Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 134/ШШ2016/00123

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, өөрийн байранд байрлах Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбарын /РД:2578697, утас:70543018/ нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 1-8 тоотод оршин суух, Цагаагчид овогт Цэрэндоржийн Өсөхбат /РД:ЕЙ87042517, эрэгтэй, утас:88983823/-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 4 501 480 төгрөг 98 мөнгө, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 4 509 480 төгрөг 98 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Өсөхбат нь Хасбанк ХХК-д харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байх үедээ 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 4 850 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,375 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус зээлд өөрийн сарын 36 сарын цэвэр цалингийн орлогыг барьцаалуулсан болно. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.Өсөхбат ажлаас халагдсан тул Хасбанкны ажиллагсдын зээлийн журмын 13.3 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн дансны үлдэгдэл 4 449 292,04 төгрөгийг 33 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй өрхийн зээлд шилжүүлсэн. Ц.Өсөхбат нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш үндсэн зээл 770 293,06 төгрөг, зээлийн хүү 483 834,41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 972,53 төгрөгийг төлөөд байгаа бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 3 678 998 төгрөг 98 мөнгө, зээлийн хүү 802 808 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 674 төгрөг, нийт 4 501 480 төгрөг 98 мөнгө болоод байгаа бөгөөд зээл 231 хоногоор хугацаа хэтэрч байна. Иймд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 4 501 480 төгрөг 98 мөнгө, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 4 509 480 төгрөг 98 мөнгийг Ц.Өсөхбатаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ц.Өсөхбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тус шүүхэд Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбарын гаргасан 4 509 480 төгрөг 98 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардаж авлаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 4 501 480 төгрөг 98 мөнгө, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 4 509 480 төгрөг 98 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбар нь хариуцагч Ц.Өсөхбатад холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 4 501 480 төгрөг 98 мөнгө, нотариатын үйлчилгээний зардал 8 000 төгрөг, нийт 4 509 480 төгрөг 98 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Өсөхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87 102 төгрөгийн тавин хувь болох 43 551 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 43 551 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 43 551 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хасбанк ХХК-ийг төлөөлж Чойр салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, 4 501 480 төгрөг 98 мөнгө, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 4 509 480 төгрөг 98 мөнгийг хариуцагч Ц.Өсөхбат нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87 102 төгрөгийн тавин хувь болох 43 551 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 43 551 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 43 551 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.НАРАНЧИМЭГ