Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 183/2023/05061/И |
Дугаар | 210/МА2024/01789 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/01789
2024 09 18 210/МА2024/01789
Г банк ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02659 дугаар шийдвэртэй, Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК, А.Х нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 391,705,595 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Г банк ХК-аас М ХХК, А.Х нартай 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 341,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай зээлсэн. Дээрх гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарьт тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан.
1.2. М ХХК, А.Х нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээл 304,295,778.99 төгрөг, үндсэн хүү 81,259,837.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,876,645.52 төгрөг, даатгалын өр 2,273,333.36 төгрөг нийт 391,705,595.63 төгрөг болсон.
Иймд хариуцагч М ХХК, А.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 391,705,595.63 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. М ХХК, А.Х нараас автомашин худалдан авах зорилгоор Г банк ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээл авснаас хойш ковид-19 цар тахал эрчимтэй тархаж, худалдаа үйлчилгээг хааж, түрээсийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж орлого эрс багассан боловч зээлийн төлөлтийг аль болох хугацаа хожимдуулахгүйгээр үндсэн зээлд 36,704,221 төгрөг, үндсэн хүүнээс 116,952,505 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 333,319 төгрөг, даатгалд 11,365,666 төгрөг, нийт 165,357,072 төгрөгийн төлөлтийг банкинд төлсөн.
2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар зээлдэгч нараас гүйцэтгэх ёстой үүргийнхээ 80 хувийг гүйцэтгэсэн, 20 хувийн зөрчил гаргасан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт гэрээг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзах эрхгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, урт хугацаатай гэрээний зөрчлийн хэмжээ гэрээний хугацаа, төлөх төлбөртэй харьцуулөал бага байгааг ялимгүй зөрчил гэж үзнэ.
2.2. Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байхаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасан. Тодруулбал, урт хугацаатай гэрээний хувьд нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан бол гэрээнээс татгалзахаас өмнө нөгөө талдаа татгалзах тухайгаа мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл банк зээлдэгч нарт гэрээнээс татгалзсан талаар мэдэгдээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч М ХХК, А.Х нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 391,705,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгож,
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М ХХК-ийн эзэмшлийн 00000000000 арлын, 00-00 улсын дугаартай LEXUS LX570 маркийн автомашин, А.Хийн өмчлөлийн ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, 132.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,186,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК, А.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,186,677 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв, хууль ёсны гарсан нь эргэлзээтэй байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй Г банк ХК-ийн бизнес төвийн захирлын ажлын байрны тодорхойлолт нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ажлын байрны тодорхойлолт байх бөгөөд талуудын маргаж буй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан. Гэрээ байгуулагдах тус цаг хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан эрх, үүрэг адил байсан эсэх эргэлзээтэй. Түүнчлэн, тодорхойлолтод дурьдсан заалтуудын дагуу зээлийн гэрээг төлөөлж гарын үсэг зурах эрхтэй байна гэж тайлбарласан боловч тухайн ажлын байрны тодорхойлолтод зээлийн гэрээнд дангаар төлөөлж гарын үсэг зурах эрхтэй эсэх, зээл олгох эрхийн хязгаарлалт хэдэн төгрөг байгаа эсэх талаар тодорхойлсон заалт байхгүй, шүүх салбарын захирал тул зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй гэж таамаг төдийгөөр шийдвэрлэсэн.
Мөн талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Г банк ХК-ийг төлөөлж салбар төлөөлөгчийн газар байгуулсан. Гэтэл Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна, мөн хуулийн 29.6 дахь хэсэгт хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж тус тус заасан. Хоум ланд орон сууцны төв салбарт, мөн захирал н.Гантөмөрт Г банк ХК-ийг гүйцэтгэх захирал Норихико Катогоос зээл олгох, зээлийн үйл ажиллагаа явуулах итгэмжлэл авагдаагүй, энэ талаарх баримтаа нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байхад шүүх зээлийн гэрээ байгуулах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу зээлийн гэрээ хийх эрх олгосон баримтыг гаргаж өгөөгүй.
Банкны нэгжийн журмын 1.5-д Банкны төв, салбарын харьяалалд байх нэгж болох банкны тооцооны төв нь хуулийн этгээд, иргэдийн харилцах, хадгаламж байршуулах, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхэлж, банкны төв болон банкны салбараас тогтоосон зээлийн эрх хэмжээний хязгаарлалтын хүрээнд зээлийн үйл ажиллагаа эрхэлж болно, 1.8-д Монгол банкнаас банкны төлөөлөгчийн газар, салбар, тооцооны төв байгуулахад ерөнхий зөвшөөрөл олгоно, 2.5-д Банк нь Монголбанкны Ерөнхийлөгчийн олгосон ерөнхий зөвшөөрлийг үндэслэн салбар, тооцооны төв байгуулсан талаар Монголбанкинд тухай бүр мэдэгдэж, шинээр байгуулсан болон байршлыг өөрчилсөн салбар, тооцооны төвийн мэдээллийг банкны гэрчилгээний хавсралтад тэмдэглүүлэн баталгаажуулна гэж тус тус заасан байгаа бөгөөд Голомт банкны Хоум ланд орон сууцны төв салбар нь Монгол банкнаас зөвшөөрөл авсан эсэх, зээлийн эрхийн хэмжээ хэд эсэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий баримт тодорхойгүй байхад шүүх энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тогтоогоогүй бөгөөд зээлийн өр төлбөрөө төлөх талаар нэг ч албан тоот, шаардлага хүргүүлж байгаагүй, хариуцагчийн зүгээс үүсээд буй зөрчлөө арилгачихвал зээлийн гэрээ хэвийн үргэлжлэх болно гэсэн ойлголттой байсан. Гэтэл нэхэмжлэгч зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй атлаа шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заалтыг зөрчсөн. Энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд нэмэлт хугацаа тогтоосон гэх заалтыг үндэслэлээ болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Мөн шүүх ...өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн зөрчил нь хүү тооцооллын хүснэгтээр тогтоогтож байх тул ялимгүй зөрчил гэж үзэхээргүй байна гэж тайлбарласан байна. Гэвч ямар учраас ялимгүй зөрчил гэж үзэхээргүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй дүгнэлт хийсэн.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тухайн зээлийг авсан, хуульд заасны дагуу хүү тооцооллыг хийсэн эсэх талаар маргаангүй. Аливаа компаниуд нь үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг салбар нэгжээр төлөөлүүлэн хийлгэж болдог. Уг чиг үүргийн дагуу манай байгууллага өдөр тутмын үйл ажиллагаа болох мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоо, хадгаламж, зээлийн үйл ажиллагааг салбар тооцооны төвүүдээр хийлгэсэн. Мөн н.Гантөмөрийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардсан. Уг шаардлагын дагуу хувийн хэрэгт хавсаргасан ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Хоум ланд орон сууцны төв болж өргөжсөн. Тухайн 2 байршлын нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй боловч адилхан үйл ажиллагаа явуулж байна.
5.2. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болон 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, харилцагчид зээл төлөх боломжийг олгосон. Мөн хувийн хэрэгт хавсаргасан баримтуудаар ипотекийн гэрээг анх орон сууцны зориулалтаар ашиглах үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ байгуулсан. Харилцагчтай түрээсийн гэрээ байгуулахын тулд орон сууцны зориулалттай болгосноор бид нар Жи эс 25 дэлгүүр түрээслэх боломжтой гэж үзсэн. Хэргийн материалд уулзалтын тэмдэглэлийг хавсаргасан бөгөөд тухайн тэмдэглэлд уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх талаар дурдагдсан гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч М ХХК, А.Х нарт холбогдуулан үндсэн зээл 304,295,778 төгрөг, зээлийн хүү 81,259,837 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,876,645 төгрөг, даатгалын өр 2,273,333 төгрөг, нийт 391,705,595 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
3.1. Г банк ХК болон М ХХК, А.Х нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г банк ХК нь зээлдэгч М ХХК, А.Х 341,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх6-11/
3.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр улсын 00-00дугаартай, Лексус 570 маркийн суудлын авто машиныг барьцаалсан, мөн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр А.Хийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байршилтай, 132.8 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ипотекийн гэрээг тус тус байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх18-23/
3.3. Талууд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас шалтгаалан авч буй арга хэмжээний хүрээнд 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 63 сар байхаар өөрчлөлт оруулж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дахин өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 5 сараар хойшлуулж, зээлийн хүүг 19.2 гэснийг 11.8 гэж өөрчлөлт оруулсан. /хх 12-17/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.4. Зээлдүүлэгч Г банк ХК нь гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нараас үндсэн зээлд 36,704,221 төгрөг, зээлийн хүүд 116,952,805 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 333,319 төгрөг, даатгалын өрөнд 11,366,666 төгрөг, нийт 165,357,012 төгрөг төлсөн үйл баримтын талаар хариуцагч нар маргахгүй байна. /хх 5/
3.5. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн буруутай байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.
Иймд хариуцагч М ХХК, А.Х нараас үндсэн зээл 304,295,778 төгрөг, зээлийн хүү 81,259,837 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,876,645 төгрөг, даатгалын өр 2,273,333 төгрөг, нийт 391,705,595 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХК-д олгож, хариуцагч А.Хийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй, ЧД-ийн 0 дугаар хороо, 00 тоот хаягт байршилтай, 132.8 м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, улсын 00-00дугаартай, Лексус 570 маркийн суудлын авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 452.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан байхад 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан эрх, үүрэг адил байсан эсэх, гэрээнд дангаар төлөөлж гарын үсэг зурах эрхтэй эсэх, зээл олгох эрхийн хязгаарлалт хэдэн төгрөг байгаа эсэх талаар тодорхойлсон заалт байхгүй, Хоумланд орон сууцны төв салбар болон захирал Б.Г-т Г банк ХК-ийг гүйцэтгэх захирал Норихико Катогоос зээл олгох, зээлийн үйл ажиллагаа явуулах итгэмжлэл авагдаагүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
4.1. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, мөн хуулийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж заасан.
4.2. Хэрэгт авагдсан Г банк ХК-ийн Бизнес төвийн захирлын ажлын байрны тодорхойлолтод ...зээлийн хүсэлтийг холбогдох журам, дүрмийн хүрээнд шийдвэрлэх, эрх бүхий этгээдийн зээл шийдвэрлэх эрхийн матрицын дагуу эрхийн хүрээнд шийдвэрлэх, зээл олголтын өмнөх материалын хяналтыг хийх, гүйлгээ хийх шийдвэрийг баталгаажуулах, зээл олгох гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол үнэн зөв хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих... гэж зааснаас үзэхэд Хоумланд орон сууцны төв-ийн захирал Б.Г нь хариуцагч нартай 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /хх-ийн138-142/
4.3. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заасан. Итгэмжлэл олгосон болон авсан талын хэн аль нь маргаагүйгээс гадна зээл олгох гэрээ байгуулахад төлөөлж хүсэл зоригийг илэрхийлснийг төлөөлүүлэгч дэмжин зөвшөөрсөн, улмаар банкны эрх бүхий этгээд зээлийн гэрээний харилцааг дэмжиж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэх талаар нэмэлт хугацаа тогтоогоогүй, зээлийн өр төлбөрөө төлөх талаар мэдэгдж шаардлага хүргүүлж байгаагүй, мөн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа талаар мэдэгдээгүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан хууль зөрчсөн, шүүх ялимгүй зөрчил биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
5.1. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дээрх зээлийн гэрээний хугацааны талаар нэмэлт өөрчлөлт оруулсан байх ба энэ хугацааны хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч нар үүргийн зөрчил үүсгэсэн байна. Түүнчлэн, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс хойш дахин үүргийн зөрчил үргэлжилсэн байх тул ялимгүй зөрчил гэж үзэхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
5.2. Мөн үүргийн зөрчил нэгэнт үүссэн, хугацаа өнгөрсөн ч үүргийн зөрчил үргэлжилж байсан, нэхэмжлэгчээс хариуцагч нарт тодорхой хугацаа олгосон байх тул нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарт урьдчилан мэдэгдэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2024/02659 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Х-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 2,186,677 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ