Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Е.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Е.Э-д холбогдох эрүүгийн 1920001220072 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Е.Э.

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Е.Э нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт хохирогч Р.М-тай маргалдаж, улмаар баруун чихийг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Е.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.  Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой 22 цагийн үед найз Э-ы гэрт С, А, Б нарын хамт очсон. ...Э С-г цохичих гээд байхаар нь би хашаад дунд нь суусан. Э бие засч ирчихээд С-н нүүр лүү цохих шиг болсон. Би араас нь Э-г бариад авахын завдалгүй Э С-н дээр нь гараад 2-3 удаа нүүр лүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би Э-г араас нь гараараа боож татсан. Энэ үед бол Э-ны эхнэр нь өөр өрөөнд унтаж байсан. Э-г боогоод татаж байтал А одоо боль боль гэхээр нь тавьсан. Тэгтэл Э эргэж хараад яагаад намайг боож байгаа юм бэ гээд над руу дайрч байгаад миний баруун чихийг хазсан. Э тайвширч өгөхгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө чих хазлаа гэж гомдол гаргаагүй, харин зүгээр Э-г тайвшруулах санаатай, болохгүй бол эрүүлжүүлэхэд хонуулаад авах санаатай байсан. Ингээд цагдаа дээр Э бид 2 ирсэн ба Э ч тайвшраад архи гайгүй болчихоор нь жижүүрийн ахлахад нь учраа хэлээд бид 2 хамт явж амарсан…. Би Э-д ямар нэг гомдолгүй. Бид нар сайн найзууд. Тухайн үед бид нар бүгдээрээ л архи уусан, бага зэргийн согтуу байсан. .... Түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Нэмж ярих зүйл алга” гэх мэлүүлэг /хх-ийн 08-09/

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Э эхнэр хоол унд хийж өгөөд Э нэг шил архи гаргаж задлаад бид нар уусан. Б-г би харьлаа гээд явж байсныг санаж байна. Өөр зүйл санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “С юу ярьж байгаагаа ч ойлгохгүй, нилээн согтсон байсан ба бид хоёрыг ам зөрөөд байхаар Э уурлаж гэрт ирчихээд маргалаа гэсэн. С сөргөөд үгийг нь авахгүй байсан. Нэг мэдсэн Э С-н нүүр лүү нэг удаа цохиод авсан. Сайн цохиж чадаагүй ахиад цохих гэхэд М Э-г болиулах гээд араас нь зуураад гараараа боосон.   Би М-г боль боль гээд болиулсан. Э уурлаад намайг боолоо гээд М руу дайраад байсан. Чихийг нь хазсан гэсэн боловч би тэрийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Тэр  хоёрыг салгаад удаагүй байтал тэрхэн хугацаанд Э эргэж хараад Р.М-н баруун чихийг хазчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0267 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Р.М-н биед баруун чихний хазагдсан шарх, зүүн нүдний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломж.

3. Учирсан баруун чихний шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 19/

 Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30/

Шүүгдэгч Е.Э хувийн байдлыг тодорхойлох нотлох баримтууд /хх-ийн 31-37/

Шүүгдэгч Е.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-42/

Хохирогч Р.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б овогт Е.Э нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт өөрийн гэртээ согтуугаар хохирогч Р.М-тай маргалдаж, улмаар баруун чихийг хазаж эрүүл мэндэд нь баруун баруун чихний хазагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э С-г цохичих гээд байхаар нь би хашаад дунд нь суусан. Э бие засч ирчихээд С-н нүүр лүү цохих шиг болсон. Би араас нь Э-г бариад авахын завдалгүй Э С-н дээр нь гараад 2-3 удаа нүүр лүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би Э-г араас нь гараараа боож татсан. Энэ үед бол Э-ны эхнэр нь өөр өрөөнд унтаж байсан. Э-г боогоод татаж байтал А одоо боль боль гэхээр нь тавьсан. Тэгтэл Э эргэж хараад яагаад намайг боож байгаа юм бэ гээд над руу дайрч байгаад миний баруун чихийг хазсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,гэрч Э.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Тэр  хоёрыг салгаад удаагүй байтал тэрхэн хугацаанд Э эргэж хараад Р.М-н баруун чихийг хазчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0267 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Е.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Р.М нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Е.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Е.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос шүүгдэгч Е.Э-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосон ба шүүгдэгч Е.Э нь хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, тодорхой орлого олдог болох нь тогтоогдож байх тул торгуулийн ялаар шийтгэх боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б овогт Е.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Е.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Е.Э-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Е.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    Д.Ц