Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/01785

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 18 210/МА2024/01785

 

 

Ц.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/03502 дугаар шийдвэртэй, Ц.О-ын нэхэмжлэлтэй, Н.У, Ц.О нарт холбогдох, гутлуудыг орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүд болон зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Н.У, Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:

1.1. Хариуцагч нар Хятад улсаас бөөний үнээр гутал оруулж ирэх гэж байна, мөнгө зээлээч гэж гуйсан тул би 20,000,000 төгрөгийг юань болон төгрөгөөр зээлсэн. Хариуцагч нараас 2021 оны 5-6 дугаар сард Хятад улсаас их хэмжээний гутлыг гаалиар оруулж ирсэн. Уг гутлуудыг хадгалах газар байхгүй байсан учраас миний Баянгол дүүрэг, 36 дугаар хороонд байрлах орон сууцанд хадгалсан. Түрээсийн төлбөрт cap бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч жилийн дараа 4 сарын төлбөр гэж нэг удаа 2,000,000 төгрөгийг төлснөөс хойш дахин төлбөр төлөөгүй.

1.2. Дээрх гутлууд үйлдвэрийн гологдол, гутлын дэлгүүрийн агуулахын хаягдаж үлдсэн, олон жил агуулахад хэвтсэн, урагдаж цоорсон хэрэглэх боломжгүй байсан. Н.У гутлуудыг манай орон сууцанд хадгалж байрны дотор, гадна талын бүх түлхүүрийг аваад худалдах гуталнуудыг нууцаар авсан. Би орон сууцыг чөлөөлж гуталнуудыг цаасан хайрцагт хийж хонгилд гаргаад Ц.О-од гутлуудаа ирж авахыг удаа дараа шаардаж холбогдоход утсаа авахаа больсон.

Иймд гутлуудыг орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүд болон зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ц.О-ын тайлбар, татгалзлын агуулга:

Би БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын шигшээ багт цуг ажиллаж байсан Хадаа гэдэг эмч надад бөөний үнээр гутал аваад Монголд зарах талаар санал тавьсан. Очиж үзэхэд чанар болон загвар, үнийн хувьд боломжийн санагдаж энэ талаар эхнэр Н.У-т хэлсэн. Уг гуталнууд үнийн хувьд 1 хос гутал 25 юань буюу 10,000 орчим төгрөг байсан. Мөнгөндөө тааруулаад авах гэхэд тасалж зарахгүй гэсэн. Энэ талаар Ц.О-т хэлэхэд хамтарч оруулж ирэхээр болсон. Улмаар 4,000 хос гутлыг тооцож үзэхэд нийт 43,500,000 төгрөг болсон тул зардлыг 2 талаас гаргахаар тохиролцсон. Эхний ээлжинд 1,500 хос гутлыг шуудайнд хуваан хийж ачуулахад тээврийн зардалд 11400 юань, Эрээн хотод буулгалт ачилт 650 юань, нийт 12050 юань болсон.

Хөх хотоос гутлуудыг ачуулахад урагдаж халзарсан гологдол байгаагүй. Тухайн үед ковидын цар тахлын үе байсан учраас хил гаалиар зөвшөөрөгдсөн карго тээврийн машинд ачаагаа ачуулсан. Намайг Хөх хотоос ирсний дараа Ц.О дуудаж очиж уулзаад та хоёр миний гаргасан мөнгийг өгчих тэгээд энэ гутлуудыг өөрсдөө борлуулаад мөнгөө гаргаад ав гэж хэлэхэд нь би цалингийн хуримтлал болон өөрт байсан мөнгөө оруулсан тул мөнгө гаргаж өгөх боломжгүй, борлуулалтыг 2 талаас анхааръя гэж хэлсэн. Тэрээр өдөр болгон борлуулалт хийж борлуулсан мөнгөө надад өг гэсэн. Гэтэл бид нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, харин хамтарч борлуулалтыг 2 талаас хийнэ гэж амаар тохиролцож энэ наймааг хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагч Н.Уийн тайлбар, татгалзлын агуулга:

Ц.О намайг дуудаж уулзахад би Ц.О-ын танил гутал зарах санал тавьсан, бид хоёр тал гутлыг нь авъя гэхэд бүх гутлаа зарна гэсэн тул бид больсон гэж хэлсэн. Гэтэл Ц.О нь нийт хэдэн төгрөг болж байна гэхэд 40 гаруй сая төгрөг болж байгаа бид тал үнийг гаргах боломжтой гэхэд тэрээр хамтраад 50 хувийг гаргаж, гутал ирсний дараа борлуулалтыг ч хамтарч хийхээр болсон. Ц.О нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 9,800,000 төгрөгийг дансаар, 27000 юанийг бэлнээр өгсөн. Мөнгө зээлэх биш хамтран БНХАУ-аас оруулж ирэх гутлын төлбөр байсан. Эхний ачаа 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн үед Ц.О нь ачааг хамт очиж аваад өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 36 дугаар хороо, АОС-ны 13 тоот орон сууцандаа хүргүүлсэн.

Гэтэл орон сууцыг түрээслэх тохироо хийгээгүй ачаа буулгахад ихэнх өрөө нь сул байсан. Ц.О хөдөө орон нутаг руу гутлууд явуулж зарсан мөнгөө өөрөө авдаг байсан. Тэрээр өөрийн ах болох Ц.Ч-ын данс руу 2,000,000 төгрөг, бас нэг данс руу 500,000 төгрөгийг шилжүүлж авсан. Мөн бэлнээр 300,000 төгрөг болон 270,000 төгрөгийг тус тус авсан. Драгон худалдааны төв дээр лангуу түрээсэлж Ц.О-ын хамаатан дүү н.Болорыг суулган 600,000 төгрөгөөр цалинжуулсан. Ц.О-аас мөнгө хүлээж авсан гарын үсэг зурсан, мөнгө зээлээгүй, хамтарч ажиллая борлуулалтыг цуг хийе гэж тохиролцсон. Гэтэл 20,000,000 төгрөгийн зээлсэн болгож гутал байгаа өрөөг түрээсэлж түрээсийн мөнгийг өгөхгүй байна гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О, Н.У нарт холбогдуулан гаргасан гутлуудыг орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах, зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүх талүудын маргаж буй зүйл, гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтанд үнэн зөв үнэлэлт хийгээгүй. Хариуцагчийн талд үйлчилж нэхэмжлэгчийг буруутгах оролдлого хийж нэхэмжлэгчийн яриагүй зүйлийг ярьсан мэт болгох, зохимжгүй зан авир гаргаж байгаа нь хэргийг хараат бус бодитоор шийдвэрлэх боломжгүй гэх сэтгэгдэл төрүүлсэн. Нэхэмжлэгч нь Н.У, Ц.О нарын гуйлтаар бичгээр баримт үйлдэж 9,800,000 төгрөгийг дансаар, 27.000 юань болон 250,000 төгрөгийг бэлнээр, нийт 22,049,000 төгрөгийг Н.Ут өгснийг баримтаар нотолсон. Хариуцагч Н.У нь Хятад улсаас импортоор гутал оруулж ирэх тухайгаа хэлж мөнгө олж өгөөч гэж гуйсан тул би тусалсан. Бичгээр баримт үйлдэн мөнгө зээлүүлсэн болохоос хамтран бизнес эрхлэхээр гэрээ байгуулаагүй. Барааг худалдан авах, хил гаалиар оруулах, хэн зарах, ашгаа яаж хуваах яриа болоогүй. Гэтэл шүүх 22,049,000 төгрөгийг хугацаагүй, хүүгүй зээлсэн нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

5.2. Хариуцагч гутлыг хил гаалиар оруулж ирсний дараа хадгалах газар байхгүй, байр олж өгөхийг гуйсан талаар шүүхэд өөрөө мэдүүлсэн. Түрээсийн төлбөр өгнө гэж хэлцэл хийж байрыг чөлөөлүүлсний дараа Н.У нь гутлаа орон сууцны 2 өрөөнд авчирч 2021 оны 6 дугаар сард цоожны голыг сольж, байрыг 2023 оны 10 дугаар cap хүртэл эзэмшиж боломжтой гутлуудаа өөрөө авч Драгон дээр дэлгүүр нээж, хүн ажиллуулсан. Би Н.Уийн гуйлтаар ганц 2 хүнийг явуулж түүнтэй уулзуулсан боловч нэг ч хүн гутал аваагүй, Хөвсгөл, Сэлэнгэ аймгаас гутлыг буцаасан байдаг. Гэтэл намайг гутал аваад зарсан гэх хариуцагч нарын худал мэдүүлгийг иш татан намайг гутал зарах ажилд оролцож байсан гэж үндэслэлгүй зүйлийг дурджээ. Би Н.У-ийн гуйлтаар нэг удаа очиж гутлуудыг харснаас дахин хараагүй. 2023 оны 9 дүгээр сард Н.У, Ц.О нарыг дуудаад ирэхгүй байсан тул давхар цоож хийж байрыг суллаж подволд гуталнуудыг оруулсан. Байраа аман хэлцлээр түрээсэлж төлбөрөө авсан нь нотлогдож байхад шүүх үүнийг үгүйсгэсэн нь үндэслэлгүй.

5.3. Хариуцагч нар шүүхэд Ц.О байнга мөнгөө нэхэж байсан, шүүх цагдаад өгнө гэж айлгасан, сүрдүүлсэн гэж удаа дараа мэдүүлж, зээлсэн мөнгөө авахыг шаардаж байсныг хүлээн зөвшөөрсөн. Н.У нь утсаар залгаад мөнгөө авъя гэж уурладаг байсан гэжээ. Энэ талаар бидний гар утасны бичлэгүүд байдаг ч зөвхөн Н.Уийн гар утсан дээр байсан хэрэгт ач холбогдолгүй гутлын зургуудад үзлэг хийж, харин нэхэмжлэгчийн мөнгөө авах, байраа чөлөөлүүлэх шаардлагыг үл тоомсорлосон. Хариуцагч нар гутлуудыг өөрийн өмч болохыг хүлээн зөвшөөрч Хятад улсаас өөрсдөө худалдан авч хил гаалиар оруулж ирж бусдын байр савыг түрээслэн, хадгалж 2 жил гаруй хугацаанд өөрсдөө худалдан борлуулан байрыг склад болгон цоожийг сольж түлхүүрийг 2021 оноос өнөөг хүртэл эзэмшиж байгаа нь нотлогдож байхад шүүх гутлуудыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч АОС-д оруулсан, түлхүүрийг өөрөө гэрчид даалгавар өгч өөрчилүүлсэн, түлхүүр хариуцагч нарт байгаа болох нь тогтоогдоогүй тул гутлуудыг орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй.

Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргаж гутлуудыг авахыг шаардсан нь өөрсдийнхөө өмч болохыг хүлээн зөвшөөрсөн баримт бөгөөд энэхүү гутлыг орон сууцнаас гаргах нэхэмжлэлийг хангах үндэстэйг нотолж байна. Хариуцагчийн Хөх хотоос Эрээн хүртэл 1200 юань, Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл 3200 юань, 2 дахь ачаа болох 2000 хос гутал, хайрцагтай нь ачуулахад Хөх хотоос Эрээн хот хүртэл 2000 юань, Эрээн хотоос УБ хот хүртэл 5000 юанийн төлбөр гарсан. Ачаа тээврийн зардалд 11400 юань, Эрээн хотод буулгалт ачилт 650 юань, нийт 12050 юань болсон гэж шүүх дээр мэдэгдэж байгаа нь хамтарсан бизнес хийх асуудал байхгүй байсныг бодитойгоор харуулсан. Түүнчлэн, гутлын үнэ төлбөр төлөгдсөн гэх баримт нь хуурамч, тамга тэмдэг баталгаа байхгүй нотлох баримтын хэмжээнд тооцогдохгүй зүйлийг шүүх хүлээн авсан.

Иймд хариуцагч Н.У, Ц.О нарын орон сууцанд байгаа гутлуудыг гаргуулах, орон сууцны түлхүүрүүд болон зээлээр олгосон 19,549,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүхээс нэхэмжлэгч Ц.О-аас хариуцагч Н.У нь дансаар 9,800,000 төгрөг, бэлнээр 250,000 төгрөг, 27000 юань хүлээн авсан нь талуудын тайлбар, Н.У-ийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байх боловч гүйлгээний утга, хэргийн 5 дугаар хуудас дахь баримтыг зээлийн гэрээний харилцааг нотолсон баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөнгө хүлээн авсан баримт дээр зээлийн зориулалттай гэсэн үг, өгүүлбэр байхгүй, 36 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Н.Уийн Хаан банк дансны хуулганд нэхэмжлэгч Ц.О-ын шилжүүлсэн 9,800,000 төгрөгийн гүйлгээний утга дээр төлбөр гэж бичигдсэн бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж шүүх зөв дүгнэсэн.

Мөн шүүхээс хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлэг, хэргийн үйл баримт зэргийг бодитойгоор тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр талуудын хооронд талууд хамтарч ашиг олох хүсэл зорилготой байсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс орон сууцыг түрээсэлсэн түрээсийн төлбөрийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Н.У, Ц.О нарт холбогдуулан гутлуудыг орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүрүүд болон 20,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гутлуудыг орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүр болон зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд нэхэмжлэгчээс хариуцагч нар нь 22,049,000 төгрөгийг зээлсэн, эсхүл нэхэмжлэгч нь ашиг олох зорилгыг хамтран хэрэгжүүлэхээр хариуцагч нарт мөнгөн хөрөнгө оруулсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

3.1 Хэргийн 5 дугаар талд гараар бичсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад 27,000 юань болон 250,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан Н.У, үлдэгдэл 9,800,000 төгрөг гэж бичсэн байна.

 

3.2. Үүний дараа нэхэмжлэгч Ц.О нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ХААН банкны 000000000 тоот данснаас 9,800,000 төгрөгийг хариуцагч Н.Уийн ХААН банкны 0000000000 тоот дансанд төлбөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон.

 

3.3. Дээрх баримтад хариуцагч Н.У гарын үсэг зурсан, 27,000 юань болон 10,050,000 төгрөгийг нэхэмжлэгчээс бэлэн болон бэлэн бусаар дансаар шилжүүлэн авсан талаар талууд маргахгүй байна. /хх-5, 35/

 

3.4. Харин хариуцагч Ц.О, Н.У нар 2021 оны 05 дугаар сараас 3,500 ширхэг хос гутлыг БНХАУ-аас оруулж ирсэн, уг гутлуудыг Баянгол дүүрэг, 36 дугаар хороо, АОС-ны 13 тоотод хадгалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ.

 

3.5. Түүнчлэн, гэрч Б.А шүүхэд ...Н.У нь ахтайгаа хамт гутал оруулж ирж байгаа туслаад өг гэсэн, Хорооллын Говь саунаас уруудад Ц.О-ын хаус байдаг гээд тэнд гутлуудыг оруулсан. Тэр үед Ц.О ах өөрөө ирээд гутлуудыг зөөж, размер солигдсон байсныг цэгцэлж янзалсан. Энэ ажил нэг өдөр үргэлжлээгүй, би хэдэн өдөр очсон. Мөн Н.У нь надад Ц.О ах хөдөө гутал явуулаатах гэсэн гэж хэлээд бид 2 гутлыг ангилалт хийж, хамаатных нь хүн цагаан портероор ачиж драгон хүргэж өгсөн. Гутлууд буух өдөр Ц.О ах өөрөө байсан. Н.У болон Ц.О нар мөнгөө нийлүүлж, хамтарч гутлын наймаа хийж байгаа гэж ярьж байсан гэх агуулгатай,

 

Гэрч Ч.М шүүхэд Би 2021 оны 09 дүгээр сард Баянгол дүүрэг, 36 дугаар хороо, амины орон сууцны 13 тоотод нүүж ирсэн бөгөөд нэг давхарт хүмүүс байгаад байхаар нь асуухад гутал зарж байгаа гэсэн. Гутал байсан байшингийн түлхүүр Н.Ут байсан. Ц.О нь гутал байна борлуулаад өгөөч гэсэн тул Драгон төвөөс Н.Ут лангуу хямдаар гаргуулж өгсөн. Ц.О нь хаалгануудын түлхүүр надад байхгүй, тэрний цоожийг солиулаад гадна талд нь гинж зүүгээд цоожлоод түлхүүрийн надад өг, гутлуудыг В1 давхар луу зөөчих гэж хэлсэн. Гутлуудыг зөөхөд том хайрцагтай 10 ширхэг, 20-30 ширхэг шуудайтай байсан. гэх агуулгатай,

 

Гэрч Б.Б-гийн шүүхэд Ц.О нь намайг 1 давхрын 2 өрөөг цэвэрлэчих, Н.У гэдэг хүн очно гэж хэлсэн. Тэгээд гутал ирээд би, миний хүү, найз Н.Уранцэцэг бид буулгалцаад ялгаж тавьсан. Байрны түлхүүр эхний хэд хоног надад байж байгаад Н.У авсан. Драгон төвийн лангууг түрээсэлж байхад би 1 сар ажилласан. 1,000,000 төгрөгийн гутал зарснаас 500,000 төгрөгийн цалин, 100,000 төгрөгийг хоолны мөнгө гэж аваад үлдэгдэл мөнгийн Н.Уийн дансанд хийсэн. Ц.О, Н.У нарыг хамтран гутал зарж байгааг гадарлаж байсан. Драгоны лангуун дээр Ц.О нэг удаа ирсэн. гэх агуулгатай мэдүүлгийг тус тус өгсөн.

 

3.6. Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөхдөө гараар бичсэн баримт болон дансны хуулгад зээлдүүлсэн гэх утгыг тусгаагүйгээс гадна уг мөнгөн хөрөнгийг буцаан авах хугацааг тогтоогоогүй, хүүгийн талаар тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Иймд хэргийн баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбарыг хооронд нь харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3.7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагч нарт 22,049,000 төгрөгийг зээлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн ...бичгээр баримт үйлдэн мөнгө зээлдүүлсэн... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4. Талууд 50:50 хувиар хөрөнгө оруулалт хийж БНХАУ-аас гутал оруулж ирсэн, нэхэмжлэгч нь өөрийн ахын орон сууцанд гутлуудыг хадгалсан, гутлуудыг зарахын тул Ч.Мыг гуйж Драгон төвд лангуу авсан, худалдагчаар Б.Б-ийг ажиллуулсан, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг руу гутал худалдан борлуулахаар явуулсан зэрэг үйл баримтууд гэрч Б.А, Ч.М, Б.Болорцэцэг нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иймд анхан шатны шүүх талууд ашиг олох хүсэл зорилготой байсан нь тогтоогдсон тул хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгахгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн ...хамтран бизнес эрхлэх талаар гэрээ байгуулаагүй, барааг худалдан авах, хил гаалиар оруулах, хэн зарах, ашгаа яаж хуваах яриагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. /хх133-155/

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гутлуудыг орон сууцнаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан боловч тэрээр шүүх хуралдаанд төрсөн ах Ц.Ч-ын орон сууц гэж тайлбарласан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан. Гэтэл Баянгол дүүрэг, 36 дугаар хороо, амины орон сууцны 13 тоот орон сууц нь нэхэмжлэгч Ц.О-ын өмч биш болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хариуцагч нарын гутлуудыг орон сууцнаас гаргуулах тухай шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

6. Түүнчлэн, анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч зөвшөөрч гутлуудыг орон сууцанд хадгалуулсан, орон сууцны түлхүүрийг өөрчлүүлснээс гадна уг орон сууцны түлхүүр хариуцагч нарт байгаа болох нь тогтоогдоогүй дүгнэн, нэхэмжлэгчийн орон сууцны түлхүүрүүдийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн ...байрыг склад болгон цоожийг сольж түлхүүрийг 2021 оноос өнөөг хүртэл эзэмшиж байгаа... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасантай нийцүүлэн үнэлж хариуцагч Н.У, Ц.О нараас гутлуудыг орон сууцнаас гаргуулах, тус орон сууцны түлхүүр болон зээлийн гэрээний үүрэгт 19,549,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/03502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр урьдчилан төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ