| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0239/И |
| Дугаар | 263 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Хөвсгөл сум 3-р багт оршин суух Донь овогт Балганжавын Тунгалаг /ЕМ85080261, утас 89577007/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Улаанбадрах сум 4-р багт оршин суух Зүүн хондого овогт Ухны Батбаатар /ЕК79052777, утас 89799697/-т хариуцагдах
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тунгалаг, хариуцагч У.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие нөхөр У.Батбаатартай 2009 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2012 оны 06 дугаар сарын 04-нд охин Б.Энхмэнд төрсөн. Хамтын амьдралын эхний жилд бусдын адил сайхан амьдарч байсан. 2010 оны 9 сард шөнө согтуу ирж намайг зодсон. Үүнээс болж миний хөх өвдөж 2 удаа хагалгаанд орсон. Охин Б.Энхмэнд төрснөөс хойш архи дарс ууж, эрүүл үедээ ч намайг дарамталдаг болсон. 2014 оны 06 дугаар сараас хойш бид тус тусдаа амьдрах болсон. Цаашид эвлэрч амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Энхмэндийн ирээдүйг бодож өөрийн асрамжид авмаар байна. 2014 оны 6 сард салахдаа энэ хүн охиноо аваад явсан. Би 2014 оны 12 сард охинтойгоо уулзаад дараа нь бас хэд хэдэн удаа уулзсан энэ хугацаанд охиноо харж хандах боломжгүй хөхний хагалгаанд ороод хүний гарт байсан. Энэ хүний амьдралыг би мэднэ. Иймд охиндоо тэтгэлэг тогтоолгохгүй. Хүнээс асуусан бичдэг гэхээр нь бичсэн юм. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч У.Батбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд: “У.Батбаатар миний бие Б.Тунгалагтай 2009 онд танилцаж, гэр бүл болж амьдарч байсан. 2012 оны 06 дугаар сарын 04-нд охин Б.Энхмэнд төрсөн. Миний хувьд заримдаа найз нөхөдтэйгөө архи уудаг тэрнээс тэр болгон уугаад байдаггүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй. 2014 оны 06 сараас тусдаа амьдарч байгаа. 6 сард салахдаа охиноо авч өсгөсөн. Гэхдээ охин хүүхэд учраас эхэд нь өгнө. Гэрлэлтээ цуцлуулна. Охиноо харж хандаж, уулзаж байна” гэжээ.
Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь хариуцагч У.Батбаатарт холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Тунгалаг охин Б.Энхмэндэд тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан болно.
Зохигчид 2009 онд танилцаж, 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр охин Батбаатарын Энхмэнд төрсөн нь зохигчдын тайлбар, №0203861 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №0000788024 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хариуцагч У.Батбаатар нь архи дарс ууж, Б.Тунгалагийн эрх чөлөөнд нь халдаж гэр бүлийн таагүй уур амьсгал бий болсноос 2014 оны 06 дугаар сараас тус тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин Б.Энхмэндийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, эхэд нь өгөхийг зөвшөөрсөн ба шүүх хүүхдийн нас болон хүйсийн байдлыг харгалзан эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг У.Батбаатар нь охин Б.Энхмэндэд анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Донь овогт Балганжавын Тунгалаг /ЕМ85080261/, Зүүн хондого овогт Ухны Батбаатар /ЕК79052777/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Батбаатарын Энхмэндийг эх Б.Тунгалагийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Б.Тунгалаг хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
3. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Батбаатараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалагт олгосугай.
5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ