| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0040/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-04-23 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Ц
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Г.Жн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ж-д холбогдох эрүүгийн 1920000380037 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цэцгийн бизнес эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Г.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн цүнхэндээ эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох 10 нэр төрлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн эмийн олон улсын нэршилгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариануудыг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б овогт Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэдэн эм тариа хилээр авч орж ирсэн. Миний ээж 70 гарсан настай хүн байдаг. Харвачихсан болохоор нь би Хөх хотод явж байгаад эдгээр эм тариаг ээжид маань таарна гэхээр нь нэрийг нь мэдэхгүй нэг эмийн сангаас аваад Замын-Үүдийн хилээр оруулж ирж байгаад гаалийн байгууллагад хураалгасан. Би өөрийнхөө гарсан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Надад Монгол Улсын хилээр эм, тариа оруулж ирэх зөвшөөрөл байхгүй. Миний ээж өмнө нь З эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгэхдээ энэ Хятад эм уудаг байсан юм. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг зөвшөөрч байгаа тул торгуулийн ял оногдуулж өгөнө үү гэжээ.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Үнэлгээний байгууллагаас гаргасан мөнгөн дүнг нэхэмжлэх саналтай байна ...” гэжээ. /хх-ийн 53-55/
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “ ...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хил буюу Замн-Үүд сумын Хилийн боомтын Авто шалган нэвтрүүлэх цэг 01-ийн суудлын авто машины хяналтын хэсэгт үүрэг гүйцэтгэж байхад 12 цагийн үед ... улсын дугаартай жижиг тэргийг шалгах үед Ж гэх нэртэй эмэгтэй хүний гар цүнхэнд 10 нэр төрлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ханз үсгээр бичсэн эм тариа байсан. Тэгээд тухайн эмэгтэйн гар цүнхэнд үзлэг хийж зөрчлийн материал бүрдүүлж прокурорын байгууллагад шилжүүлсэн...” гэжээ. /хх-ийн 28/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25/
2019 оны 02 сарын 14-ний өдрийн шинжээчийн “Дээрх 10 нэр төрлийн эм био бэлдмэл нь импортлох тусгай зөвшөөрөл, лицензгүй, хаяг шошго хятад хэл дээр бичигдсэн, олон улсын нэршилгүй, гарал үүсэл тодорхойгүй байгаа бөгөөд Хилийн мэргэжлийн хяналтын албаны нэгдсэн лаборатори чанар стандартын шаардлага хангах эсэхийг тодорхойлох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32/
2019 оны 02 сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 10 нэр төрлийн эм, био бэлдмэлийг нийт 739.440 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 36-39/
Шүүгдэгч Г.Ж-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/
Шүүгдэгч Г.Ж иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 59/
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт Г.Ж нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн цүнхэндээ эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар хязгаарласан бараа болох
1.Түрүү булчирхайн эм 20 хайрцаг буюу 60 ширхэг,
2. Элэгний тариа 10 мм 20 хайрцаг буюу 5 ампул,
3. Ханиадны тариа 1 мл 30 хайрцаг буюу 10 ампул
4. Үе, мөчний тариа 2 мл 30 хайрцаг буюу 10 ампул
5. Бөөрний эм 2 хайрцаг буюу 500 капсул
6. Ханиадны эм 4 хайрцаг буюу 30 ширхэг
7. Ханиадны тариа 2 мл 10 хайрцаг буюу 10 ампул
8. Нойрны эм 12 хайрцаг буюу 150 капсул
9. Зүрхний эм 5 хайрцаг буюу 2 ширхэг
10. Үе мөчний эм 1 хайрцаг буюу 2400 капсул зэрэг 10 нэр төрлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн эмийн олон улсын нэршилгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариануудыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлжээ.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-д заасан эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Ж эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Э-н“ ...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хил буюу Замн-Үүд сумын Хилийн боомтын Авто шалган нэвтрүүлэх цэг 01-ийн суудлын авто машины хяналтын хэсэгт үүрэг гүйцэтгэж байхад 12 цагийн үед ... улсын дугаартай жижиг тэргийг шалгах үед Ж гэх нэртэй эмэгтэй хүний гар цүнхэнд 10 нэр төрлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ханз үсгээр бичсэн эм тариа байсан. Тэгээд тухайн эмэгтэйн гар цүнхэнд үзлэг хийж зөрчлийн материал бүрдүүлж прокурорын байгууллагад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25/, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/, хөрөнгийн үнэлгээний А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Хавтаст хэргийн материалд авагдсан Гаалийн улсын байцаагч Э.Э-н бэхжүүлж авсан хэрэгт ач холбогдол бүхий үзлэг хйисэн тэмдэглэл / хх-ийн 3-5/, холбогдогчийн мэдүүлэг /хх-ийн 6-7/, эд зүйл,баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 08-09/, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл / хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан тул дээрх нотлох баримтуудыг Гаалийн улсын байцаагч Э.Энхтуяа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлж авсан тул үнэлэх боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ж нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, нуун далдлах аргаар үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад А ХХК-ийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч Г.Ж Улсын хилээр хууль бусаар оруулж ирүүлсэн 10 нэр төрлийн эм, био бэлдмэлийг нийт 739.440 төгрөгөөр үнэлсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 739.440 төгрөг гэж үзэж болохоор байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Г.Ж-г эмийг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар, Улсын хилээр импортлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд “Дээрхи 10 нэр төрлийн эм био бэлдмэл нь импортлох тусгай зөвшөөрөл, лицензгүй, хаяг шошго хятад хэл дээр бичигдсэн, олон улсын нэршилгүй, гарал үүсэл тодорхойгүй байгаа бөгөөд Хилийн мэргэжлийн хяналтын албаны нэгдсэн лаборатори чанар стандартын шаардлага хангах эсэхийг тодорхойлох боломжгүй байна” гэсэн дүгнэлт гарсан тул эд мөрийн баримтаар хураагдсан 10 нэр, төрлийн эм тариануудыг устгуулахаар шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгчийн иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Ж нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, шүүгдэгчийн хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт “нөхөр байгууллагад ажиллаж, тогтмол орлоготой, би хувиараа ажил эрхэлж орлого олдог бөгөөд бид хоёрын сарын орлого нийлээд 800.000 орчим төгрөгийн орлоготой” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Ж-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т заасан эмийг импортлох үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Ж-г 5400 / таван мянга, дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.00 / таван сая, дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 5.400.000 / таван сая, дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түрүү булчирхайн эм 60 ш, элэгний тариа 20 хайрцаг, ханиадны тариа /180207/ 30 хайрцаг, үе мөчний тариа /181002/ 30 хайрцаг, бөөрний эм 2 хайрцаг, ханиадны эм 4 хайрцаг, ханиадны тариа /1810271/ 10 хайрцаг, нойрны эм 12 хайрцаг, зүрхний эм 5 хайрцаг, үе мөчний эм 100 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц