| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/01537/И |
| Дугаар | 210/МА2024/01763 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01763
2024 09 13 210/МА2024/01763
Б.О, Р.Ц нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 188/ШШ2024/02930 дугаар шийдвэртэй, Б.О Р.Ц нарын нэхэмжлэлтэй, Ш.Эт холбогдох
ЧД-ийн 00 хороо, 00 тоот Ү-22222222 дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, Т.Б, хариуцагч Ш.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Х, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот, Ү-22222222 дугаартбүртгэлтэй, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.О Р.Ц бид 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн. Улмаар Төрийн банк ХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээг байгуулж, ипотекийн төлбөрийг сар бүр төлж байна.
1.2. 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ш.Э-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, Р.Ц-ын өмчлөлийн ЧД-ийн хороо, 00 тоотод байрлах, 19 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн.
1.3. Дээрх орон сууцны хажуу талд байрлах Б.О Р.Ц нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг Ш.Э-т худалдахаар ярилцаж байсан болохоос түүнтэй худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй. Улмаар тухайн 2 өрөө орон сууцны түлхүүрийг хариуцагчид итгэж өгсөн ч тэрээр хожим орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан.
Харин тухайн орон сууцны ипотекийн төлбөрийг хэрхэх талаар бичгээр тохиролцоогүй учраас Б.О нь 10 жилийн хугацаанд орон сууцны зээлд 58,804,620 төгрөг төлж хохирсон. Хууль ёсны өмчлөгч, тухайн өмчийнхөө төлбөрийг төлж байгаа атлаа өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах, эзэмших, ашиглах боломжгүй болсон. Хариуцагч нь 2 өрөө орон сууцыг худалдан авна гэсэн боловч төлбөрийн талаар тохиролцохгүйгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг 10 жилийн хугацаанд хууль бусаар эзэмшилдээ аваад амьдарч байна.
Иймд улсын эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, Б.О Р.Ц нарын өмчлөлийн ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байршилтай 31 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот нэг өрөө орон сууц болон 19 тоот 2 өрөө орон сууцнууд нэг хаалгаар ордог. Гэтэл нэхэмжлэгч нар надад хажуу 2 өрөө орон сууцны түлхүүрээ итгээд өгсөн гэж гүтгэж болохгүй. Нэг болон хоёр 2 өрөө орон сууцыг нийлүүлээд нэг л хаалгаар гаднаасаа ордог болгосон.
2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот байрлах, 19 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны нэрийг шилжүүлэх үед 2 өрөө орон сууцыг банкны зээлтэй учраас зээлээ төлөөд чиний нэр дээр шилжүүлнэ, чи үлдэгдэл мөнгө болох 105,000,000 төгрөгийг бэлдээрэй гэсэн.
Тухайн үед 2014 онд 3 өрөө орон сууц 110,000,000 төгрөгийн ханштай байсан. Харин би 220,000,000 төгрөгөөр зарна гэхэд нь авахаар болж 115,000,000 төгрөгийг нэг болон хоёр өрөө нийлүүлсэн орон сууцны 52 хувийн мөнгийг төлсөн. Гэтэл 235,000,000 төгрөгөөр тохирсон гэснийг зөвшөөрөхгүй. Харин үлдэгдэл 105,000,000 төгрөгийг төлөөд 2 өрөө орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О Р.Ц нарын өмчлөлийн ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ш.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О Р.Ц нарт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байрлах, 31 м.кв талбайтай орон сууц нь нэхэмжлэгчийн нэр дээр боловч миний худалдаж авсан орон сууцны байраар дамжин ордог тул бусдад салгаж эзэмшүүлэх боломжгүй. Тус байрны 19, 20 тоот орон сууц нэг хаалгатай бөгөөд би 220,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 115,000,000 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгч нар анх орон сууц зарахдаа банкны барьцаанд тавьсан тул зээлээ төлж дуусаад орон сууцыг чиний нэр дээр шилжүүлнэ гэж хэлсэн. Гэтэл шүүх тус орон сууц зээлийн барьцаанд байгааг шалгаж тогтоохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нарт үлдэгдэл төлбөрийг төлнө гэхээр мөнгөө авахгүйгээр хаалга орцгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж өөрсдөө намайг хуурч байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагчаас маргаан бүхий орон сууц нэхэмжлэгч нарын нэр дээр байгаа үйл баримтад маргадаггүй. Талууд 2 өрөө орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдаж авах, үндсэн төлбөрийг хэрхэн төлөх нөхцөлийг тохиролцох талаар талуудын хүсэл зориг нэгдэж байж 2 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж маргах ёстой. Гэтэл хариуцагч маргаан бүхий орон сууц анхнаасаа нэг хаалгатай тул бусдад салган эзэмшүүлэх боломжгүй гэж маргадаг. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд эд хөрөнгө холилдох, нийлэлдэх талаар заасан бөгөөд хариуцагчийн урьдчилсан нөхцөл хангагдахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Маргаан бүхий орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэх байсан талаар хариуцагч тайлбарладаг боловч бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Иймээс барьцааны зүйлийг шалгаж тогтоогоогүй нь өмчлөлийн зүйлийг шаардахад саад болохгүй.
5.2. Хариуцагч шүүх хуралдаанд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 тоот орон сууцыг худалдаж авахдаа тухайн үед гэрээнд 30,000,000 төгрөгийн үнийн дүнг тавьсан, бодит байдал дээр 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч 2 өрөө буюу 19 тоот орон сууцтай холбоотой маргаан хянагдаж байгаа тул 1 өрөө буюу 20 тоот орон сууцыг оролцуулах шаардлагагүй. Түүнчлэн, нэг өрөө орон сууцыг худалдах, худалдах авах гэрээний харилцаа дуусгавар болсон буюу төлбөр төлөгдсөнөөр өмчлөх эрхийг гэрчилгээг шилжүүлж өгсөн. Харин хариуцагчаас 2 өрөө буюу 19 тоот орон сууцыг худалдаж авна гэж хэлээд эзэмшлийг хүлээж авсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй, 2023 онд байрыг чөлөөлөх талаар албан мэдэгдлийг өгсөн. Үүнээс хойш яаж шийдвэрлэх талаар хариу өгөөгүйгээс хууль бусаар эзэмшиж байгааг зөвшөөрсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар О.О, Р.Ц нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэг өрөө орон сууцны төлбөртэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. 19, 20 тоот орон сууцнууд тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй тул нэг үл хөдлөх эд хөрөнгө гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Б.О Р.Ц нар нь харуцагч Ш.Эт холбогдуулан ЧД-ийн 00 хороо, 00 тоот Ү-22222222 дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагчийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот 2 өрөө орон сууцыг худалдахаар гэрээг бичгээр байгуулахгүйгээр үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг түүнд өгсөн, маргаан бүхий байрыг банкны барьцаанд байгаа, зээлийг төлсний дараа 2 өрөө байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар ярилцсан, зээлийг нэхэмжлэгч төлөөд явж байгаа боловч хариуцагч ямар ч төлбөр төлөхгүйгээр амьдарч байна. Иймд нэхэмжлэгч нар тухайн байрны хууль ёсны өмчлөгч тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлнэ... гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч нар нэг болон хоёр өрөөг нийлүүлсэн байраа 220,000,000 төгрөгөөр зарна гэхэд би авахаар болоод 115,000,000 төгрөгийг төлсөн. Улмаар ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоотод байрлах, 19 м.кв талбайтай нэг өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлэх үед нэхэмжлэгч нь ...2 өрөө байр банкны зээлэнд байгаа зээлээ төлөөд чиний нэр дээр шилжүүлье, харин чи үлдэгдэл 105,000,000 төгрөгийг бэлдэж байгаарай гэсэн. Тухайн нэг болон хоёр өрөө байр нэг хаалгаар ордог тул нэхэмжлэгчийн 2 өрөө байраа итгээд өгсөн гэх тайлбар үндэслэлгүй. Тиймээс үлдэгдэл 105,000,000 төгрөгийг төлөөд 2 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна гэж тус тус тайлбарласан.
Талуудын хооронд маргаж буй хоёр өрөө орон сууцыг эзэмшиж буй хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байршилтай, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Р.Ц нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж улсын эрхийн бүртгэлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг, мөн Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 40 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.О Р.Ц нар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдэж улсын эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус авсан. /хх-36/
4.2. Нэхэмжлэгч Б.О Р.Ц нар Төрийн банк ХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Төрийн банк ХК нь 60,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууцны зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Б.О Р.Ц нар зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 30-34/
4.3. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Б.О Р.Ц нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220001263 дугаарт бүртгэлтэй, ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байршилтай, 31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх35-36/
4.4. Харин нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Ш.Э-тэй 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Р.Ц нь улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тооттоот хаягт байршилтай, 19 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Ш.Э нь орон сууцны үнэд 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-37/
4.5. Хэргийн 46 дугаар тал дахь Голомт банк ХХК-ийн төлбөрийн баримтаар хариуцагч Ш.Э нь Голомт банкны 0000000 тоот данснаас нэхэмжлэгч Б.О-ийн Голомт банкны 000000 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 115,000,000 төгрөгийг нэг өрөө, хоёр өрөө байр худалдан авах гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.
4.6. ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоотхаягт байршилтай, 19 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын эрхийн бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ш.Э бүртгэгдэж улсын эрхийн бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх-132/
4.7. Талууд маргааны зүйл болох орон сууцны 1 өрөө болон 2 өрөөнөөс гадагш гарах, орох хаалга нэг, гал тогоо нэг, нойлын өрөө нэг байгаа нь 3 өрөө орон сууцанд 1 өрөө, 2 өрөө гэж тус тусад нь гэрчилгээ улсын эрхийн бүртгэлээс олгосон гэж тайлбарласан.
5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шидвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Уг хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж буй хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.
5.2. Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч Ш.Э-тэй 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байршилтай, 19 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн өдрөөс нэхэмжлэгч нар маргаан бүхий мөн хаягт байрлах, 19 тоот 31 м.кв талбай бүхий хоёр орон сууцыг эзэмшиж ашиглах эрхийг хариуцагчид олгож, орон сууцны түлхүүрийг өгсөн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон.
5.3. Мөн хариуцагч Ш.Э нь Голомт банкны 000000 тоот данснаас нэхэмжлэгч Б.О-ийн Голомт банкны 0000000 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 115,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид нэг өрөө, хоёр өрөө байр худалдан авах гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.
Түүнчлэн, хэргийн баримтаар талуудын хооронд маргаан бүхий орон сууцны банкны зээл төлөгдөж дууссаны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.
5.4. Нэхэмжлэгч Б.О Р.Ц нар нь харуцагч Ш.Эт холбогдуулан ЧД-ийн 00 хороо, 00 тоот Ү-22222222 дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагч Ш.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.5. Хэргийн баримтууд болон талуудын тайлбарын харьцуулан дүгнэвэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ш.Эийн хууль бус эзэмшлээс ЧД-ийн 00 хороо, 00 тоот Ү-22222222 дугаартай 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.О Р.Ц нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 188/ШШ2024/02930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ш.Эт холбогдох ЧД-ийн 00 хороо, 00 тоот Ү-22222222 дугаартай 2 өрөө орон сууцнаас хариуцагч Ш.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.О Р.Ц нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Тогтоох хэсэг: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгч хууль бусаар орон сууц эзэмшиж байгаа тул чөлөөлүүлнэ гэж шаардсан. Шүүх ИХ-ийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
106.1-д зааснаар шаардахад хариуцагчийн эзэмшил хууль ёс байхыг шаардана. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нар хариуцагчид эзэмших ашиглах боломжийг олгож түлхүүрийг шилжүүлсэн. Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн.
Хариуцагч орон сууцны төлбөрийг шилжүүлэхдээ нэг болон хоёр өрөө байрны үнэ гэж агуулгаар шилжүүлжээ.
Тухайн үл хөдлөх хөрөнгө нь талуудын хоорондын тохиролцоо байсан байна. Энэ нь хууль бусаар эзэмших гэдэг тохиролцоог үүсгэж байна. Үүнтэй холбоотой хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иймд хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч хууль бусаар эзэмшээгүй учраас ИХ-ийн 106.1-д зааснаар шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Талууд 1 болон 2 өрөөг хэдэн төгрөгөөр зарахаар тохиролцсоныг давж заалдах шатны шүүхээс дүгнэхгүй. Учир хэдэн төгрөгөөр зарахаар тохиролцсон нь тогтоогдохгүй байна.