Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1502

 

 

 

 

 

 

 

 

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02091 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Майн бласт” ХХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 87 840 197 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Хэрлэнчимэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Буянзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Майн бласт” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, ажиллаж байгаа ажилтан албан журмаар даатгуулна”, Нийгмийн даатгалийн тухай хуулийн 4.2-т заасан “Албан журмаар даатгуулагч нь тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15.1-т заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т “Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2015 оны 12 дугаар сарын 09-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 58 757 077 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 29 378 639 төгрөг, нийт 87 840 107 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх эөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг нөхөн төлүүлэхээр “Майн бласт” ХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлж барагдуулах албан шаардлага, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Засгийн газрын 2014 оны 354 дүгээр "Дүрэм, журам батлах тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 87 840 197 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг “Майн бласт” ХХК-иас гаргуулан шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлд дурдсан “Майн бласт” ХХК-ийн ажиллагсадын нийгмийн даатгалын шимтгэл 58 757 077 төгрөгийг төлөх ёстойг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уул уурхайн салбарт тохиолдоод буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлд манай компани ч мөн адил өртөж, санхүүгийн төлбөрийн чадвар туйлын хүндрэлтэй болсноос ажиллагсдын цалин хөлсийг цаг хугацаанд нь олгох, хамтран ажиллагч түнш байгууллагуудад гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоогоо барагдуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа билээ. Манай байгууллага иргэд, байгууллагад олговол зохих төлбөр, тооцоогоо аль болох түргэн шуурхай барагдуулах бүхий л боломжит арга хэмжээг авч байгаа боловч, бүрэн шийдвэрлэхэд үнэхээр бэрхшээлтэй, санхүү эдийн засгийн нөхцөл байдал нааштайгаар өөрчлөгдөхийг хүлээх цаг хугацааны хүчин зүйл зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд нийгмийн даатгалын шимтгэлийн алданги 29 378 539 төгрөгийг чөлөөлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Нэхэмжлэлд дурдсан нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдлийг “Майн бласт” ХХК боломж гарсан тухай бүр төлж барагдуулах болно. гэжээ.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар “Майн бласт” ХХК-иас 87 840 107 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 597 150 төгрөгийг хариуцагч “Майн бласт” ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Ганбат давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчсөн бөгөөд өөрөөр хэлбэл хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг гардан авах эрхийг “Майн бласт” ХХК-ийн нягтлан бодогч Д.Өлзийжаргалд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11/26 тоот итгэмжлэлээр 7 хоногийн хугацаатай олгосон ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийжаргал нь уг нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр анхан шатны шүүхээс гардан авсан байна. Нэхэмжлэлийг хүлээн авснаар нягтлан бодогч Д.Өлзийжаргалын итгэмжлэлийн бүрэн эрх дуусгавар болсон ба манай компанийн зүгээс дахин Д.Баттүвшинг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшинд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, нэхэмжлэлийг хүлээн авснаар итгэмжлэлийн хугацаа, эрх нь дуусгавар болсон нягтлан бодогч асан Д.Өлзийжаргалд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 42 минутад мэдэгдэж, улмаар шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хийж, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Д.Өлзийжаргал нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба шүүх хуралдааны товын талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшинд огт мэдэгдээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хаана, хэзээ болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын хаягаар мэдэгдэнэ”, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “...шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Майнбласт” ХХК-д холбогдуулан  нийгмийн даатгалын шимтгэл 58 757 077 төгрөг, алдангид 29 378 639 төгрөг, нийт 87 840 107 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “нийгмийн даатгалын шимтгэлд 58 757 077 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангиас чөлөөлж өгнө үү” гэж тайлбарлажээ.

Хэргийн 11 дүгээр талд хариуцагч “Майнбласт” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11/16 тоот албан бичгээр Д.Өлзийжаргалыг /нэхэмжлэлийг гардан авах/ эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай 7 хоногийн хугацаагаар олгосон итгэмжлэл, мөн хэргийн 17 дугаар талд авагдсан 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13/16 тоот албан бичгээр Д.Баттүвшинд тус компанийг шүүхэд бүрэн төлөөлөх эрхтэйгээр оролцуулахаар олгосон итгэмжлэл тус тус авагдсан байна.

Шүүх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийжаргалд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн материалтай танилцуулсан, эрх, үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан байна. /хх 12-16/

Харин шүүх хариуцагч байгууллагаас Д.Өлзийжаргал, Д.Баттүвшин нарт олгосон итгэмжлэлийн агуулга, хугацааг анхааралгүйгээр 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагт явуулах шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийжаргалд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т шүүгч хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэн шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг явуулахаар заасныг зөрчсөн байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг ханган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02091 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Майнбласт” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 150 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                              

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА         

                                                                                                         

                                                                                                            Д.ЦОГТСАЙХАН