Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 891

 

                          

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дт холбогдох 1806 03386 2222 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тайшир суманд 1995 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 16а дугаар гудамжны 443 тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, У овогт Мын Д /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Д нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд үйл ажиллагаа явуулдаг билльярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дөлгөөнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Дын өгсөн: “... Би хохирогчийн шилэн хүзүүн дээрээс нь барьж шидээгүй. Манай найзыг цохиод байхаар нь би нэг гараараа цохин түлхэж, бид хэд харилцан цохилцсон. Тэр хоёр залуу өөрсдөө уначихаад тэр үедээ шүд унасан гэж хэлээгүй байсан. Тэгээд тухайн үед ах нар нь ирж бид хэдийг дарамталсан. Тэгээд хэдэн сарын дараа цагдаагаас намайг дуудсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дөлгөөний өгсөн: “... гарах гэж байхад Лхагва-Очир, бид 2-ын шилэн хүзүүн дээрээс хэн нь мэдэхгүй барьж аваад урагшаа түлхсэн, тэгтэл би нүүрээрээ газар унасан. Тэгээд босч ирэхэд ам хэсэгт чинэрээд явчихаар нь би хөөе гэхэд үүдэн шүд сэнгэнээд явчихсан, тэгээд би Лхагва-Очирт миний шүд унасан байна уу гэхэд шүд чинь уначихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Сүхбатын өгсөн: “... тэгээд би салгаж байгаад шатнаас доошоогоо буугаад эргээд хартал сүүлд нэрийг нь сонсоход Д гэсэн залуу Дөлгөөн, Лхагва-Очир нарыг цамцны араас нь барьж байгаад шатны уруу шидсэн. Тэгээд Дөлгөөнөө ах босч ирээд Лхагва-Очир ахаас шүд яасан байна гэж асуугаад, дараа нь мөн надаас шүд яасан байна гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагва-Очирын өгсөн: “... цагаан свитер цамцтай өндөр залуу /Д/ гарч ирээд наад бацаануудыг чинь зодчихъё гээд байсан. Тэгээд Дөлгөөнөө бид хоёр тэврэлдээд зогсч байтал араас нэг гар орж ирээд намайг түлхсэн, тэгээд Дөлгөөнөө миний доор миний зүүн гар Дөлгөөнөөгийн нуруун доогуур бид хоёр унасан. Тэгээд би Дөлгөөнөөг босгоод явж байтал Дөлгөөнөө буцаад очих гээд байсан, тэгээд би чи яах гээд байгаа юм бэ? гэхэд Дөлгөөнөө миний шүд уначихлаа энэ хар гээд надад харуулсан. Тэгтэл Дөлгөөнөөгийн зүүн талын шүд нь голоороо хөндлөн хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4346 дугаартай:

“1. Дөлгөөний биед 2 шүдний цөгц хэсгийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Дын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед Дөлгөөнтэй маргалдаагүй, ямар нэгэн гэмтэл шарх учруулъя гэж бодсон зүйл байгаагүй, манай найз Ням-очирыг цохих гээд дайраад байсан болохоор би салгах гээд түлхсэн, тэгэхэд Дөлгөөн унасан өөр зүйл болоогүй. Би түлхээд эргээд харахад газарт унчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.62-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Д нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд үйл ажиллагаа явуулдаг билльярд тоглоомын газрын үүдэнд иргэн Э.Дөлгөөнийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Дөлгөөний өгсөн: “... гарах гэж байхад Лхагва-Очир, бид 2-ын шилэн хүзүүн дээрээс хэн нь мэдэхгүй барьж аваад урагшаа түлхсэн. Тэгтэл би нүүрээрээ газар унасан, тэгээд босч ирэхэд ам хэсэгт чинэрээд явчихаар нь би хөөе гэхэд үүдэн шүд сэнгэнээд явчихсан. Тэгээд би Лхагва-Очирт миний шүд унасан байна уу гэхэд шүд чинь уначихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Сүхбатын өгсөн: “... Д гэсэн залуу Дөлгөөн, Лхагва-Очир нарыг цамцны араас нь барьж байгаад шатны уруу шидсэн. Тэгээд Дөлгөөнөө ах босч ирээд Лхагва-Очир ахаас шүд яасан байна гэж асуугаад дараа нь мөн надаас шүд яасан байна гэж асуусан...” гэх мэдүүлэг /хх.24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагва-Очирын өгсөн: “... цагаан свитер цамцтай өндөр залуу /Д/ гарч ирээд наад бацаануудыг чинь зодчихъё гээд байсан тэгээд Дөлгөөнөө бид хоёр тэврэлдээд зогсч байтал араас нэг гар орж ирээд намайг түлхсэн. Тэгээд Дөлгөөнөө миний доор миний зүүн гар Дөлгөөнөөгийн нуруун доогуур бид хоёр унасан... Тэгтэл Дөлгөөнөөгийн зүүн талын шүд нь голоороо хөндлөн хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4346 дугаартай:

“1. Дөлгөөний биед 2 шүдний цөгц хэсгийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Дын яллагдагчаар өгсөн: “... би салгах гээд түлхсэн, тэгэхэд Дөлгөөн унасан өөр зүйл болоогүй. Би түлхээд эргээд харахад газарт уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.62-63/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч М.Дын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Э.Дөлгөөний баримтаар нэхэмжилсэн 38.000 төгрөгийг шүүгдэгч М.Даас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Мөн хохирогч Э.Дөлгөөн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

          М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. У овогт Мын Дыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Дт холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Даас 38.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Дөлгөөнд олгосугай.

          5. Хохирогч Э.Дөлгөөн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР