Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 0010

 

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 7-5 тоотод оршин суух Ганбатын Болормаа /РД:ЦГ66031703/-ийн нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст  холбогдох

       Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохыг тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгах, ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ, шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тулга, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г.Болормаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалаар магадлагч эмчийн албан тушаалд анх томилогдсон. Магадлагч эмчийн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдахад 2009 оны 12 дугаар сард  мэргэшлийн шалгалтанд орж 86.8 оноо авч тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэгдсэн буюу 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Тус хэлтэст магадлагч эмч, эрүүл мэндийн даатгалын хяналтын байцаагч эмч, эрүүл мэндийн даатгалын албаны дарга, хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч зэрэг албан тушаалыг хашиж ирсэн. Булган аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргаар томилогдож 2.1 жил ажилласан.

        Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 10-ны  өдрийн Б/167 дугаар тушаалаар Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад өмнөх хэлтсийн дарга Ц.Баярмааг ажилд нь эгүүлэн томилох тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 328 дугаар шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/198 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тохиолдолд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасан учраас би 2016 оны 11 дүгээр  сарын 04-ний өдөр Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмаад сул ажлын байр буюу магадлагч эмчийн ажлын байранд ажлуулах хүсэлт өргөдлөө бичгээр гаргасан.

       Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 дүгээр тушаалаар баталсан Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоо, албан тушаалын жагсаалт болон 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дүгээр тушаалаар баталсан Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоо, албан тушаалын жагсаалтанд ч магадлагч эмчийн үндсэн орон тоо батлагдаж ирсэн. Намайг хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд магадлагч эмчийн ажлын байр зарлаад ажиллах эмч олдохгүй эрүүл мэндийн даатгалын байцаагч эмч нь хавсран ажиллаж 40 хувийн нэмэгдэл авч байсан, одоо ч магадлагч эмчгүй эрүүл мэндийн даатгалын байцаагч эмч нь хавсран ажиллаж байгаа, магадлагч эмчийн сул ажлын байр байсаар байтал миний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй олон хоног чирэгдүүлж хүнд суртал гаргаж байна.

           Шүүхийн шийдвэрээр томилогдсон  хэлтсийн дарга Ц.Баярмаа нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар шилжин ажиллах болсон тул Ч.Нямчимэгийг Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Нямчимэг даргатай очиж уулзаад баяр хүргэж, хэлтэст өгсөн өргөдлийн хариуг асууж ажлын байраар хангуулах хуулийн үндэслэлтэй болохоо тайлбарласан, түүнээс хойш хариу өгөхгүй болохоор  нь 2016 оны 11 дүгээр  сарын 24-ний өдөр дахиж очиж уулзаад “өргөдлийн хариугаа албан бичгээр авъя хугацаа нь дуусах гээд байна” гэхэд таны өргөдөлтэй танилцаж байгаа өнөөдөр хариуг нь өгчихнө  гэж хэлсэн. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтуудыг уншиж өгсөн боловч үл тоомсорлосон байдал гаргаад байхаар нь би дараагийн шатанд хандана гэж хэлсэн, надад та явдаг газраар нь яв яв гэж хэлэхээр нь тэр өдрөө буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Төрийн албаны төв зөвлөл, Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хуулийн дагуу ажлын байраар хангуулах өргөдөл хүсэлтээ явуулсан.

        Төрийн албаны төв зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1285 тоот албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны салбар зөвлөлд  шилжүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөл нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/1333 тоот албан бичгээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод холбогдох хууль журмын дагуу хариу өгөхийг үүрэг болгож шилжүүлсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нь Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/1110 тоот албан бичгээр тохирох ажлын байраар хангах асуудлыг судлан үзэж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу  мэдэгдэхийг даалгасан байна.

         2016 оны 12 дугаар  сарын 23-ны өдөр  Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хүний нөөцийн ажилтан Н.Нарантуяа ярьж “таныг ажлын байраар хангах  ерөнхий газрын даргын албан бичиг ирсэн байгаа, таны төрийн албаны анкет, хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэгийг Нямчимэг дарга ав гэж хэллээ, Авлигатай тэмцэх газар явуулж дүгнэлт гаргуулна, та өнөөдөр өгчихвөл шуудангаар явуулчихъя” гэхлээр нь материалаа тэр өдөр нь аваачиж өгсөн. Ингээд 10 хоног дуудахгүй болохоор нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэлтсийн хүний нөөцийн ажилтанаас “миний албан бичгийн хариу ирсэн үү, албан бичгийнхээ нэг хувийг надад өгөх үү” гэж асуухад таны материалыг дарга авсан явуулаагүй байгаа, албан бичгийг бас дарга авчихаад олохгүй байна гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хүний нөөцийн ажилтан Наранцацралтаас ямар албан бичиг явуулсан тухай тодруулахад “...тохирох ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэж хариу мэдэгдэх албан бичиг явуулсан” гэж хэлсэн.

        ...Ингээд дээд газраас ирсэн албан бичгийг ирснээс хойш 22 хоногийн дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18:08 минутанд Нямчимэг дарга надруу “Сайн байна уу, та Ерөнхий газраас ирсэн албан бичгийн хариуг явуулж байгаа таньд ерөнхий газраас хариу өгөх байхаа” гэж мессеж бичсэн, явуулсан бичгийн нэг хувийг болон өргөдлийн хариуг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй болно. Дээрх албан бичгүүдийг дурьдахын учир нь хугацааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, мөн төрийн эрх бүхий дээд шатны байгууллагууд миний өргөдөл хүсэлтийг хуулийн дагуу урьдчилан шийдвэрлэсэн болохыг харуулах зорилготой дурдсан болно. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн хугацаа хэтэрч байгаа бөгөөд дээд шатных нь байгууллагаас өргөдлийг шийдвэрлэх хугацааг сунгасан талаар надад мэдэгдээгүй болно.

         ...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан 2016 оны хэлтсийн бүтэц орон тоо, албан тушаалын жагсаалтанд Эрүүл мэндийн даатгалын хяналтын байцаагч эмч, магадлагч эмчийн албан тушаал нь өөр өөр чиг үүрэг бүхий тасгуудад харъяалагдаж байгаа тул эдгээр албан тушаалуудыг хавсран гүйцэтгэх боломжгүй юм. Магадлагч эмчийн сул ажлын байрыг удаа дараа зарласан боловч хүн \эмч\  бүртгүүлээгүй тул төрийн ажлын зайлшгүй шаардлагаар эрүүл мэндийн даатгалын хяналтын байцаагч эмч нь хавсран гүйцэтгэж байгаа болно. Миний бие улсад 24 жил ажилласан бөгөөд нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн албан тушаалд 2008 онд томилогдсон, магадлагч эмчийн ажлын байран дээр төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 01 тогтоолоор төрийн жинхэнэ  албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн, хэлтсийн магадлагч эмчээр 5.4 жил, аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын даргаар 1.3 жил, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнд нийт 6.7 жил ажилласан нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн” гэж тодорхойлсныг хангаж байна. Иймээс магадлагч эмчийн ажлын байрны шаардлага хангахгүй, ажиллуулах боломжгүй гэдэг дүгнэлтийг Ч.Нямчимэг дарга гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

      Хэлтсийн цалингийн сан хувиар танагдаж ирсэн нь орон тоог багасгах, ажилчдын цалинг хасаж цалинжуулах болж байна гэж тайлбарласан боловч тэтгэмжийн байцаагчийн ажлын байр шинээр гаргаж хүн авч цалинжуулсан байгаа нь орон тоог багасгах шалтгаан биш гэдгийг баталж байна. Тус хэлтэст ирүүлсэн өргөдлийн хариуг хэлтсийн дарга өөрийн биеэр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр утсаар ярьж тайлбарлан өгсөн байдаг гэж худал тайлбар өгсөн байна. Энэ нь “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанаас хожимдуулан хариу өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэж зааснаар хэн буруутай хуулийн этгээдэд сахилгын арга хэмжээ оногдуулах үндэслэлтэй байна.

        ...Ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/1110 тоот албан бичгийг танилцуулаагүй, хувилж өгөөгүй, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 2/06 тоотыг танилцуулаагүй буюу нэг хувийг надад өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах” гэж  заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

         Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т “захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах” гэж заасан оролцогчийн эрхийн хүрээнд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “бололцооны дагуу ажил олж өгнө” гэж хуулиар даалгасан мөн магадлагч эмчийн сул ажлын байр байсаар байтал өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа учраас Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг  Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснийг үндэслэн хэлтсийн  магадлагч эмчийн сул ажлын байранд томилохыг Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгах, ажиллаагүй хугацааны цалинг тооцож олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

        Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Болормаагийн нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хургүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасан боловч цалингийн сан 10%-иар багасаж батлагдсан учир батлагдсан орон тоог багасгах эсвэл ажилчдын цалинг багасгах цалинжуулах боломжтой. Ийм байдлаас Эруүл мэндийн даатгалын тасгийн дарга хяналтын байцаагч нь магадлагч эмчийн ажлыг хавсран гүйцэтгэхэд ажлын ачаалал их бус, хийж гүйцэтгэвэл зохих ажлууд бүрэн хийгдэх боломжтой байгаа тул Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “цалингийн санд багтаан дээрх 2 орон тоог 1 орон тоогоор ажиллуулах боломжтой. Тус хэлтэст ирүүлсэн өргөдлийн хариуг хэлтсийн дарга өөрийн биеэр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр утсаар ярьж тайлбарлан өгсөн байдаг.

      Г.Болормаа нь тус хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа ЭХМК-ын даргын хувьд тус хуралд оролцохдоо хувийн ашиг сонирхлыг илүүд гаргаж байсан. Тухайлбал: Өөрийн нөхрийг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болсон даруйд 2015 оны 09 дүгээр сард хугацаагүйгээр 80 хувиар тогтоож оруулсан. Мөн өөрийн төрсөн дүүг 2016 оны 03 дугаар сард комиссоор оруулж эмч нарыг зур хэмээн дарамталж гарын үсэг зуруулж нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг болгосон. Дээрх хурлуудад дүү болон нөхөр нь өөрийн биеэр ороогүй. Мөн өвчний байдлаар 1.6 сараас илүүгүй хугацаагаар орох иргэнийг нийт 13 жил хуралд оруулж сунгаж тэтгэвэр олгох эрхийг үүсгэсэн зэрэг байна. ЭХМК-ын дарга байхдаа ийм хандлагаар ажиллаж байсан нь магадлагч эмчээр ажиллахад ёс зүйгүй гэж үзэхэд хүргэж байна. Мөн ажиллаж байх хугацаандаа хамт олныг эвдрүүлсэн, ажилтан албан хаагчдаа элдвээр доромжилж, заримынх нь биед хүрч зодож цагдаагийн байгууллагаар торгуулийн арга хэмжээ авагдсан, НДЕГ-аас сахилгын шийтгэл ногдуулж байсан.

      Магадлагч эмчийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар боловсролын хувьд хүний их эмч мэргэжилтэй, дотрын өвчний чиглэлээр мэргэшсэн байх чухал шаардлагатай байх гэж заасан байдаг бөгөөд Г.Болормаагийн хувьд анагаах ухааны сургуулийн ерөнхий эмчийн мэргэжлээр төгсөж эх барих эмэгтэйчүүдийн мэргэшилтэй байх эмчийн мэргэжлээр удаан жил ажиллаагүй байдаг.

       Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” тушаалын 6 дугаар хавсралтаар Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалыг 40 орон тоотойгоор шинэчлэн баталсан. Мөн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 дугаар тушаалаар шинэчлэн баталсан орон тооны дагуу албан хаагчдыг томилон ажиллуулж байна.

        Магадлагч эмчийн ажлын сул орон тоонд Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга, хяналтын эмч И.Тулга давхар хавсран гүйцэтгэж ирсэн. Төрийн албаны зөвлөлд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/398 тоот албан бичгээр магадлагч эмчийн ажлын байрны сул орон тооны захиалгыг өгч нийтэд зарласан боловч түхайн ажлын байран дээр нэг ч хүн бүртгэгдээгүй учир сонгон шалгаруулалт хийгдээгүй. Тус хэлтсийн батлагдсан 40 орон тоонд тэтгэмжийн байцаагч гэсэн тусгайлсан орон тоо байхгүй тул орон тоо цалингийн сандаа багтаан магадлагч эмчийн сул орон тоонд тэтгэмжийн байцаагчийг ажиллуулж зарим ажилчдын ажлын ачааллыг тэнцвэржүүллээ. Одоогийн байдлаар магадлагч эмчийн сул орон тоо байхгүй, орон тоо бүрэн болсон байна.

     Иймд Г.Болормааг Эрүүл мэнд. нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн ажлын байранд ажиллуулах боломжгүй юм” гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст байх магадлагч эмчийн орон тоонд Г.Болормааг авахгүй байх шалтгаан байна. Учир нь Болормаа нь магадлагч эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны шаардлагыг хангахгүй юм. Уг ажлын байрны тодорхойлолтод дотрын эмч байх, их эмчээр 3-5 жил ажилласан байхыг шаарддаг. Гэтэл Г.Болормаа нь дотрын их эмч биш, их эмчийн мэргэжлээрээ 3-5 жил ажиллаагүй болно. Мөн Г.Болормаагийн хувьд ёс зүйн доголдолтой бөгөөд сануулах сахилгын шийтгэл авагдаж байсан. Түүнчлэн цалингийн сан 2015 оноос хойш буурсаар байгаа бөгөөд цалингийн сан 10 хувиар багассан байгаа.

     Магадлагч эмчийн ажлын ачаалал бага учраас хяналтын байцаагч хавсран гүйцэтгүүлж ирсэн. Одоогоор ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор магадлагч эмчийн цалингийн сан дээр тэтгэмжийн байцаагч авч ажиллуулсан. Иймд орон тоо байхгүй тул Г.Болормааг ажилд авах боломжгүй юм...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Болормаа нь Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгах, ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ажил, албан тушаалд томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгаж, ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах”-аар  шаардлагаа тодотгож, тодорхойлсон ба энэ шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид мэтгэлцсэн болно.

        Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж,  дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

           Нэг: Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ажил, албан тушаалд томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар [1] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 328 дугаар шийдвэрийг үндэслэн Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Баярмааг эгүүлэн томилж, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормааг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

            Г.Болормаа нь тус байгууллагын бүтэц, орон тоонд буй гэх “магадлагч эмч”-ийн ажил, албан тушаалд томилуулахаар, хариуцагч нь цалингийн сан 10 хувь багассан, магадлагч эмчийн ажлыг хавсран гүйцэтгэх боломжтой, Г.Болормаа нь магадлагч эмчээр ажиллах ёс зүйгүй, магадлагч эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан хүний их эмч мэргэжилтэй, дотрын өвчний чиглэлээр мэргэшсэн байх чухал шаардлагыг хангаагүй тул тус ажлын байранд ажиллуулах боломжгүй гэж тус тус маргаж байгаа болно.  

            Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар “Бүтэц, орон тоо батлах тухай” тушаалын [2] 6 дугаар хавсралтаар[3] Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчилж баталсан бөгөөд тус бүтэц, орон тоонд “магадлагч эмч”-ийн ажлын байр байхаар тусгажээ. Иймд тус байгууллагын бүтэц, орон тоонд “магадлагч эмч”-ийн ажлын байр байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/16 дугаар “И.Тулгыг Эрүүл мэндийн даатгалын албаны дарга, магадлагч эмчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаал[4] зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заажээ.

            Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 16-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь ...байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ” хэмээн тайлбарласан байх тул Г.Болормааг тус байгууллагын бүтцэд байх магадлагч эмчийн ажлын байраар хангах боломжтой гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч Г.Болормаа нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар тушаалаар [5] 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эрүүл мэндийн магадлагч эмчээр томилогдож, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 71 дүгээр тушаалаар[6] чөлөөлөгдсөн байх ба магадлагч эмчээр нийт 5 жил 4 сар ажилласан байх тул Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн албан тушаалд тавих ерөнхий  шаардлага нь  хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэсэн шаардлагыг хангасан байна.

        Мөн Г.Болормаа нь уг ажлын байранд төрийн албан хаагчийн шалгалт өгч Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[7] төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад орсон бөгөөд Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 тоот [8] албан бичгээр ирүүлсэн тайлбар болон Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.2-т “Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй”  гэж зааснаас үзвэл нөөцөд бүртгэлтэй гэж үзнэ.

        Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, 17.5-т “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.  

         Магадлагч эмчийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод[9] заасан (в) тавигдах шаардлага, туршлагын хувьд нийт ажилласан жил, мэргэжлээрээ, төрийн албанд, нийгмийн даатгалын салбарт гэсэн үзүүлэлтүүдэд их эмчээр ажилласан жил шаардаагүй, шаардлагагүй гэж үзсэн, мөн боловсролын хувьд хүний их эмч, дотрын өвчний чиглэлээр мэргэшсэн гэх боловч уг ажлын байрны тодорхойлолтыг тус аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэг[10] нь томилогдсоноос хойш 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шинээр боловсруулж баталсан, энэхүү ажлын байрны тодорхойлолтод “дотрын өвчний чиглэлээр мэргэшсэн” шаардлагыг оруулсан ажлын байрны сул орон тооны талаар захиалга өгч, нийтэд мэдээлээгүй, магадлагч эмч нь дотрын эмч байх шаардлагыг тавьсан атал хяналтын байцаагчаар тус ажлыг хавсруулан гүйцэтгүүлж байгаа зэрэг нь хариуцагчийн тухайн ажил, албан тушаалд томилохоос татгалзсан хууль бус үйлдэл байхаас гадна нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албанд ажиллах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн гэж үзлээ. Иймд хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын их эмчийн мэргэжлээрээ 3-5 жил ажилласан, дотрын их эмч байх шаардлагатай байна гэх үндэслэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

            Хариуцагчаас цалингийн сан багассан гэж тайлбарлах боловч магадлагч эмчийн ажлын байрны цалингийн сан дээр тэтгэмжийн байцаагч шинээр авч ажилуулсан, эрүүл мэндийн албаны дарга, хяналтын байцаагчдаа магадлагч эмчийн ажлыг давхар гүйцэтгүүлэн 40 хувиар цалинжуулж байгаа болох нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар[11] болон хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 дугаар тушаалын хавсралт[12] зэрэг бусад бичгийн баримтаас үзвэл цалингийн сан багасаагүй байна гэж үзлээ. Түүнчлэн магадлагч эмчийн ажлыг хяналтын байцаагч давхар гүйцэтгэх боломжтой, ажлын ачаалал боломжтой эсэх талаар хариуцагч нотлоогүй, баримтаар тогтоогдохгүй байна.

      Харин нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйгүй, сахилгын шийтгэл авагдаж байсан тул ажиллуулах боломжгүй гэж татгалзаж байгаа бөгөөд нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрин Б/146б тушаалаар [13] сануулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь дээрх албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болохгүй юм.

       Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй”, хуулийн  6 дугаар зүйл “Өргөдөл, гомдол гаргагчийн эрх”-ийн 6.1-д “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах” гэж заасны дагуу Г.Болормаа нь ажлын байраар хангуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр[14] Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр[15] Төрийн албаны зөвлөлд болон Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тус тус гаргасан өргөдлийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/1110 тоот албан бичгээр[16] Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байх бөгөөд ажилд авах боломжтой, боломжгүй эсэх, татгалзсан талаар нэхэмжлэгчид ямар нэгэн хариу өгөөгүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...албан тоотын хариуг өгөөгүй” гэсэн тайлбараар тогтоогдож байна. Иймээс тус хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг хариуцагч зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй болох нь нотлогдож байна.

          Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ажил, албан тушаалд томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

    Хоёр: Ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах шаардлагын тухайд;

       Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 5-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 5-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацаа” хамаарахаар заасан байна.

        Мөн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх” журмын 2-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан хугацааны шимтгэлийг төлөхдөө дараах журмаар тооцож  тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд оруулна: е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ...төлнө” гэж тус тус зааснаас үзвэл ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг шүүхээс эгүүлэн тогтоосон тохиолдолд л ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг олгохоор байна. Иймээс нэхэмжлэгчийн ажиллаагүй  хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгох хууль зүйн үндэслэлгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 106.4, 107 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.4, 17.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ажил, албан тушаалд Г.Болормааг томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгасугай.

           2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үлдэх хэсэг “ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Болормаад олгосугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БҮРНЭЭ    

 

 


[1] Хэргийн материалын 8 дахь хуудас

[2] Хэргийн материалын 43 -44 дэх хуудас

[3] Хэргийн материалын 45 дахь  хуудас

[4] Хэргийн материалын 103 дахь хуудас

[5] Хэргийн материалын 48 дахь хуудас

[6] Хэргийн материалын 61 дэх хуудас

[7] Хэргийн материалын 66 дахь хуудас

[8] Хэргийн материалын 81-82 дахь хуудас

[9] Хэргийн материалын 24-28 дахь хуудас

[10] Хэргийн материалын 74 дэх хуудас

[11] Хэргийн материалын 101 дэх хуудас

[12] Хэргийн материалын 46 дахь хуудас

[13] Хэргийн материалын 69 дэх хуудас

[14] Хэргийн материалын 31 дэх хуудас

[15] Хэргийн материалын 9-10 дахь хуудас

[16] Хэргийн материалын 13 дахь хуудас