Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
Хэргийн индекс | 137/2024/00107/И |
Дугаар | 202/МА2024/00025 |
Огноо | 2024-09-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 202/МА2024/00025
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2024/00155 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б,
Хариуцагч:*-д холбогдох
8,488,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
3,900,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Э.Д давж гомдлыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Д, өмгөөлөгч Э.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Д нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Нэхэмжлэлийн хувьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 сарын 23-ны өдрийн 137/ШШ2023/00326 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Х хууль бус эзэмшлээс Замын-Үүд сум 1-р баг ХМХА 24 айлын 1-9 тоот байрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Бидний гэр бүл Ц.Х 2019 оны 10-р сараас байр чөлөөлүүлэхээр хөөцөлдөж явсаар анх 2023 оны 02 сард шүүхэд хандаж эхэлсэн. Энэ хугацаанд манай байранд амьдарч байсан хэрнээ шүүхэд олдохгүй, хаяг тодорхойгүй хэмээн нэхэмжлэл буцаж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа хийлгэж хаягийг тодруулсан үндсэн дээр дахин 2024 оны 04 сарын 12-ны өдрийн нэхэмжлэлээр иргэний хэргийг үүсгэн шийдвэрлүүлсэн. Шийдвэр гарсан хэдий ч миний эзэмшлийн орон сууцыг чөлөөлөхгүй өнөөдрийг хүрч байна. Миний бие өөрийн байрыг түрээсэлж олох байсан орлогыг 2023 оны 02-р сараас 2024 оны 04-р сар хүртэл тооцож, мөн давж заалдах шатны шүүхэд оролцохоор явахад зарцуулсан бензиний төлбөр болон замын хураамжийг гаргуулахаар өөрт учирсан хохирлоо буруутай этгээд Ц.Х нэхэмжилж байна. Энэ бүх хугацаанд тухайн байрнаас орлого олох боломжоо алдсанаар Э.Д миний бие нь нэг талаар хохирч байна. Тухайн үед тус байранд шинээр засвар хийсэн байсан. Энэхүү алдагдсан боломжоос учирч буй хохирлоо бүрэн засвар хийгээд удаагүй байсан учир байр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд учирсан хохирлыг хасаж тооцож улмаар 2023 оны 02-р сараас эхлэн тооцохдоо тухайн үеийн байр түрээс 1 сарын 600,000 мянган төгрөгөөр хохирлыг тооцож, барагдуулахаар нэхэмжилсэн болно. Ц.Х нь 2019 оны 06 сараас эхлэн Дорноговь аймгийн *тоот байранд амьдарч байгаа. Хариуцагч нь тухайн байранд амьдран сууж, ашиглаж ашиг тус хүртэж байгаа нь оршин суух хаягийг тодруулах эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад тухайн хүний албан ёсны оршин суух хаягийг Дорноговь аймгийн * тоот гэж хуулийн байгууллагаас гаргаж өгсөн баримтаар нотлогдож байгаа юм. Тиймээс хариуцагчийн хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж эхэлсэн 2023 оны 02 сараас 2024 оны 4 сар хүртэл нийт 14 сар болж байгаа юм. Сар бүрийн 600,000 мянган төгрөгөөр тооцож нийт 8,400,000 төгрөг, байр чөлөөлүүлэхтэй холбоотойгоор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцоход зарцуулсан зам зардал 88,000 төгрөг, нийт 8,488,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2.Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Дорноговь Э.Д ХМХ 24 айлын 42 м2 орон сууц бүхий байрыг 2019 оны 08 сар хувь лизингээр худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд байраа 20,000,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа 10,000,000 төгрөг үлдэгдэл 9,971,160 төгрөгөө сар бүрийн 20-нд Э.Д данс болох Голомт банкны *дансанд хийж байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулж 2022 оны 04 сарын 08-нд байрны нийт төлбөр болох 19,920,000 төгрөг төлж барагдуулсан. Тухайн байрыг зах зээлийн үнээс хямд авах болсон шалтгаан нь 2018 оны 04 сарын 02 No11 07-024/56 тоот бүхий улсын байцаагчийн суулттай дулаан цэвэр бохир болон цахилгааны схем зураг байхгүй дахин төлөвлөлтөд оруулна уу? гэсэн дүгнэлт гарсан учир засан сайжруулна гэсэн зорилготой хямд худалдан авсан. Төлбөр тооцоог хийж барагдуулснаас хойш 2022 оны 05 сараас тухайн байрыг засан сайжруулах ажилд УБ хотоос сантехникийн болон засал чимэглэлийн бригад Т.С ахлуулсан хүмүүстэй засварын ажилд орсон. Нийт 24 айл 1 өрх 1,500,000 төгрөг нийт 36,000,000 төгрөг тохирч тухайн үед ковидын нөхцөл байдалтай бараа материал тээврийн зардал өндөр байсан тул ажлын хөлсөө нэмэх хүсэлт гаргаж "Миний хувьд тухайн байрны нөхцөл байдлыг сайжруулах зураг схем барилга хот байгуулалтын хууль журмын дагуу болгох өөрийн худалдаж авсан" байрыг үнэ цэнтэй болгох үүднээс ажлын хөлс болох 10,000,000 төгрөгийг өөрөө өгөхөөр харилцан тохиролцсон. Иргэн Д нь төлбөр тооцоо дуусаж засан сайжруулснаас хойш байрны зээлийн үлдэгдэлтэй орхиж гадаад улс руу гарна нэмж 10, 000,000 төгрөг гэж удаа дараа дарамталсан. Тухайн байрны хаяг нь дээрээ байхад эрэн сурвалжилж нэр төрд халдсан. 2023 оны 08 сарын 28-ны өдөр байрны зээлийн үлдэгдэл болох 4,000,000 төгрөгөөр зээл хаасан. Э.Д нь 2020-2024 оны 05 сарын 08-ыг хүртэл байрны төлбөр болох 23,920,000 төгрөгөөр байрны зээл болон бусад санхүүгийн байдалдаа ашиглаж намайг хууран мэхэлсэн. Тухайн төлбөр тооцоог хийхийн тулд хүү Д цалингийн зээл 8,670,000 төгрөг мөн өөрийн машиныг Банк бус санхүүгийн байгууллагад 4,000,000 төгрөгийн барьцаанд тавьж байрны төлбөр төлж байсан. Энэ хугацаанд санхүү болон сэтгэл санааны дарамтад байгаа болно. 2019 оноос хойш амьдрах хугацаанд гадна дээвэр болон дотор таазны цууралт дулаан алдагдал дотор модон хаалга 2 ширхэг бараа материал ажлын хөлс 2,096,000 төгрөг мөн дулаан цахилгааны шугам сүлжээний засварт 1 айлын 300,000 төгрөг бохир цэвэр шугам сүлжээ суулт гадна дотор засвар үйлчилгээнд 1 айлын 1,500,000 төгрөг /засвар үйлчилгээний төлбөр ажлын хөлс 10,000,000 төгрөг/ нийт 13,896,000 төгрөгийг Д нэхэмжилж байна. Бидний дунд түрээсийн гэрээ хийгээгүй. Харин засвар үйлчилгээ хийж засан сайжруулснаар Дорноговь аймаг Замын-Үүд хотын захирагчийн албаны алба 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 2/68, Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрөл бүхий Хүрэлчулуун миний нэр дээр гарсан. Үүнийгээ би тухайн барилгын гүйцэтгэлийн үнэлгээ гэж бодож байна. Надад цаашид барилгын гадна завсрын ажлыг хийж гүйцэтгэхэд тухайн маргаанаас болж ажил зогссон. гэжээ.
3. Хариуцагч Ц.Х шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Х миний бие Э.Д харилцан тохиролцож, 2019 оны 05 сард түүний өмчлөлийн Дорноговь аймгийн * тоот хаягт байрлах 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, өөрсдийн тохиролцоог бичгээр бичиж баталгаажуулан гарын үсэг зурсан. Ингээд 2019 оны 06 сарын 01-нд байрны түлхүүр болон байрыг хүлээн авч, нүүн орж амьдарч эхэлсэн. Бидний хооронд үүргийн хэлцэл хийгдсэн байсан ба 2018 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, ХМХА 24 айлын барилгад аймгийн мэргэжлийн хяналтын газраас барилгын ашиглалт, чанар байдалд хяналт шалгалт явуулж, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 11-07-024/56 дугаар дүгнэлтээр уг барилга нь суулт, цууралт өгсөн, дахин ашиглах боломжгүй, нураах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байсан. Энэ нөхцөл байдал нь хямд зарах шалтгаан болсон би үүнийг нь мэдэж худалдан авсан. Гэтэл бодит байдал дээр 2009 оноос эхлэн үндсэн шугамаараа бохир нь явдаггүй, бохироо соруулдаг байр байсныг худалдан авсны дараа мэдсэн. Бохир дотор эрчим хүчний утас байрласнаас болж масс үүссэн учир байраараа ярилцаж байгаад миний бие өөрийн худалдан авсан байрны нөхцөлийг сайжруулахын тулд санаачилга гарган 1 айлаас 1,800,000 хураан авч, гадна засвар болон эрчим хүчний утсаа бохирын хоолойноос тусгаарлан гадагшаа холбон суурилуулсан. Мөн байрны магистрал шугам сүлжээг бүхэлд нь сольж, сангийн ажлыг өөрсдийн хэмжээнд бүрэн шийдвэрлэж дахин бохир соруулахгүй, төв бохирын шугамтай холбосон. Энэ мэтчилэн өөрийн худалдан авсан байрны орчин нөхцөлийг сайжруулж зах зээлийн эргэлтэд оруулсан. Гэтэл 2022 оны 01 сараас эхлэн Э.Д нь байраа зарахаа болилоо байр чөлөөлж өг гэж ярьж мессеж бичиж дарамт үзүүлж, ингээд 2023 оны 02 сард шүүхэд хандаж, бидний хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр эсэх маргааныг хэлэлцээд анхан болон 2024 оны 01 сарын 22-ны өдөр Давж заалдах шатны шүүхээр бидний хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх шийдвэр гарч, 2024 оны 04 сард хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ хугацаанд миний бие Иргэний хуулийн 90-р зүйлд зааснаар тухайн маргаан бүхий байрны шударга эзэмшигч байсан ба Иргэний хуулийн 94-р зүйлийн 94.3-т зааснаар дараах зардлыг шаардах эрхтэй болно. Иймд дээрх 1,800,000 төгрөг, мөн маргаан бүхийн байрны таазанд хөөсөн тааз авч наасан, 2 ширхэг модон хаалга хийсэн, ажлын хөлс нийт 2,096,000 төгрөг нийт 3,900,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн 2 ш хүрэн өнгөтэй модон хаалгыг буцааж өгнө, өөрөө амьдрах хугацаандаа ашигласан учир чанар байдлыг нь тодорхой мэдэж байгаа. Мөн өөрсдөө эвдэлсэн байгаа 1 ширхэг цагаан хаалгыг хүлээлгэн өгч болно. Хариуцагч тус байрны ариун цэврийн өрөөний ширмэн ванн, угаалтуур зэргийг авсан байсан. Үүнийг худалдан авч буцааж хэвийн болгох ажлыг манайх өөрөө хийж байгаа тул уг зардлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжилж гаргуулах зорилготой байгаа. Засварын ажлын 1,800,000 төгрөг нь бодит бус зардал байгаа. Ц.Х нь байрны бүтэн засварыг гүйцэтгэхээр айл өрхүүдээс 1,800,000 төгрөгийг хураан авсан бөгөөд уг ажлаас сангийн тухайн хэсгийн засварын өртөг нь хэдэн төгрөг болохыг тодорхойлсон тохиолдолд нэхэмжлэлийн дүгнээс хасаж эвлэрэх боломжтой. Орон сууцны айл өрхүүд өгсөн мөнгөний үлдэгдэл засварын ажлыг хийлгүүлэхээр мөн шаардаж байгаа тул миний бие дээрх мөнгийг бүтнээр нь хариуцах үндэслэлгүй болно. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2 ш хаалга, таазны наалтыг мөн буцаан өгөх тул 2024 оны 06 сарын 10-ны өдөр талууд уг зүйлсийг бодитоор хүлээлцэх саналтай байна. Харин засварын гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.Нэхэмжлэгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн татгалзал тайлбартаа: ...Дорноговь аймгийн * тоот 2 өрөө байрыг 1м2-ыг нь 1,200,000 төгрөгөөр авахаар тохиролцсон нь худал, учир нь би өөрөө тус байрыг захиалахдаа 250,000 төгрөгөөр захиалж авч байсан ба тухайн үед хариуцагч Б.М авсан гэх 26,500,000 төгрөгийг тухайн байранд төлсөн байсан нийт мөнгөн дүнгээс бүх хүүг нь хасч тооцож авсан мөнгөн дүн ба өмнө нь амьдарч байх хугацаандаа миний тухайн байранд нийт төлсөн дүн 47,840,000 төгрөг ба хариуцагч Б.М дансанд нэг ч төгрөг шилжүүлэхээ больсноос хойш сүүлд нэмж 1,440,000 төгрөг төлсөн болно. Тухайн үед хариуцагч Б.М урьдчилан өгч болох боломж нөхцөл ийм байгаа тул дараа үлдэгдэл тооцоогоо хийхдээ харилцан тохиролцох боломжтойгоор барахгүй би чиний дансанд сар бүр 1,000,000 төгрөг хийж байя гэж амаар тохиролцож байсан. Хэрэв хариуцагч Б.М нь тохиролцсоны дагуу мөнгөө шилжүүлж байсан бол нийт 40 сарын хугацаанд 40 сая төгрөг төлсөн байх ёстой. Хариуцагч Б.М гэр бүлийг 4 жил шахуу байрандаа үнэгүй шахуу амьдруулчхаад тэднийг боломжтой болох үед нь түүний хүссэн мөнгөн дүнгээр тохиролцож байраа шилжүүлж өгөх байсан гэсэн үг бололтой ба бидний дунд ямар ч ийм яриа болон тохироо байгаагүй. Мөн байрны үнэлгээг өсгөж засвар хийсэн гэсэн тайлбарыг эрс эсэргүүцэж байна. Учир нь би Б.М ямар ч гэмтэлгүй бүрэн бүтэн шинэхэн байр хүлээлгэж өгсөн. Ялангуяа 2014 оны ханшаар хятадын OPPEIN брэндийн иж бүрэн гал тогооны тавилга 4 сая төгрөг, ус халаагч буюу бойлуур, тагтны хаалт 3 тал бүтэн вакум /зөвхөн нүүрэн тал нь 7м 09 см урттай байдаг/ зэргийг оруулж болно. Тухайн байр нь хувийн байшин биш бөгөөд нийтийн орон сууц гэсэн ангилалд байдаг тул эзэмшигчийн зөвшөөрөлгүй засвар өөрчлөлт хийх нь хуулиар хориглосон байдаг. Мөн их хэмжээний өөрчлөлт засварыг эзэмшигчээс гадна заавал мэргэжлийн байгууллагын зохих зөвшөөрөл авсан байх ёстой боловч тэгээгүй дур мэдэн их хэмжээний өөрчлөлт засварыг хийсэн /2 өрөөг холбох хаалгыг цонхон талд гаргахдаа тусгаарлах даацын ханыг нурааж шинээр гаргасан ба хуучин хаалганы зайг таглаагүй тухайн зайнд нь хөргөгч тавьж дүүргэсэн байсан/ зэрэг нь үйлдэл нь тухайн байрны нийт оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гэж бодож байна. Мөн хариуцагч Б.М гаргасан нэхэмжлэлийн мөнгөн дүнд задаргаа хийвэл урьдчилгаа /26,500,000+14,680,000/ сар бүр дансанд хийсэн мөнгө, /+23,000,000/ засвар, /+464,000/ СӨХ, /+1,000,000/ надад өгсөн гэх 65,644,000 төгрөг болсон ба 69,820,000 төгрөгийг нэхэмжилснээс зөрүү болох 4,176,000 төгрөгийг хаанаас гаргаж ирснийг нь би олсонгүй. Иймд хариуцагч Б.М нэхэмжилж буй 65,644,000 төгрөгөөс засварын 23,000,000 төгрөг, СӨХ-ийн 464,000 төгрөг, Р.Н буцааж өгсөн гэх 1,000,000 төгрөгийг /надад биш тухайн үед түрээсэлж байсан н.З хугацаанаас нь өмнө байрнаас нь гаргасан тул буцааж өгсөн/ нийт 24,464,000 ямар ч үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй ба би өөрийн байрыг түүнд үнэгүй түрээслэх боломжгүй тул сарын түрээсийг 800,000 төгрөгөөр тооцож нийт 44 сарын 35,200,000 төгрөгийг суутгаж үүнээс үлдэгдэл 5,980,000 төгрөгийг байр чөлөөлж өгсөн тохиолдолд буцаан олгох боломжтой. Мөн шаардлагатай гэж үзвэл байранд дураараа засвар хийсэн хууль бус зохих байгууллагад нь шалгуулж байрыг анх хүлээж авахдаа ямар байсан тэр байдлаар нь буцааж хүлээж авахыг шаардах эрхтэй гэж үзэж байна. гэжээ.
6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: ...6.1. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч Ц.Х хохирол 8,488,000 төгрөгийг гаргуулах Э.Д үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.Д 1,500,000 төгрөг гаргуулж хариуцагч Ц.Х олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
6.2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,758 төгрөгийг, хариуцагч сөрөг нэхэмжлэлд төлсөн 77,360 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Д 38,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож,
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж,
6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
8.Нэхэмжлэгч Э.Д давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэмж хэлэх тайлбаргүй. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Э.Д гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ/2023/00326 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Х нэхэмжлэгч Э.Д өмчлөлийн орон сууц болох Замын-Үүд сумын 1-р багт орших ХМХА-ны 24 айлын орон сууцны 9 тоотыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн боловч шийдвэр одоог хүртэл биелэгдээгүй учраас нэхэмжлэгч Э.Д 2023 оны 02 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сар хүртэлх нийт 14 сарыг сар бүрийн 600,000 төгрөгийн түрээсээр тооцож нийт 8,400,000 төгрөг, Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал 88,000 төгрөг бүгд 8,488,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Ц.Х нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба маргаан бүхий орон сууцны бохирын шугам, цахилгаан эрчим хүчний утас байрны подволд нэг дор байрлалтай, бохирыг соруулдаг зохицуулалттай хийснээс болж цахилгаан шугам сүлжээ нь доголддог, бохир нь хальдаг, үнэртдэг, хортон шавьж ихэссэн эдгээр нөхцөл байдлыг байрны оршин суугч нар ярилцаад нэг айлаас 1800,000 төгрөг гаргаж засварлаж янзалсан, мөн байрны тааз цуурснаас таазанд хөөсөн тааз наасан, доторх 2 хаалгыг шинээр хийсэн зэрэг материал болон ажлын хөлсөнд 2,096,000 төгрөг зарцуулагдсан, нийт 3,900,000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч тал хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Э.Д Ц.Х 8,488,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Х гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох байрны цахилгаан, бохирын шугам сүлжээг засварлахад гаргасан 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Д гаргуулж Ц.Х олгохоор шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 2,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгч Э.Д анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч ...шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болгож гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзсэн.
Учир нь: Зохигчдын хоорондох маргаан бүхий байрыг хариуцагч Ц.Х гаргуулж нэхэмжлэгч Э.Д олгох тухай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ/2023/00326 дугаартай шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч энэ үндэслэлээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах үндэслэлгүй тул нэхэмжлэгч Э.Дашпунцагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон байна.
Өөрөөр хэлбэл: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан ...нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ/2023/00326 шийдвэр гарсан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болсон байсан гэж үзнэ.
6.Хариуцагч Ц.Х гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох маргаан бүхий орон сууцны бохирын болон цахилгааны шугам сүлжээг шинэчлэхэд гаргасан 1,500,000 төгрөгийн засварын зардлыг нэхэмжлэгч Э.Д гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Учир нь: Хүчин төгөлдөр болсон шийдвэр болон хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид нь маргаан бүхий байрыг нэхэмжлэгч Э.Д хариуцагч Ц.Х худалдахаар амаар тохиролцсон боловч хариуцагч тохирсон ёсоороо төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, байраа буцааж авахыг хүссэн, хариуцагч үүнийг зөвшөөрөхгүй гэснээс болж маргаан гарсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Иймээс Ц.Х уг байрыг талуудын аман хэлцлийн үндсэн дээр эзэмшсэн буюу шударга эзэмшигч гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д ...эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэх шинжид хариуцагч Ц.Х эрх зүйн байдал нийцэж байна.
Шударга эзэмшигч Ц.Х маргаан бүхий байрыг эзэмшиж байхдаа уг байрны бохирын болон цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг засан сайжруулахад нийт оршин суугчдын адил 1500,000 төгрөгийн зардал гаргасан нь хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон тул байрыг буцаан өгөхдөө нэхэмжлэгчээс уг зардлаа нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн үндэслэл нь мөн хууль, зүйлийн 94.4-д заасан ... засан сайжруулалтын улмаас эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн бол уг эд хөрөнгийг буцааж өгөх үеийн засан сайжруулалтын үнэлгээгээр шаардлагын хэмжээг тодорхойлно, энэ тохиолдолд шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнийн болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй гэсэнд нийцсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.
7.Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Д гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137/ШШ2024/00155 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Д давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
А.САЙНТӨГС