Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 929

 

                    

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Хохирогч Д.Сосорбарам,

Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД:0248/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шад холбогдох 1906 02360 1027 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Назо групп” ХХК-й “Дамдинсүрэнгийн Батжаргал” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Бийн Ш /РД:.............../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Ш нь 2019 ны 04 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруун тэнгэр хотхоны 45 дугаар байрны 85 тоотод өөрийн салсан эхнэр Д.Сосорбарамыг зодож гарыг нь хутгаар зүсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сосорбарамын өгсөн: “...04 дүгээр сарын 11-12 шилжих шөнө Ш яриад орцны код хэлээд өгөөч гэхээр нь би кодоо хэлж хаалгаа тайлж өгөөд шууд аав ээжийнхээ өрөө рүү орсон. Тэгсэн Ш гал тогооны өрөөнөөс хутга аваад ээж аавын өрөө рүү орж ирж цоожлоод намайг дарж авч би чамайг алах гэж ирсэн гэж хэлсэн. Би тэгэхээр нь орилсон, уйлсан, гуйсан, ямар ч нэмэр болохгүй далайгаад миний гарыг зүссэн. Тэгээд цус гарсан чинь Ш өөрөө сандарсан байх. Тэгэхлээр нь би одоо хоёулаа эвлэръе гэж хэлээд хутгыг нь авч халдуулсан. Бид хоёрыг тэгж байхад охин сэрсэн. Тэгээд  Шээ гал тогооны өрөө рүү орох гэхэд шанаа руу 2 удаа цохисон. Би гал тогооны шүүгээнээс хөдлөөгүй. Чи миний хэлсэн болгоныг хийх ёстой, уулзаж байгаа хүнийхээ тухай хэл,  тэгээд энэ явдлаа хав дар гэж хэлсэн. Би гэрээсээ гаргаж аваад байж байтал цагдаа ирсэн байсан. Би өөрөө цагдаа дуудаагүй манай хажуу айлын хүн цагдаа дуудсан байна лээ. Би тэгээд том эгч рүү яриад хуучин нөхөр ингэчихлээ гэж хэлсэн. Одоо миний гар зүгээр болсон. Би зүүн гартаа алганы том соривтой. Энэ гарыг зүссэн, бүрэн гүйцэд эдгэсэн. Гомдол санал байхгүй, энэ хүнтэй дахин холбогдмооргүй байна.  Манайд хэрэг болох үед ээж  аав байгаагүй юм. Би өмнөх мэдүүлэгтээ сандраад аав ээж байсан гээд хэлчихсэн байна лээ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сосорбарамын өгсөн: “2019 оны 4 дүгээр сарын 12-ны шөнө салсан нөхөр Б.Шжижрбат нь миний гар утас луу залгаж “орцныхоо кодыг хэлээд өг, би гэрт орж ганц хоёр зүйл хэлчихээд яваад өгнө” гэж хэлэхээр нь орцныхоо кодыг хэлж өгсөн ба гэрийн гадна ирээд хаалга үүд өшиглөөд байхаар нь би аав, ээж сэрчихэж магадгүй гэж айгаад хаалгаа онгойлгож өгсөн. Тэгэхэд салсан нөхөр архи уучихсан орж ирээд “би чамайг алах уу, яах уу гэдгээ 3 өдөр бодон бодон байж ирлээ” гээд гал тогоо руу орж хэрэглээний шар алаг иштэй хутга аваад намайг жижиг өрөө рүү баруун гарнаас чирч оруулаад хоёр удаа зүүн гараараа миний баруун талын шанаа руу цохиж, хутгаа далайгаад хана руу нэг удаа зоогоод хутганы үзүүрийг нь муруй болгосон. Би энэ үед айгаад орилсон ба хоёулаа ярилцъя гэж гуйхад хоёр гараараа миний гэдэс рүү цохих үед би айгаад зүүн гараа урдаа барьж байхад шууд нөгөө шар алаг иштэй хутгаар миний зүүн гарыг зүссэн...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сүрэнжавтүнжингийн өгсөн: “Тэр шөнө 04 цагийн үед Сосорбарам над руу залгаад уйлаад байсан. Би яасныг нь асуухад Ш намайг зодоод хутгаар гар зүсчихээд гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр, хүүхдийн хамт очсон. Очиход зүүн гарынх нь алга нь зүсэгдсэн, цус гарсан байдалтай, нүүр нь хавдсан, нүдний ухархай нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Шын хувийн байдлын талаар гэрч О.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Шын хувийн байдлын талаар гэрч Ө.Шинэбаярын өгсөн мэдүүлэг /хх.14/,

Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх.28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4582 дугаартай:

“1.Д.Сосорбарамын биед зүүн гарын алганы зүсэгдсэн шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Шын яллагдагчаар өгсөн: “... Сосорбарам баруун гартаа хутга барьсан байхад нь би хоёр гараараа баруун гарынх нь бугуй хэсгээс атгаж, хутгыг нь авах гэтэл Сосорбарам зүүн гараараа хутганы ажлын хэсгээс нь атгаад татсан. Би хүчээр хутгыг нь булааж аваад өөр тийш нь шидсэн. Энэ үед Сосорбарамын гар зүсэгдсэн... Тэгээд ариун цэврийн өрөөнд орж гарыг нь угаагаад “эмнэлэг оръё” гэж хэлсэн чинь “үгүй ээ эмнэлэг орохгүй, чи яв” гэсэн... Би охиныгоо дуудаж нэг үнсчихээд гараад явсан....” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Б.Шын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.31/,

Б.Шын нийгмийн даатгалын лавлагаа /хх.34/,

Б.Шын ажил байдлын тодорхойлолт /хх.36/,

Б.Шын хувийн байдлын талаарх баримтууд /хх.37-52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Ш нь 2019 ны 04 дүгээр сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Саруун тэнгэр хотхоны 45 дугаар байрны 85 тоотод өөрийн салсан эхнэр Д.Сосорбарамыг зодож гарыг нь хутгаар зүсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сосорбарамын өгсөн: “... хоёр удаа зүүн гараараа миний баруун талын шанаа руу цохиж, хутгаа далайгаад хана руу нэг удаа зоогоод хутганы үзүүрийг нь муруй болгосон. Би энэ үед айгаад орилсон ба хоёулаа ярилцъя гээд гуйхад хоёр гараараа миний гэдэс рүү цохих үед би айгаад зүүн гараа урдаа барьж байхад шууд нөгөө шар алаг иштэй хутгаар миний зүүн гарыг зүссэн...” гэх мэдүүлэг /хх.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сүрэнжавтүнжингийн өгсөн: “... Очиход зүүн гарынх нь алга нь зүсэгдсэн, цус гарсан байдалтай, нүүр нь хавдсан, нүдний ухархай нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх.12/,

Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх.28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4582 дугаартай:

“1.Д.Сосорбарамын биед зүүн гарын алганы зүсэгдсэн шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Шын яллагдагчаар өгсөн: “... Энэ үед Сосорбарамын гар зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Сосорбарамын өгсөн “...Ш гал тогооны өрөөнөөс хутга аваад ээж аавын өрөө рүү орж ирж цоожлоод намайг дарж авч би чамайг алах гэж ирсэн гэж хэлсэн. Би тэгэхээр нь орилсон, уйлсан, гуйсан, ямар ч нэмэр болохгүй далайгаад миний гарыг зүссэн. Тэгээд цус гарсан чинь Ш өөрөө сандарсан байх. ...Тэгээд  Шээ гал тогооны өрөө рүү орох гэхэд шанаа руу 2 удаа цохисон. ...Одоо миний гар зүгээр болсон. Би зүүн гартаа алганы том соривтой. Энэ гарыг зүссэн, бүрэн гүйцэд эдгэсэн. Гомдол санал байхгүй, энэ хүнтэй дахин холбогдмооргүй байна.  ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Шыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Шын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Д.Сосорбарам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.Шыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Шад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Шын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Шад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.Шад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хутга 1 ширхэгийг устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. С овогт Бийн Шыг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Шад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Шад сануулсугай.

          5. Хохирогч Д.Сосорбарам нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хутга 1 ширхэгийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР