Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 910

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

          Улсын яллагч Г.Эрдэнэ,

          Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /ҮД:1697/,  

          Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо /ҮД:0105/,

          Шүүгдэгч Б.Э, Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Б.Э, Т.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902 00101 0089 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 423 дугаар байрны 121 тоотод оршин суух,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

          Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Хын Б /РД:........../,

          2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Саян-Уул” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр-Орд хотхоны 601 дүгээр байрны 406 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Бийн Б /РД:........./,

          3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам эцэг, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 17 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт ийн Э /РД:.........../,

          4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нислэгийн хөдөлгөөний удирдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 56 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Тын Э /РД:........../,

          Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Х.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

          2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд 2 хэсэг гялгар ууттай, нийт 3.83 грамм жинтэй, “Шавар” гэх нэршилтэй, мөн сонингийн цаасанд ороосон, 18.7 грамм жинтэй “Тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.38 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Эт худалдсан,

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.2 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Бд худалдсан,

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.1 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Эт өгсөн,

          Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 601 дүгээр байрны орцонд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.2 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

          Т.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 3 дугаар орцонд байхдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.38 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

          Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.1 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бий өгсөн: “... 03 дугаар сарын 27-ны өглөө Б ах над руу залгаад цэг авах уу гэсэн.  Би жаахан байж байгаад өдөр тийшээ Эрдэнэбуян гэдэг дүүгээ явуулж авхуулсан. Тэгээд би орцондоо уулзаж дүүгээсээ цэг авсан. Түүнийгээ аваад гэртээ орж хэрэглэчихээд буцаж гарч явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

          Х.Бгийн амьдарч байсан буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоотод үзлэг хийсэн: “... 00-ын өрөөнд үзлэгийг явуулахад... угаалгын машины дээд хэсэгт дөрвөлжин хэмжээтэй тугалган цаас, уг тугалган цаасны дээд хэсэгт олон тооны хар өнгийн толбо тогтсон байдалтай хажуу хэсэгт нь хуйлсан цаас, ногоон өнгийн сим картны үүр, үүрний ирмэг хэсгээр бор өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай байсныг тэмдэглэлд тусгаж хураан авч үзлэгийг 00-ын өрөөний дотор хэсэгт явуулахад усанд орох ванны доор төмөр тагтай ширмэн тогоо мэт зүйл байх ба дотор хэсгээс нь нэхүүн үнэртэй зүйл үнэртэж байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа... байрны урд хэсэгт модон бор өнгийн хаалгатай өрөө байх ба уг өрөөнд үзлэгийг явуулахад... цонхны тавцан дээр хар эрээн өнгийн түрийвч байх ба түрийвчийг нээж үзэхэд дотор нь сонингийн цаасанд ороосон зүйл нэг хэсэгт нь 2 ширхэг гялгар уутанд ороосон шавар мэт зүйл байсныг гаргаж жинлэхэд 2.37 грамм, 1.46 грамм, сонингийн цаасанд ороосон зүйлийг нээхэд Каннабис өвсний тоосыг шүүж авсан тоосонцорыг бөөгнүүлж дагтаршуулж хийсэн байсныг жинлэхэд 18.7 грамм жинтэй байсныг шинжилгээнд хүргүүлэхээр түрийвчний хамт хураан авлаа... жижиг хувцасны өрөө байх ба үзлэгийг явуулахад шар өнгийн жижиг цүнхнээс 20.000 төгрөг 4 ширхэг, 10.000 төгрөг 7 ширхэг байсныг тэмдэглэлд тусган хураан авлаа. Хувцас эд зүйлийг шалгахад хар өнгийн эрэгтэй хүний өмдний халааснаас нэг талын хэсэг нь шарлаж бохирлогдсон AL2970055 серитэй 10 төгрөгтийн дэвсгэрт байсныг хураан авлаа. Уг өрөөнд болон гал тогооны хэсэгт үзлэгийг явуулахад lphone-6 /90296767/ дэлгэц-8888 пин кодгүй, Iphone 5S /симгүй, дэлгэц-1336/, “ОРРО” гэсэн бичиглэлтэй гар утас дэлгэц хагархай /99271857/ дэлгэц кодгүй, пин кодоо-0000 гэснийг тусгайлан үзлэг хийхээр хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.7-16/,

          Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Х.Б нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.19-21/,

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх.1.22-23/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.28/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Бгийн хувийн байдлын талаар гэрч Д.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх.1.29-30/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эрдэмбуянгийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед санагдаж байна намайг сургууль руугаа автобусаар Сансарын КТМСургуулийн ойролцоо явж байх үед над руу Б ах өөрийнөө 99839981 дугаарын утсаар холбогдож хаана явж байгаа талаар асуугаад “Сансарт явж байна” гэж хэлэхэд “Сансарын Баянцээлийн ойролцоо арктай байранд очоод хүнээс юм аваад гэрт хүргээд өгөөч” гэж гуйхаар нь “за” гэж хэлээд автобуснаасаа бууж явган явсаар зааж өгсөн байрных нь гадаа очоод нөгөө хүнийх нь дугаарыг асуухад 99281857 дугаарын утас хэлж өгсөн. Ингээд тухайн дугаар луу нь залгаж “байрны гадаа чинь ирчихсэн байна, Б ах таньтай холбогдсон уу?” гэхэд “Бтэй ярьчихаад эргээд ярья” гэж хэлээд утсаа тасалсан. Харин удалгүй байрны 2 дугaap орцноос халзан, гэлжгэрдүү туранхай, хар царайтай залуу гарч ирээд гялгар уутанд ороосон баримлын шавар шиг зүйлийг өгөөд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр буцаад орсон. Ингээд би тэндээсээ доошоо уруудан алхаж байгаад 13-ын уулзвар гараад такси барьж Б ахын амьдардаг Сүмбэр орд хотхоны гадаа буугаад Бээ ах руу залгаж байрных нь орц руу орж авсан зүйлээ өгөөд байрны гадаа гарч утаат тамхи татчихаад, би тэндээсээ сургууль руугаа явсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Харин намайг тухайн өдрийн орой нь цагдаагаас хүрч ир гэж дуудахаар нь айсандаа болоод өөрийнхөө 99980421 гэх гар утасны дугаарыг сольж шинэ дугаар авсан. Харин Б ах надтай холбогдон “ирж мэдүүлэг өгөө, айх зүйл байхгүй болсон, хэргийн талаар үнэн зөвөөр нь л мэдүүл” гэхээр нь ирж байгаа юмаа. Сансарын Баянцээлийн хажуугийн байрнаас авсан эд зүйл нь баримлын шавар шиг л, урт гонзгой гялгар уутанд боосон, эхүүн үнэртэй зүйл байсан. Түүнийг Бд өгөх үедээ ямар эд зүйл болох талаар нь асуухад надад хариулт хэлэлгүйгээр өөдөөс өөр сэдвээр юм асууж өөр төрлийн яриа эхлүүлээд хариулт хэлээгүй учир юу болох талаар нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.2.36-37/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2088 дугаартай: “... Шинжилгээнд ... ногоон өнгийн даавуун уутанд ирүүлсэн хар толбо тогтож бохирлогдсон дөрвөлжин хэлбэртэй тугалган цаас, хуйлж гуурс болгосон цаас ногоон өнгийн сим картны үүр /ирмэг хэсэг нь бор өнгийн зүйлээр бохирлогдсон байдалтай/, төмөр тагтай ширмэн тогоо, шавар мэт зүйл 2 ширхэг, сонингийн цаасанд ороосон дагтаршсан бор өнгийн нунтаг зүйл, бор өнгийн даавуун уут, AL2970055 серийн дугаар бүхий 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.35-40/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2089 дугаартай: “... Х.Б 2019.03.27” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-д багтдаг болно...” гэх дүгнэлт /хх.1.44-45/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Гэрт байсан шавар гэх нэршилтэй бодисыг би өөрөө гэртээ каннабис өвсийг сонингийн цаасан дээр тавьж дэлгэн тавьж хатаагаад, хатсан өвсөө даавуун уутанд хийж сэгсэрч жижиг нарийн тоосыг нь шүүж авсан, нарийн ширхэгийг нь “Тоос” гэж нэрлэдэг. Тоосыг гэрээс хураасан жижиг тогоонд хийж дээрээс нь бага хэмжээтэй цагаан архи хийж тогоондоо хольж зуураад хар өнгийн шавар мэт бодис болсныг “Шавар” гэж нэрлэдэг. Дээрх аргаар гэртээ “Шавар” хийж хэрэглэдэг байсан. “Шавар” гэх бодисыг тугалган цаасан дээр цаасыг хуйлж гуурс болгон утааг нь сорж хэрэглэдэг байсан... 2018 оны 10 сарын 09-ний өдөр санагдаж байна... Төв аймгийн Жаргалант сум руу салдаг том хөшөөтэй уулзвар дээр бууж үлдээд замын хажуу талын жалга хэсэг рүү орж гялгар уутанд бага талаар нь хүртэл түүн авч буцаад... Улаанбаатар хот руу ирж гэртээ авч очсон...” гэх мэдүүлэг /хх.1.66-67/,

          Хүний биед үзлэг хийсэн: “... Б.Э нь “би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан хар өнгийн хантаазны гадна баруун талын халааснаас Parliament тамхины хайрцаг гаргаж ирээд уг хайрцагны хажуу талд наалдаж тогтсон шаврыг үзүүлснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч... тамхины хайрцагнаас салган авч стандарт бус жин дээр жинлэхэд 0.1 граммыг зааж байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгахаар тогтов... өмдний хойд талын халаасанд захаараа үл ялиг шарласан байдалтай, дундуур нь нугалсан А03127441 серийн дугаартай 1 ширхэг аравтын дэвсгэрт зэрэг зүйл байснаас уг аравтын дэвсгэртийг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.115-117/,

          Б.Эын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан: “... дээрх 6 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар /ТНС/ буюу тетрагидроканнабинолын агууламжтай бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.118-119/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.123/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2081 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн Б.Эаас хураагдсан эд зүйл гэж хаягласан №1 гэж дугаарласан гялгар ууттай тамхины хайрцаганд наалдсан хар өнгийн зүйл, А03127441 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.128-129/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2091 дугаартай: “... “Б.Э шээсний дээж” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” гэх дүгнэлт /хх.1.133-134/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Эын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Бгийн түрээслэн амьдарч байгаа Сансарын 23 дугаар байрны 36 тоотод орж түүнтэй уулзахад гэртээ охинтойгоо хоёулаа байсан ба уулзаад түүнээс ганц хоёр удаа хэрэглэчих цэг /“Шавар” гэх бодисноос нэг хэрэглэх тунг цэг гэж нэрлэдэг/ байна уу гэхэд байна гээд бага хэмжээтэй “Шавар” гэх бодисыг өгөхөөр нь авч тамхины хайрцагны хажууд наагаад тэндээсээ гарч хүүхдийнхээ цэцэрлэг рүү явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх.1.149-150/,

          Т.Эын биед үзлэг хийсэн: “... миний биед буюу өмсөж яваа гадуур савхины зүүн энгэрийн халаасанд Шавар гэх нэршилтэй 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Б гэх хүнээс 60.000 төгрөгөөр худалдан авсан бодис байгаа гэж хариулаад өөрийн өмсөж байгаа хар өнгийн нимгэн савхины зүүн энгэрийн цахилгаантай халааснаас гялгар уутанд ороосон, хар өнгийн 1 ширхэг шавар мэт бодис гаргаж өгсөнийг цахилгаан жин дэр жинлэхэд гялгар уутны хамт 1.38 грамм жинтэй байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.186-188/,

          Т.Эын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан: “... ТНС хэсгийн Т, С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.189-191/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.197/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2083 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн... “Т.Эын биенээс хураагдсан 1.38 грамм шавар гэх бодис” гэж хаягласан шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.202-203/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2085 дугаартай: “... “Т.Э 2019.03.27” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх.1.207-208/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Эын сэжигтнээр өгсөн: “... өөрийн 90091919 дугаарын утаснаас Бгийн 99271858 гэсэн дугаарын утас руу залгаад “Шавар байна уу” гэж асуухад Б “байна, гэрт ирээд аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр хоёр хүүхдээ машиндаа үлдээж зам гараад 23 байрны 3 дугаар орцны шатны ертөнцийн зүгээр баруун талын хаалгыг тогшиход Б өөрөө хаалга онгойлгон өгч, гэрт нь ороод 60.000 төгрөгөөр “Шавар” гэх бодисыг худалдан авч буцаад машин руугаа очих санаатай гараад явахад цагдаа нар орцон дотор намайг бариад авсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.213-214/,

          Б.Бий биед үзлэг хийсэн: “... Миний биед “Шавар” гэх нэршилтэй 2019 оны 03 дугаар сарын 27-ны өглөө Б гэх залуугаас 50.000 төгрөгөөр худалдан авсан бодис байгаа гэж хариулаад өөрийн өмсөж байгаа куртикний зүүн талын дотор энгэрийн халааснаас гялгар уутанд ороосон хар өнгийн 3 ширхэг шавар мэт бодис гаргаж өгснийг цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 1.2 грамм жинтэй байв. Мөн шавар гэх бодисны хамт хуйлсан байдалтай АК2369705 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас нэг талдаа 4 удаа цэг тавьсан байдалтай харлаж тортог тогтсон байдалтай гаргаж ирснийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.17-21/,

          Б.Бий биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан: “... Б.Б нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.22-24/,

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.2.30/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2082 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай шавар мэт зүйл, АК2369705 гэсэн дугаар бүхий 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн цэгэн толбо үүсгэж бохирлогдсон тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.2.43-44/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2090 дугаартай: “... “Б 2019.03.27” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол илэрч байна... тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” гэх дүгнэлт /хх.2.48-49/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий хувийн байдлын талаар гэрч Г.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх.2.39-40/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бий яллагдагчаар өгсөн: “... Эрдэмбуян руу залгаж... “Шавар” гэх зүйлийг Бгаас авахуулахаар болсон... Эрдэмбуян манай байрны гадаа ирчихлээ гээд залгахаар нь гарч орцондоо уулзаж “Шавар” гэх зүйлийг гялгар уутанд ороосон байдалтай өгөхөөр нь авсан... байрныхаа орцонд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх.2.64-65/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Номинцэцэгийн өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээрээ байх үед миний 5021525586 дугаарын ХААН банкны данс руу 50.000 төгрөгийн орлого орсон...” гэх мэдүүлэг /хх.1.226-227/,

          ХААН банк дахь Б.Бий 5131240459 дугаартай дансны хуулга /хх.2.110/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Бгийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Бд 50.000 төгрөгөнд “Шавар” гэх бодисыг худалдсан мөнгийг нь өөрийн эхнэр Номинцэцэгийн ХААН банкны дансаар дамжуулж авсан... Э ... надаас утаат тамхи байна уу гэж асуухаар нь байна гээд Parliament-ийн хайрцганд байсан тамхийг өгөх үедээ хоёр удаа хэрэглэх хэмжээтэй шавар гэх бодисыг хайрцагт нь наагаад өгчихсөн... Хамгийн сүүлд Бөө Э надтай утсаар холбогдож байгаад гэрт ирж шавар гэх бодис аваад гарсны дараа... цагдаад баригдчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.226-227/,

          Б.Бий хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.86-107/,

          Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.50, 80/,

          Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 555, 578 дугаартай дүгнэлтүүд /хх.1.49-50, 2.55/,

          Х.Бгийн хувийн байдлын талаар шинээр гаргасан 5 хуудас баримт,

          Мөрдөн шалгах ажилллагааны магадлагаа зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Х.Б нь:

          2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд 2 хэсэг гялгар ууттай, нийт 3.83 грамм жинтэй, “Шавар” гэх нэршилтэй, мөн сонингийн цаасанд ороосон, 18.7 грамм жинтэй “Тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.38 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Т.Эт худалдсан,

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.2 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Бд худалдсан,

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 36 тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.1 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Б.Эт өгсөн,

          Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хотхоны 601 дүгээр байрны орцонд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.2 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

          Т.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны 3 дугаар орцонд байхдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар ууттай 1.38 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

          Б.Э нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 23 дугаар байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0.1 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Бг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Б.Э, Т.Э нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд Х.Бг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгөх, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, худалдах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд, Б.Б, Б.Э, Т.Э нарыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

          Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, Б.Б, Б.Э, Т.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзлээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Бд 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Т.Э нарт 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.Эт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Х.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,  Б.Б, Б.Э, Т.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Х.Бгийн холбогдсон гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний хорих ялыг түүнд шийтгэх, мөн шүүгдэгч Б.Б, Б.Э, Т.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид хүсч байх боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд тэдгээр хүсэлтийг тус тус хангах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

          Х.Бгийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, цагдан хоригдсон нийт 436 хоногийг, Б.Э, Т.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулж тооцон, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Э, Т.Э нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авах нь зүйтэй.

          Б.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 10 төгрөгийн дэвсгэрт, А03127441 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан байдалтай 50 төгрөгийн АК2369705 серийн дугаартай дэвсгэрт зэргийг Монгол Улсын Банкинд,

          Х.Бгаас хураан авсан АВ9448866, АР5805451, А07852088, АР2924970 серийн дугаартай 4 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, А00693431, АК3725127, А08027295, АН3970258, N29190089, АК3161669, Р31149522 серийн дугаартай 7 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэртээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого 110.000 төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлж, үлдэх 40.000 төгрөгийг Х.Бд буцааж олгон, бусад эд зүйлсийг устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Хын Бг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгөх, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, худалдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г овогт Бийн Б, Б овогт Бийн Э, Ш овогт Тын Э нарыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Э нарт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Бд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.Б, Т.Э нарт оногдуулсан оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.Эт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Бгийн сэжигтнээр баривчлагдаж, цагдан хоригдсон 436 хоногийг, Б.Э, Т.Э нарын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулж тооцсугай.

          5. Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Э, Т.Э нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Б.Б урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй:

          Х.Бгийн гэрээс үзлэгээр хураагдсан нэг тал нь хар толбо тогтож бохирлогдсон дөрвөлжин хэлбэртэй тугалган цаас, хуйлж гуурс мэт болгосон цаас, ногоон өнгийн симний үүр, төмөр тагтай ширмэн тогоо, гялгар уутны хамт 2.37 грамм жинтэй шавар мэт бодис, гялгар уутны хамт 1.46 грамм жинтэй шавар мэт бодис, сонингийн цаасанд ороосон, дагтаршсан тоос мэт 18.7 грамм жинтэй бодис, бор өнгийн даавуун уут, хар саарал өнгийн эрэпгэй хүний түрийвч, цагаан өнгийн асаагуур,

          Б.Эын биенд үзлэг хийж хураасан 0.1 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй бодис, Т.Эын биед үзлэг хийж хураасан гялгар цаастай, 1.32 гpaмм “Шавар” гэх нэршилтэй бодис,

          Б.Бий биед үзлэг хийж хураасан гялгар уутны хамт 1.2 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй бодис, нэг талынхаа хэсэгт 4 ширхэг цэг мэт хар өнгийн толбо тогтсон тугалган цаас зэрэг эд зүйлсийг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт,

          10 төгрөгийн дэвсгэрт, А03127441 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан байдалтай 50 төгрөгийн АК2369705 серийн дугаартай дэвсгэрт зэргийг Монгол Улсын Банкинд,

          Х.Бгаас хураан авсан АВ9448866, АР5805451, А07852088, АР2924970 серийн дугаартай 4 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, А00693431, АК3725127, А08027295, АН3970258, N29190089, АК3161669, Р31149522 серийн дугаартай 7 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэртээс 110.000 төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлж, үлдэх 40.000 төгрөгийг Х.Бд буцаан олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР