Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00092/И |
Дугаар | 134/ШШ2016/00121 |
Огноо | 2016-09-13 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 134/ШШ2016/00121
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ө.А нэхэмжлэлтэй
Хариуцагч: Э. холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 237 974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А түүний өмгөөлөгч Т.С хариуцагчийн төлөөлөгч М.М шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бат-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б/04 тушаалаар хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, хөдөлмөрийн хууль зөрчиж, ажлын байран дээр архи уусан шалтгаанаар ажлаас үндэслэлгүй халсан. Уг тушаалд сануулсаар байтал дээрх үйлдлийг давтан гаргасан гэж үзсэнд учир дутагдалтай. Миний бие удаа дараа архидан согтуурсан асуудал гаргаж байгаагүй. 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр би архи, спирт уугаагүй, ажилчдаа ууя гэж уриалж дуудаагүй. Намайг өдөр ажилдаа ирэхэд манай ажилчид миний өрөөнд халамцуу, спиртнээс чинь найруулаад уучихсан шүү, дараа авч өгье гээд сууж байсан. Тухайн үед над дээр эмчилгээний зориулалттай спирт ирсэн байсан ба манай ажилчид болохоор нь би юм хэлж чадаагүй. Би тэр спиртнээс уугаагүй, амсаад буцаагаад өгч байсан. Маргааш нь хурал дээр манай ажилчид бүгд буруугаа хүлээцгээж, намайг архи уусан болгож гүтгэсэн. Тэр хурал дээр Д.Энх-Амгалан эмч намайг ёс зүйн зөрчил гаргасан учраас хална гэсэн. Гэтэл дараагийн хурал дээр нь намайг ажлын байран дээр архи уусан зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан. Тухайн өдрөөс 3-4 хоногийн өмнө би Д.Энх-Амгалан эмчтэй санхүүгийн асуудлаас болж маргасан байсан. Мөн намайг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай ажилчид ажлын бус цагаар архи уугаад хоорондоо маргалдаж, цагдаагаар шалгагдсан. Тэр асуудлаас болоод эмнэлгийн ажилчид архи уусан гэсэн яриа гарсан. Тухайн үед надад ямар нэгэн арга хэмжээ аваагүй, ажилчдын хурлаар авч хэлэлцээгүй. Мөн Заяатаар пиво авахуулсан, Бадамгаравын төрсөн өдөр байсан гэсэн байсан, ийм асуудал огт болоогүй. Би тус байгууллагад 20 жил ажиллаж байгаа, надад бусад ажилчидтай адилхан цалингийн арга хэмжээ авч болдоггүй юм уу гэж Д.Энх-Амгалан эмчээс гуйсан боловч авч хэлэлцээгүй. Манай байгууллага дээр архины асуудал байнга байдаг. Иймд би ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2 237 974 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Б мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.А нь архи уусан гэдэг нь нотлогдож байгаа. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ө.А өөрөө архи уугаагүй гэдэг боловч хамт байсан хүмүүс нь нотолсон. Ажлын байранд архи уусан бол Хөдөлмөрийн дотоод журамд ажлаас хална гэсэн заалт байгаа. Тийм учраас ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж үзэж байна. 2016 оны 03 дугаар сард мөн ажил дээр архи уусан талаар гэрч Д.Мөнхбаясгалан ярьсан. Гэхдээ энэ асуудал нь ажлаас халсан үндэслэлд хамаарахгүй. Зөвхөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Заяаттай ажлын байранд пиво уусан, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр спирт уусан зөрчлийг давтан, ноцтой зөрчилд тооцож арга хэмжээ авсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.А нь Говьсүмбэр аймгийн Б мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 237 974 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлэн гаргасан байна.
Нэхэмжлэгч Ө.А нь Г сумын Эрүүл мэндийн төвд эмийн санч, эх баригч бага эмчээр ажиллаж байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн В/04 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 3.5.2, Хөдөлмөрийн гэрээний 5.4.1 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлын цагаар ажлын өрөөндөө эмнэлэгт эмнэлгийн эмчилгээ, халдваргүйтгэл үйлчилгээний зориулалтаар ирсэн цэвэр спиртийг ууж архидан согтуурсан, сануулсаар байтал дээрх үйлдлийг давтан гаргасан үндэслэлээр ажлаас халагджээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгч Ө.А нь ажлын байранд өөрийнхөө хариуцсан эмнэлгийн зориулалттай спиртийг уусан, урьд нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлын байранд архи уусан зөрчил гаргаж байсан тул давтан зөрчил гэж үзсэн, мөн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан нь үндэслэлтэй хэмээн маргасан байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ажил олгогчийн зүгээс ажилтныг ажлаас халах үндэслэл болгосон үйл баримттай харьцуулан дүгнэн үзээд ажил олгогчийн шийдвэрийн зарим үндэслэл тогтоогдсон, зарим үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв. Үүнд:
Ажил олгогч Говьсүмбэр аймгийн Б мэндийн төв, ажилтан Ө.А нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.
Уг хөдөлмөрийн гэрээний 5.4.1-т ажилтан ажлын цагаар, ажлын байрандаа буюу албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, санаачилсан, нөхцөл бүрдүүлсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн бол 5.4-т зааснаар байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан, мөн байгууллагын дотоод журмын 3.5.2-т зааснаар ажлын болон ажлын бус цагаар ажлын байран дээр архи уусан зөрчил гаргасан бол ажлаас шууд хална гэж зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Б мэндийн төв нь нэхэмжлэгч Ө.А 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлын байранд архидан согтуурсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Ө.А нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эмийн санч, эх баригч бага эмчийн үүрэгт ажлын хүрээнд өөрийн хариуцаж байсан эмнэлгийн эмчилгээ, халдваргүйтэл үйлчилгээний зориулалтаар ирсэн цэвэр спиртийг эмнэлгийн бусад ажилчидтай хамт, ажлын өрөөндөө найруулан ууж, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь гэрч Э.Хүрэлбаатарын ...Ариунтунгалагийн өрөөнд 13 цагийн үед дахиад ороход тэд нар спирт ууж байсан учраас бид 6-лаа нийлээд спирт уусан. Ариунтунгалаг надтай зөрөөд үзлэг хийнэ гэж гараад 30 минутын дараа орж ирээд бид нар хамтдаа спирт уусан гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрч Д.Заяатын ...Хүрэлбаатар, Лхагвасүрэн, Ариунтунгалаг, Түмэн-Эрдэнэ нар спирт уусан. ...Ариунтунгалаг өрөөндөө согтоод тасраад унтсан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/, гэрч М.Номиндарийн ...Ариунтунгалаг спирт уусан. Лхагвасүрэн, Хүрэлбаатар, Түмэн-Эрдэнэ, Ариунтунгалаг нар нилээн согтсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/, гэрч З.Лхагвасүрэнгийн ...Ариунтунгалаг спиртнээс амссан, гэхдээ айхтар тасартлаа уугаагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 73/, 2016.05.10, 2016.05.20-ны өдрүүдийн ажилчдын хурлын тэмдэглэл хөтөлсөн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрч Ц.Байгалмаагийн мэдүүлгээр нэхэмжлэгч Ө.А нь ажлын байранд архи уугаагүй болох нь нотлогдоно гэж тайлбарлаж байгаа боловч тухайн гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Харин ажил олгогч ажилтныг ажлаас халах үндэслэл болгосон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тогооч Д.Заяаттай хамт ажлын байранд пиво уусан үйл баримтыг давтан зөрчилд хамааруулан үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй, үнэн зөв, эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэгт дээрх үйл баримтыг нотлох гэрч Д.Заяат, Д.Зоригт, Ч.Бадамгарав, С.Мөнхцэцэг, Л.Жавзанпагма нарын мэдүүлгүүд авагдсан боловч гэрчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй /ямаа зарсан учраас пиво авч уусан, Бадамгаравын төрсөн өдөр байсан, эмч нарын баяр байсан, аймгаас ирэх эмч нарт хоол бэлтгэх өдөр байсан гэх мэтээр/, тухайн архидан согтуурсан гэх асуудал 2015 оны 11 дүгээр сарын хэдний өдөр болсон нь тодорхойгүй, ажил олгогч ажилтны гаргасан зөрчлийн талаар хэзээ мэдээд, хэрхэн сануулах арга хэмжээ авсан гэдэг нь тодорхойгүй зэрэг байдлыг харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгч Ө.Ариунтунгалаг нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлын байранд архидан согтуурсан зөрчил гаргасан нь үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлогдохгүй байна.
Түүнчлэн шүүхээс ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсний дагуу хуульд заасан хугацааны дотор зөрчилд хариуцлага тооцсон эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай болно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ цаг хугацааг ч нягтлан тооцох боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ө.А нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй боловч, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 237 974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт дурдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ө.А нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 237 974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ