Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 182/2023/01214/И |
Дугаар | 210/МА2024/01819 |
Огноо | 2024-09-27 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01819
2024 09 27 210/МА2024/01819
Т.Ц-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02934 дугаар шийдвэртэй Т.Ц-гийн нэхэмжлэлтэй, Э ХХК, Б.Ц, Б.Э нарт холбогдох, ЭХХК-ийн 3,583 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Ц-гоос Т.Ц-д бэлэглэсэн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулж Б.Ц-г ЭХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, ЭХХК-д Б.Ц-г хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай хэргийг хариуцагч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч Б.Ц /цахим/, хариуцагч Б.Э-гийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т.Ц-д 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар мэдэгдэл ирсэн. Тус мэдэгдлийг хүлээн авснаар нэхэмжлэгч нь Э ХХК-ийн хувьцааны 40 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч болохоо мэдсэн. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу Э ХХК-аас 28,251,636 төгрөг гаргуулах төлбөрийг Т.Ц нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд төлөхийг мэдэгдсэн.
1.2. Улсын бүртгэлд авагдсан баримтаас үзвэл 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б.Ц-гоос нэхэмжлэгч Т.Ц-д компанийн хувьцааг бэлэглэх бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээ 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн байсан бөгөөд гэрээний бэлэг хүлээн авагч тал буюу Т.Ц гэх гарын үсэг нь нэхэмжлэгч Т.Ц-гийн гарын үсэг биш болох нь ойлгомжтой байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Э ХХК-ийн 40 хувийн хувьцааг бэлэглэх гэрээнд гарын үсэг зураагүй. Түүнчлэн, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр уг гэрээг нотариатаар гэрчлүүлэх үед Т.Ц өөрийн биеэр нотариатын газар байлцаагүй, нотариатын энэхүү үйлдлийн талаар мэдээгүй байсан.
1.3. Хариуцагч Б.Ц-гийн зүгээс компанийн 40 хувийн хувьцааг бэлэглэх гэрээг нэхэмжлэгч Т.Ц-д танилцуулаагүй, тэрээр гарын үсэг зуруулаагүй атлаа гэрээг бичгээр үйлдэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. Нотариатч Б.Э нь нэхэмжлэгч Т.Ц-г нотариатын газарт биеэр хүрэлцэн ирээгүй байхад компанийн хувьцаа бэлэглэх гэрээг гэрчилсний улмаас уг гэрээ бүртгэлийн байгууллагад бүртгэгдэх үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн. Хариуцагч Б.Ц, Б.Э нарын энэхүү хууль зөрчсөн үйлдлийн улмаас Т.Ц өөрөө мэдээгүй байхдаа ЭХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус компанийн өр төлбөрийг хариуцах этгээд хэмээн тооцогдож, 28,251,636 төгрөгийг төлөх ёстой төлбөр төлөгч болсон. Иймээс хариуцагч Б.Ц-гоос нэхэмжлэгч Т.Ц-д ЭХХК-ийн хувьцаа бэлэглэсэн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар цаашид Т.Ц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөр төлөгчөөс хасагдах хууль зүйн үр дагавар үүсэх юм.
1.4. Шүүхээс хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцлоо ч компанийн өмнөх хувьцаа эзэмшигчийн бүртгэл сэргэхгүй. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд энэ талаар ямар ч зохицуулалт байхгүй. Тодруулбал, Б.Цгоос Т.Ц-д хувьцаа бэлэглэсэн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн шийдвэрлэсэн ч хариуцагч Б.Ц буцаад Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан гэх хуучин бүртгэл сэргэхгүй тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Цг ЭХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, ЭХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Цг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Э ХХК-д даалгах шаардлага үүссэн.
Иймд ЭХХК-ийн 3,583 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Ц-гоос Т.Ц-д бэлэглэсэн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б.Ц-г ЭХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, ЭХХК-д Б.Ц-г хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
ЭХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай эвлэрэх саналыг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Ц-гийн татгалзал, тайлбарын агуулга:
Би ЭХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бол тухайн компанийн үйл ажиллагаанд оролцох байсан. Мөн компанийн орлого, зарлага, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, гэрээ хэлцэл зэрэгт санхүүгийн баримтад миний нэр байх ёстой.
Гэтэл санхүүгийн ямар ч харилцаа байхгүй, миний нэр дээрх банкны данстай харьцсан зүйл байхгүй. Түүнчлэн, нотариатч Б.Э, нэхэмжлэгч Т.Ц гэх хүмүүсийг танихгүй, уулзаж байгаагүй. Мөн Э ХХК-ийн өр төлбөр, ашиг, орлого надад хамааралгүй.
Иймд хариуцагчаар татсан, төлбөр тооцооны нэхэмжлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хариуцагч Б.Э шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Ц болон Б.Ц нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч Б.Эгийн үйлдлийг хүчингүй болгож, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн ЭХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцаанд ногдох 40 хувийн хувьцааг буцаан Б.Ц-гийн нэр дээр шилжүүлж, холбогдох бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад хийлгэхийг хариуцагч Б.Ц болон ЭХХК нарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгоос 71,394 төгрөг, хариуцагч ЭХХК-аас 71,394 төгрөг, хариуцагч Б.Эгээс 71,394 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Ц-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч Б.Э-гийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хариуцагч Б.Э болон өмгөөлөгч Ж.Б нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь талуудыг мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргасан.
6.2. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гэрээний үүрэгтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг ноцтой зөрчсөн.
6.3. Би Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, Т.Ц Б.Ц нар 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан нь Иргэний хуулийн 276 зүйлийн 276.1, 276.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бэлэглэийн гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т.Ц нь төлбөрөөс зайлсхийхийн тулд Б.Цтой зохион байгуулалттай хувилдаж өөрсдийн байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Т.Ц ЭХХК-ийн хувь нийлүүлэгч гэдгээ мэдэж байсан. Т.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээг хууль бус болох талаар нэг ч гомдол гаргаж байгаагүй болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх Т.Ц болон Б.Ц нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ гэрчилсэн наториатч Б.Эгийн үйлдлийг хүчингүй болгож, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож гэрээгээр шилжүүлсэн ЭХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцаанд ногдох 40 хувийн хувьцааг буцаан Б.Цгийн дээр шилжүүлэх холбогдох бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад хийлгэхийг хариуцагч Б.Ц болон Э ХХК-д даалгаж гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байхаас гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч Б.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэл хариу тайлбар гаргаагүй. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Э-гээс хэргийг материалтай танилцах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Мөн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр Ж.Б-ыг авах хүсэлт гаргасан. Улмаар өмгөөлөгч Ж.Б-т хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх мөн хангаж, шүүгчээс дараагийн шүүх хуралдааныг товлохдоо зохигчдоос өөр шүүх хуралдаан давхцаж байгаа эсэхийг асууснаар талуудын боломжит өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хурлыг товлосон. Гэвч өмгөөлөгч Ж.Б, Б.Э нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, мөн хэргийн материалтай танилцаагүй тул хариуцагчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.
7.2. Бэлэглэлийн гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэгч мэдээгүй, хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх хууль бус ажиллагаа нэхэмжлэгчийн эзгүйд явагдсан тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн талаар мэдэх боломжгүй буюу гэрээний нөгөө тал биш учраас гэрээний хөөн хэлэлцэх хугацааг 3 жилийн хугацаагаар тоолох боломжгүй. Т.Ц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэх хуудсыг авснаар хууль ёсны эрх, ашиг хөндөгдсөн талаар мэдсэн даруйдаа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жилийн хугацаа үйлчилнэ.
Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3335 дугаартай шинжээчийн дүгнэлтээр компанийн хувьцааг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, компанийн эрх хүлээн авагч, эд хөрөнгийн эрх шилжүүлэх, компанийн дүрэм зэрэг баримт бичгүүдэд зурагдсан Т.Ц-гийн гарын үсэгт шинжилгээ хийхэд Т.Ц-гийн эх гарын үсэгтэй тохироогүй болохыг тогтоосон. Гэтэл хариуцагч талаас дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд н.Болдмаагаас ...Б.Ц ч байхгүй, Т.Ц ч байхгүй байхад би өөрөө энэ бэлэглэлийн хэлцлийн гэрээг үйлдээд Б.Э нотариатчийг гуйгаад шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан.
Иймд дээрх тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий бэлэглэлийн гэрээ хууль бус хэлцэл болохыг нотолж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Цгийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. н.Болдмаа, нотариатч Б.Э нарын хууль бус бэлэглэлийн гэрээг мэдээгүй, нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа мэдсэн тул хариуцах үүрэг байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч ЭХХК, Б.Ц, Б.Э нарт холбогдуулан ЭХХК-ийн 3,583 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Цгоос Т.Ц-д бэлэглэсэн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулж Б.Ц-г ЭХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, ЭХХК-д Б.Ц-г хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ЭХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, хариуцагч Б.Ц, Б.Э нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. ЭХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №01 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, №04 дугаартай хурлын тэмдэглэл, Компанийн хөрөнгийн эрх /хувьцаа/-ийг шилжүүлэх тухай гэрээгээр Б.Цгийн 40 хувь болох 3,583 ширхэг хувьцааг өмчлөх эрхийг Т.Ц-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх49, 51-55/
3.2. Үүний дараа Б.Ц нь Т.Ц-тэй 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч Б.Ц нь өөрийн эзэмшдэг ЭХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцаанд ногдох 40 хувийн хөрөнгийг бэлэг хүлээн авагч Т.Ц-д үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. /хх50/
3.3. Хэргийн 44-45 дугаар тал дахь тус компанийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар ЭХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Ц-г 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бүртгэсэн байна. /44-45/
3.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны 4-123/3201 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01281 дугаар шийдвэр, 101/ГХ2021/01489 дугаар гүйцэтгэх хуудсаар Э ХХК-аас 70,629,091 төгрөгийг гаргуулж Л.Отгонбаярт олгохоор шийдвэрлэсэн. Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д зааснаар Т.Ц тус компанийн 40 хувь буюу 28,251,636 төгрөгийн өөрийн хөрөнгөөр хариуцахаар байх тул төлбөрийн мөнгийг ... шилжүүлэхийг мэдэгджээ. /хх-12/
4.1. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №3335 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Компанийн хөрөнгийн эрх /хувьцаа/-ийг шилжүүлэх тухай гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ЭХХК-ийн дүрэм гэх баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь Т.Ц-гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирохгүй байна гэж дүгнэсэн. /102-115/
4.2. Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч Г.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Б.Ц ч байхгүй, Т.Ц ч байхгүй байхад би өөрөө энэ бэлэглэлийн гэрээг үйлдээд Б.Э нотариатчийг гуйгаад шилжүүлсэн... гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.
4.3. Хариуцагч Б.Э нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчин төгөлдөр гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
4.4. Дээрх хэргийн баримтууд болон зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтийг хооронд нь харьцуулан дүгнэвэл гэрээний талуудад бэлэглэлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн ...Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, гэрээний талууд бэлэглэлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан нь Иргэний хуулийн 276 зүйлийн 276.1, 276.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээ гэж үзнэ... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
4.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд Т.Ц болон Б.Ц нарын хооронд байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч Б.Эгийн үйлдлийг хүчингүй болгож, гэрээгээр шилжүүлсэн ЭХХК-ийн нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 3,583 ширхэг хувьцаанд ногдох 40 хувийн хувьцааг буцаан Б.Ц-гийн нэр дээр шилжүүлж, холбогдох бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллагад хийлгэхийг хариуцагч Б.Ц болон ЭХХК нарт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв.
5. Хариуцагч нь ...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
5.1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, мөн хуулийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.
5.2. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 13-ны 4-123/3201 дугаартай мэдэгдлийг хүлээн авсан үеэс ЭХХК-ийн хувьцааны 40 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч болохоо мэдсэн гэх тайлбар үндэслэлтэй байх тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолно.
5.3. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан нь дээрх хуульд заасан ерөнхий хугацаа арван жилд хамаарна. Түүнчлэн, анхан шатны шүүхэд талууд гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Хариуцагчийн ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
6.1. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Эд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргуулж, тухайн өдөр эрх, үүргийг танилцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагчийн хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарлаагүй байхаас гадна тэрээр хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа өнгөрсөн байна.
6.2. Түүнчлэн, хариуцагч Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан. 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Б.Э биечлэн, түүний өмгөөлөгч Ж.Батдорж цахимаар оролцсон, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байна. /хх-ийн 145-148, 153-155/
6.3. Улмаар хариуцагч Б.Э нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй. Иймд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн тул хариуцагчийн хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэтгэлцэх зарчмаар хангаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Харин анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. Учир нь нотариатч гэрээг гэрчлэх үед түүний хувьд тодорхой бус нөхцөл байдлыг нягтлах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэлгүйгээр гэрээг гэрчилсэн нь хууль зүйн буруу үр дагаварт хүргэхээр байх тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцнэ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02934 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...46 дугаар зүйлийн 46.3... гэснийг ...31 дүгээр зүйлийн 31.3... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ