Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01800

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23 210/МА2024/01800

 

 

М.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02809 дугаар шийдвэртэй,

М.Д-гийн нэхэмжлэлтэй, Т төвд холбогдох

Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45,432,671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М.Д нь Хан-Уул дүүргийн Т төвийн хүний их эмч албан тушаалд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс томилогдон ажиллаж байсан.

1.2. 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б.О-ийг Хан-Уул дүүргийн Туул тосгон эрүүл мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Б.О нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг өрөөндөө дуудаж уулзаад намайг сайн дураараа өргөдлөө өгөөд ажлаа хүлээлгэж өг, цаашид хамт ажиллаж чадахгүй, байгаа байдал чинь таалагдахгүй байна. Өргөдлөө өгөхгүй бол ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргана гэж дарамтлахад ажлаас өргөдлөө өгч гарах хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэлсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал өгсөн тул уг тушаалыг эс зөвшөөрч удирдлагын багийн гишүүдэд танилцуулахад гишүүдээс Б.О даргад хууль бус тушаал гаргасан байна гэж зөвлөсний үр дүнд надаас уучлалт гуйгаад тушаалын хуулбараа аваад ажлаа үргэлжлүүл гэж хэлсэн.

1.3. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр холбогдох хууль болон бусад дүрэм, журмыг ноцтой зөрчиж сонсох ажиллагааг явуулахгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 47 дугаартай хууль бус тушаал гаргасан. Би тушаалыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахад хурлаас Хан-Уул дүүргийн Т төв даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, М.Д намайг урьд эрхэлж байсан хүний их эмчийн албан тушаалд эгүүлэн авахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл дээрх шийдвэрийг Б.О нь үл хүндэтгэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

1.4. Б.О-ийг улсын бүртгэлд бүртгэж эрх олгоогүй байхад өөрт олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удаа дараа илт хууль бус тушаал гаргасан. Миний бие Хан-Уул дүүргийн Т төв даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаартай болон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай тушаалын аль нь хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж, цаашид хөдөлмөр эрхлэх эрхээрээ хохирч байна.

Иймд Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45,432,671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 183/ШШ2023/01823 дугаар шийдвэрээр М.Д-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 дугаар 9 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/01815 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2023/01381 тогтоолоор Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.2. Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/46 дугаар тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон. Уг тушаал анхан шатны шүүхэд хэлэлцэгдээд хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Мөн Б.О даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дугаар тушаалыг Улсын бүртгэлийн гэрчилгээнд үүрэг гүйцэтгэгч гэж тэмдэглэсэн.

Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг томилж чөлөөлнө гэж заасан. Түүнчлэн, Төсвийн тухай хуульд төсвийн шууд захирагчийн хувьд тухайн эрүүл мэндийн төвийн санхүүтэй холбоотой тушаал шийдвэр, ажилтанг ажлаас чөлөөлөх талаар зохицуулсан тул Б.О нь эрх хэмжээний хүрээнд уг тушаалыг гаргасан.

2.3. Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/47 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45,432,671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай М.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Үүрэг гүйцэтгэгч Б.О нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг өрөөндөө дуудаж уулзаад сайн дураараа өргөдлөө өгөөд ажлаа хүлээлгэж өг, би өөртэй чинь цаашид ажиллаж чадахгүй, өөрийн чинь байгаа байдал надад таалагдахгүй байна, хэрэв өргөдлөө өгөхгүй бол би өөрийг чинь ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргах болно гэж ажлын байрны дарамт, шахалтыг байнга үзүүлдэг байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу дүгнэж, хуулийг ноцтой зөрчиж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчиж 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 47 дугаартай илт хууль бус тушаал гаргасан.

4.2. Хан-Уул дүүргийн Т төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О нь улсын бүртгэлд өөрийг нь албан ёсоор бүртгэж эрх олгоогүй байхад өөрт олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удаа дараа илт хууль бус тушаал гарган Б.Дайриймааг 2 удаа ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон. Тиймээс Хан-Уул дүүргийн Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаар тушаал болон 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай тушаалын аль нь хүчин төгөлдөр эсэхэд өнөөдрийг хүртэл эргэлзэж, илт хууль бус тушаалуудаас болж нэхэмжлэгч цаашид хөдөлмөр эрхлэх эрхээрээ хохирсон.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 3 тушаал гарсан гэж тайлбарладаг боловч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаар тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 01815 дугаар магадлалд ...Т төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалд дурдагдсан үндэслэлд Б.Д Г.Отгонцэцэг, Ж.Анима нараас тус тус байгууллагын удирдлагад хандан гаргасан өргөдөл болон Б.Д Г.Отгонцэцэг, Ж.Анима нарын өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээс харвал 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т тухайлан заасны дагуу ажилтан М.Д нь үйлчлүүлэгч, хариуцагч болон хамтран ажиллагч нартайгаа бүдүүлэг харьцсан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Тиймээс Т төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Хан-Уул дүүргийн Т төвд холбогдуулан тус төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45,432,671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч М.Д нь Хан-Уул дүүргийн Т төвд их эмчээр ажиллаж байсан бөгөөд тус төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/46 дугаар тушаалаар М.Дайрмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг Т төвийн даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон үйл баримт хэргийн 42 дугаар тал дахь баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.

 

3.1. Мөн хариуцагч Хан-уул дүүргийн Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалаар тус төвийн их эмч нэхэмжлэгч М.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцласан. Уг тушаалд үндэслэлээ М.Д хамт ажиллагсад болох НЭМА Ж.Аника, хүний нөөц албан тушаалтай Б.Д үйлчлэгч Д.О нарыг хэл амаар доромжилж ажлын байрны дарамт үзүүлэн сүрдүүлж, удаа дараа бүдүүлэг харьцсан, тэдгээр ажилчдыг ажлаас гаргахад хүргэсэн, эмнэлгийн болон ажилчдын нэр хүнд, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах үйлдлийг удаа дараа гарган ажилтан албан хаагчдын дунд хагарал үүсгэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж заажээ.

 

3.2. Дээрх Хан-уул дүүргийн Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч М.Д хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01823 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Дг Хан-Уул дүүргийн Т төвийн их эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 14,135,409 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Хан-Уул дүүргийн Т төвд нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн. /хх46-51/

 

3.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2023/01815 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 183/ШШ2023/01823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч Т төвд холбогдох, урьд эрхэлж байсан их эмчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2023/01381 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 52-54, 61/

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнө нь Хан-уул дүүргийн Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул одоо дээрх 47 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох-оор үндэслэлээ өөрчилж шаардсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Учир нь Хан-уул дүүргийн Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох тухай үндэслэлийн агуулга нь нэг байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол гэж заасан үндэслэл тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.

 

4.1. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж дүгнэсэн зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т төвд холбодох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр шүүх М.Д-гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байсан. Учир нь талуудын маргаантай асуудлыг шүүх өмнө шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад уг нэхэмжлэлийг дахин хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасанд нийцэхгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоолгох... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1. Нэхэмжлэгч М.Д нь өмнө нь Хан-Уул дүүргийн Т төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хянан шийдвэрлэсэн. Үүний дараа Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай агуулын хувьд адилхан байхаас гадна уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгосноор ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах гэсэн үр дагавар нь мөн адил байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...түр орлон гүйцэтгэгч Б.О-ийг улсын бүртгэлд албан ёсоор бүртгэж, эрх олгоогүй байхад өөрт олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглан илт хууль бус тушаал гаргасан... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

6.1. Хан-Уул хуулийн этгээдийн улсын бүртгэлд Б.О-ийг Т төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2023 оны 02 сарын 28-ны өдөр бүртгэсэн нь тус Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж үзэхгүй байх үндэслэл болохгүй. Учир нь Б.Оийг Т төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эрх бүхий этгээдээс томилсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02809 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т төвд холбоогдох, Т төвийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 45,432,671 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч М.Д-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ