Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 134/ШШ2016/00126

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, эрэгтэй, 55 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны 128 тоотод оршин суух,  Говьсүмбэр аймгийн Ус Ду ОНӨУҮГазарт усан сангийн оператор ажилтай, Хэрээдэт овогт Алтанзагасын Энхжаргалын /РД:ЕЙ61122614, утас:89635996/ хүсэлттэй

 

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Энхжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч А.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Энхжаргал 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт ачигчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Тухайн үед ажиллаж байсан баримтууд архив шатаад устаж үгүй болсон тул өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хэрэг болно гээд эртнээс шүүхээр ажилласан байдлаа тогтоолгохоор шийдсэн. Би энэ байгууллагад 1996 он хүртэл тасралтгүй ажилласан. Гэхдээ 1990 оноос хойшхи хугацаа нөхөн даатгалд хамрагдсан болохоор 1990 он хүртэл тогтоолгоно. 1987 онд би шүүхээр яваад хэдэн сар ажилгүй байсан. Бусад үед нь би ажлаасаа гарч байгаагүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Энхжаргал нь Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт 1982-1990 он хүртэл ачигчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн жич дахин шүүхэд хүсэлт гаргах эрхтэйгээр үлдээлээ.Учир нь:

 

Нэхэмжлэгч А.Энхжаргал нь Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, мөн 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ачигчаар ажиллаж байсан болох нь  Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/804 дугаартай  албан бичиг, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторын даргын 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаал, мөн конторын даргын 1985 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, мөн конторын даргын 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, мөн конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” тушаал, мөн конторын даргын 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 63 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” тушаал, мөн конторын даргын 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, мөн конторын даргын  1989 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай “Ажилд авах, ажил өөрчлөх тухай” тушаал, гэрч С.Гантөмөрийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан  Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторын даргын 1986 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар А.Энхжаргалыг ажлаас чөлөөлсөн байгаа хэдий ч мөн конторын даргын 1985 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаар, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар тушаалуудаар тухайн жилд ажилласан ажилчдын ээлжийн амралтыг тооцож олгохоор шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан гэж, түүнчлэн 1987 онд ажлаас чөлөөлөгдөөд буцаад орсон тушаалыг үндэслэн 1987 оны ажилласан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Мөн түүний ажлаас чөлөөлөгдсөн хугацааг 1989 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай ...тус байгууллагын 1989-1990 оны шинэ ургацын өвс тэжээл хүлээн авахад улирлын ажилчинг 3 сараар гэрээг сунгаж ажиллуулах, ... А.Энхжаргалыг 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс гэсэн тушаалыг үндэслэн тооцож тогтоосон болно.

 

 Харин түүний Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт 1982 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ачигчаар ажиллаж байсан нь байдал нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч дээрх хугацааны ажиллаж байсан байдлаа дахин нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хэрээдэт овогт Алтанзагасын Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын Чойр дахь конторт 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, мөн конторт 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ачигчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.НАРАНЧИМЭГ