Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0028

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2018/0028

           Улаанбаатар хот

 

“У-А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                                            

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг, И.Бямбасүрэн, хариуцагч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг дарга М.Тунгалагтамир нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дийн гаргасан давж заалдах гомдлоор, “У-А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тус аймгийн Шарга сумын Засаг дарга, Шарга сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.7, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У-А ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шарга сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А/53 дугаар захирамжийн 1 дэх заалтын “У-А ” ХХК-д холбогдох “Засаг даргын 2003 оны А/01 дүгээр захирамж” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, үлдэх Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шарга сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийт хурлын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “У-А ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“У-А ” ХХК 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамжийн дагуу 800 га талбайг эзэмших эрхийн гэрчилгээний дагуу эзэмшиж, 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. 1800 га бүхий хадлангийн талбай дээр “У-А ” ХХК болон бусад аж ахуйн нэгж, малчдын бүлгэм, иргэд хадлангийн үйл ажиллагаа явуулж эзэмшиж байсан, гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 900 га талбайг хууль зөрчиж бэлчээрийн талбай болгож үлдсэн 900 га талбайг хадлангийн талбайн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж байгаа нь 800 га бүхий эзэмших эрхийн талбайтай “У- А” ХХК-ний хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг үндэслэн “тогтоох нь” гэсэн байдаг. Энэ заалт нь нийслэл, аймаг, сум дүүргийн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ерөнхий эрх, үүргийг зохицуулсан, зохицуулалт болохоос биш тухайн актыг гаргах болсон хууль зүйн зохицуулалт биш. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ямар эрх хэмжээний хүрээнд ямар хууль зүйн үндэслэлээр шийдвэр гаргаж буйгаа тодорхой бичих хэрэгтэй гэтэл үүнийг зөрчсөн. Хэрэгт авагдсан Шарга сумын хадлангийн газар нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 дугаар тогтоолоор аймгийн Иргэдийн Хурал орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талаарх нотлох баримт байдаг.

Үүнээс харахад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн эрх хэмжээний бус асуудлаар шийдвэр гаргаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд халдаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн. Тухайн 02 дугаар тогтоолоор 1800 га хадлангийн талбайгаас 900 га хадлангийн талбайг бэлчээр болгож байгаа нь Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т зааснаар хадлангийн талбайд 05 дугаар сарын 15-ны өдрөөс хадлан авч дуустал мал бэлчээхийг хориглосон заалт, тус хуульд хадлангийн талбайг бэлчээрийн талбай болгох эрх зүйн зохицуулалт байхгүй харин эсрэгээрээ тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т бэлчээрийн талбайг хадлангийн талбайн зориулалтаар ашиглаж болох хуулийн зохицуулалт байгаагаас харахад эрх мэдэл бүхий албан тушаалтнууд хувийн сонирхлоор хадлангийн талбайг үндэслэлгүйгээр устгаж, бэлчээрийн талбай болгож байна.

Иймд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус зөрчсөн, өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, тухайн актын хууль зүйн үндэслэл нь иргэн хуулийг этгээдийн хууль ёсны эрх ашигт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, илт хууль бус байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахаас татгалзаж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

2. Шарга сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжийн “У-А ” ХХК-д холбогдох хэсэг буюу 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар Шарга сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон хэсгийг илт хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ буруу дүгнэлт гарган, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Шарга сумын Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай захирамж буюу шийдвэр байхгүй байгаа нь тогтоогдож байна” гэж дүгнэлт хийж, захирамжийг хүчингүй болгосноор түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт байх тул илт хууль бусад тооцож шийдвэрлэсэн нь “У-А ” ХХК-ний хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан.

Учир нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан буюу захиргааны байгууллагад ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд тухайн үеийн захирамж гаргасан Засаг дарга, Газрын даамал нарыг гэрчээр асууж бодит нөхцөл байдлыг тодруулаагүй, нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй.

“У-А ” ХХК-ний хувьд 2001 оноос тухайн хадлангийн талбайг өөрийн хүч хөрөнгөөр засан сайжруулж, усалгаатай болгон зэгс, хулс ургаж байхад өөрийн тоног төхөөрөмж, ажил хүч, зардал гарган өнөөгийн стандартад нийцсэн өвс бэлтгэдэг болсон. Үүний үндсэн дээр улмаар эзэмших эрхийг олж авсан болно. Бусад аж ахуйн нэгж, малчдын бүлгэм иргэд гомдол гаргаагүй гэж хариуцагч тайлбарладаг бөгөөд бусад байгууллагын хувьд хадлангийн талбайг сайжруулах тал дээр хийж байсан зүйл байхгүй учир маргаан үүсгэдэггүй хадлангийн талбайг ашиглуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрдөг.

“У-А ” ХХК-ний хувьд бодит байдал дээр тухайн талбайд 15 жил эзэмших эрхийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн, одоогийн Засаг даргын хувьд ч тэр тухайн суманд 10 жил засаг даргын үүргийг гүйцэтгэж байж өнөөдөр “У-А” ХХК хуурамчаар захирамж гараагүй байхад эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ авсан мэтээр тайлбарлаж, үүнтэй холбогдон анхан шатны шүүх дүгнэлт хийж байгаа нь үндэслэл бүхий байж чадахгүй байна. Захиргааны байгууллага тухайн бичиг баримтыг архивлаж хадгалах үүрэгтэй, нөгөө талаас өөрт байгаа бичиг баримтыг өөрт ашигтайгаар устгаж үгүй хийх бүрэн боломжтой.

Захиргааны хэргийн шүүх иргэн, аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрхийг захиргааны байгууллагын хууль бус шийдвэрээс хамгаалах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх чиг үүрэг бүхий шүүхийн байгууллага гэж бодож байна. Гэтэл бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөхгүй, тухайн захирамжийг гаргаж байсан Засаг дарга, Газрын даамал нар амьд сэрүүн байхад хэргийн бодит байдлыг тогтоох ач холбогдол бүхий гэрч нарыг байцааж тодруулаагүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Мөн хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаар захирамжид “У-А ” ХХК-д холбогдох 2003 оны А/01 дүгээр захирамж нь хууль зөрчиж гарсан тул өөрийнхөө гаргасан алдааг засаж байна хэмээн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн хүчингүй болгосон атлаа шүүхэд тайлбар гаргахдаа тухайн захирамж гараагүй гэж тайлбарлаж байгаа нь хараагүй захирамжаа яаж хууль зөрчсөн гэж үзэн, захирамж гаргаж байгаа нь өөрөө утга агуулгын илэрхий алдаатай, эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хөндөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн илт хууль бус акт байсан.

Мөн захиргааны байгууллага “У-А ” ХХК-ийг хууль бусаар захирамж гаргуулсан гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн, Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцэхгүй бол өөрөө хүчингүй болгоно гэсний баримтлан хүчингүй болгосон байх бөгөөд ингэж хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн, мөн захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа, мэдэгдлийг хуульд зааснаар хэрэгжүүлээгүй. Гэтэл анхан шүүх дээрх захиргааны ерөнхий хууль зөрчсөн асуудал дээр дүгнэлт хийгээгүй төдийгүй, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн зөрчсөн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хангаж шийдвэрлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийдвэртэй, “У-А” ХХК-ний нэхэмжлэлтэй, Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт холбогдох хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “У-А ” ХХК өөрийгөө 800 га газар хадлангийн зориулалтаар эзэмших эрхтэй гэж үздэг төдийгүй дээрх 800 га газрыг нь бүхэлд нь “бэлчээр”-ийн зориулалтаар ашиглахаар хариуцагч тал шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ажээ. Хариуцагч Шарга сумын Засаг дарга тайлбарлахдаа “бэлчээрийн зориулалтаар авахаар шийдвэрлэсэн 900 га газарт “У-А ” ХХК-ний талбай орохгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “У-А ” ХХК-н газрын байршлыг тодорхойлж чадахгүй байгаагийн зэрэгцээ, Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 02 дугаар тогтоолд дурдсан газруудаас өмнө эсхүл хойно байрладаг болохыг ч мэдэхгүй байна.

Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу “нотлох үүрэг”-ээ хэрэгжүүлж, шүүхээс нэхэмжлэгчийн газрын байршил, хэмжээ зэргийг зайлшгүй тогтоох шаардлагатай байжээ. Ингэсэн тохиолдолд маргаж буй захиргааны актад дурдсан “бэлчээр”-ийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн 900 газарт нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар хамаарч байгаа эсэх, давхцал бий эсэхийг тогтоох боломжтой болно.

Нөгөө талаар маргаан бүхий актад дурдсан “Баруун, Зүүн салаа, Шар харганыг өвөлжөө, Тохой нуураас урагш 900 га газар” гэдгийг ч мөн зайлшгүй тогтоох ёстой. Ингэсэн тохиолдолд тухайн 2 газрын байршил тодорхой болж, давхцал бий эсэх, давхцалтай бол хэсэгчлэн давхацсан уу эсхүл бүхэлдээ давхацсан уу гэдгийг тогтоох боломжтой болно.

Нэхэмжлэгч өөрийгөө 800 га газар хадлангийн зориулалтаар ашигладаг гэж тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар /хэргийн 81 дүгээр хуудас/ Говь-Алтай аймгийн Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 5 дугаартай тогтоол авагдсан байна. Уг тогтоолд “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын 8 дугаар хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төслийг хэлэлцээд ТОГТООХ нь: гээд гурав дахь хэсэгт ...Гурав. “Сумын хадлангийн талбайн 1800 га талбайгаас 1100 га талбайг хүсэлтийн дагуу эзэмшүүлсүгэй”. гэж заажээ. Мөн тогтоолын 3 дугаар хавсралтад хүсэлт гаргасан бүх иргэн, аж ахуйн нэгжийн талаар заасан байх бөгөөд 2 дахь заалтад “Р.Д “У-А ” хүссэн 800 га, зөвшөөрсөн 450 га” гэжээ. Дээрх баримтаас үзэхэд “У-А ” ХХК 800 га газрыг хадлангийн зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 450 га талбайг эзэмшүүлэхийг зөвшөөрч байсан гэж харагдаж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү тогтоол хүчин төгөлдөр, уг тогтоолтой хэн ч маргаагүй байна.

Газрын тухай хууль 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан бөгөөд 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн. Уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д Засаг дарга нь “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, Газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” үүргийг хэрэгжүүлж ажиллахаар, Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа хуулийн 33 дугаар зүйлд зааснаар ...“газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргах”-аар, мөн зүйлийн 33.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзэхэд эхлээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол гарах бөгөөд тэрхүү тогтоолд баталсан байршилд сумын Засаг дарга захирамж гаргаж газар эзэмшүүлэх боломжтой байна.

2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гарсны дараа л сумын Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхтэй. Түүнээс биш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлээгүй байхад 7 сарын өмнө Засаг дарга захирамж гаргасан байх боломжгүй.

Нэхэмжлэгч өөрийгөө 2003 оны 01 дүгээр захирамжаар газар эзэмшсэн гэж тайлбарлаж байгаа боловч ийм захирамж гараагүй болох нь тогтоогдож байна. 

Түүнчлэн бүхэл бүтэн сумын тухайд эхний дөрвөн сар нэг ч захирамж гарахгүй, 5 дугаар сарын 05-ны өдөр 01 дугаартай сумын Засаг даргын захирамж анх гарсан байх бодит бололцоогүй, энэ нь нийтэд илэрхий юм. Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсны дараа, уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор захирамж гарсан байж болох тул 2004 оны захирамжийг судлан үзэж, “У-А ” ХХК-тай холбоотой ямар нэгэн захирамж гарсан эсэхийг шалгаж, нотлох үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай.

Шүүх Шарга сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/53 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхдээ “огт байхгүй захирамжийг хүчингүй болгосон” гэсэн үндэслэлийг заажээ. Гэтэл нэхэмжлэгч “өөрт нь газар эзэмшүүлсэн захирамжийг А/53 дугаар захирамжаар хүчингүй болгосон” гэж ойлгож байна. Түүнчлэн хариуцагч ч гэсэн “У-А ” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох зорилго, агуулгаар А/53 гэсэн захирамжийг гаргасан болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүх шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”; 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэсэн хуулийн ялгаатай 2 зохицуулалтыг хамтад нь хэрэглэсэн нь буруу байна. Тодруулбал шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар Шарга сумын Засаг даргын А/53 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон, мөн зүйлд бас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Иймд зайлшгүй нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүсэж байна уу, эсхүл илт хууль бус тогтоолгохыг хүсэж байна уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.

Хариуцагчийн тухайд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хамтын удирдлагатай, хамтын зарчмаар шийдвэрээ гаргадаг субъект байхад дан ганц хурлын дарга гэсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шийдэж буй мэтээр шийдвэрт бичигдэж буйг анхаарах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                                

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР