Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01801

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23 210/МА2024/01801

 

 

Х СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02330 дугаар шийдвэртэй,

Х СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ц.Э-д холбогдох

2,522,142 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Х СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай үнэ тариф батлах тухай тогтоолоор СӨХ-ны 1 өрхөд оногдох үйлчилгээний төлбөрийг сууцны м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосныг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаар бүх гишүүний хурлын шийдвэрээр дахин шинэчлэн тогтоосон байдаг. Гэтэл хариуцагч Ц.Э нь Х хорооллын 106 дугаар байрны 1001 тоотын өмчлөгч боловч 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл СӨХ төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

1.2. Хариуцагч руу утсаар ярьж СӨХ-ны мөнгөө төлөхийг сануулж шаардахад шалтаг тоочин, сүүлдээ шүүхэд өг төлөхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Уг үйлдэл нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг зөрчиж СӨХ-ны болон бусад төлбөрөө цаг тухай бүрт нь төлдөг оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд хариуцагч Ц.Э-ээс СӨХ-ны төлбөрт 2,522,142 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Х СӨХ-ны удирдах зөвлөлийн №2 дугаартай үнэ тариф батлах тухай тогтоолоор СӨХ-ны 1 өрхөд оногдох үйлчилгээний төлбөрийг м.кв тутамд 600 төгрөг байхаар тогтоосон бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай бүх гишүүний хурлын шийдвэрээр дахин шинэчлэн тогтоосон гэжээ. Би 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр холбогдох бичиг баримтуудтай танилцахад 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30 хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа СӨХ-ны бүх гишүүдийн хурал зохион байгуулагдах оролдлогууд хийгдэж байсан боловч ирц бүрдэхгүй шалтгаанаар бүх гишүүдийн хурал болж байгаагүй тул 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн СӨХ-ны бүх гишүүдийн хурлууд хүчин төгөлдөр бус юм.

Манай хороолол нийт 1,420 өрхтэй бөгөөд үүнээс 20 хувь буюу 284 өрх бичгээр санал өгсөн, 426 өрх биечлэн хуралдаа оролцох байтал энэ тооны сууц өмчлөгч гишүүд оролцоогүй. СӨХ-ны бүх гишүүдийн хурлын гишүүдийн ирц 50 хувьдаа ч хүрээгүй гэдгийг СӨХ өөрөө нотолдог бөгөөд энэ тухайгаа Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагаас ZU LOUNGE-д хурал эхлэх үеийн ирцийг гүйцэтгэх захирал Ш.А танилцуулж, хурал даргалагчийг сонгох санал хураав. Хурал эхлэх үед айл өрхөөс СӨХ-ны ажлыг дэмжиж бичгээр саналаа 361 өрхийн 20 хувь буюу 284, биеэр 135, цахим google meeting-ээр 27 болон live-аар орж ирсэн 32 хүн, нийт 555 хүн 39,8 хувийн ирцтэй байгаа тул хурал эхлэх эсэх талаар гар өргүүлж ...2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 30 минутаас 18 цаг 00 минутын хооронд багтаан зохион байгуулахаар болов ...хурал 21 цаг 40 минутад дуусав. Хурал дуусах үед биеэр оролцож байгаа 55 хүн, ажилтай тул хурлаас гарч яваад саналаа бичиж үлдээсэн 37 хүн, цахимаар давхардсан тоогоор 1,120 хүн оролцож хурлын ирц 105.3 хувьтай байсан болно гэжээ. Гэвч бодит байдал дээр биечлэн оролцсон хүмүүс нь 60, 70 орчим ч хүрэхгүй тооны хүмүүс байсан бөгөөд СӨХ-ны өөрийнх нь бүрдүүлсэн Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 30-ны гэх хүснэгтэд 92 хүний л гарын үсэг бүхий мэдээлэл байсан нь хожим нөхөж бичүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн онлайнаар оролцсон нь хуульд нийцэхгүй, лайваар оролцсон хүмүүс гишүүд биш, хэрхэн тооцсон зэрэг нь эргэлзээтэй, түүнчлэн ирц 105,3 хувьд хүрнэ гэх ойлголт байхгүй 100 хувь оролцлоо гэж үзэх байсан. Дээрхээс дүгнэхэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг хангаагүй, мөн хуулийн 9.4 дэх заалтыг хэрэгжүүлэхгүйгээр 6 дугаар зүйлийн 6.2, 7 дугаар зүйлийн, 7.1, 7.2, 7.2.4, 7.2.6, 8 дугаар зүйл бүхэлдээ, 9 дүгээр зүйл бүхэлдээ, 10 дугаар зүйлийн 10.8.2, 10.10.7 болон уг хуулийн хүрээнд аливаа үйл ажиллагааг явуулах эрхгүй тул Х СӨХ-ны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал гэх этгээдүүд ямар нэгэн байдлаар нэхэмжлэгч байж хууль эрх зүйн боломжгүй, нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ээс 2,522,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х СӨХ-д олгож,

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-ээс 55,305 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэж дүгнээгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц харилцан зөрүүтэй нотлох баримтыг нэгийг үнэлэхдээ нөгөөг нь хэрхэн үгүйсгэж байгаа талаар тусгаагүй, хуулийг буруу хэрэглэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн. Тодруулбал, Х СӨХ-д 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18/145 дугаартай, мөн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18/145 дугаартай, нэг жилийн хугацаатай гэрчилгээг тус тус олгогдсон.

Гэтэл хавтаст хэрэгт Х СӨХ нь 2018, 2019, 2020, 2021 онуудад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгэгдсэн талаар баримт байхгүй, тус онуудад олгогдсон гэрчилгээ авагдаагүй байх бөгөөд Х СӨХ нь 2021 оны 08 сараас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны эрхийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байсан гэх баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд Х СӨХ нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлж албан ёсны гэрчилгээ аваагүй тул СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй буюу 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрт 1,322,329 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.

4.2. Би тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Х СӨХ нь анхнаасаа хууль бусаар байгуулагдсан ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүх гишүүдийн хурал бодитоор болоогүй, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн хуралд оролцож өгсөн саналыг тэмдэглэсэн баримт байхгүй, Ж.Энхбаяр нь хууль зөрчиж бүх гишүүдийн хурал бодитоор зохион байгуулагдаагүй байхад хуурамч үнэ тариф батлах тухай удирдах зөвлөлийн дарга гэх баримтыг үйлдсэн. Энэ нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн огноотой байр өрхөөр тоолж бүртгэж гарын үсэг зуруулсан баримт болон 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэсэн оршин суугчдын тайлангаа тавь танилцмаар байна, тайлан тооцоо нүдээр харж байж зурна, очиж уулзаж байж зурна, өөрөө уулзана гэх зэрэг тэмдэглэл бүхий баримтуудаар тогтоогдсон.

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Х СӨХ-ны бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр болоогүй. Учир нь СӨХ-ны энэ бүх гишүүдийн хуралд нийт гишүүдийн 10 хувь нь ч оролцоогүй, хурлын тэмдэглэлд ...хурал эхлэх үед айл өрхөөс СӨХ-ны ажлыг дэмжиж бичгээр саналаа 361 өрх, биеэр 135, цахим google meeting- аap 21 болон live-aap орж ирсэн 32 хүн, нийт 555 хүн буюу 39.8 хувийн ирцтэй байгаа, мөн бүх гишүүдийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хүснэгтэд 92 хүний л гарын усэг зурагдсан байгаа нь тухайн хурал хучин төгөлдөр биш гэж үзэх үндэслэл болсон. Тиймээс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурал нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус болох нь нотлогдож байгаа тул тус хурлын шийдвэрийг үндэслэн тогтоосон гэх үнэ тарифаар СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч 26 сарын төлбөр 2,522,142 төгрөг болох талаар маргаагүй гэж бичсэн нь илтэд үндэслэлгүй.

Сууц өмчлөгч нараас cap бүр гаргуулах СӨХ-ны төлбөрийг өөрчлөх асуудлыг зөвхөн СӨХ-ны дүрмээр зохицуулдаг бөгөөд дүрэмд өөрчлөлт оруулахын тулд нийт гишүүдийн 50-аас дээш хувийн гишүүд оролцон бүх гишүүдийн хүчин төгөлдөр хурал хийж хуралдаанд оролцсон гишүүдийн 66.6 хувиас дээш саналаар СӨХ-ны төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл Х СӨХ-ны 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралд хэдэн хүн оролцсон талаар баримт байхгүй, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурал хуульд заасан бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцох шаардлагыг хангаагүй буюу хүчин төгөлдөр бус хурал болсон нь хэргийн баримтаар тогтоогдож байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, сууц өмчлөгч бүрээс гаргах зардлын хэмжээ, зардлыг санхүүжүүлэх журмыг дүрэмд зааснаар зохицуулахаар хуульчилсан байхад Х СӨХ нь үнэ тариф батлах тухай гэх удирдах зөвлөлийн тогтоолоор сууц өмчлөгчдөөс гаргах зардлын хэмжээг тогтоосон байгаа нь илт хууль зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

  

2. Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч Ц.Э-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 2,522,142 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, бүх гишүүдийн хурлын ирц хүрээгүй, хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч төлбөрийг шаардах эрхгүй маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.    Хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

 

4.1. Хан-Уул дүүргийн Засаг даргаас тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Х 2222 сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ/-г Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд анх бүртгэж 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр №17/16 дугаартай гэрчилгээ олгосон. /хх-5/

 

4.2. Х СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2 дугаартай тогтоолоор СӨХ-ны 1 өрхөд ногдох үйлчилгээний төлбөрийг тухайн сууц өмчлөгчийн сууцны м.кв тутам 600 төгрөг...байхаар бүх гишүүдийн хурлаар батлав гэжээ. Улмаар Х СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №01 дугаартай тогтоолын 9-т Х СӨХ-ны айл өрх, аж ахуй нэгжээс авах төлбөрийг шинэчлэн тогтоож хавсралтаар баталжээ. /хх 6-7/

 

4.3. Х СӨХ-ны удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №10 дугаартай тогтоолоор Д.Г-ыг тус холбооны гүйцэтгэх захирлаар 3 сарын хугацаатай томилсон. /хх33/

 

4.4. Хан-Уул дүүргийн Засаг дарга нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний болон 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Х-ийн 101-118 дугаар байруудыг хамруулан, Х өмчлөгчдийн холбоог бүртгэж, нэг жилийн хугацаагаар тус тус №18/145 дугаартай гэрчилгээ олгосон. Хариуцагч Ц.Э нь Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Х хороолол, 106 дугаар байр, 1001 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргахгүй байна.

 

4.5. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Х СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч Ц.Ээс шаардах эрхтэй. Хариуцагч нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй. /хх5, 37/

 

4.6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг үндэслэн хариуцагч Ц.Ээс 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны буюу нийт 20 сарын орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 2,522,142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х СӨХ-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иймд хариуцагчийн ...Х СӨХ нь 2018, 2019, 2020, 2021 онуудад сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн баримт байхгүй тул 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг шаардах эрхгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Учир нь нэхэмжлэгч Х СӨХ нь 2018, 2019, 2020, 2021 онуудад сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн баримт СӨХ-ны гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гаргаагүй нь хариуцагч Ц.Ээс 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 3 дугаар сарыг дуустал хугацааны буюу нийт 20 сарын орон сууцны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал болох 2,522,142 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэх эсхүл уг зардлыг гаргуулахгүй байх чөлөөлөх үндэслэл болохгүй. Хариуцагч нь сууц өмчлөгчийнхөө хувьд тус СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг авсны хувьд уг зардлаар үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй.

 

5. Хариуцагч ...Х СӨХ-ны 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Удирдах зөвлөлийн 02 дугаартай тогтоол болон 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай Бүх гишүүдийн хурлын тогтоолыг дээрх хурлууд хуулийн дагуу зохион байгуулагдаагүй, ирц хүрээгүй тул хүчин төгөлдөр бус... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1. Дээрх удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хурлын тогтоолуудыг хүчингүй болгуулах талаар хариуцагч нэхэмжлэл гаргаагүй, уг тогтоолууд хүчин төгөлдөр болох нь түүний тайлбараар тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь сууц өмчлөгчийнхөө хувьд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т зааснаар засвар үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/02330 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 55,305 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ