| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0049/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 24.3.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.У
Шүүгдэгч Л.Б, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Б нарт холбогдох эрүүгийн 1820002390044 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Дархад, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хил хооронд зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Х овогт Л.Б,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хил хооронд ачаа тээвэр эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Т.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт бодис болох 32 шуудай буюу 800 кг кальц хлоридыг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомт хүртэл зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэн Монгол Улсын хил нэвтрүүлсэн,
Шүүгдэгч Т.Б нь Л.Б-н 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд багтсан кальц хлоридыг авч хадгалан тээвэрлэсэн, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “32 ширхэг 800 кг кальци хлорид гэх бодисыг хилээр оруулахаар Л.Б-тай тохирсон, гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийнэ гэж байхад Л.Б гаалийн байцаагчид хураалгасан байсан, манай компани энэ бодисыг оруулж ирж зарах гэж байсан юм” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: БНХАУ-ын Эрээн хотоос цас хайлуулах бодис ачсан. Тэгээд байцаагч шалгахад давс биш химийн бодис байна гээд шинжилгээнд өгнө гэсэн. Химийн аюултай бодисын тоонд ордог юм байна лээ. Гурван хоногийн дотор бүрдүүлэлтээ хийгээд торгуулиа төлөөд гардаг юм байна лээ. Тухайн үед би яахаа мэдэхгүй, яарч сандарч явсан. Химийн бодис ачиж орж ирсэн нь миний буруу. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын үед би рентген дээр бүрдүүлэлт хийж байсан. Манай компаний хуучин зөвшөөрөл 2016 онд дууссан байсан. Л.Б над дээр ирээд тусламж гуйсан. Би тусгай зөвшөөрөл дууссан гэдгээ хэлсэн чинь гуйгаад байхаар нь хуучин хугацаа дууссан зөвшөөрлийн хуулбарыг авч ийм хэрэгт холбогдсон. Би өөрийнхөө холбогдсон хэрэгтээ маш их харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “тухайн бараа эд зүйлийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг захиргааны зөвлөлөөр оруулж шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ. /хх-ийн 156-157/
Гэрч Г.Ур мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагч ажилтай бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр АЗШНЦ-1 ийн импорт талд үүрэг гүйцэтгэх хугацаанд өдөр 10 цаг 30 минутын үед ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд жолооч Л.Б гэх хүн байсан бөгөөд үзлэгээр авто машины кабин ачааны хэсгийг нээж үзэхэд дээд талд 1 удаагийн хуванцар аягаар далдалсан байдалтай түүний доор байгаа бараа эд зүйлийг шалгахад 25 кг-ийн савалгаатай цагаан өнгийн 32 ширхэг шуудай нунтаг цагаан өнгийн бодис байсан бөгөөд тухайн бодис эд зүйлд холбогдох шалгалтыг хийж БОНХАЖ-ийн сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хавсралтын 496 дугаар заалтаар химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтсан “Кальц хлорид” нэртэй бодис болох нь тогтоогдсон. Энэ хэний ямар эд зүйл вэ? гэж асуухад ус цэвэршүүлэгч, ахуйн бараа гэж тайлбарлаж байсан, шалгуулахаас зайлсхийсэн асуудал байгаагүй, химийн бодис эд зүйлээ бусад барааны хамгийн доод талд нь ачсан дээгүүр нь ахуйн бараа эд зүйлийг ачсан байсан. Бараа эд зүйлээ мэдүүлээгүй тухайн хүн гаалийн мэдүүлэг деклараци бөглөөгүй амаар мэдүүлэхдээ ус цэвэршүүлэг, ахуйн бараа гэж мэдүүлж байсан ямар нэгэн тусгай зөвшөөрөл, баримт бичиг үзүүлээгүй, барааны эзэн рүү нь хэлье надад үзүүлэх тусгай зөвшөөрөл бичиг баримт байхгүй алга би эзэнээс нь аваад ирье гэж хэлээд тээврийн хэрэгслээ орхичихоод 2 хоног алга болоод 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45/
Гэрч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн компани нь манай хүү Т.Б-н өөрийнх нь компани байгаа юм. 2015 оны үед анх байгуулсан байх. Химийн бодис импортлодог үйл ажиллагаа явуулдаг юм. Миний хувьд тухайн компанитай ямар нэгэн хамаарал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 82-84/
Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 0003326 тоот сорилтын дүн /хх-ийн 54/
Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 0003294 тоот дүгнэлт /хх-ийн 55/
Д ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96/
Авто машин, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 160/
Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 166-167/
Шүүгдэгч Т.Б, Л.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169-170/
Гэрч Т.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 208/
Гэрч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 209-211/
Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 800 кг савалгаатай кальцихлоридыг 592.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 213-215/
Монгол банкны ханшийн лавлагаа /хх-ийн 216/
Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн ... улсын дугаартай УАЗ 31-53 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-ийн 218-219/
... улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 220/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 236/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Х овогт Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох 32 шуудай буюу 800 кг кальц хлоридыг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай, УАЗ-31530 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
Шүүгдэгч Б овогт Т.Б нь Л.Б-н 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд багтсан кальц хлоридыг ... улсын дугаартай,УАЗ-31530 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус гэрчээр мэдүүлэг өгөхдөө “32 ширхэг 800 кг кальци хлорид гэх бодисыг хилээр оруулахаар Л.Б-тай тохирсон, гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийнэ гэж байхад Л.Б гаалийн байцаагчид хураалгасан байсан, манай компани энэ бодисыг оруулж ирж зарах гэж байсан юм” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би Замын-Үүд дэх гаалийн газарт улсын байцаагч ажилтай бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр АЗШНЦ-1 ийн импорт талд үүрэг гүйцэтгэх хугацаанд өдөр 10 цаг минутын үед ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд жолооч Л.Б гэх хүн байсан бөгөөд үзлэгээр авто машины кабин ачааны хэсгийг нээж үзхэд дээд талд 1 удаагийн хуванцар аягаар далдалсан байдалтай түүний доор байгаа бараа эд зүйлийг шалгахад 25 кг-ийн савалгаатай цагаан өнгийн 32 ширхэг шуудай нунтаг цагаан өнгийн бодис байсан бөгөөд тухайн бодис эд зүйлд холбогдох шалгалтыг хийж БОНХАЖ-ийн сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хавсралтын 496 дугаар заалтаар химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтсан “Кальц хлорид” нэртэй бодис болох нь тогтоогдсон. Энэ хэний ямар эд зүйл вэ? гэж асуухад ус цэвэршүүлэгч, ахуйн бараа гэж тайлбарлаж байсан, шалгуулахаас зайлсхийсэн асуудал байгаагүй, химийн бодис эд зүйлээ бусад барааны хамгийн доод талд нь ачсан дээгүүр нь ахуйн бараа эд зүйлийг ачсан байсан. Бараа эд зүйлээ мэдүүлээгүй тухайн хүн гаалийн мэдүүлэг деклараци бөглөөгүй амаар мэдүүлэхдээ ус цэвэршүүлэг, ахуйн бараа гэж мэдүүлж байсан ямар нэгэн тусгай зөвшөөрөл, баримт бичиг үзүүлээгүй, барааны эзэн рүү нь хэлэе надад үзүүлэх тусгай зөвшөөрөл бичиг баримт байхгүй алга би эзэнээс нь аваад ирье гэж хэлээд тээврийн хэрэгслээ орхичихоод 2 хоног алга болоод 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 45/, иргэний нэхэмжлэгч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тухайн бараа эд зүйлийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг захиргааны зөвлөлөөр оруулж шийдвэрлүүлэх саналтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157/, Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 0003326 тоот сорилтын дүн /хх-ийн 54/, Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 0003294 тоот дүгнэлт /хх-ийн 55/, Д ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 96/, авто машин, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 160/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 166-167/ Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 800 кг савалгаатай кальци хлоридыг 592.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 213-215/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 236/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Л.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, химийн хорт бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр, нуун далдлах, гаалийн мэдүүлэгт мэдүүлэхгүй байх зэрэг аргаар үйлдэж 592.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Т.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн сэдэлтээр үйлдсэн, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Харин шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамласан нь буруу байна. Учир нь шүүгдэгч Л.Б нь 800 кг химийн хорт бодисыг БНХАУ-ын Эрээн хотоос тээвэрлэн Монгол улсын хилээр нэвтрүүлж, гаалийн хяналтаар хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б-г гадаад улсад энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдсан 800 кг цагаан өнгийн нунтаг бодисыг шинжээчээр томилогдсон Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 0003326 тоот сорилтын дүн /хх-ийн 54/, мөн Гаалийн салбар лабораторийн 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 0003294 тоот дүгнэлт /хх-ийн 55/ зэргээр кальцийн хлорид гэх химийн нэршилтэй химийн хорт бодис болох нь тогтоогджээ.
Хөрөнгийн үнэлгээний Д ХХК-аас шүүгдэгчийн Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 800 кг химийн хорт, аюултай бодисыг зах зээлийн харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 592.000 төгрөгөөр, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох сарал өнгийн, УАЗ-31530 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний Д ХХК-аас 3.200.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Л.Б-г 800 кг химийн хорт болон аюултай бодис буюу кальцийн хлоридыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Т.Б-г худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан 592.000 төгрөгний үнэлгээтэй 32 ширхэг шуудай бүхий 800 кг кальц хлорид гэх бодисын эзэмшигч нь хэн болохыг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтээр уг бодисыг цаашид ахуйн хэрэглээнд хэрэглэж болох эсэх талаар дүгнэлт гаргаагүй байх тул уг бодисыг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох саарал өнгийн, УАЗ-31530 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Л.Б-н эзэмшлийн машин мөн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 220/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар уг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б-н бусдад шилжүүлсэн ... улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлалтай, 30 м2 талбайтай орон сууцыг бусдад бэлэглэснийг шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь буруу байна.
Шүүгдэгч Л.Б, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Б, Т.Б нарын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын, Автотээврийн үндэсний газрын зохих шийдвэрүүдийг тус тус цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгч нар нь тус тусдаа ажил төрөл эрхэлж, тогтмол орлоготойгоос гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх лавлагаагаар шүүгдэгч Л.Б нь ... дугаартай, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлалтай, үйлчилгээний зориулалтай, 108 м2 талбайтай, ... дугаартай, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 216 м2 талбайтай зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй, шүүгдэгч Т.Б нь ... улсын дугаартай, ... маркийн, ... улсын дугаартай ... маркийн, ... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б-т оногдуулсан торгуулийн ялын хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид зааснаар торгох ялын доод хэмжээ нь 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгнөөс эхэлж байгаа тул шүүгдэгч Л.Б-н хөрөнгө, цалин хөлс, олох орлого зэргийг харгалзан торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Т.Б-д оногдуулах торгох ялын торгуулийн доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгнөөс эхэлж байх тул нэн даруй биелүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь 3 сараас 2 жил хүртэл эрх хасан нэмэгдэл ялтай тул шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т заасан химийн хорт, аюултай бодисыг тээвэрлэн Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Б овогт Т.Б-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т заасан мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэх өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х овогт Л.Б-г 5500 /таван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 / таван сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б овогт Т.Б-г 4 /дөрөв/ сарын хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэн 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Л.Б-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 5.500.000 төгрөгний торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Замын-Үүд дэх Гаалийн газрын агуулахад хадгалагдаж байгаа 592.000 төгрөгний үнэлгээтэй, 32 ширхэг шуудайтай 800 кг кальци хлорид бодисыг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох саарал өнгийн, УАЗ-31530 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д шүүгдэгч Л.Б-н эзэмшлийн саарал өнгийн, ... улсын дугаартай, УАЗ-31530 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг улсын орлого болготол хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай, ... маркийн, ... улсын дугаартай ... маркийн, ... улсын дугаартай, ... маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Л.Б-н өмчлөлийн ... дугаартай, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлалтай, үйлчилгээний зориулалтай, 108 м2 талбайтай, ... дугаартай, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багт байрлалтай, худалдаа үйлчилгээний зориулалтай, 216 м2 талбайтай зэрэг үл хөдлөх хөрөнгөнүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын, Автотээврийн үндэсний газрын зохих шийдвэрүүдийг тус тус цуцалсугай.
7. Шүүгдэгч Л.Б, Т.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Т.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц