Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01271

 

С.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2017/01216 дугаар магадлалтай,

           С.Ггийн нэхэмжлэлтэй,

           “Т” ХХК-д холбогдох,        

           Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, Тны харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Л.Н нарын гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, Л.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа: С.Г 2016-01- 20-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар Тны Бизнес хөгжлийн газрын Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирлаар ажилласан. Банкнаас томилогдсон комисс 2016-10-26-ны өдөр С.Ггийн ажлыг хүлээж авсан. 2016-11-15-ны өдөр Төв банкинд мэргэжилтнээр ажиллах санал тавьсан боловч С.Г татгалзсан. Тны гүйцэтгэх захирлын 2016-11-16-ны өдрийн Б/1412 дугаар тушаалаар Тны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн тавьсан ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан үндэслэл зааж мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1-т заасныг дурдаж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуульд заагаагүй үндэслэл зааж гэрээг дуусгавар болгосон   С.Ггийн эрхийг зөрчсөн. Ажил олгогч тушаалдаа ажлын байр өөрчлөгдсөн талаар тодорхой дурдах ёстой боловч энэ талаар дурдаагүй. Хариуцагч банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 118 тоот тогтоолоор Тны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан харилцагчийн үйлчилгээний хэлтэс, бүтээгдэхүүний үйлчилгээний хэлтсийн бүтэц зохион байгуулалт хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй, тушаал хэлбэрийн хувьд алдаатай гарсан. Орон тоо хасагдсан гэж үзэхгүй, Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн ажлын чиг үүрэг хэвээр байна. С.Гд 2016-10- 17-нд мэдэгдэл өгч, 26-ны өдөр ажил хүлээлцсэн бөгөөд 2016-11-16-ны өдөр гэрээ цуцлах тушаал гарсан. Үүнээс харахад харилцагчийн үйлчилгээний хэлтсийн ажил одоо харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба гэсэн нэртэйгээр хэвээр хадгалагдаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: “Т” ХХК-ийн ТУЗ-ийн 2016-09-29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор зохион байгуулалт бүтцийг шинэчлэн баталснаар өмнөх бүтцэд байсан Харилцагчийн үйлчилгээний хэлтэс бүтцээс хасагдаж, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирал гэх албан тушаал байхгүй болсон. Аливаа албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх эрх мэдлийн шатлал, түүнийг гүйцэтгэх үүрэг зэргээр тодорхойлогддог. С.Г ТУЗ-ийн 112 дугаар тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу Бүтээгдэхүүн хөгжлийн газрын харьяа Бизнес хөгжлийн газрын захиралд ажлаа тайлагнаж, чиг үүргийн хүрээнд банкны системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээтэй холбоотой ажлыг боловсруулах, системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээг хэрэгжүүлэх, чиглүүлэх, хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Тны гүйцэтгэх захирлын 2016-11- 02-ны өдрийн А/343, 2016-11-30-ны өдрийн А/383 тоот тушаалаар системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаал хасагдсан. Өмнө нь нэгж болгон дээр харилцагчийн үйлчилгээний 1 мэргэжилтэн байсан. Харилцагчийн үйлчилгээний хэлтэс харилцагчийн үйлчилгээг системийн хэмжээнд бүрдүүлэх, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байсан. Улаанбаатар хотод 78, орон нутагт 53 мэргэжилтэн гэх орон тоог хассан. Харилцагчийн үйлчилгээний хэлтэс өмнө нь хэрэгжүүлж байсан чиг үүрэг, банкны системийн хэмжээнд Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэнийг сургах, чиглүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байсан бол одоо байхгүй. Харин одоогийн харилцагчийн үйлчилгээ мэдээллийн алба өмнө нь харилцагчийн мэдээллийн төв гэсэн нэртэй байсан боловч 2016-01-09 09-ний өдрийн ТУЗ-ийн 12 дугаар тогтоолоор Бизнес хөгжлийн газрын харьяанд Харилцагчийн мэдээллийн төвийг шинээр байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ өдрөөс эхлэн Харилцагчийн мэдээллийн төв гэж бий болж захирлаар Л.Булгаа байгуулагдсан цагаас нь ажилласан. Мөн шинэчлэгдсэн бүтцээр байгуулагдсан Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны захирлаар энэ хүн бас томилогдон ажиллаж байна. Дээрх албаны чиг үүрэг нь харилцагчийн үйлчилгээний бодлого улсын стандартыг тогтоож, харилцагчийн үйлчилгээний төв буюу 1800-1881 гэсэн тусгай дугаар ажиллуулж, харилцагч нарт бүтээгдэхүүн үйлчилгээний талаар зөвлөгөө өгдөг алба юм. Батлагдсан чиг үүргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Харин ялгаатай чиг үүрэг нь өмнөх харилцагчийн үйлчилгээний хэлтэс гэх албан тушаалд системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээтэй холбоотой гарын авлага, зөвлөгөөг өгөх боломж боловсруулж, чиглэл өгөх үүрэгтэй байсан. Харин харилцагчийн үйлчилгээ мэдээллийн алба нь харилцагчийн үйлчилгээний стандартыг боловсруулж, харилцагчийн мэдээллийн төвийн тусгай дугаарт хандсан харилцагчдад мэдээ мэдээлэл өгөх, санал гомдол хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож, утсаар үйлчилгээ үзүүлэх гэсэн чиг үүрэгтэй ажилладаг алба юм. “Т” ХХК 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд Сангийн яам нь хувьцаа эзэмшигч юм. Сангийн сайдын 2016-09- 20-ны өдрийн 7-1/5765 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр банкны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, 2017 оны эцэс гэхэд дарга, гүйцэтгэх захирал, боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх чиглэлийг ТУЗ-д өгсөн. Үүний дагуу банкны ТУЗ-ийн 2016-09-29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор банкны зохион байгуулалт, бүтцийг өөрчилж 33 хэлтэс байснаас 27 хэлтэс болсон. Тны гүйцэтгэх захирлын 2016-10-21-ний өдрийн А/331 дүгээр тушаалаар газар, хэлтэс, алба, төрийн чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байсан С.Гд мөн хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2016-10-17 -нд мэдэгдэл гардуулах үед нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн учраас тухайн үед мэдэгдэл гардуулахад байлцсан банкны мэргэжилтэн тэмдэглэл үйлдсэнийг хэрэгт нотлох баримтаар авагдсан. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 30 хоногийн хугацаа дуусгавар болохоос өмнө С.Гд ажлын байр санал болгосон боловч хүлээн авахаас татгалзсан. Иймд 30 хоногийн хугацаа дуусгавар болсноор 2016-11-15-ны өдрийн Хүний нөөцийн хорооны хурлын 73 тоот шийдвэр, мөн гүйцэтгэх захирлын 2016-11-16-ны өдрийн Б/1412 тоот тушаалаар харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын албан тушаалд ажиллаж байсан С.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу С.Гд 8 100 000 төгрөгийн тэтгэмж тооцож олгосон. Энэ бүх арга хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болгож ажилласан. Харин нэхэмжлэгч тушаалыг хүлээн авахаас татгалзсан, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэдгийг үндэслэл болгож маргасан. Гэтэл тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.1, 42 дугаар зүйлийн 42.2, Тны дүрмийн 9.2.13, 9.2.20, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.26, 11.4, ТУЗ-ийн 118 тоот тогтоол, хүний нөөцийн хорооны хурлын 73 тоот шийдвэрийг тус тус үндэслэж Б/1412 тоот тушаалыг гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан  С.Гг “Т” ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 425 556 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Тны гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1412 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоолгох  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, С.Ггийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13 417 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар  сарын 24-ний өдрийн 210/МА2017/01216 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Н.Н нарын хяналтын  гомдолдоо:  Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-г  буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд энэ нь шийдвэрийн үндэслэх хэсэгт  тодорхой дурдагдсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2-г хэрэглэсэн бол гомдол гаргах хугацаа буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2-т  хугацааг тооцох байсан. 2016-10-16-ны өдөр ажлаас халагдсан сүүлчийн хугацаа гэж үзвэл гомдол гаргах хугацаа 2016-11-16-ны өдөр дуусах байсан. Банк ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдах болохыг нэг сарын өмнө мэдэгдсэн, улмаар мөн хугацааны дараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийг  мөрдөж, хэрэгжүүлсэн болно. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилтанд олгоно  гэж Дээд шүүх  тайлбарласан  бөгөөд энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтны ажлыг “Тушаал” гаргахаас өмнө хүлээлцсэн тохиолдолд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй болохыг онцолсон зохицуулалт юм. Энэ дагуу банк С.Гд мэдэгдлийн хугацааны нэг сарын цалин хөлс болон хуулийн дагуу тэтгэмжийг 3 сараар нь тооцож олгосон, түүнийг С.Г хүлээн авсан. Түүнчлэн шүүх ажил олгогч болон ажилтны ажил хүлээлцсэн сүүлчийн өдрийг С.Гг ажлаас халсан өдрөөр тооцож тухайн өдөрт нь тушаал, шийдвэр гаргаагүй нь ажил олгогчийн буруу хэмээн дүгнэсэн хэдий ч С.Г Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд шүүхэд хандаагүй байгааг анхаарч үзээгүй.  Шүүх үйл баримтын он, цаг, хугацааны уялдаа холбоог сайтар анхаарч дүгнэлт хийгээгүй. Тны ТУЗ-ийн 2016-01- 19-ний өдрийн 12 тоот тогтоолоор Харилцагчийн мэдээллийн төвийг үүсгэн байгуулж, захирлаар С.Булгаа ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. С.Булгаагийн ажиллаж байсан Харилцагчийн мэдээллийн төв нь Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба болж өөрчлөн зохион байгуулагдсанаар түүнийг 2016-10-05-ны өдрөөс эхлэн Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн апбаны захирлаар томилон ажиллуулсан нь  Тны гүйцэтгэх захирлын 2016-10- 05-ны өдрийн Б/1206 дугаартай тушаалаар нотлогддог. Гэтэл энэ хугацаанд С.Г нь Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажил албан тушаалд ажилласаар байсан бөгөөд ажил олгогч 2016-10-17-ны өдрөөр мэдэгдэл гардуулсныг шүүх  нотлогдож байгааг дурдсан. Иймд  С.Булгаагийн ажиллаж буй Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн төвийн захирлын ажил, албан тушаалыг С.Ггийн урьд эрхэлж байсан ажил апбан тушаал мөн гэж үзсэнд гомдолтой байна.  Шүүх С.Гг “Т" ХХК-ийн Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон хэдий ч шийдвэр биелэгдэх боломжгүй гарсан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй. С.Ггийн эрхэлж байсан ажил, албан тушаалын ажлын байрыг “Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны захирал” гэх ажил, албан тушаалын ажлын байртай шууд адилтган үзэж, ажил хөдөлмөрөө хуулийн дагуу эрхэлж буй   С.Б эрхэнд халдсан. С.Г нь Тны бүтцийг шинэчлэн батлах тухай 2016-09- 13-ны өдрийн 112 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу Бизнес хөгжлийн газрын харьяанд Бизнес хөгжлийн газрын захиралд ажлаа тайлагнаж, чиг үүргийн хувьд “банкны системийн хэмжээний харилцагчийн үйлчилгээтэй холбоотой бодлогын чанартай үндсэн зорилтуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллах” үндсэн зорилготойгоор системийн хэмжээнд харилцагчийн үйлчилгээний бодлого, журам боловсруулах, түүнийг мөрдүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой чиглэлээр ажиллаж байсан юм. Гэтэл 2016-09- 29-ний өдрийн Тны ТУЗ-ийн 118 тоот тогтоолоор батлагдсан бүтэц зохион байгуулалтын дагуу Харилцагчийн үйлчилгээний хэлтэс бүтцээс хасагдан тогтоогдсон. Түүнчлэн “Тны гүйцэтгэх захирлын 2016-11- 02-ны өдрийн А/343, 2016-11-30 -ны өдрийн А/383 тоот тушаалаар системийн хэмжээнд “Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн” гэх албан тушаалыг хассан болно. Өөрөөр хэлбэл, Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг банкны системийн хэмжээний Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургах, чиглүүлэх, хяналт тавих зэрэг байсан бөгөөд энэхүү чиг үүргийг тухайлсан хэлтэс дангаар хэрэгжүүлэх шаардлагагүй болж, уг хэлтэс болон системийн хэмжээний харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний орон тоо хасагдсан болно. Харин нэхэмжлэгч “Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба”-ны захирлыг өөрийн ажлын байр гэж маргаж буй бөгөөд энэхүү алба нь ТУЗ-ийн 2016-01-19 -ний өдрийн 12 тоот тогтоолоор байгуулагдсан “Харилцагчийн мэдээллийн төв”-ийг “Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба” нэртэйгээр өөрчлөн зохион байгуулсан юм. Энэ албаны захирлаар ажиллаж буй Л.Булгаа “Харилцагчийн мэдээллийн төв”-ийг байгуулагдсанаас хойш захирлаар нь ажиллаж байгаа. Дээрх алба нь харилцагчийн мэдээллийн төв /1800-1881 тусгай дугаар/-д хандсан харилцагчдад мэдээлэл өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээг утсаар хүргэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байсан бөгөөд бүтцээс хасагдсан Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн зарим чиг үүргийг тус албанд нэгтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтыг бодитой үнэлж дүгнээгүй, адилтгах боломжгүй бүтцийн харьяалал, чиг үүрэг, авч буй цалингийн шатлал өөр өөр ажлын байр албан тушаалыг адилтган үзэж шийдвэр гаргалаа. Банк ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн тул  шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, С.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

         С.Г 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Тинд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “... 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох, Тны харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах...”-г шаардсан байна. /хх 1-2/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ. /хх 33,116/

       Анхан шатны шүүх С.Ггийн нэхэмжлэлээс “2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1412 дугаар тушаал хууль зөрчсөн болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусдыг нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.       

      Шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Тны гүйцэтгэх захирал 2016-11-16-ны өдөр Б/1412 дугаар тушаал гаргаж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1., Тны дүрмийн 9.2.13, 9.2.20, хөдөлмөрийн дотоод журмын 5.16.1, 5.26, 11.4, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 118 дугаар тогтоол, хүний нөөцийн хорооны хурлын 2016 оны 73-р шийдвэрийг үндэслэн “...Тны бүтэц, зохион байгуулалт шинэчлэн зохион байгуулагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан...” гэж С.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. 

         С.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, “... харилцагчийн үйлчилгээний хэлтсийн захирлын чиг үүргээс харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албаны захирлын харилцагчийн үйлчилгээтэй холбоотой гүйцэтгэх ажил үүрэг ялгаатай нь эсхүл ажил үүрэг нь давхардсан, хасагдсан, өөрчлөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй...” тухай шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

        Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

        Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00521 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2017/01216 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 13.417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ