| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0887/Э |
| Дугаар | 930 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 930
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мт холбогдох 1906 00423 1069 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 1980 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Хүннү Молл” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эцэг, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 81 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Дийн М /РД:.........../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стийл Арт” ХХК-й байранд иргэн П.Энхмөнхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн өгсөн: “...Хохирогч бид хоёр хамт ажилладаг, арван жилд цуг сурч байсан. Хохирогч бид хоёр Гачууртад айлын хашаа янзалсан. Тэгээд мод буулгаж өгөөч гэхэд, буулгаж өгөхгүй гэсэн тэгэхээр би ажлын хувцас сольдог өрөөнд зодолдсон...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Энхмөнхийн өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр М, Эрхэмбаяр нарын хамт Гачууртад гүйдэг хашаа янзалчхаад 18 цагийн орчим “Стийл Арт” ХХКомпани дээр ирсэн юм. Тэгээд хувцас солих өрөөнд хувцсаа солих гээд байж байхад М намайг “ална шулна” гээд элдвээр хэлээд доромжлоод эхлэхээр нь би “чи эрүүлдээ юм ярь” гэхэд миний баруун нүд рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгсэн Жаргалсайхан гэх тэнд байсан залуу Мыг салгаад байж байхад М дахиад намайг татаж авчраад нүүр лүү мөргөөд гараараа нүүр лүү нэг удаа цохиод намайг заамдаж чирээд гадагшаа гарсан. Гадагшаа гараад намайг цохих гээд байхаар нь би утсаа гаргаж ирээд цагдаа дуудна гэхэд М зугтаагаад явчихсан... Гачууртад ажил хийж байхад М архи уугаад байсан юм. Тэгээд ажил дээр ирэхэд халамцуу болчихсон байсан бөгөөд Гачууртаас ирэх замдаа манай хашаанд юм буулгаад өг гээд байсан. Тэгэхээр нь би машин асаж унтраад байна, чадахгүй гэснээс болж намайг элдвээр хэлээд байсан юм. Ийм зүйлээс болж намайг зодсон юм. М тэр өдөр 0.33 граммын архи 2 шилийг уусан, нэлээд согтсон, тэгэхдээ тасраагүй байсан. Би бол тэр өдөр архи уугаагүй эрүүл байсан... Би Мтай Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 10 жилийн параллель ангид байсан. Тэгээд таньдаг байсан бөгөөд намайг “Стийл арт” ХХКомпанид 2017 онд ажилд ороход М энэ газар ажиллаж байсан. Тэгэхдээ тийм найзын харилцаа байхгүй... Би толгойны компьютер томограф 120.000 төгрөгөөр хийлгэсэн толгойгоо 4 хоног таньдаг хүнээрээ үнэгүй бариулсан. Би долоо хоног ажилдаа явж чадаагүй, 240.000 төгрөгийн цалингаа авч чадаагүй. Нийт 368.000 төгрөг Маас нэхэмжилнэ. М надтай уулзахгүй, ярихгүй таг алга болсон гомдолтай байна...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1019 дугаартай:
“1. П.Энхмөнхийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний доод зовхинд зулгаралт, дээд баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мын яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 01 сарын 04-ний өдөр хамт ажилладаг Энхмөнхийн хамт Гачууртад очиж ажил хийчхээд 17 цагийн орчим ажил дээр ирсэн юм. Би Энхмөнхийг гэрт портероор мод хүргээд өгөөч гэсэн чинь Энхмөнх чадахгүй гэснээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд би Энхмөнхөд 2 буудал газар мод хүргэж өгч чадахгүй гээд Энхмөнхийн нүүр лүү 2-3 удаа цохисон. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн... Би гадаа ажил хийгээд даараад 200 граммын шилтэй архи нэг шилийг уусан байсан бөгөөд согтоогүй байсан... Би Энхмөнхийг хашаанд машинаараа мод буулгаад өгөөч гэсэн чинь чадахгүй гэснээс болж маргалдсан юм. Энхмөнхийн барьж байсан машин нь албаны машин, мөн манай гэр ажлын газраас холгүй байдаг болохоор Энхмөнхийг хүргээд өгөөч гэсэн юм. Энхмөнх над руу устай сав авч шидээд намайг хэл амаар доромжлоод байсан юм... Энхмөнх бид хоёр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд нэг сургуульд сурч байсан, бид хоёр бие биенээ багаасаа мэдэх найзууд байгаа юм. Тэгээд “Стийл Арт” ХХКомпанид цуг ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.20, 46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Стийл Арт” ХХК-й байранд иргэн П.Энхмөнхийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Энхмөнхийн өгсөн: “... миний баруун нүд рүү гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгсэн Жаргалсайхан гэх тэнд байсан залуу Мыг салгаад байж байхад М дахиад намайг татаж авчраад нүүр лүү мөргөөд гараараа нүүр лүү нэг удаа цохиод намайг заамдаж чирээд гадагшаа гарсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1019 дугаартай:
“1. П.Энхмөнхийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний доод зовхинд зулгаралт, дээд баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Мын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд би Энхмөнхөд 2 буудал газар мод хүргэж өгч чадахгүй гээд Энхмөнхийн нүүр лүү 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.20, 46/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч П.Энхмөнх нь толгойн томографын шинжилгээний төлбөр 120.000 төгрөг, 7 хоног ажилдаа яваагүй 240.000 төгрөг, нийт 360.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар нэхэмжилсэн 120.000 төгрөгийг шүүгдэгч Д.Маас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Харин хохирогч П.Энхмөнх нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Маас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Д.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Мын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Мт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Мт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Дийн Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Мт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Мт сануулсугай.
5. Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Маас 120.000 төгрөг гаргуулж хохирогч П.Энхмөнхөд олгосугай.
7. Хохирогч П.Энхмөнх нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Маас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР