Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2024/00475/И |
Дугаар | 212/МА2024/00082 |
Огноо | 2024-10-10 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 212/МА2024/00082
О.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00659 дүгээр шийдвэртэй, хүсэлт гаргагч ********** багт оршин суух Х овогт О.С-ийн хүсэлттэй,
“1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Монгол Улсын иргэн О.С- нь Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн юм.
1.2. Гэтэл түүний иргэний цахим үнэмлэхэд 1975 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрснөөр буруу бичигдсэний улмаас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.3. Иймд Х овогт О.С- нь Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгөхийг хүсье.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00659 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Х овогт О.С-ийн 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч О.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх О.С-ийн төрсөн он, сар, өдрийг тогтоолгох бүхий хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэхэд иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хүсэлтэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.
3.2. Хүсэлт гаргагч О.С- нь 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт, тайлбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130\ШШ2024\00802 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт "... 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин О.С- төрсөн болох нь тус тус нотлогдож байна" гэсэн бичилт, улсын бүртгэлийн хэлтсийн 2028 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаанд “О.С- нь 1974 оны 05 дугаар сарын 06-нд Баян-Өлгий аймаг Сагсай сумын 41-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн бичилт, №******* дугаартай О.С-ийн дунд боловсролын үнэмлэхэд “ ...1974 онд төрсөн О овогтой С-”, ЕТ-1 №************* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн төрсөн огноо 1974 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр" гэж бичигдсэн байдал, 1998 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр олгосон Эрүүл мэндийн түр хуудаст “овог: , нэр С, төрсөн, он, сар, өдөр 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр” гэж бичигдсэн байдал, БНМАУ-ык АИХТэргүүлэгчдийн 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаар зарлигийн хавсралтад хүсэлт гаргагч О.С-ийн эх О.М-ны хүүхдүүдийн жагсаалтад хүсэлт гаргагч О.С-ийн нэр бичигдсэн нөхцөл байдал, О.С-ийн эцэг Х.О-ын гэх 1978 онд хөтөлсөн “Хариуцлагатай ажилтны анкет”-ээр, С- нь 4 настай гэж бичигдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үгүйсгэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 130\ШШ2024\00659 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, О.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
4. Нэхэмжлэгч О.С- нь 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн байх ба шүүх хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
5. Эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэдэг. Нэхэмжлэгч ямар үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгоо зааж, уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох, холбогдох баримтыг хавсарган шүүхэд хүсэлтээ гаргах эрхтэй.
6. Нэхэмжлэгч О.С- нь 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохоо тогтоолгох гэж буй зорилгоо “...өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна..” гэж тодорхойлжээ.
7. Анхан шатны шүүх О.С-ийг 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн суурь зарчим нь хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зарчим дангаараа хэрэгжихгүй, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг.
Хүсэлт гаргагчийн өөрөө гаргаж өгсөн болон шүүхийн журмаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 130\ШШ2024\00802 дугаартай шийдвэр /хэргийн 6-7 дахь тал/, улсын бүртгэлийн хэлтсийн Төрсний болон гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд /хэргийн 4, 5, 17-21 дэх тал/, иргэн О.С- болон түүний нөхөр, хүүхдүүдийн ХААТР маягтууд /хэргийн 23-30 дахь тал/, мөн түүний төрөгсдийг бүртгэх анкет болон төрсний бүртгэлийн лавлагаа, ХААТР маягтууд /хэргийн 40-43 дахь тал/, шүүхээс Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивын болон программд байгаа баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 49-50 дахь тал/, О.С-д холбогдох БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1973 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 35 тоот, 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 45 тоот зарлигууд болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь, бүрэн дүүрэн, бодит байдлаар нь харьцуулан шинжлэн судлахад, О.С- нь 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн талаарх үйл баримт нотлогдохгүй байна.
Харин тэрээр 1975 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн нь О.С-ийн төрсний гэрчилгээ /хэргийн 3 дахь тал/ болон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Төрөгсдийг бүртгэх дэвтэр /1974-1975/-ийн 41 дэх дугаарт бүртгэсэн бүртгэл, тэмдэглэлээр хангалттай тогтоогдож байх ба хэргийн 20 дугаар талд авагдсан, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэвлэгдсэн, 45 хоногийн хугацаатай Төрсний бүртгэлийн лавлагаа нь дангаараа хүсэлт гаргагч О.С-ийг 1974 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрснийг тогтоохгүй болно.
9. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба хүсэлт гаргагчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримт тус бүрд шүүгч шийдвэртээ үндэслэл бүхий дүгнэлт хийснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 130/ШШ2024/00659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК