Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Хохирогч Э.С

Шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа улс хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заснаар 4 сарын баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл Х овогт Х.С-д холбогдох эрүүгийн 1920000810046 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.С нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Э.С-н биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 4  дүгээр сарын 5-нд амраад ах дүү нараараа нийлээд Э ахынд хорхог хийж идсэн. Тэгээд гэртээ хариад байж байсан чинь Э ах дахиад дуудаад даалуу тоглоё гэсэн. Тэднийд очоод даалуу тоглоод нэг шил архи уусан. Мөн дахин нэг шил архины талыг хувааж уусан. Тэр үед би согтсон байсан. Тухайн үед эхнэрээ хардаад эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нөхөр бид 2 одоо эвлэрсэн. Нөхөр маань надаас уучлалт гуйсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Манай нөхөрт прокуророс 700.000 төгрөгөөр торгуулах дүгнэлт гаргаж байна. Энэ мөнгөн торгуулийг багасгаж болдог бол багасгаж өгнө үү гэв.

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0190 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “

1. Э.С-н биед зүүн чамархайн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 8/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 05/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 09-10/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 30/

 Шүүгдэгч Х.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт / хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон  нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Х.С нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох өөрийн эхнэр Э.С-н биед халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

Шүүгдэгч Х.С-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн 7 хоногийн өмнөх 7 хоногт бид хоёр мөн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан юм. Тухайн үед нөхөр маань хэлэхдээ “Монголын хил дээр нэг эмэгтэй 3 дугаар багийн өрхийн эмнэлгийн сувилагч тарианы өрөөндөө манай нөхрийн гарыг бариад сууж байсан гээд яриад явж байна. Чи хэний гарыг барьсан юм бэ?” гэж намайг хардсан. Үүнээс болж би нөхөртэйгээ маргалдсан. Ингээд би нэг удаа аавыгаа гуйж 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргүүлсэн юм. Тэгэхэд аав маань намайг таксины мөнгөгүй болоод намайг хүүхдээ хүргэж өгч чадахгүй байна гэж бодоод манай нөхөрт “ чи охинд маань мөнгө төгрөг өгсөнгүй гэж” загнасан юм шиг байгаа юм. Яг юу гэж загнасан нарийн асуудлыг би мэдэхгүй байна. Үүнээс болж нөхөр маань “Танай ах дүү нар намайг дээрэлхдэг” гэж уурласан. Тэгэхээр нь би нөхөртөө “ Хүний эцэг охин хүүхдээ гэж өмөөрсөн юм байгаа биз” гэж хэлтэл Х.С зуухны хажуу талд байсан зуухны таг авах зориулалтаар ашигладаг төмрийг аваад над руу шидсэн. Энэ үед төмөр миний толгойн зүүн талын чамархайг цохиж цус гарсан. Ч түргэн тусламж дуудаж дараа нь цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/0190 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 09-10/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/ Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 30/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 Шүүгдэгч Х.С нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Э.С-н биед хөнгөн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.С-н  “нөхөр маань ер нь жаахан хартай хүн, заримдаа намайг хий, хоосон хардаад, хийгээгүй зүйлийг маань хийсэн болгож яриад байхаар нь би нөхрөө цохьдог, энэ үед нөхөр маань өөдөөс зөрүүлж цохиж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь эхнэрээ хардаж хэрүүл, маргаан үүсгэдэг, бусадтай хаилцахыг хязгаарладаг болох нь байнгын шинжтэй бус ч зарим үед давтагддаг болох нь нотлогдож байна. Энэ нь мөн хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт / хх-ийн 05-06/-аар давхар нотлогдож байна. Иймд энэ үйлдлийг тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэхгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж үззэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.С нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Хохирогч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгчдэгч Х.С-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Х.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 43 см урттай, 0,8 мм өргөнтэй урд талдаа дэгээ бүхий хэлбэртэй ар талдаа жижиг гогцоо маягийн хэлбэр гаргасан 120 гр жинтэй гарын дэгээ төмрийг устгахаар шийдвэрлэв.

 Шүүгдэгч Х.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч Х.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан нийгмийн аюулын хор аюул арилсан, хувийн байдал зэргийг харгалзан прокуророос санал болгосон торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч нь  хувиараа улс хооронд зорчигч, тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, тодорхой орлоготой гэх боловч сар бүр өндөр хэмжээний зээл төлдөг гэж мэдүүлж байгааг харгалзан оногдуулах торгуулийн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.С-г  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  43 см урттай, 0,8 мм өргөнтэй урд талдаа дэгээ бүхий хэлбэртэй ар талдаа жижиг гогцоо маягийн хэлбэр гаргасан 120 гр жинтэй гарын дэгээ төмрийг устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    Д.Ц