Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/01802

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 23 210/МА2024/01802

 

 

Ө ХХН-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02385 дугаар шийдвэртэй, Ө ХХН-ийн нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 481,328,761 төгрөг гаргуулах тухай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б ХХК нь шаардах эрхээ Ө ХХН-д шилжүүлсэн.

1.2. Б ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын Х гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Хариуцагч А ХХК нь тус сумын Х гэх газрын ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах байтал Б ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд дайрч ороод хууль бусаар жонш олборлосон гэм буруутай үйл ажиллагаанаас болж Б ХХК-ийн эзэмшлийн 6 га газрыг сүйтгэж, гүн цооног нүхүүд үүсгэж, газрын хөндийлэн ухаж нуралт үүсгэх аюултай нөхцөл байдал үүсгэсэн бөгөөд уг газарт нөхөн сэргээлт хийгээгүйгээс хүн, мал, ан амьтан унаж осолдох аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн.

1.3. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 000000 дугаартай шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 00000000 дугаартай магадлалаар хариуцагч нарыг гэм буруутай болохыг тогтоосон.

1.4. Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газар, Өлзийт сумын Засаг дарга, Цагдаагийн байгууллагаас уг газарт хамгаалалт гаргахыг Б ХХК-д үүрэг болгосон. Хэрэв хамгаалалт гаргаж талбайг хамгаалахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай албан ёсоop сануулж байсан тул Б ХХК-аас 2017 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэл И ХХК, Д ХХК зэрэг мэргэжлийн харуул хамгаалалтын компаниудтай гэрээ байгуулж, гэрээний дагуу 274,200,000 төгрөгийг Д ХХК-д, 198,128,761 төгрөгийг И ХХК-д тус тус төлсөн.

1.5. Эрүүгийн хэргийг шалгах явцад шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тул Э ХХК, ГХХК-иудаар шинжилгээ хийлгэж шинжээчийн зардалд Э ХХК-д 5,000,000 төгрөгийг, Г ХХК-д 4,000,000 төгрөгийг тус тус төлсөн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрхэд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч А ХХК-аас 481,328,761 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ф ХХК П нараас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. А ХХК нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр 2002 оноос хойш Дундговь аймгийн Өлзийт сумын Х гэх жоншны уурхайд үйл ажиллагаа явуулсан. А ХХК нь Б ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг бүхэлд нь эзэмшдэг байсан. Тухайн үед ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгаагүйгээс зарим хэсэг нь хүчингүй болсон байхад Б ХХК нэвтэрсэн гэх талбайг ашиглах хайгуул хийх тусгай зөвшөөрлийг авсан байдаг.

Тухайн үедээ А ХХК-ийн зүгээс ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байхдаа тухайн зурвасаа даваад олборлолт явуулсан тул энэ талаар Б ХХК-аас албан тоотоор хандсанаар асуудал үүссэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт дайрч ороогүй, энэ нь санамсаргүй болсон үйлдэл байсан тул манай компаниас буруугаа хүлээн зөвшөөрч зөвшилцөх санал тавихад Б ХХК нь зөвшөөрөхгүйгээр цагдаагийн байгууллагад хандсан.

2.2.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа гэдэг нь гуравдагч этгээдийн довтолгооноос хамгаалах зорилгоор авах шаардлагатай арга хэмжээний төрөл юм. Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах үүргийг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдэд үүрэг болгосон. Нэхэмжлэгч энэ чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө гуравдагч этгээдээс мөнгө авах харилцаа байж болохгүй. Тухайн олборлолтын үйл ажиллагаа явуулах хэсэг дээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлснээс хойш А ХХК-аас дахин дайрч орж ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй. Харин Б ХХК-ийн хамаарч буй хэсэгт нинжа гэх уул уурхайг зөвшөөрөлгүйгээр ухдаг, ашиг малтмал олборлодог иргэдийн довтолгоо байсан.

Хэрэгт авагдсан баримтаар нэр бүхий этгээдүүдийн хууль бус олборлолт, дайралт, хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд хариуцлага хүлээвэл зохих этгээдүүд хууль зүйн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, манай компанийг буруутгаж байна. Дайрч орсон гэх талбай 1.46 га газар бөгөөд нэг га газрын тухайн том газар биш тул хамгаалалтын үйлчилгээний хөлсөнд сарын 6,000,000 төгрөг төлсөн гэж буй нь үндэслэлгүй. Б ХХК-ийн ашиглалтын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа өөр газрууд байдаг бөгөөд өөрсдөө хоёр хамгаалагч ажиллуулдаг байсныг дахин нэмж хамгаалалт авснаар гуравдагч этгээдээс үйлчилгээний хөлсийг нэхэмжилж байна.

Иймд А ХХК-аас үйл ажиллагаа явуулаагүй байхад танай компаниас болоод хамгаалалт авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК 64,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 417,128,761 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч П, Ф ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч П, Ф ХХК нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө ХХН нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А ХХК-иас 478,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэгт авагдсан Б ХХК болон И сервис ХХК нарын хооронд байгуулсан гэрээний шууд хамааралтай заалтыг нарийн тодорхойлж хавсралтаар баталгаажуулсан хамгаалах талбайтай холбоотой бичгийн баримтыг үнэлэхгүй орхигдуулсан. Учир нь 2015 оны 04 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын хооронд Б ХХК болон И сервис ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээний хамгаалах талбайн солбилцол болон газрын зургийг гэрээний хавсралтаар тодорхойлсон байхад шүүх анхаараагүй. Мөн Б ХХК болон Д ХХК хооронд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан харуул хамгаалалтын гэрээ, гэрээний дагуу хөлсийг бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Дээрх гэрээнүүдийг байгуулах болон төлбөрүүдийг төлөх болсон зайлшгүй шаардлага нь хариуцагч А ХХК-ийн хууль бусаар жонш олборлосон үйл ажиллагааны улмаас Б ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайд олон тооны 20 метр хүртэл гүн нүх ухагдсанаас тухайн орчинд аюултай байдал бий болгосноос орон нутгийн эрх бүхий байгууллагын шаардлагаар нэмэлт хамгаалалт гаргасантай шууд холбоотой. Тодруулбал, А ХХК-ийн дайрч орсон талбайд ил задгай жонш ихээр үлдсэн, олборлох зам талбайг бэлтгэсэн нь бусад нинжа нар дайрч орох боломжтой болсноос гадна А ХХК-ийн зүгээс зориуд санаатайгаар бусдыг турхирч манай талбайгаас жонш олборло гэж явуулах, тэнд байсан хамгаалалтын албаны хүмүүст нөлөөлж хамтран хулгайлах, мал хүн амьтан унаж эрсдэх, хулгайгаар олборлогч этгээдүүд хөлсөөр ажиллах хүмүүсийг осолтой орчинд ажиллуулж амь насанд нь аюул учруулах нөхцөл байдал үүсгэсэн тул Аймгийн мэргэжлийн хяналтын алба, сумын Засаг дарга, хуулийн байгууллагын шаардлагаар хамгаалалт гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байхад хохирлын хэмжээг бууруулж тогтоосон нь буруу юм. Шүүх хариуцагч А ХХК-ийн өөрийн ашиглалтын лиценц бүхий талбайд зохих журмын дагуу ямар ч саад бэрхшээлгүйгээр ажиллаж буй харуул хамгаалалтын ажлын нөхцөл, хөлс зардлыг Б ХХК-ийн дээрх байдлаар хамгаалалт авагдсан харуул хамгаалалтын ажлын нөхцөл, хөлс зардалтай харьцуулж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ 2 хамгаалалт нь өөр нөхцөлтэй, хоорондоо ялгаатай болохыг харгалзан үзээгүйгээс нэхэмжлэлийн үнийн дүнг үндэслэлгүйгээр багасгаж шийдвэрлэсэн.

4.2. Шүүх хамгаалалтын үйлчилгээний гэрээний үнийг зах зээлийн үнээс хэт өндөр гэж үзээд Б ХХК, Д ХХК нарын хооронд байгуулагдсан 8,000,000 төгрөгийн үнэ бүхий харуул хамгаалалтын гэрээний үнийг гэрээний үнийн зөрүү гэх 2,400,000 төгрөгөөр тооцож тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хамгаалалтын үйлчилгээний гэрээний үнийг хамгаалах обьектын эрсдэлт нөхцөл байдлыг харгалзан талуудын тохиролцоогоор тогтоодог. Б ХХК-ийн хувьд зах зээлийн жишиг үнээс гадна хамгаалах талбай нь эвдэрч сүйдсэн, асар том гүнзгий нүх хөндийлөн ухсан, мөн ямар ч төлөвлөлтгүйгээр олборлолт хийсэн нурах аюултай хөндий нүхнүүдтэй, аль ч талаас нь хулгайгаар шууд жонш ачих боломжтой болгосон, уг талбайн жоншны агууламж нь маш өндөр тул нинжа нар талбайн аль ч талаас орох боломжтой тул байнга тасралтгүй хамгаалах хянах зайлшгүй шаардлага үүссэн, шаардлагатай хамгаалалтын ажилтны тоо зэргийг харгалзан харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээний үнийг тогтоосон.

Мөн хамгаалалтын ажилтнууд ойр орчимд нь иргэд суурьшаагүй эзгүй газар байнга ажилладаг зэргээс зардал нэмэгддэг. А ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлосон талбайд харуул хамгаалалт гаргасан нь гэрээний хавсралт, солбилцол, Засаг даргын тодорхойлолт, Харуул хамгаалалтын компанийн албан тоот зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байхад шүүх бүх лицензийн талбайг хамарсан харуул хамгаалалтын төлбөр мэтээр өөрийн үзэмжээр дүгнэснийг хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр нь Б ХХК болон И сервис ХХК нарын хооронд байгуулагдсан 5,600,000 төгрөгийн харуул хамгаалалтын гэрээний үнийн дүнг харгалзаж Б ХХК болон Д ХХК нарын хооронд байгуулагдсан 8,000,000 төгрөгийн гэрээний үнийн зөрүүг 2,400,000 төгрөгөөр тооцох нь зөв гэж дүгнэсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг илт зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Хууль зүйн хувьд хамгаалалтын үйл ажиллагаа гэдэг идэвхитэй халдлага, довтолгоо эрсдлийн эсрэг өөрийн, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж буй идэвхитэй үйлдэл, үйл ажиллагааг ойлгодог. Хэрэгт авагдсан баримтаас харвал хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий этгээдүүд нь Б ХХК-ийн нэвтэрч олборлолт явуулсан, нэвтрэх оролдлого хийсэн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас албан бичиг хүргүүлсэн. Хууль бусаар ашигт малтмал олборлох, бусдын хайгуулын болон ашиглалтын талбайд нэвтрэх нь хууль бус үйлдэл юм. Энэхүү хууль бус үйлдлийг хийсэн дээрх нэр бүхий этгээдүүд нь Б ХХК-ийн хамгаалалт авсан асуудлаар хариуцлага хүлээвэл зохих этгээдүүд юм. Гэтэл нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хариуцагчийг буруутгасан нэхэмжлэл, гомдлыг анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүхээс дээрх нэр бүхий этгээдүүдийн хууль бус олборлолт, дайралт, хууль бусаар нэвтэрсэн үйлдэлд А ХХК-ийг буруутгасан шийдвэрийг гаргавал уг асуудалд хариуцлага хүлээвэл зохих этгээд хариуцлага хүлээхгүйгээр хууль зүйн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж гэм буруугүй А ХХК нь хууль зүйн хариуцлага хүлээх нөхцөл бий болж, хууль ёс, шударга ёс зөрчигдсөн нөхцөл байдал бүрдэхээр байна.

Нэхэмжлэгч талын гомдолд ...хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулсан этгээдүүдтэй А ХХК нь харилцан хамааралтай мэтээр илтэд гүтгэсэн гүтгэлэгийн шинжтэй гомдол, тайлбар гаргасныг хүлэн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлаа нотлох, үнэн зөв тайлбар гаргах, тайлбарынхаа үнэн зөвийг хариуцах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримт болон хэргийн бодит үйл баримтаар А ХХК нь хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдтэй хамааралгүй. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмаас харвал Б ХХК нь малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч нь харуул хамгаалалтын байгууллага ажиллуулах нь өөрийнх нь чиг үүрэгт хамаарна. Иргэний эрх зүйн харилцаанд иргэн, хуулийн этгээд харуул хамгаалалт ажиллуулах эрх нь өөрийнх нь үзэмжийн асуудал байдаг. Б ХХК нь харуул хамгаалалт компанитай гэрээ байгуулж, гэрээнд оролцогчдын хооронд эрх, үүрэг үүсгэх болохоос өөр гуравдагч этгээдэд уг гэрээний үүргийг хариуцуулах үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй хохиролын хооронд шалтгаант холбоо байхыг шаардах бөгөөд уг шалтгаант холбооноос учирсан хохирол байхыг шаарддаг. Дээрх хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд хохирсон этгээд хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрх үүсдэг. Нэхэмжлэгч нь хариуцагчаас болж харуул хамгаалалт авах шаардлагатай болсон гэж шүүхэд тайлбарладаг боловч энэ хэрэгт авагдсан баримтуудаас няцаагддаг. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн тодорхойлолт, нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдээс гаргаж байсан гомдлоос өөр этгээдүүд нэхэмжлэгчийн талбайд нэвтэрч байснаас харуул хамгаалалт нэмж гаргах шаардлагатай болсон нь нотлогддог.

Нэхэмжлэгчийн талбайд ашигт малтмал олборлох эрхгүй энгийн иргэд удаа дараа нэвтэрч нэхэмжлэгч нь нэмэлтээр харуул хамгаалалт гаргах шаардлагатай болсон бол уг этгээдүүдээс уг харуул хамгаалалтын зардлаа шаардах ёстой. Түүнчлэн уг хугацаанд хариуцагч ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаагүй тул нэхэмжлэгчийн хариуцагч дахин нэвтрэх магадлалтай байсан гэх тайлбар үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн талбайд ашигт малтмал олборлох эрхгүй энгийн иргэд удаа дараа нэвтэрсэн үйлдэлд манай байгууллагыг буруутгаж их хэмжээний мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

7.1. А ХХК-ийн үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг, хууль бус олборлолтын улмаас үүссэн ил уурхайн талбай, тэнд орхиж явсан ил задгай жоншийг хулгайн замаар олж авах зорилгоор хувь хүмүүс, жоншны нинжа нар халдаж эхэлсэн бөгөөд байнга дайрч орох болсон тул хулгайгаар олборлогчдын хөлсний ажилчид, иргэд, мал, амьтан осолдох, байгаль орчинд илүү хохирол учруулахаас сэргийлж, хүчлэн хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн. Мөн А ХХК-ийн удирдлага бусдад худлаа тайлбарлан, хууль бус олборлолт хийсэн талбайгаас төлөх ёстой төлбөртөө жонш ачиж явахыг бусдад санал болгож удаа дараа хууль бус халдлагыг бусад этгээдүүдээр хийлгэж байснаас болж нэмэлт хамгаалалт хийх шаардлага үүссэн. Өлзийт сум, Дундговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас тусгай хамгаалалт гаргахыг шаардаж, хэрэв талбайг хамгаалхгүй бол нүүрсний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулсан. Иймд энэ гэмт хэргийн улмаас сүйдсэн талбайг шүүхээс эцсийн шийдвэр гарч нөхөн сэргээлт хийх хүртэл хамгаалах шаардлага бодитойгоор үүссэн. А ХХК-ийн энэ талбайг хамгаалахыг хүсээгүй, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй, бид хуулийн байгууллага, шүүхэд сүйдсэн талбайг битүүмжлэх, хамгаалах хүсэлт гаргасан боловч харуул хамгаалатын байгууллагаар хамгаалуулж хохирлоо гаргуулж авах боломжтой гэж үзээд хүсэлтийг хангаагүй тул гэм хорын хохирлыг А ХХК-ни шууд хариуцах үүрэгтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хорыг хариуцагч этгээдийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, арилгах арга хэмжээ авах шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж тодорхой заасан байдаг. А ХХК-ийн хууль бусаар олборлолт явуулж эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхээс тогтоож зохих ял шийтгэлийг оногдуулсан нь одоо хүчин төгөлдөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Тусгай зөвшөөрөлтэй талбайг бүхэлд нь бус харин халдсан газрыг хамгаалалтын алба тусгайлан гэрээгээр хамгаалж байсныг Засаг даргын албан бичиг, шүүхэд ирүүлсэн харуул хамгаалалтын гэрээ, гэрээний хавсралт газрын зураг тодорхой нотолж байна. Б ХХК нь 2012 оноос одоог хүртэл хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг орон тооны 2 харуултай бөгөөд энэ хамгаалалтын ажилтан нь өнөөг хүртэл тусгай зөвшөөрөлтэй тайлбайг бүхэлд хамгаалдаг.

7.2. А ХХК нь гэмт хэрэг үйлдсэнээс хойшхи хугацаанд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан, явуулаагүй эсэх нэхэмжлэгчийн гаргасан хамгаалалтын зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ нь хавтаст хэрэг авагдаж шүүхээс шинжлэн судалж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч нь тухайн хугацаанд хууль бус олборлолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсон, үүнийг хуулийн байгууллагаас таслан зогсоосон тул А ХХК, уг компанийн захирал В.П.Цегельникийн өмнөх хууль бус үйл ажиллагааны үр дагавар нь эрсдэл дагуулсаар байсан учраас хамгаалалтын байнгын арга хэмжээ авах шаардлагатай болсон. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэгчид урьд өмнө нь хийсэн хууль бус үйлдлийнхээ улмаас учирсан хохирлыг хариуцах ёстой.

7.3. Хариуцагч тал Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хамгаалах ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч дангаараа хариуцна гэж тайлбарлаж байгаа нь хариуцлагыг үндэслэлгүйгээр шилжүүлэх гэсэн оролдлого юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаа хамгаалах энэхүү нийтлэг үүрэг нь хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа, гэмт хэргийн улмаас сүйдсэн хэсэг талбайг хамгаалсантай холбогдож гарсан хохиролтой хамааралгүй, 2 тусдаа хамгаалалт болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Энэ хамгаалах шаардлагын дагуу хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг орон тооны 2 харуул, хамгаалалтын ажилтан нь өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрөлтэй талбайг бүхэлд хамгаалах ажлаа хийсээр байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй талбайг хамгаалах үүрэг нь бусдын хууль бус үйлдлээс болж гуравдагч этгээдийн үүсгэсэн эрсдэл биш, байнгын үйл ажиллагааны эрсдэлд хамаарна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн аюулгүй байдлын хохирол нь хариуцагчийн зөвшөөрөлгүй үйлдэл, гэмт хэрэгтэй шууд холбоотой бөгөөд энэ нь халдсан талбайд эрсдэлийг нэмэгдүүлсэн. БХХК болон хамгаалалтын компаниудын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрт тусгай зөвшөөрөлтэй талбайг бус А ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанд өртсөн газар нутгийг хамгаалах зорилготой байсныг тодорхой заасан байдгийг дахин тэмдэглэмээр байна. Эдгээр гэрээг, хавсралтын хамт шүүхэд хүргүүлсэн бөгөөд Засаг даргын албан бичиг нь хамгаалалтын хязгаарлагдмал хүрээг баталгаажуулсан. Энэ нь хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгчийн гаргаж буй үндэслэлийг хангалттай няцааж байна.

Иймд хариуцагч А ХХК-ийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримт болон хуулийн заалтыг аль алиныг нь илтэд буруу тайлбарласан агуулгатай байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А ХХК, Ф ХХК П нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 382,128,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. /1-р хх1-2/

 

3.1. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлж, гэмт хэргийн улмаас харуул хамгаалалтын гэрээний дагуу Д ХХК-д төлсөн 274,200,000 төгрөг, И сервис ХХК-д төлсөн 198,128,761 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 9,000,000 төгрөг, нийт 481,328,761 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулахыг хүссэн.

 

3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ф ХХК П нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б ХХК нь Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт сумын Х нэртэй газарт орших 23062.99 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын М дугаартай тусгай зөвшөөрөл, харин хариуцагч А ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын Хнэртэй газарт орших 310 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 6 дугаартай тусгай зөвшөөрөл, мөн Дундговь аймгийн Өлзийт сумын Хнэртэй газарт орших 43 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 6 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг. /2-р хх204-206, 3-р хх79-80/

 

4.2. Хариуцагч А ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын Хнэртэй газарт 2012 оноос 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд М дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч Б ХХК-ийн ХҮ-013544 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 000000 дугаартай шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 00000000 дугаартай магадлал, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон. /1-р хх6-31/

 

4.3. Нэхэмжлэгч БХХК нь И сервис ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр BHU-170306-01 дугаартай харуул хамгаалалтын гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр BHU-170306-01 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр BHU-170606-01 дугаартай харуул хамгаалалтын гэрээ, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр BHU-170606-01 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр BHU-170906-01 дугаартай харуул хамгаалалтын гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр BHU-170906-01 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр BHU-180316-01 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр BHU-170906-01 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр BHU-170906-01 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр BHU-170306-01 дугаартай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай тус тус байгуулсан бөгөөд гэрээний 1.1-д гүйцэтгэгч зүгээс компанийг гадны гэмт халдлага, хулгай, гадны болон энгийн иргэд, мал амьтан, техник хэрэгсэл хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй байх бусад хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалалтын бүс дэх үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлэх нөхцөл боломжоор хангах, гэрээний хавсралтад үйлчилгээний хөлс нэг сарын төлбөр 5,600,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /1-р хх32-87/

 

4.4. Үүний дараа нэхэмжлэгч Б ХХК нь Д ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр BHU-20200120-01 дугаартай харуул хамгаалалтын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, гэрээний 1.1-д гүйцэтгэгч зүгээс А ХХК-ийн хууль бусаар олборлолт явуулсан 10603237 4501651 10603236 4501639 10603221 4501639, 10603221 4501651 координат бүхий талбайг гадны гэмт халдлага, хулгай, гадны болон энгийн иргэд, мал амьтан, техник хэрэгсэл хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэтрүүлэхгүй байх, бусад хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох, хамгаалалтын бүс дэх үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангах, гэрээний хавсралтад үйлчилгээний хөлс нэг сарын төлбөр 8,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Дээрх гэрээнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгажээ. /1-р хх88-103/

 

4.5. Нэхэмжлэгч Б ХХК-аас дээрх гэрээний үүргээ биелүүлж И сервис ХХК-д 190,400,000 төгрөг, Д ХХК-д 272,000,000 төгрөгийг тус тус төлсөн байна. /1-р хх104-158, 243-250, 2-р хх1-5/

 

4.6. Мөн эрүүгийн хэрэгт Дундговь аймаг дахь Цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор Э ХХК-ийг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор Г ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх ба нэхэмжлэгч Б ХХК-аас шинжээчийн зардалд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Э ХХК-д 5,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ГХХК-д 4,000,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэх зэрэг баримтаар тус тус нотлогджээ. /2-р хх40, 101-113, 117-166/

 

4.7. Нэхэмжлэгч Б ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны №01 дугаар тогтоолоор ӨХХН-д шаардах эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгч Б ХХК-аас ӨХХН-тэй 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хохирол шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан бөгөөд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШТ2023/00696 дугаартай тогтоолоор ӨХХН-ийг нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг сольсон. /2-р хх180-182, 199-200/

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тус тус үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан гэм хорын хохирол шаардахад хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас түүний эд хөрөнгөд гэм хор учирсан байх, уг үйлдэл болон учирсан хохирлын хоорондох шалтгаант холбоо, гэм буруу /санаатай буюу болгоомжгүй/-тай байх нөхцөл бүрдсэн байх учиртай.

 

5.1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 000000 дугаартай шийтгэх тогтоолд ... БХХК-ийн эзэмшлийн лицэнзтэй талбайд хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, БХХК нь харуул хамгаалалтын зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймээс хариуцагчийн гэм бурууг тогтоогдсон гэж үзнэ.

 

5.2. Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн талбайн шав тэмдгийг хамгаалах...үүрэгтэй бөгөөд уг үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь И сервис ХХК, Д ХХК-иудтай харуул хамгаалалтын гэрээ байгуулсан, улмаар И сервис ХХК-д харуул хамгаалалтын хөлсөнд сар бүр 5,600,000 төгрөг, Д ХХК-д харуул хамгаалалтын хөлсийг нэмэгдүүлэн сар бүр 8,000,000 төгрөг тус тус төлжээ.

 

5.3. Нэхэмжлэгч Б ХХК нь Д ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 1.1-д гүйцэтгэгч нь А ХХК-ийн хууль бусаар олборлолт явуулсан /координат бүхий 1.46 га/ талбайг гадны гэмт халдлага, хулгай, гадны болон энгийн иргэд, мал амьтан, техник хэрэгсэл хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтрүүлэхгүй байх, бусад хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох, хамгаалалтын бүс дэх үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломжоор хангах талаар тусгасан хэдий боловч нэхэмжлэгч нь 23062.99 гектар талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тул уг гэрээг ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүхэлд нь хангах зорилготой гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5.4. Нэхэмжлэгч нь Д ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлсэн дүнгээр төлсөн нь хариуцагч А ХХК-ийн хууль бусаар жонш олборлосны улмаас БХХК-ийн эзэмшлийн лицензтэй талбайд осол гарах, хүн мал унаж осолдох аюултай нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор харуул хамгаалалтын хөлс нэмэгдсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзнэ.

 

5.5. Хэргийн баримтаар харуул хамгаалалтын нэмэлт зардал нэхэмжлэгчээс гарах болсон шалтгаан үндэслэлийг хариуцагчийн санаатайгаар хууль зөрчиж, хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь шалтгаант холбоотой гэж шүүх зөв дүгнэсэн. Иймд ...хариуцагчаас болж харуул хамгаалалт авах шаардлагатай болсон гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн талбайд энгийн иргэд дайрч орсон тул уг этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх ёстой... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч А ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан харуул хамгаалалтын хөлсийг нэмэгдүүлсэн хэмжээгээр төлж, нэмэлт зардал гарсныг БХХК болон Д ХХК-иудын хооронд байгуулагдсан 8,000,000 төгрөгийн үнэ бүхий харуул хамгаалалтын гэрээний үнийн зөрүү 2,400,000 төгрөгөөр тооцож тогтоосон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч талын ...хамгаалах обьектын эрсдэлт нөхцөл байдал, хамгаалалтын ажилтны тоо зэргийг харгалзан үйлчилгээний хөлсийг тогтоосон байхад шүүх гэрээний үнийн зөрүүг 2,400,000 төгрөгөөр тооцож дүгнэсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан шинжээчийн зардлыг нэхэмжлэгч төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсоныг шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй орхигдуулсан тул анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож хариуцагч А ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэн хариуцагч А ХХК-аас 64,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ӨХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 417,128,761 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

8. Харин БХХК нь И сервис ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээнд ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн ердийн хэвийн үйл ажиллагааг хангахаар эсвэл А ХХК-ийн хууль бус олборлолтын улмаас эвдэгдсэн хөрс бүхий талбайг хамгаалалтандаа авсаны аль нь болох нь тогтоогдоогүй тул И сервис ХХК-д төлсөн харуул хамгаалалтын хөлсийг хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн ...И сервис ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээний хамгаалах талбайн солбилцол болон газрын зургийг гэрээний хавсралтаар тодорхойлсон байхад шүүх үнэлээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 478,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ