| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0264/И |
| Дугаар | 264 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 109-р байрны 12 тоотод оршин суух, онцгой байдалд дуудлага хүлээн авагч ажилтай, Тогооч овогт Жаргалсайханы Оюун-Эрдэнэ /РД: ЕЭ88050668/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 150-р байрны 34 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Эргэл овогт Бэхбатын Доржсэмбэ /РД: ЕП83072519/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох иргэний нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.Доржсэмбэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр Б.Доржсэмбэтэй 2006 онд гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 2006 оны 10 сарын 03-нд охин Д.Номин-Эрдэнэ төрсөн. Үүнээс хойш 4 жилийн хугацаанд үргэлж муудан таарч тохирохоо больж тусдаа 7 жил амьдраад цаашид хамт амьдрах шаардлагагүй болсон. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 1 хүүхдээ өөрийн асрамжинд авна, хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Доржсэмбэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид өмнө нь хамт амьдарч байсан ч одоо тус тусдаа амьдралтай болоод 7 жил болж байна. Миний хувьд өөр хүнтэй хамтын амьдралтай болоод 5 жил болж байна. Иймд Ж.Оюун-Эрдэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй. Өөрийн төрсөн охин Д.Номин-Эрдэнийг ээж Ж.Оюун-Эрдэний асрамжинд үлдээнэ. Би ажлын шаардлагаар байнга Эрээн-Замын-Үүдийн хооронд том машинтай явдаг, зарим тохиолдолд Эрээнд 7-10 хоногоор байх тохиолдол гардаг тул шүүх хуралдааныг зарлан эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр яаралтай хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Доржсэмбэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиноо ээжийх нь асрамжинд өгнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Б.Доржсэмбээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.Доржсэмбэ нар нь 2006 онд танилцаж гэр бүл болсноо 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 104 дугаарт бүртгүүлсэн байна. Зохигчдийн хамтран амьдрах хугацаанд 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр охин Д.Номин-Эрдэнийг төрүүлж, эцэг, эх болон гэрлэгчдийн эрх, үүргийг үүсгэн хамтран амьдарч байсан болох нь зохигчдийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Гоёомэнд өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэ, хариуцагч Б.Доржсэмбэ нар нь 2011 оноос хойш тусдаа 7 жил амьдарч байгаа байдал, зохигчид хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, зохигчид нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаа үүсгэн хамт амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэх боломжгүй болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж зохигчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Доржсэмбэ нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин Д.Номин-Эрдэнийг ээж Ж.Оюун-Эрдэний асрамжид үлдээхийг зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр охин Д.Номин-Эрдэнийг түүний эх Ж.Оюун-Эрдэний асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэ нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, мөн зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тогооч овогт Жаргалсайханы Оюун-Эрдэнэ, Эргэл овогт Бэхбатын Доржсэмбэ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2006 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Д.Номин-Эрдэнийг эх Ж.Оюун-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг татварын тасгийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Доржсэмбээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэд олгосугай.
4. Нэхэмжлэгч Ж.Оюун-Эрдэнэ хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Энхзулд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА