| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0267/И |
| Дугаар | 262 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р баг 135-р байрны 87 тоотод оршин суух Онход овогт Ядамцоогийн Болормаа /РД: ЕЮ65121607/-гийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Я.Болормаа, гэрч Ц.Лхагвасүрэн, Н.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Я.Болормаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Я.Болормаа миний бие 1986 оны 06 дугаар саырн 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сар хүртэл Тээврийн яамны харъяа Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд нормчин, цахилгааны мастераар ажиллаж байсан боловч тухайн үед ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, тэр дэвтэр нь байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэсэн бичээсний 02-ны өдөр нь засвартай байгаа юм. Тийм учраас лавлагаа ав гэсэн боловч архивын лавлагаагаар гарч ирэхгүй байгаа учраас 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Авто тээврийн барилга угсралтын засварын трест нэр нь өөрчлөгдөж байсан. Энэ талаар лавлагаа өгсөн байгаа” гэжээ.
Гэрч Ц.Лхагвасүрэн шүүх хуралдаанд: “Би 1986 онд Санхүү эдийн засгийн техниккум төгсөөд Тээврийн яамны харъяа Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд нягтлан бодогчоор ирж ажилласан. Намайг ажиллаад хэдэн сар болж байхад Я.Болормаа нь ирж ажиллаж байсан. 1989 он хүртэл ажилласан байх би сайн санахгүй байна” гэжээ.
Гэрч Н.Болд шүүх хуралдаанд: “Миний бие нь 1984 онд Тээврийн яамны харъяа Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд ажиллаж байхад Я.Болормаа нь ирж ажилласан. Байгууллагууд өөрчлөгдөж тресс контор болж дараа нь компани болж өөрчлөгдөж байсан. 1992 он хүртэл цуг ажилласан. Одоо ч цуг нэг байгууллагад ажиллаж байна” гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Я.Болормаа нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Я.Болормаа нь 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Тээврийн яамны харъяа Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд нормчин, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Авто тээврийн барилга угсралтын 1 дүгээр конторт цахилгааны мастераар, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Нефтийн барилга байгуулалт угсралтын конторт мастераар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан №129127 дугаар хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Ц.Лхагвасүрэн, Н.Болд нарын тодорхойлолт болон мэдүүлэг, Н.Болдын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын лавлагаа зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Я.Болормаагийн улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Ядамцоогийн Болормаа /РД: ЕЮ65121607/-г 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Тээврийн яамны харъяа Авто тээврийн барилга угсралтын засварын трестэд нормчин, 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Авто тээврийн барилга угсралтын 1 дүгээр конторт цахилгааны мастераар, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Нефтийн барилга байгуулалт угсралтын конторт мастераар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ