Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 388

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1- 1-14 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ70091661 регистрийн дугаартай, Боржигон овогт Дамбасүрэнгийн Байгальмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-88-39 тоотод оршин суух, эрэгтэй, ВЮ61112276 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэрэндоржийн Лхасүрэнд холбогдох Гэм хорын хохирол 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2015 оны 10 дугаар сард Дорнод аймгийн ХДТ-т туршлага судлах мөн Манжуур хотод очих ажлаар 7685 БНХ пургон автомашинаар уран сайхны зөвлөл болон уран бүтээлчид явсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хятад улсын Манжуур хотоос Монгол руу явж байх замдаа автомашины осолд орж, түргэний машинаар Манжуур хотын 1 дүгээр эмнэлэгт хүргэгдэж, найруулагч драм ангийн багш С.Тогоомөнхөөр санхиулж, тус эмнэлэгт аарцаг, зоо нурууны хугаралтай мөн дотуур цус алдалттай, уушиг шингэн цус хурсан, уушиг бяцралттай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн. 4 хоногийн төлбөр 6600000 төгрөг төлсөн. Баянхонгор аймгийн ХДТ-ын дарга С.Энхболд намайг Манжуур хотын эмнэлгээс гаргаж, Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн. Улаанбаатар хот руу явж байх замд жолооч Ц.Лхасүрэнгийн эхнэр Цэдэвсүрэн гуай утсаар ярьж чамайг гомдолгүй гээд хэлвэл Ц.Лхасүрэнг хорьж байгаа газраас нь суллана гэсэн. Миний дүү гомдолгүй гээд хэлээд өгчих гэж хэд хэдэн удаа утсаар ярьсан. Энхэр Цэдэвсүрэн нь Ц.Лхасүрэнг суллагдвал дараа дараачийн асуудлыг шийдвэрлэж, хохиролгүй болгож өгнө бид чамд туслана гэж хэлсэн. Цэдэвсүрэн гуай манай хүү Баатарсүрэн чиний өмнөөс гомдолгүй гээд өргөдөл бичиж, хурууны хээ дарсан байгаа гэхэд нь би ямар нэгэн хариуцлага хүлээхгүй шүү хэн миний өмнөөс өргөдөл бич гэсэн юм бэ? Миний хурууны хээ Манжуур хотын 1 дүгээр эмнэлэгт байгаа шүү гэж хэлэхэд гайгүй байх гэж хэлсэн. Манжуурын цагдаатай өвөрмонгол утсаар ярьж, тухайн цагдаа энэ чиний бичиг мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Тэгээд Ц.Лхасүрэн суллагдсан байсан. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүний асаргаанд байсан. Ц.Лхасүрэн энэ хугацаанд 950000 төгрөг, 1.40 см 15 ширхэг мод өгсөн. Одоо миний биеийн байдал ахуй амьдрал хүндрэлтэй байна. Хүү 12 дугаар анги төгсөж аюутан болно. Миний бие цаашид удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай ба зүүн талын хөл мэдээ муутай, аарцаг нурууны яс байнга өвддөг.

Гранд мэд эмнэлэгт үзүүлэхэд:

1.Мөрний MRI зураг

2.Аарцаг, зоо нурууны MRI зураг

3.Уушигны MRI зураг

4.Тархи, толгойн MRI зураг тус бүр авахуул гэсэн боловч мөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан авахуулж чадаагүй. Эдгээр MRA зурагны төлбөр нэг зураг нь л 500000-600000 төгрөгийн үнэтэй байдаг. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд давтан үзүүлэх ёстой байсан нурууныMRI зураг хөнгөлттэй үнээр авахуулсан. Тухайн зурагны оношоор нурууны диск шингэнгүй болсон, 2 газар үхжил явагдаж, аарцагны яс зөрүүтэй, ачаалал нь нуруундаа төвлөрч, хөл мэдээгүй болсон нь нурууны бяцралтаас болоод судас дарагдсан гэсэн. Хамгийн хямд үнээр 150000 төгрөгөөр шингэн хийлгэсэн. 2016 оны 08 дугаар сард дахин шинжилгээнд орно. Энэ янзаараа байвал нурууны хагалгаанд орно гэсэн. Мөн Хужиртын амралтанд амарч гэмтлийн нөхөн сэргээх эмчилгээнд орвол илүү үр дүнтэй гэсэн болохоор цаашид гарах хүндрэл, эмчилгээнд мөнгөний шаардлага их байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байх хугацаанд дараах зардал гарсан. Үүнд:

1.Эгч, дүү Дэлгэрмаа, Билэгт нараас асруулахад унааны зардал 55000 төгрөг

2.Аарцагны зураг авахуулахад 80000 төгрөг

3.Эм, тариа болон бусад холбогдох зүйл авахад 1054200 төгрөг

4. Эмнэлэгээс гарахад гэмтлийн зориулалтын машинаар Дахилт руу хүргүүлэхэд 80 0000 төгрөг

5 Улаанбаатар хотоос машин хөлслүүлэн хүргүүлэхэд шатахууны үнэ 200 000 төгрөг

6. Давтан шинжилгээнд орохоор ирж, очихын зардал 55000 төгрөг

7.Хотод таксины халс 22800 төгрөг

8.MRI нурууны зураг авахуулахад 185000 төгрөг

9. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даатгуулагчийн оношлогоо, шинжилгээний төлбөр 25000 төгрөг, нийт зардал 1757400 төгрөг болсон.

Гранд мэд эмнэлэгт мөрний, аарцаг зоо нуруу, уушиг, тархи, толгой MRI зургуудыг авахуулах, замын зардал нийт 4242600 төгрөг болж байна. Иймд Ц.Лхасүрэнгээс нийт 6000000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлч Д.Байгальмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Ц.Лхасүрэнгээс нэхэмжилсэн 6 сая төгрөгийн 4300000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Лхасүрэн нь 1700000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 07 сарын 11-ний дотор 850000 төгрөг, 2016 оны 08 сарын 11-ний дотор 850 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Миний бие дахин энэ асуудлаар хууль,шүүхийн байгууллагад хандахгүй гэв.

Хариуцагч Ц.Лхасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа:

...1700000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 07 сарын 11-ний дотор 850000 төгрөг, 2016 оны 08 сарын 11-ний дотор 850 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо гэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь Ц.Лхасүрэнд холбогдуулан Гэм хорын хохирол 6.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Байгальмаа нь Хятад улсын Манжуур хотруу 2015 оны 10 сард Баянхонгор аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн хамт ажлаар явж байх замдаа автомшины осолд орж, автомашин жолоодож явсан Ц.Лхасүрэнгээс эмчилгээ болон бусад бодит зардалд 1757400, цаашид эмчилгээ хийлгэхэд гарах зардал гэж 4.242600 төгрөг тус тус нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь харилцан тохиролцож нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 6000 000 төгрөгийн 4300 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Лхасүрэн нь 1700000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 07 сарын 11-ний дотор 850000 төгрөг, 2016 оны 08 сарын 11-ний дотор 850000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Байгальмаа нь нэхэмжлэлийн шаардлага 6.000 000 төгрөгийн 4.300.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Лхасүрэн нь 1.700.000 төгрөгийг 2 хувааж, 2016 оны 07 сарын 11-ний дотор 850.000 төгрөг, 2016 оны 08 сарын 11-ний дотор 850.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж 55475 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 21075 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Байгальмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ