Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 886

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

          Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

          Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч О.Баяраа /ҮД:0333/,  

          Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Тамир /ҮД:0651/,

          Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Батхуяг /ҮД:2791/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Гыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М, Б.Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802 00127 0049 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1969 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 4 тоотод оршин суух,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 487 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 386А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Жийн Г /РД:........../,

          2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУИС-ийн Бизнесийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, өвөө, эмээ, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны 13 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дийн М /РД:.........../,

          3. Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Мон-Эрдэнэ” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 8, эцэг, эх, 2 дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 9 дүгээр байрны 42 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн Б /РД:........./,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Ж.Г нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан нийт 6.4 грамм буюу Д.Мын биеэс хураан авсан 1.6 грамм, Б.Бий биеэс хураан авсан 4.8 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Д.Мт 600.000 төгрөгөөр худалдсан,

          Мөн Ж.Г нь өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 20.2 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

          Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг Ж.Гаас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад өгсөн,

          Мөн Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дугээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 1.6 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

          Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 4.8 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Гаас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гын өгсөн: “... Сэтгэцэд нөлөөлөх бодис хүнээс авч, тэрийгээ дамжуулан, энэ хоёр дүүгээ уруу татсандаа гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн байдлаар энэ хоёр  дүүтэйгээ маргалдаж мэтгэлзэх зүйл байхгүй. Бүх зүйл миний буруу гэж ойлгож байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-04 тоот орон сууцанд нэгжлэг хийсэн тэмдэглэл: “Swiss Chocolate” гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцганд савласан, тусад нь гялгар уутаар хуйлж савласан нийт 20.2 грамм “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2931 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон/,

          “... Wild Berry” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн металл хайрцганд савалсан 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2932 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон/,

          “... Impact mints peach mints sugar free” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн 4.8 грамм “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2929 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон/ гэх баримтууд /хх.1.8-15/,

          Хүний биед 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэлүүд /хх.1.16-20, 37-39/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Бий хувийн байдлын талаар гэрч Т.Тамирын өгсөн мэдүүлэг /хх.1.89-91/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ж.Гын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр надтай мэнд устай явдаг, хуурай дүү М өдрийн 12 цагийн үед гэрт орж ирээд “жаахан юм байвал өгөөч ахаа” гэсэн, би Мыг өвс, шавар хэрэглэдэг гэдгийг нь мэддэг болохоороо өөрт байсан “Шавар”-аас хэсгийг тасалж өгсөн. Хэмжээний тухайд нэг бондгорын талаас бага зэрэг илүүг өгсөн, тэр өдөр М надад пүүзний мөнгө гэж 600.000 төгрөг өгөх ёстой байсан тэрийгээ бэлнээр нь өгчихөөд удалгүй гараад явсан, гэрт 20-30 минут л болсон. Тэгээд тэр шөнөдөө 00-01 цагийн үед миний фейсбүүкээр мессеж ирсэнийг хартал “ахаа жаахан юм өгчихөөч” гэсэн байхаар нь “тэг, тэг ирээд ав, ах нь гэртээ байна” гэж хэлтэл цагдаагийнхан ирсэн, манай гэрт нэгжлэг хийхээр болоод нэгжлэг эхлэхээс өмнө “таньд болон танай гэрт хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байгаа бол та сайн дураараа гаргаж өгнө үү?” гэсэн би том өрөөнд байдаг унтдаг орныхоо хөлний тэр хавиас хэрэглээгүй удсан “Шавар” гэх бодисыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.178-181/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Мын сэжигтнээр өгсөн: “... Г ахыг хар тамхи зарж борлуулдаг гэдгийг Б мэддэг ба намайг Г ахтай ойр дотно харилцаатай байдаг болохоор чи Г ахаасаа хар тамхи аваад өг гэж гуйсан юм. Тэгээд би Г ах дээр очин 600.000 төгрөг өгч хар тамхи худалдан авсан юм. Би өөрөө хар тамхи худалдан борлуулж байгаагүй, Г ахаас урьд өмнө 3 удаа хар тамхи авч хэрэглэж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын эхээр анх удаа авч байсан нь цагаан сарын өмнөхөн, тэгээд өнөөдөр авч байна. Урьд нь 2 удаа авахад би Г ахад ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй зүгээр авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.188-189/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Бий сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: “... би “Шавар” гэх нэршилтэй мансууруулдаг бодисыг хэрэглээд, түүнийгээ авч яваад баригдсан. Надад байсан “Шавар”-ыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Сансарт амьдардаг Маадай гэж дууддаг залуугаас грамм тодорхойгүйг 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг бэлнээр төлсөн. Маадайгаас уг зүйлийг авсан энэ үед хамт явж байсан Тэлмэн, Бат-Оргил нарын хамтаар хоёр, хоёр цэг тавьсан. Цэг тавина гэдэг нь тугалган цаасан дээр шавраа бага хэмжээтэйг тавиад доороос нь асаагуур гал өрдөж өгөөд гарсан утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэртээр ам руугаа сорсон, би Маадайгаас “Шавар” гэх хар тамхийг нийт гурван удаа авсан. Хамгийн анх 2018 оны сарын шинийн баярын өмнөхөн 100.000 төгрөгөөр, дараа нь сар шинийн дараа 100.000 төгрөгөөр нэг аваад хамгийн сүүлд өчигдөр орой 600.000 төгрөгөөр аваад л цагдаад баригдлаа...” гэх мэдүүлэг /хх. 1.199-200, 201-202/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2931 дугаартай: “... Дээж-1 2.8 грамм, Дээж-2 2.3 грамм гэж хаягласан 2 ширхэг шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт /хх.1.104-106/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2932 дугаартай: “... Шавар мэт зүйл, АV9572101 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., шинжилгээнд ирүүлсэн “А.Тэлмэн”, “Д.М” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...” гэх дүгнэлт /хх.1.109-111/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2929 дугаартай: “... Шавар мэт зүйл, тугалган цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт /хх.1.113-114/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2928 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 03/07 01-45, З.Бат-Оргил 03/06 00-40” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

          Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

          Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Г “2018.03.07” “Б.Буянт УХ95100752 2018.03.07” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрээгүй...” гэх дүгнэлт /хх.1.116-118/,

          Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэстний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 248, 275, 271 дугаартай дүгнэлтүүд /хх.1.123-131/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.1.239/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.241/,

          Д.М хувийн байдлын талаарх шинээр гаргасан 2 хуудас баримт,

          Б.Бий хувийн байдлын талаарх баримтууд /хх.192, 195-196, шинээр гаргасан 10 хуудас/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Ж.Г нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан нийт 6.4 грамм буюу Д.Мын биеэс хураан авсан 1.6 грамм, Б.Бий биеэс хураан авсан 4.8 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Д.Мт 600.000 төгрөгөөр худалдсан,

          Мөн Ж.Г нь өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 04 тоотод 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 20.2 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

          Д.М нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 6.4 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт “Шавар” гэх бодисыг Ж.Гаас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 4.8 граммыг Б.Бд өгч, 1.6 граммыг биедээ хадгалсан,

          Б.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 3 дугаар орцны орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уутанд савласан 4.8 грамм “Шавар” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Гаас 600.000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

          2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48-04 тоот орон сууцанд нэгжлэг хийсэн тэмдэглэл: “Swiss Chocolate” гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцаганд савласан, тусад нь гялгар уутаар хуйлж савласан нийт 20.2 грамм “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2931 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон/,

          “... Wild Berry” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн металл хайрцаганд савалсан 1.6 грамм “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2932 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон/,

          “... Impact mints peach mints sugar free” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн 4.8 грамм “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2929 дугаартай дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болох нь тогтоогдсон/ гэх баримтууд /хх.1.8-15/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ж.Гын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр надтай мэнд устай явдаг, хуурай дүү М өдрийн 12 цагийн үед гэрт орж ирээд “жаахан юм байвал өгөөч ахаа” гэсэн, би Мыг өвс, шавар хэрэглэдэг гэдгийг нь мэддэг болохоороо өөрт байсан “Шавар”-аас хэсгийг тасалж өгсөн. Хэмжээний тухайд нэг бондгорын талаас бага зэрэг илүүг өгсөн... цагдаагийнхан ирсэн... би том өрөөнд байдаг унтдаг орныхоо хөлний тэр хавиас хэрэглээгүй удсан “Шавар” гэх бодисыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.178-181/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Мын сэжигтнээр өгсөн: “... Г ахыг хар тамхи зарж борлуулдаг гэдгийг Б мэддэг ба намайг Г ахтай ойр дотно харилцаатай байдаг болохоор чи Г ахаасаа хар тамхи аваад өг гэж гуйсан юм. Тэгээд би Г ах дээр очин 600.000 төгрөг өгч хар тамхи худалдаж авсан юм. Би өөрөө хар тамхи худалдан борлуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.188-189/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Бий сэжигтнээр өгсөн: “... би “Шавар” гэх нэршилтэй мансууруулдаг бодисыг хэрэглээд, түүнийгээ авч яваад баригдсан. Надад байсан “Шавар”-ыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Сансарт амьдардаг Маадай гэж дууддаг залуугаас грамм тодорхойгүйг 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг бэлнээр төлсөн. Маадайгаас уг зүйлийг авсан энэ үед хамт явж байсан Тэлмэн, Бат-Оргил нарын хамтаар хоёр, хоёр цэг тавьсан. Цэг тавина гэдэг нь тугалган цаасан дээр шавраа бага хэмжээтэйг тавиад доороос нь асаагуур гал өрдөж, өгөөд гарсан утааг нь хуйлсан мөнгөн дэвсгэртээр ам руугаа сорсон...” гэх мэдүүлэг /хх.1.199-200/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2931 дугаартай: “... Дээж-1 2.8 грамм, Дээж-2 2.3 грамм гэж хаягласан 2 ширхэг шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт /хх.1.104-106/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2932 дугаартай: “... Шавар мэт зүйл, АV9572101 гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., шинжилгээнд ирүүлсэн “А.Тэлмэн”, “Д.М” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн...” гэх дүгнэлт /хх.1.109-111/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2929 дугаартай: “... Шавар мэт зүйл, тугалган цаас зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт /хх.1.113-114/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэстний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2928 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 03/07 01-45, З.Бат-Оргил 03/06 00-40” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

          Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна.

          Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Г “2018.03.07” “Б.Буянт УХ95100752 2018.03.07” гэж хаягласан 2 ширхэг шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрээгүй..” гэх дүгнэлт /хх.1.116-118/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ж.Гын яллагдагчаар өгсөн: “... Би Мыг нэг удаа манай гэрт ирэхэд ах нь нэг ийм “Шавар” гэх зүйл олсон гэж хэлсэн. Тэгээд М мэддэг болсон ба надаас асуухаар нь би сүүлийн тохиолдлыг оруулахгүйгээр 2-3 удаа өгч байсан... хэмжээний хувьд багахан хэмжээтэйг өгсөн. Яг хэдэн грамм байсан зэргийг бол санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.178-181/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Мын сэжигтэнээр өгсөн: “... Г ахаас урьд өмнө 3 удаа хар тамхи авч хэрэглэж байсан ба 2018 оны 01 дүгээр сарын эхээр анх удаа авч байсан нь цагаан сарын өмнөхөн, тэгээд өнөөдөр авч байна, урьдны 2 удаа авахад би Г ахад ямар нэгэн мөнгө төгрөг өгч байгаагүй зүгээр авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.188-189/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.Мын яллагдагчаар өгсөн: “... Би Гаас “Шавар” гэх бодисыг нийт 3 удаа авсан, эхний удаа 2018 оны 01 дүгээр сарын эхээр Гын гэрт орсон... Тэр үед надад “Шавар” гэх нэртэй зүйлийг анх танилцуулж, надад чигчий хурууны эхний үеийн хэмжээтэй баримлын шавар, бор өнгөтэй зүйлийг сонирхож үзээрэй гээд өгсөн. Тэрийг би юуг нь мэдэхгүй учраас гэрээс нь гараад хаячихсан. 2018 оны 02 дугаар сард Г миний гар утас луу залгаад гэрт хүрээд ирээч гэхээр нь би тэдний гэрт ороход надад хандан нөгөөхөөсөө дахиад авах уу гээд нөгөө Шавар нэртэй юмнаасаа дахиад өмнө нь өгч байсан хэмжээтэйг өгсөн. Тэрийг би гэрээс нь гараад хогийн савны дэргэд нөмөр хэсэгт нь орж зогсож байгаад хогийн савны дотор тал руу нь хаячихаад явсан...” гэх мэдүүлэг /хх.1.191-193/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Бий сэжигтэнээр өгсөн: “... би Маадайгаас Шавар гэх хар тамхийг нийт гурван удаа авсан. Хамгийн анх 2018 оны сар шинийн баярын өмнөхөн 100.000 төгрөгөөр, дараа нь сар шинийн дараа 100.000 төгрөгөөр дахин нэг аваад хамгийн сүүлд өчигдөр орой 600.000 төгрөгөөр аваад л цагдаад баригдлаа. Худалдаж авах үедээ грамм хэмжиж авч байгаагүй. Сар шинийн өмнө тааралдаад би түүнээс “чамд “Шавар” олдох уу? надад хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь “эргээд яръя” гэж салаад орой нь над руу залгаад “олчихлоо, эргээд яръя” гэж утасдаад уулзалдаж байгаад авсан...” гэх мэдүүлэг /хх.1.199-200/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Би Маас нийт 3 удаа “Шавар” авсан. Эхний удаа цагаан сарын өмнө, дараа нь, мөн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 100,000 төгрөгөөр 2 удаа авсан, би хэмжээг нь мэдэхгүй багахан хэмжээтэй л байсан. Эхний хоёр удаа авсан 100,000 төгрөгүүдийг нь Чингис зочид буудлын урд талд уулзалдаад бэлэн өгч байсан...” гэх мэдүүлэг /хх.1.201-202/ зэрэгт дурдагдсан буюу яллах дүгнэлтэд тусгасан 2018 оны 03 дугаар сарын 06, 07-ны өдрүүдийн 2 гэмт үйлдэлээс гадна 2018 оны 01-02 дугаар сард шүүгдэгч нарын сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, худалдсан гэх 2 үйлдлийг нэмж шалган тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнээс илүү хэтэрч болохгүй юм.

          Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Гын “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаагүй, зүгээр өгсөн, тэр 600.000 төгрөг пүүзний мөнгө байсан” гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д.Мын сэжигтэнээр өгсөн: “...Г ахыг хар тамхи зарж борлуулдаг гэдгийг Б мэддэг ба намайг Г ахтай ойр дотно харилцаатай байдаг болохоор чи Г ахаасаа хар тамхи аваад өг гэж гуйсан юм. Тэгээд би Г ах дээр очин 600.000 төгрөг өгч хар тамхи худалдаж авсан юм. Би өөрөө хар тамхи худалдан борлуулж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.188-189/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.Бий сэжигтэнээр өгсөн: “... Маадай гэж дууддаг залуугаас грамм тодорхойгүйг 600.000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрийг бэлнээр төлсөн...” гэх мэдүүлэг /хх.1.199-200/ зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдана.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Гыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.М, Б.Б нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Ж.Гыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Д.М, Б.Б нарыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, бусдад өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Ж.Г, Д.М, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Д.М, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Г, Д.М, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.Б нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Ж.Гт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.М, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Ж.Гын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Ж.Г, Д.М, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ж.Гын холбогдсон гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг түүнд шийтгэх, мөн Д.М, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид хүсч байх боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд тэдгээр хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

          Ж.Гын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс цагдан хоригдсон 81 хоногийг, Д.Мын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулж тооцон, Д.М, Б.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.

          Б.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн пүүз 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Гт буцааж олгон, хуйлсан байдалтай АҮ9572101 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Улсын Банкинд, бусад эд зүйлсийг устгуулахаар холбогдох байгууллагад тус тус шилжүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Жийн Гыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, хадгалах, худалдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Дийн М, Б овогт Бийн Б нарыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, бусдад өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Б.Б нарт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.Гт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.М, Б.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Гын цагдан хоригдсон 81 хоногийг, Д.Мын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулж тооцсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ж.Гын хувьд ногдох хөрөнгө, орлогоос 600.000 төгрөг албадан гаргуулж  улсын төсөвт шилжүүлсүгэй.

          6. Д.М, Б.Б нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Б.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Swiss Chocolate” гэсэн бичиглэл бүхий төмөр хайрцаганд савласан, тусад нь гялгар уутаар хуйлж савласан нийт 20.2 грамм /10,2 грамм байснаас 0,1031 граммыг, 10 грамм байснаас 0,0821 граммыг тус тус шинжилгээнд ашигласан/ “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, бор өнгийн тэмдэглэлийн дэвтэр,

          “... Wild Berry” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн метал хайрцаганд савалсан 1.6 грамм /0,05 граммыг шинжилгээнд ашигласан/ “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “... Impact mints peach mints sugar free” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн 4.8 грамм /0,0547 граммыг шинжилгээнд ашигласан/ “Шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, тугалган цаас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт, хуйлсан байдалтай АҮ9572101 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол Улсын Банкинд тус тус шилжүүлж, пүүз 1 хосыг Ж.Гт буцаан олгосугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Г, Д.М, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                            С.ӨСӨХБАЯР