Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноопын Болормаа |
Хэргийн индекс | 137/2024/00073/И |
Дугаар | 202/МА2024/00026 |
Огноо | 2024-09-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 202/МА2024/00026
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2024/00156 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *-д холбогдох,
Дорноговь аймгийн * тоотод байрлах 54,24 мкв 2 өрөө орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,
Дорноговь, * байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 69,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайхын давж гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов. 666
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р.Н нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...2020 оны 10-р сард Б.М над руу залгаад байрыг чинь худалдаж авмаар байна, энэ түрээсийн хүнээ гаргачих би чиний байрны зээлийг 2 жилийн дотор бүрэн барагдуулж дуусгаад тухайн үеийн ханшаар зөрүүг төлөөд байрыг чинь худалдан авъя гэж тохиролцсон, түрээслэгчээ хугацаанаас нь өмнө гаргаж, Б.М 26,500,000 төгрөгийн урьдчилгаа авч байрандаа оруулсан. Одоогийн байдлаар 40 сар илүү хугацаанд миний байранд түрээс хэлбэрээр амьдарч байгаа ба 2022 оны 10 сар гэхэд байрны зээлийг бүрэн хаах ёстой байсан боловч тохирсон хугацаандаа төлж барагдуулаагүй ба хугацаа өнгөрснөөс хойш зээлээ хөөцөлд гэж хэлэхээр надад зээл гарахгүй байна, хөөцөлдөж байгаа гэж худлаа ярьсаар өдийг хүрлээ. Зарим тохиолдолд байрныхаа түрээсийг ч хугацаанд нь төлөхгүй хүндрэл учруулах тохиолдол байсан. Миний бие тухайн байраа 97,632,000 төгрөгөөр зарахаар өөр иргэнтэй тохиролцсон боловч байрыг минь чөлөөлж өгөхгүй хүндрэл учруулж байх тул нэхэмжлэгч миний өмчлөлийн Дорноговь аймаг * байрыг Б.Мөнхчулуунаас албадан чөлөөлүүлж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Р.Н бид хамт сурч, ажиллаж амьдарч ирсэн дотны, найз нөхдийн харилцаатай. Р.Н нь Замын-Үүд суманд ажиллаж, амьдарч байгаад бүр мөсөн буцах болж ингээд буцахдаа өөрийн эзэмшлийн байрыг түрээсэлсэн. Түрээслэгч нь мөн Замын-Үүд суманд томилолтоор ажилласан хугацаа нь дуусан мөн өөр орон нутагт шилжин ажиллах болсон тул байр түрээсийг цуцлах болсон. Энэ үед Р.Н байрыг зарахаар болсон. Урьдчилгаа төлбөрийг өгөөд зээлийг төлж авах хүн хайж байсан дагуу бид хоорондын хэлцэл эхэлсэн. Энэ үед миний бие өөрийн амьдарч байсан байрыг зарж байрны урьдчилгаа болох 26,500,000 төгрөгийг Р.Н өгсөн. Бид тохиролцохдоо тухай үеийн буюу 2020 оны 10-р сарын байрны ханш 1,200,000 төгрөгөөр м2-ийг нь тохиолцож 54.24 м2 байрыг 65,088,000 төгрөгөөр урьдчилгаа 26,500,000 төлж үлдэгдэл 38,588,000 төгрөгийг, түүний нэр дээрх орон сууцны зээлийг үргэлжлүүлэн төлж, төлбөрийг дуусгах замаар тодорхой цаг хугацааны дараа байрны эзэмших эрхийг шилжүүлж авахаар буюу худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохирсон. Ингээд 2020 оны 11-р сараас эхлэн Р.Нямдоржийн Төрийн банк дахь орон сууны зээлийн төлөлт сард 367,000 төгрөгийг сар бүр тус банкны *тоот дансанд төлж ирсэн. Нийтдээ 14,400,000 гаруй төгрөгийг төлсөн. Орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон дараагаар буюу 2020 оны 10-р сард байранд 20,000,000 засварыг хийсэн бөгөөд уг засварыг гэр бүлийн гишүүний Голомт банкны цалингийн болон бизнесийн зээлээр санхүүжилтийг гаргасан. Улаанбаатар хотоос засварчин болон материалыг зөөвөрлөж, байрны хийцлэлт өөрчлөл оруулах замаар засвар хийгдсэн учир өртөг нь шингэсэн. Энэ дараагаар 2023 онд хананы тавилга, тагтны тавилга шууд хананд нь угсруулж 3,000,000 төгрөгөөр хийлгэсэн. гэжээ.
3.Хариуцагч Б.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...бид 2020 оны 10-р сард худалдах, худалдан авах хэлцлийг байгуулахдаа хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь заалтаар тодорхойлогдож байх тул шүүхэд хариуцагч Р.Н холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Бидний хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулах явцад манай гэр бүлээс Дорноговь, * байрыг 1 м2-ийг 1,200,000 төгрөг, нийт 65,088,000 төгрөгөөр авахаар тохирч, миний бие өөрийн амьдарч байсан байрыг зарсан мөнгөөр байрны урьдчилгаа болох 26,500,000 төгрөгийг Р.Н өгсөн. Байрны үлдэгдэл 38,588,000 төгрөгийг, түүний нэр дээрх орон сууцны зээлийг төлж, төлбөрийг дуусгах замаар байрны эзэмших эрхийг шилжүүлж авахаар тохирч, миний бие үүргээ биелүүлж 2020 оны 11-р сараас эхлэн Р.Н Төрийн банк дахь орон сууны зээлийн төлөлт 367,000, 370,000 төгрөгийн хооронд сар бүр тус банкны *тоот дансанд төлж нийт 40 сарын төлөлт 14,680,000 төгрөг төлсөн. Байрны үнэлгээг өсгөж буй гол хүчин зүйл байранд хийсэн засвар, хана, тагтанд угсарсан салгаж үл болох тавилга нийлээд 23,000,000 төгрөг, байрны халаалт /цэвэр, бохир усны хэрэглээний төлбөр ороогүй/, СӨХолбоонд төлсөн нийт 4,640,000 төгрөг, байрны түрээсийн 2 сарын төлбөрийг Р.Н буцааж өгөхөд нь төлсөн 1,000,000 төгрөг гээд нийт 69,820,000 төгрөг гарсан болно. Дээрх байдалд үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1.Б.М , Р.Н бидний хооронд хийгдсэн * байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь заалтаар хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2.Иргэний хуулийн 56.5, 56.6-д заасан дагуу Р.Н 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл болгон өөрчилж байна. гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулаад сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа. Талууд хооронд 2020 оны 10 сард худалдах худалдан авах хэлцлийг хийсэн. Энэ хэлцэл хийгдээд Мөнхчулууны зүгээс тухайн * тоот байрыг худалдан авч байна. Эзэмшил үүсэж байна гэж үзээд 26,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж өгсөн. Ингээд талууд тохиролцоод худалдах худалдан авах гэрээ хийгдлээ гэж үзээд улмаар үлдэгдэл 65,800,000 төгрөгөөс үлдэх төлбөрийг Н нэр дээрх тухайн үед 38,443,000 төгрөгийн зээлийг үргэлжлүүлэн төлөх замаар эзэмшлийг шилжүүлж авахаар талууд хоорондоо тохиролцсон. Ингээд тохиролцоод байраа хүлээлцээд, урьдчилгаа мөнгөө аваад явахдаа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг заавал нотариатаар баталгаажуулж хийх ёстой, нотариатаар батлуулсан баталгааг улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой хуульд заасан шаардлагыг хангаагүй хэлцлийг талууд хоорондоо хийгээд байрны мөнгийг авч эхэлсэн. Мөн байрны амьдрах эрхийг гаргаж өгсөн. Ингэснээрээ М шударга эзэмшигч, болж амьдарч ирсэн. Ингээд маргаан болсон. Нэхэмжлэл гаргасантай холбогдуулаад дүгнээд үзэх юм бол талууд хоорондын 2020 оны 10 сард хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулснаас үүдэж ийм маргаан гарсан байна. Иймд Н М нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн нэг дэх шаардлагыг гаргаж байгаа. Хүчин төгөлдөр бус хэлцлийг хийснээс үүдээд хариуцагчийн зүгээс зардлууд үүссэн. Үүнд байрны урьдчилгаанд 26,500,000 төгрөгийг төлсөн. Нийт 40 сарын хугацаанд байрны зээлийн төлөлтийг хийсэн. Үүнийг Төрийн банк дахь Н нэр дээрх орон сууцны зээлийг үргэлжлүүлэн төлж байна гэх ухагдахуунаар сард 370,000 төгрөгөөр төлөлтийг хийгээд нийт 14,680,000 төгрөг төлсөн байгаа. Хариуцагч энэ байрыг худалдаж авсан байна. Цаашид энэ зээлийг дуусгаад нэр дээрээ шилжүүлэх юм байна гэж ойлгоод байранд засвар хийсэн. Энэ засварыг 2020 оны 10 сард хийсэн. Засварыг 20,000,000 төгрөгөөр хийлгэсэн байгаа. Мөн хананд угсардаг тавилга хийгдсэн. Үүнийг хөрөнгийн үнэлгээ хийлгээд 3,000,000 төгрөгөөр үнэлсэн. Ингээд нийтдээ 23,000,000 төгрөгийн засварын ажлыг хийсэн. Өнөөдрийг хүртэл үнэ цэнэ чанар байдлаа алдаагүй байгаа учир 23,000,000 төгрөгөөр тооцож гаргуулахаар нэхэмжилж байна. Сууц өмчлөгчдийн холбоонд байрны дулааны төлбөрт 4,440,000 төгрөгийг төлсөн. Дулаан байрны зайлшгүй төлөгдөх төлбөр. Хэрэглээний цэвэр ус бохир, цахилгааны төлбөрийг тухайн байранд байгаа хүн хэрэглэсэн учир энэ төлбөр огт тооцогдоогүй. Зөвхөн 40 сарын дулааны төлбөр. Маргааны явцад гардаг. Байр түрээслэгдэж байсан. Түрээсэлж байсан хүн нь шилжиж ажиллахаар болоод 2 сарын байрны төлбөр 1,000,000 төгрөгийг буцааж өгөхөд Мөнхчулуунаас гарсан учир гарсан зардалд тооцож оруулсан. Ингээд 69,820,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар Н хэлцлээ хүчин төгөлдөр бусад тооцуулснаар гарсан зардалд болох 69,820,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. гэжээ.
5.Нэхэмжлэгч Р.Н сөрөг нэхэмжлэлд өгсөн татгалзал тайлбартаа: ...Дорноговь аймгийн *тоот 2 өрөө байрыг 1м2-ыг нь 1,200,000 төгрөгөөр авахаар тохиролцсон нь худал, учир нь би өөрөө тус байрыг захиалахдаа 250,000 төгрөгөөр захиалж авч байсан ба тухайн үед хариуцагч Б.М авсан гэх 26,500,000 төгрөгийг тухайн байранд төлсөн байсан нийт мөнгөн дүнгээс бүх хүүг нь хасч тооцож авсан мөнгөн дүн ба өмнө нь амьдарч байх хугацаандаа миний тухайн байранд нийт төлсөн дүн 47,840,000 төгрөг ба хариуцагч Б.М дансанд нэг ч төгрөг шилжүүлэхээ больсноос хойш сүүлд нэмж 1,440,000 төгрөг төлсөн болно. Тухайн үед хариуцагч Б.М урьдчилан өгч болох боломж нөхцөл ийм байгаа тул дараа үлдэгдэл тооцоогоо хийхдээ харилцан тохиролцох боломжтойгоор барахгүй би чиний дансанд сар бүр 1,000,000 төгрөг хийж байя гэж амаар тохиролцож байсан. Хэрэв хариуцагч Б.М нь тохиролцсоны дагуу мөнгөө шилжүүлж байсан бол нийт 40 сарын хугацаанд 40 сая төгрөг төлсөн байх ёстой. Хариуцагч Б.М гэр бүлийг 4 жил шахуу байрандаа үнэгүй шахуу амьдруулчхаад тэднийг боломжтой болох үед нь түүний хүссэн мөнгөн дүнгээр тохиролцож байраа шилжүүлж өгөх байсан гэсэн үг бололтой ба бидний дунд ямар ч ийм яриа болон тохироо байгаагүй. Мөн байрны үнэлгээг өсгөж засвар хийсэн гэсэн тайлбарыг эрс эсэргүүцэж байна. Учир нь би Б.М ямар ч гэмтэлгүй бүрэн бүтэн шинэхэн байр хүлээлгэж өгсөн. Ялангуяа 2014 оны ханшаар хятадын OPPEIN брэндийн иж бүрэн гал тогооны тавилга 4 сая төгрөг, ус халаагч буюу бойлуур, тагтны хаалт 3 тал бүтэн вакум /зөвхөн нүүрэн тал нь 7м 09 см урттай байдаг/ зэргийг оруулж болно. Тухайн байр нь хувийн байшин биш бөгөөд нийтийн орон сууц гэсэн ангилалд байдаг тул эзэмшигчийн зөвшөөрөлгүй засвар өөрчлөлт хийх нь хуулиар хориглосон байдаг. Мөн их хэмжээний өөрчлөлт засварыг эзэмшигчээс гадна заавал мэргэжлийн байгууллагын зохих зөвшөөрөл авсан байх ёстой боловч тэгээгүй дур мэдэн их хэмжээний өөрчлөлт засварыг хийсэн /2 өрөөг холбох хаалгыг цонхон талд гаргахдаа тусгаарлах даацын ханыг нурааж шинээр гаргасан ба хуучин хаалганы зайг таглаагүй тухайн зайнд нь хөргөгч тавьж дүүргэсэн байсан/ зэрэг нь үйлдэл нь тухайн байрны нийт оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж бодож байна. Мөн хариуцагч Б.М гаргасан нэхэмжлэлийн мөнгөн дүнд задаргаа хийвэл урьдчилгаа /26,500,000+14,680,000/ сар бүр дансанд хийсэн мөнгө, /+23,000,000/ засвар, /+464,000/ СӨХ, /+1,000,000/ надад өгсөн гэх 65,644,000 төгрөг болсон ба 69,820,000 төгрөгийг нэхэмжилснээс зөрүү болох 4,176,000 төгрөгийг хаанаас гаргаж ирснийг нь би олсонгүй. Иймд хариуцагч Б.М нэхэмжилж буй 65,644,000 төгрөгөөс засварын 23,000,000 төгрөг, СӨХ-ийн 464,000 төгрөг, Р.Н буцааж өгсөн гэх 1,000,000 төгрөгийг /надад биш тухайн үед түрээсэлж байсан н.З хугацаанаас нь өмнө байрнаас нь гаргасан тул буцааж өгсөн/ нийт 24,464,000 ямар ч үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй ба би өөрийн байрыг түүнд үнэгүй түрээслэх боломжгүй тул сарын түрээсийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 44 сарын 35,200,000 төгрөгийг суутгаж үүнээс үлдэгдэл 5,980,000 төгрөгийг байр чөлөөлж өгсөн тохиолдолд буцаан олгох боломжтой. Мөн шаардлагатай гэж үзвэл байранд дураараа засвар хийсэн хууль бус зохих байгууллагад нь шалгуулж байрыг анх хүлээж авахдаа ямар байсан тэр байдлаар нь буцааж хүлээж авахыг шаардах эрхтэй гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...6.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар Р.Н , Б.М нарын хооронд Дорноговь аймгийн * тоот 54,24 мк 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Б.М маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлж,
6.2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Н 37,976,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,844,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 507,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Р.Н 347,730 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож,
6.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,
6.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч талаас 156 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан. Нэхэмжлэгчээс хариуцагчийн оршин сууж байгаа Дорноговь аймаг* тоот байрыг чөлөөлүүлэхтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүх 37,976,000 төгрөгийг хангаж, үлдэх мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үлдсэн 31,844,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулж шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Гомдлын үндэслэл нь талууд хоорондоо хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байгаа. Хариуцагч нь байрыг худалдаж авснаараа шударга өмчлөгч байна гэж үзэж байранд засвар хийж, энэ засварын мөнгө нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн.
Анхан шатны шүүхээс нийт төлбөрүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эдгээр үйл баримтуудыг хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргасны дараа нотлох баримт бүрдүүлж шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг гардаж авсан талаар ямар нэгэн хариу тайлбар ирээгүй. Мөн засвар хийсэн байгаа байдал дээр хариуцагч маргаагүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус болсны улмаас энэ байрыг сайжруулсан, засвар хийсэн мөнгөнүүд шийдэгдэж чадаагүй хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хувийг нэхэмжлэгчээс буюу хариуцагч Н гаргуулж шийдвэрлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. гэв.
8.Нэхэмжлэгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ нэхэмжлээд байгаа мөнгө нь энэ хүмүүсийн хэрэглээний л зардал шүү дээ. Надтай зөвшилцөхгүй дураараа засвар хийсэн. Барилгын хийцлэлд дур мэдэн өөрчлөлт оруулсан. Мөн би анх шинэ байр хүлээлгэн өгсөн. Тэрийг өөрчлөн засварлах шаардлага байсан юм уу, хэрэв байсан бол надаас асуух байсан. Намайг ярихаар утсаа авдаггүй, утсаа авахаараа зээл бүтэхгүй байна л гэж ярьдаг. Түүнээс би ингэж завсар хийлээ гэж огт яриагүй. Анх 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэдэг ч одоо үнийн дүн нь буураад 23,000,000 төгрөг болсон. Засвар хийгээд сайжруулсан зүйл огт байхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзэв.
Хэдийгээр Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан орон сууц худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь зөв боловч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хуульд заасан нөхцөл шаардлагыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж чадаагүй буюу .. мөн хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл, Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл-д тус тус үндэслэн дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.
2.Нэхэмжлэгч Р.Н нь хариуцагч Б.М холбогдуулан Дорноговь аймаг *тоот 54,24 мк 2 өрөө орон сууцыг Б.М хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, өгнө үү гэжээ.
Хариуцагч Р.М шаардлагыг эс зөвшөөрч, зохигчийн хооронд байгуулагдсан, нэхэмжлэлд дурдсан орон сууцыг 65,088,000 төгрөгт худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, урьдчилгаанд бэлнээр төлсөн 26,500,000 төгрөг, орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 14,680,000 төгрөг, байрны засвар, тавилга хийлгэхэд зарцуулсан 23,000,000 төгрөг, СӨХ-нд төлсөн 4,640,000 төгрөг, түрээслэгчид өгсөн байрны түрээсийн 2 сарын төлбөр, нийт 69,820,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах гэж хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Р.Н ...зөвшөөрөхгүй гэж татгалзсан байна.
3.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар Р.Н, Б.М нарын хооронд Дорноговь аймгийн *тоот 54,24 мк 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Б.М маргаан бүхий орон сууцнаас албадан чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 94 дүгээр зүйлийн 94.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Н 37,976,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.М олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,844,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү эс зөвшөөрч ...31,844,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн үйл баримттай нийцээгүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан.
4.Зохигчдын тайлбар, хэрэгт буй нотлох баримтуудыг харьцуулан, эх сурвалжийг магадлан үзэхэд:
4.1.Зохигчид 2020 оны 10 дугаар сард * тоотод байрлах 54,24 мкв, 2 өрөө орон сууцыг 65,088,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, урьдчилгаанд 26,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 38,588,000 төгрөгийг 2022 оны 10 сар гэхэд бүрэн төлөх, өмнөх түрээслэгчийн төлсөн 2 сарын төлбөр 1,000,000 төгрөгийг түүнд буцааж өгөх талаар харилцан тохиролцож, хариуцагч орон сууцанд орж амьдарсны зэрэгцээ 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн орон сууцны зээлийн төлбөрийг төлж эхэлсэн ба 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл төлбөрийг төлж байсан улмаар уг орон сууцанд амьдрах явцдаа, зохих засвар үйлчилгээг хийж, засан сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний хамгийн гол нөхцөл хариу төлбөртэйгөөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх явдал байдаг бөгөөд хэдийгээр үл хөдлөх хөрөнгийн хувьд онцлог зохицуулалт үйлчлэх боловч энэхүү маргааны тухайд гэрээний гол нөхцөл болох нэхэмжлэгчээс орон сууцыг шилжүүлж өгөх, хариуцагч хариу төлбөр төлөх буюу орон сууцны урьдчилгаа болон үлдэх төлбөрийг төлөх, хугацааны талаар тохиролцсон нөхцөл байдал нотлогдон,тогтоогдсон энэ талаар талууд маргаагүй байна.
4.2.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгээс үзвэл үүргийн талаасаа худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авч үнийг төлнө.
Тиймээс энэхүү хуулийн агуулга болон дээр дурдсан үйл баримтаар талуудын хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах тохиролцоо амаар хийгдсэний дагуу худалдагч тал орон сууцыг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагч урьдчилгаа төлбөр болон зээлийн төлөлтийг төлж байсан учир уг хэлцэлд үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах талаар хуульд тусгайлан заасан тухайлбал баримт, бичгийг нотариатаар гэрчлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх тухай хэлбэрийн шаардлага хангагдаагүй гэж үзэхгүй болно.
4.3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл болон мөн хуулийн 57 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл нь ялгаатай ойлголт ба шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг учраас эдгээр хуулийн шаардлагыг аль алинд үндэслэн маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.
Тухайлбал хариуцагч Б.М эзэмшил хууль бус эсэх талаар түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгчийн шаардах эрх талуудад үүссэн эсэх, түүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан шударга эзэмшигчийн шаардах эрх бий болсон эсэх зэрэг нөхцөл байдлын үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна
4.4. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй гэжээ. Хуулийн энэхүү шаардлагаас үзэхэд маргаан бүхий орон сууцанд ямар төрлийн засварыг, хэн, хэзээ, хэрхэн яаж, засан, сайжруулж, засварласантай холбоотой нотлох баримт нь тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой.
Хэдийгээр хариуцагчаас Улаан элс ХХК-ны тодорхойлолт болон банкны хэрэглэгчийн дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн, нэхэмжлэгчийн зүгээс тусгаарлах даацын ханыг нураасан гэсэн тайлбар гаргаснаас тус тус үзэхэд засан сайжруулалтын улмаас орон сууцны үнэ нэмэгдсэн эсхүл багассан эсэх нь тодорхойгүй байх тул засан сайжруулалтын зардлын хэмжээг 31,844,000 төгрөг гэж тодорхойлон энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, харин шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Давж заалдсан гомдлыг хангаагүй тул ийнхүү гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 137/ШШ2024/00156 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ү улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
Н.БОЛОРМАА