Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 183/2023/06162/И |
Дугаар | 210/МА2024/01831 |
Огноо | 2024-09-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01831
2024 оны 09 сарын 27 өдөр Дуга 210/МА2024/01831
Хан-Уул дүүргийн НД
газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02807 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн НД газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н ХХК-д холбогдох,
НД шимтгэлийн өр төлбөрт 55,655,273 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Н ХХК нь Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалд 2013 оны 04 р сараас 2015 оны 04 cap хүртэлх хугацаанд төлөх ёстой НД 37,103,515.73 төгрөгийн шимтгэлийг төлөөгүй өр үүсгэсэн байна.
1.2. Түүнчлэн НД хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу 18,551,757.87 төгрөгийн алданги тооцож нийлбэр дүнгээрээ 55,655,273.60 төгрөгийг НД ерөнхий хуулийн дагуу нэхэмжилж байгааг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Манай компани нь 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 37,103,515.73 төгрөгийн НД шимтгэлийн өртэй байгаа болно.
2.2. Компанийн үйл ажиллагаа 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зогсонги байдалд байгаа хэдий ч НД шимтгэлийн үндсэн төлбөр болох дээрх 37,103,515.73 төгрөгийг бид 2024 ондоо багтааж төлж барагдуулахаар төлөвлөж байгаа болно. 18,551,757.87 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3. Иймд эвлэрлийн гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөрийн хуваарь гарган үндсэн төлбөрийг төлж барагдуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
НД тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсгийг тус тус заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас НД шимтгэлийн өрд 37,103,515.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хан- Уул дүүргийн НД газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 18,551,757.87 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 343,468 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Н ХХК-ийн үүсгэсэн шимтгэл 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаа нь 1994 онд батлагдсан НД тухай хууль-д хамрагдах боловч НД шинэ НД ерөнхий хууль хэрэгжиж байгаа өнөө үед ч НД шимтгэлийг төлөхгүй байгаа нь НД сан болон тухайн байгууллагад ажилласан даатгуулагчдыг одоо ч хохироосоор байгаа тул НД ерөнхий хуулийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
4.2. Шүүхээс 183/ШШ2024/02807 тоот шийдвэрийн 7.2, 7.3-т заасан 2 үндэслэлээр алдангийн 18,551,757.87 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн. 1994 оны НД тухай хуулинд дээрх Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх заалт байгаа боловч уг заалт нь НД тухай хуульд 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуулиар нэмэгдэж орсон ба 2024 оны 01 сарын 01-ний өдрөөр хүчингүй болсон заалт юм.
4.3. Тус газраас Н ХХК-аас нэхэмжилсэн НД шимтгэл 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдрийн хугацаа нь дээрх 2020 оноос хойш үүссэн заалтад хамаарахгүй байх тул 2013 оноос 2015 оны хооронд үүссэн НД шимтгэлийг төлүүлэхээр байгаа тул 1994 оны НД тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-ыг баримтлан Н ХХК-аас 18,551,757.87 төгрөгийг гаргуулж шүүхийн 7.2, 7.3 дахь заалтыг баримталсныг хүчингүй болгож өгнө үү.
4.4. Тус шүүхийн шийдвэрийн 7.4-т Эцэст нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дугаар Дүрэм, журам батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан НД байгууллагын дүрмийн 3.1.1-т заасан НД тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, НД байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр НД байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэх агуулга нь НД тухай хуулийн 20 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн зүйлийн агуулгыг өргөтгөсөн, хуулийн зохицуулалттай нийцэхээргүй хэм хэмжээ тогтоосон акт байна. Иймд шүүхээс Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан НД байгууллагын дүрмийн 3.1.1-ийг хэрэглэхгүй гэжээ.
4.5. Түүнчлэн НД байгууллага нь НД тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн НД шимтгэлийг төлүүлж мөн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцох ба уг хариуцлагыг хүлээлгэж НД шимтгэлийг төлүүлэхээр Монгол улсын засгийн газрын 2014 оны 354 дугаар Дүрэм, журам батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан НД байгууллагын дүрмийн 3.1.1-д заасан НД тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн гэх заалтыг удирдлага болгон шүүхэд нэхэмжлэл гаргадаг.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НД газар нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан НД шимтгэлийн өр төлбөрт 55,655,273.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 37,103,515 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч маргаагүй, харин алданги 18,551,757 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Н ХХК нь 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны байдлаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос НД шимтгэлд төлөөгүй 37,103,515 төгрөгийн өртэй талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Анхан шатны шүүх ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэйг зөв дүгнэж, хариуцагч Н ХХК-аас НД шимтгэл 37,103,515 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь НД тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан зохицуулалтад нийцсэн байна.
5. Хариуцагч байгууллагын НД шимтгэлийн өр төлбөр нь 2013 оны 04 сараас 2015 оны 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үүсэж, улмаар уг өр төлбөрт тооцогдох хуулиар тогтоосон алданги 2017 оны Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үүссэн байгааг анхааралгүй, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
НД өр төлбөр үүсэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлээгүй байсан хуулийн зөрчил шалгах ажиллагаа явагдах боломжгүй байсан, мөн НД шимтгэлийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги нь хуулиар тогтоосон хариуцлага тул хяналт шалгалтын ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран НД шимтгэлийн нэгэн адил төлөх үүрэгтэй.
НД тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НД газар нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 37,103,515 төгрөгийн 50 хувиар тооцож, 18,551,757 төгрөгийн алданги шаардах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол хязгаарлалгүй бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.4 дэх хэсэгт заасан дүгнэлт болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
6.1. Анхан шатны шүүх Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дугаар Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан НД байгууллагын дүрмийн 3.1.1-д заасан НД тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, НД байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр НД байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэх агуулга нь НД тухай хуулийн 20 дугаар зүйл Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн зүйлийн агуулгыг өргөтгөсөн, хуулийн зохицуулалттай нийцэхээргүй хэм хэмжээ тогтоосон акт байна. Иймд шүүхээс Монгол улсын Засгийн газрын 2014 оны 354 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан НД байгууллагын дүрмийн 3.1.1-ийг хэрэглэхгүй гэж буруу дүгнэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчинтавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно., Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна. гэж тус тус заасан.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дугаар Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгосон эрх бүхий байгууллага буюу Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүхийн шийдвэр гараагүй байхад Иргэний хэргийн шүүх агуулгыг өргөтгөсөн, хуулийн зохицуулалттай нийцэхээргүй хэм хэмжээ тогтоосон акт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад НД тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэгт заасныг баримталсан алдаа гаргасныг залруулна.
Н ХХК-аас НД шимтгэлийн өр үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны НД тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хуулиар тогтоосон алдангийн талаар зохицуулсан бөгөөд мөн хуульд 2020 оны 01 сарын 10-ны өдөр 20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь зохицуулалт шинээр хуульчилсан тул тогтоох хэсэгт НД тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/02807 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг НД тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК-аас НД шимтгэл 55,655,273 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн НД газарт олгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 343,468 гэснийг ... 436,226 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
С.ЭНХБАЯР