулан К-ХХК-ийн орон сууц барьж борлуулсны орлогоос тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд оногдох 446,527,056 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч А.Б, Ч.М нарыг С.Ч-аар сольсон байна.
Хариуцагч С.Ч- нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Н.Б- нь К-ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй, ногдол ашиг хуваарилаагүй, *** дүүрэгт барьсан 60 айлын орон сууцны хөрөнгө оруулалтыг К-ХХК болон Ш- ХХК-иуд харилцан тохиролцож шийдсэн. С.Ч- нь уг орон сууцыг барихад 300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 200,000,000 төгрөгөө авсанд К-ХХК авсан гэх үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. К-ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2011 оны 01 сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор батлагдсан компанийн дүрмийн 8.1-д компанийн нийт зарласан энгийн хувьцааны 100 ширхэг буюу 50 хувийг Н.Б-, 50 ширхэг буюу 25 хувийг А.Б, мөн 50 ширхэг буюу 25 хувийг С.Ч- нар тус бүр эзэмшжээ. С.Ч- нь өөрийн эзэмшлийн 50 ширхэг хувьцааг 2012 оны 07 сарын 24-ний өдөр Ч.М-д шилжүүлснээр тус компанийн хувьцаа эзэмшигчээр Н.Б-, А.Б, Ч.М нар бүртгэгдсэн бүртгэл өөрчлөгдөөгүй нь зохигчийн тайлбар, тус компанийн 2012 оны 07 сарын 24-ний өдрийн 1 тоот тогтоол, тус тогтоолын хавсралтаар батлагдсан К-ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон.
5. Ш- ХХК, К-ХХК-иуд *** дүүргийн 9 дүгээр хороонд 60 айлын орон сууцны барилга барихаар харилцан тохиролцсоны дагуу талууд тус тусын хөрөнгө оруулалтыг хийж, тус барилгыг барьж ашиглалтад оруулсан, талууд 2016 оны 01 сарын 16-ны өдөр 01 тоот хэлцлээр дээрх 60 айлын орон сууцны барилгад 2,291,601,744 төгрөгийн хөрөнгө оруулсан хувь хэмжээгээ тодорхойлж, өмнө нь худалдан борлуулсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг тооцож аль талд хэдэн төгрөгийн ашиг хуваарилагдах болон худалдан борлогдоогүй байсан тодорхой тоот орон сууцyуудыг талууд хуваан авах асуудлыг шийдвэрлэжээ. Уул шийдвэрээр 60 айлын орон сууцнаас худалдан борлогдоогүй 1, 2, 3, 4, 5 ,6 ,7 ,8 , 9, 10, 11, 12, 13 ,14, 15, 16, 17, 18, 30 ,32, 33, 38, 41,43, 44, 46, 47, 48, 50, 52, 55, 59, 60 тоот буюу нийт 33 ширхэг орон сууц, мөн худалдан борлуулсан 22 ширхэг орон сууцны үлдэгдэл төлбөр 223,941,0000 төгрөгийг тус тус Ш- ХХК, харин К-ХХК-д 5, 27, 31, 49, 56 тоот буюу 5 ширхэг орон сууц хуваарилсан байна.
Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх 01 тоот хэлцлийн хүчин төгөлдөр байдал, тус 60 айлын орон сууцны барилгад оруулсан хөрөнгө оруулалтын ашгийг хэн, хэн ашиг хэлбэрээр хуваарилан авсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1879 дугаартай шийдвэрт нэгэнт дүгнэсэн учир уг асуудлын талаар шүүх дахин дүгнэж, хэлэлцэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.
Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа нь компаниас ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилдэг. Мөн хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу ногдол ашиг хуваарилах эсэхийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөл эсхүл Хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх бүрэн эрхтэй. Мөн ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилах бөгөөд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн хугацаанд ногдол ашгийг компанийн гүйцэтгэх удирдлага хариуцан хувьцаа эзэмшигчдэд төлнө.
Хэргийн баримтаас үзвэл энэхүү нөхцөл байдал бий болоогүй байна. Иймээс нэхэмжлэгчийн хувьд Ш- ХХК, К-ХХК-иудын хамтын үйл ажиллагаанаас бий болсон орлогын К-ХХК-д ногдох орлогоос тус компанид ээмшиж буй хувьцаатай хувь тэнцүүлэн тооцож 446,527,056 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр, гэхдээ уг мөнгийг тус компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хариуцагч С.Ч- хувьдаа завшсан учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр түүнээс гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй.
7. Иргэний хуулийн 495 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэгтэй холбоотой зохицуулалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Б- нь компанид орвол зохих орлогыг хувьцаа эзэмшигчийн хувьд уг орлогыг хувьдаа завшсан гэх хариуцагч С.Ч-аас шууд шаардах эрхгүй. Хариуцагч С.Ч-ын хувьд ч уг орлогоос нэхэмжлэгчийн хувьцаанд ногдох хэмжээгээр тооцон шууд олгох эрхгүй.
Харин Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн эрх бүхий албан тушаалтанд хамаарна. Гүйцэтгэх удирдлага нь компанийн эрх бүхий албан тушаалтны хувьд компанид хохирол учруулсан гэж үзвэл уг хохирлыг нөхөн төлүүлж компанийг хохиролгүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь компанийн хувьцаа эзэмшигчид мөн хуулийн 86 дугаар зүйлд зааснаар олгогдсон.
Иймээс нэхэмжлэгч Н.Б- нь компанид учирсан хохирлыг хувьцаа эзэмшигчийн хувьд өөртөө авахаар шаардах эрхгүй буюу Иргэний хуулийн 495 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
9. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч С.Ч-ад холбогдуулан анх нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ 3 удаа тодруулж ихэсгэжээ. Үүнд хариуцагч талаас тухай бүр тайлбар, тодруулгыг гаргасан байна.
Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийг боловсруулж, шийдвэрийн тодорхойлох хэсгийг үйлдэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбарын агуулгыг тодорхойлон заах болон Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал-ын 2.3-т заасан зохигчийн тайлбарыг товч, ойлгомжтой, логик дараалалд оруулж агуулгыг тусгана гэж заасныг тус тус зөрчсөн байгааг тухайлан анхааруулж, дурдах нь зүйтэй.
Тодруулбал, шийдвэрийн тодорхойлох хэсэгт: нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэж нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийг тусгаж, дахин нэхэмжлэгч хариуцагчийг сольж гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа гэж, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа гэж, эцэст нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэх зэргээр тусгажээ. Нэхэмжлэгчээс хариуцагчийг сольсон боловч анх гаргасан нэхэмжлэлийн агуулга өөрчлөгдөөгүй байхад давтан бичсэн, мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, түүний үндэслэлд боловсруулалт хийхгүйгээр уг нэхэмжлэл бүрийг эсхүл шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хуулбарлан шийдвэрийн тодорхойлох хэсгийг боловсруулалт хийлгүйгээр бичжээ.
Иймд шүүхийн шийдвэрийн агуулга, хэлбэр, бүтцийн талаар хууль болон энэхүү журам, холбогдох аргачлалд заасан шаардлагыг шүүгч хэлбэрэлтгүй сахиж шүүхээс гарч буй шийдвэрийн боловсруулалт, найруулгад онцгой анхаарч ажиллах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,706,485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ