Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 405

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-15-7 тоотод оршин суух, ВК66012314 регистрийн дугаартай Өндөрийнхөн овогт Гомбожавын Цогтгэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох Ажилласан хугацааны цалин, ажлаас халагдсаны тэтгэмж 2.814.525 төгрөг гаргуулахтухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цогтгэрэл, хариуцагч Ё.Пүрэвдамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Цогтгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2011 оны 04 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэст жолоочоор ажилд орсон. Тухайн үед хэлтсийн даргын 05 дугаар тушаалаар жолоочийн ажилд орж, өмнө нь жолоочоор ажиллаж байсан Сайнхүүг хөдөө аж ахуйн мэргэжилтнээр томилж, би байнгын ажлын байранд томилогдсон. Үүнээс хойш 4 жил 10 сар тасралтгүй ажилласан. Надтай гэрээт ажилчны гэрээ байгуулаагүй. Үндсэн ажилтнаар ажилд авч байгаа гэж байсан.Баянхонгор аймгийн Статистикийн газар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй нэгдэж, Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэл, Статистикийн газар болж өөрчлөгдөн байгуулагдсан.2016 оны 03 сарын 28-ны өдөр надад ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Дээд газраас миний ажлын байр батлагдаж ирээгүй тул эргэн ажилд орохгүй.Надаас шалтгаалахгүйгээр ажлын байр цомотголд орсон.Иймд 2016 оны 02 сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан цалин 402.075 төгрөг, ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасныг дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин болох 2.412.450 төгрөг, нийт 2.814.525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2011 оны 04 сарын 24-ний өдөр аймгийн Статистикийн хэлтэст жолоочоор томилогдон, 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан 85-82 улсын дугаартай Ланд маркийн автомашиныг жолоодож байсан. Уг машиныг 2015 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл жолоодож байсан. Би бүрэн бус дунд боловсролтой, жолооч буюу төрийн албаны үйлчилгээний албанд ТҮ-3 гэсэн зэрэглэлээр ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д зааснаар 6 сарын тэтгэмж гаргуулах хүсэлтийг хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авсан. Халагдахаасаа өмнө 2016 оны 02 сарын 26-ны өдрөөс халагдах хүртэл хугацааны цалин аваагүй. Энэ хугацааны цалинг манай дарга тэтгэмж өгнө гэж байгаад өгөөгүй юм. Миний сарын үндсэн цалин 402075 төгрөг юм. Би автомашингүй байх хугацаандаа би өөрийн хувийн автомашинаар ажил үүрэг гүйцэтгэж, төр засагтаа хувь нэмрээ оруулсан, 2 байгууллага нүүх суух үед би ар гэрийн ажилтай байгаад ирж чадаагүй юм. 2011 оны 04, 05 саруудын цалинг 06 сарын цалин дээр нэгтгэж нийгмийн даатгалын шимтгэл хураамж төлөгдсөн байгаа, энэ талаар миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа..гэв.

Хариуцагч Ё.Пүрэвдамба шүүхэд гаргасан тайлбартаа:

МУЗГ-ын 2015 оны 12 сарын 21-ний өдрийн 501 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газар гэснийг Улсын бүртгэл Статистикийн ерөнхий газар гэж өөрчилсөн. Энэхүү тогтоолыг үндэслэн Хууль зүйн сайдын Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгууллатын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгууллатын бүтцийг батлах тухай 2015 оны 12 сарын 31-ний өдрийн А/304 дүгээр тушаал Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын Албан тушаалын орон тоо ангилал зэрэглэл батлах тухай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр тушаалууд тус тус гарсан. /Б/44 дүгээр тушаал нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/68 дугаар тушаалаар хүчингүй болсон/ Дээрх Б/44, Б/68 дугаар тушаалуудаар Статистикийн хэлтсийг хэлтсийн дарга 1, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 3 орон тоотой байхаар баталсан. Иймээс статистикийн хэлтэст жолоочоор/гэрээт/ ажиллаж байсан Г.Цогтгэрэл, нягтлан бодогч/гэрээт/ Н.Ганчимэг нарыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар чөлөөлсөн. Энд УБСЕГ-ын даргын Б/89 тушаалыг мөрдлөг болгосон. Жолоочоор ажиллаж байсан Г.Цогтгэрэлийг чөлөөлөхдөө тухайн үедээ хүчинтэй байсан УБСЕГ-ын даргын Б/44 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтын дагуу мэдэгдэх хуудсыг 2016 оны 02 сарын 1/255 албан тоотоор хүргүүлсэн болно.

2. Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэлтэй утсаар холбогдон ажлаас чөлөөлөгдөх Г.Цогтгэрэл, Н.Ганчимэг нарын талаар асуухад жолооч, нягтлан бодогч нар үндсэн орон тоогоор ажилладаг албан хаагчид бишээ, гэрээт албан хаагчид гэж тайлбарласан. Жич: /Улсын бүртгэлийн хэлтсээс орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж байгаа албан тушаалтанд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, үндсэн орон тооноос гэрээт ажилтанд шилжиж байгаа жолооч, үйлчлэгч нарт 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас олгож байгаа болно.

Мөн Г.Цогтгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Статистикийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Лхамдийдэрмаагаас шаардахад хөдөлмөрийн гэрээ байхгүй Д.Полоож даргаас асууя гээд 2016 оны 05 сарын 04 ний өдрийн 16 цаг 45 минутанд Г.Цогтгэрэлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар хувийг өглөө. Хөдөлмөрийн гэрээтэй танилцан дараах тайлбарыг хийж байна.

а/ Хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцлийн 1.2-т зааснаар гүйцэтгэх үндсэн үүрэгт Автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцан, ажилд саадгүй бэлэн байлгах, сааталгүй үйлчлэх гэж заасан байна гэтэл 2014 оны 12 дугаар сард Статистикийн хэлтэс нь Ланд-80 маркийн автомашинийг акталсан байх тул хөдөлмөрийн гэрээгээр заасан ажил үйлчилгээ шаардлагагүй болжээ.

б/ Хөдөлмөрийн гэрээний ажил олгогчийн хүлээх үүргийн 3.4-т зааснаар Ажилтныг хэвийн ажиллах нөхцлөөр хангана гэж заасан байх бөгөөд энэхүү заалт хэрэгжихгүй болсон тул ажил олгогчийн талаас хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй байсан байна.

Мөн гэрээний нөхцөл биелэгдэхгүй гэрээ дуусгавар болох байтал хууль бусаар 1 жил гаруй хугацаанд батлагдаагүй орон тоонд цалинжаад явж байсан нь хууль зөрчсөн байдлаар харагдаж байна. Харин ч Г.Цогтгэрэл.......цалин төлөх үндэслэлтэй харагдаж байна.

3. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.Цогтгэрэлийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, тухайн үеийн Статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Полоожийн гаргасан 2011 оны 05 дугаар сарын тушаалыг архивын баримтаас татан үзлээ. Ингэхэд 2011 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар Ажилд авах тухай тушаал байна. Энэхүү тушаал нь хуулийн үндэслэлгүй байх бөгөөд үндсэн орон тоонд авсныг заагаагүй байна. Мөн 2011 оны төсвийн санхүүжилтийн хуваарийн дагуу 6 орон тоотой ажиллахаар батлагдсан байтал 7 дахь ажилтан болох Г.Цогтгэрэлийг томилсныг ойлгохгүй байна. Энэхүү тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 05 минутанд УБСЕГ-ын хүний нөөцийн хэлтсийн дарга Ш.Оюунгэрэлд 70440517 утсаар уншиж танилцуулахад тухайн үеийн дарга тийм тушаал гаргасан байна уу? хуулийн үндэслэл нь юу гэж бичигдсэн байна вэ гэж лавлаж асуусан.

4. Статистикийн хэлтсийн /хуучин нэрээр/ 2011 оны төсвийн санхүүжилтийн хуваарийг архивын баримтаас татан үзэхэд 6 орон тоотойгоор Үүнд:

Хэлтсийн дарга-1/Д.Полоож/, ахлах мэргэжилтэн-1/Ч.Лхамдийдэрмаа/, мэргэжилтэн -3/Х.Оюунчимэг, Б.Сайнхүү, Х.Ганзориг/, нягтлан бодогч /гэрээт/ Б.Дэлгэрмаа нар ажилласан байсан гэсэн мэдээллийг Статистикийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ганзориг, тухайн үед гэрээт нягтлан богдогчоор ажиллаж байсан Б.Дэлгэрмаа нар өгч байгаа болно.

5. 2011 оны санхүүгийн баримтаас цалингийн цэстийг татан авч үзлээ.Ингэхэд Д.Полоож даргын тушаал 2011 оны 04 дүгээр сарын 24-нд гарсан боловч 05 сарын цалингийн цэсдэд жолооч Г.Цогтгэрэл цалин авсан нь харагдахгүй байна. Харин 06 дугаар сараас эхлэн сарын 204.252 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн байх юм. Мөн Үндэсний Статистикийн хороо/тухайн үеийн нэр/ ноос ирүүлсэн үндсэн орон тоо болон гэрээт ажилтан ажиллуулах эрх зүйн акт байхгүй байна.

Тухайн үедээ 6 орон тоотойгоор ажиллах төсвийн хуваарьтай байхад/2011 онд төсвийн хуваарь өөрчлөгдөөгүй/ 7 дахь ажилтныг тушаалаар авч ажиллуулсан нь ямар эх үүсвэрээр цалинжуулж байсныг мэдэхгүй байна.

6. Нэхэмжлэлд дурьдсанаар ..намайг ажилд томилоход өмнө нь жолоочоор ажиллаж байсан Сайнхүү хөдөө аж ахуйн мэргэжилтнээр томилогдож би байнгын ажлын байранд томилогдсон гэж бичсэн байна. Гэтэл Б.Сайнхүү нь Статистикийн хэлтсийн судлаач, хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байсан байна. Б.Сайнхүү нь судлаачийн ажил үүргийг гүйцэтгэхэд машинаа өөрөө бариад явдаг байсан ба энэ нь цалин нэмэгдэл олгох тухай Үндэсний статистикийн хорооны 3/179 тоот албан бичгээр харагдаж байна.

7. Нэхэмжлэлд дурьдсанаар ..Ё.Пүрэвдамба даргын ажлаас чөлөөлөх тухай тушаалд заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг 402075х6=2814525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт нь жолоочоор ажиллаж байсан Г.Цогтгэрэлд хамааралгүй, харин тушаалын 1 дүгээр хавсралтын холбогдох албан тушаалтанд хамааралтай болохыг үүгээр мэдэгдье..гэжээ.

Хариуцагч Ё.Пүрэвдамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас тус байгууллагын орон тоо бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотой тушаал шийдвэр ирсэн. Уг шийдвэрүүдийн дагуу гэрээт ажилтнуудыг ажлаас чөлөөлөх асуудал яригдаж Г.Цогтгэрэлийг Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Г.Цогтгэрэл нь анх ажилд орохдоо тухайн байгууллагад батлагдаагүй жолоочийн орон тоонд тушаал гарч ажилд томилогдсон. Дээрх тушаал нь хуулийн үндэслэлгүй гарсан байсан. Хөдөлмөрийн гэрээг 5 жилээр хийсэн байсан. Хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар жил бүр дүгнэж байх ёстой гэтэл нэг ч удаа дүгнээгүй байна. Нөгөө талаар ажиллаж байх хугацаандаа ажилдаа хойрго, идэвхи зүтгэлгүй ажиллаж байсан талаар хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилж, мэдүүлж байгаа. Уг нь би Г.Цогтгэрэлд 1 сарын тэтгэмж олгох тухай өөрт нь хэлж ойлгуулсан байсан боловч дээд газраас гэрээт ажилтанд тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн учир тэтгэмж олгоогүй, 6 сарын тэтгэмж олгох асуудалд төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарахгүй байх гэж бодож байна.

Г.Цогтгэрэлийг гэрээт ажилтнаар авч ажиллуулсан тушаал шийдвэр байхгүй юм. Харин жолоочоор ажиллуулсан тушаал, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байсан. Дээд газраас орон тоо, төсөв батлагдаагүй байхад тушаал шийдвэр гарч ажилд авсан нь хууль бус байсан гэж үзэж байна. Уг хууль бус шийдвэрийг дээд газраас хянаад хүчингүй болгосон зүйл байхгүй. Тухайн үед Статистикийн газар нь тушаал шийдвэрээ хянуулдаггүй байсан юм шиг байна. 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс Статистикийн газар нь машингүй болсон гэж өөрөө хэлж байна. 2016 оны 03 сард 2 байгууллага нэгдэж нэг байранд орсон. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар бол автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж автомашиныг бэлэн байдалд байлгах гол үүрэг нь байгаа. Гэтэл автомашингүй хүнд хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлийг хангасан гэж үзэх боломжгүй байсан. Нөгөө талаар 2 байгууллага нүүж сууж байхад Г.Цогтгэрэл огт үзэгдээгүй, үндсэн ажилтан гэж хэлэхэд сэтгэл, зүтгэлгүй болох нь харагдсан. Иймд цалин олгоогүй юм.Г.Цогтгэрэл нь 2011 оны 04 сард ажилд томилогдсон гэх боловч Статистикийн хэлтсийн цалингийн цэс дээр 04, 05 саруудад цалин авч байсан талаар мэдээлэл байхгүй байгааг анхаарах хэрэгтэй юм.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Цогтгэрэл нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн дарга Ё.Пүрэвдамбад холбогдууланАжилгүй байсан хугацааны цалин, ажлаас халагдсаны 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 2.814.525 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Пүрэвдамба хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэдийгээр, хариуцагч нь төрийн захиргааны байгууллага боловч нэхэмжлэгч Г.Цогтгэрэл Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаалтан тул иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэргийн харьяалал зөрчигдөхгүй байна.

Г.Цогтгэрэл нь Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн даргын 2011 оны 04 сарын 24-ний өдрийн 05 дугаар тушаалаар тус хэлтэст жолоочоор томилогдон, ТҮ-З-1 шатлалаар цалин тогтоогдож, 2011 онд хөдөлмөрийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байна.

Улмаар Г.Цогтгэрэл нь Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 03 сарын 21-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ ..

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Төрийн албан тушаалын ангилал, төрлийг хуульчилсан бол, 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна, 5 дугаар зүйлийн 5.2-д Энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан /төрийн захиргаа, төрийн тусгай/албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ..гэж тус тус заасан байна.

Дээрхээс дүгнэвэл Г.Цогтгэрэл нь 2011 оноос эхлэн аймгийн Статистикийн газрын жолоочоор томилогдон, төрийн албаны үйлчилгээний албан тушаалд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төрөөс цалин авч ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Төрийн албаны хууль тогтоомжид зааснаар түүнийг төрийн албан хаагч гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар 6 сарын тэтгэмж гаргуулах заалт нь тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан төрийн жинхэн албан тушаал буюу төрийн захиргаа, тусгай албан тушаалтанд хамааралтай тул нэхэмжлэлийн дээрх хэсгийг хүлээн авч хангах боломжгүй юм.

Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулахыг хүссэн, тэрээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тул нэхэмжлэлийн хэмжээ хязгаарын дотор тухайн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл хэсгийг хэрэглэж, нэхэмжлэгчийн эрхийг хохироохгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Түүний ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь Хууль зүйн сайдын Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгууллатын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгууллатын бүтцийг батлах тухай 2015 оны 12 сарын 31-ний өдрийн А/304 дүгээр тушаал, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын Албан тушаалын орон тоо ангилал зэрэглэл батлах тухай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/44 дүгээр тушаалуудыг үндэслэж тус байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлсэнтэй холбоотой ажлаас чөлөөлөгджээ.

.Хариуцагч Ё.Пүрэвдамба нь нэхэмжлэлийн хариу тайлбартаа нэхэмжлэгч нь Статистикийн хэлтэст анх ажилд орохдоо батлагдаагүй орон тоонд томилогдон, цалинжиж байсан нь хууль бус үйлдэл болсон талаар дурьдсан боловч энэ нь нэхэмжлэгч Г.Цогтгэрэлийг төрийн албан хаагч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Учир нь батлагдаагүй орон тоонд ажилд томилогдсон боловч эрх бүхий албан тушаалтын шийдвэрээр, хөдөлмөрийн гэрээ байгуулагдан гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгэн төрөөс цалин хангамж авч байснаас үзвэл түүнийг төрийн албанд ажиллаж байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь Г.Цогтгэрэл нь гэрээт ажилтнаар ажиллаж байсан гэх боловч энэ талаар нотолсон баримт ирүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн ...... 40.1.1......-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.. гэж заажээ.

Нөгөө талаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 03 сарын 21-ний өдрийн Б/07 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн атлаа холбогдох тэтгэмжийг өгөөгүй байгааг зөвтгөх боломжгүй юм.

Иймд шүүхээс Г.Цогтгэрэлийн ажлын байрны онцлог, гүйцэтгэж байсан ажлын ачаалал, бүтээмж, төрийн албанд ажилласан хугацаа зэргийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв..

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор заасныг үндэслэн Г.Цогтгэрэлийн сүүлийн 3 сард авсан цалин болох 2015 оны 12, 2016 оны 1, 2 дугаар саруудад авч байсан 437375+437375+291650=1166400: 3 сар = 388800 төгрөгөөр нэг сарын дундаж цалин тогтоогдож байх тул 388800х2= 777600 төгрөгийн тэтгэмжийг хариуцагч Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас гаргуулах нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин гаргуулах шаардлагыг хянахад 2016 оны 02 сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас гардуулснаас хойш 2016 оны 03 сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 402075 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Г.Цогтгэрэлийн 0422337 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тэрээр 2016 оны 02 сард 291650 төгрөгийн цалин авснаар тэмдэглэгдсэн байх тул тухайн сарын цалинг авсан гэж үзэхээр байна.

Харин 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх тушаал гарах хүртлэх хугацааны цалинг аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 сарын 21-ний өдөр хүртлэх хугацааны цалинг тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006 оны 07 сарын 06-ны өдрийн 33 дугаар тогтоолд Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасны дагуу ажилтанд олгоно .. гэсэн болХөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэхолговоролгоногэжээ.

Засгийн газрын 2014 оны 10 сарын 11-ны өдрийн 332 дугаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишигийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 4-р хавсралтанд зааснаар Д.Цогтгэрэлийн үндсэн цалин 402075 төгрөг болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо түүний үндсэн цалин болох 402075:21.5 хоног = 18701 төгрөг/нэг өдрийн цалин/ болж байна.

Улмаар нэхэмжлэгч Г.Цогтгэрэлийн 2016 оны 03 сард ажилласан ажлын 15 хоногийн цалин олговорт 208515 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж ажилгүй байсан хугацааны цалин 208515, ажлаас халагдсаны 2 сарын тэтгэмж 777600 төгрөгийн нийт 986115 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1828410 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Цогтгэрэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнд төлөгдвөл зохих шүүхийн зардал 28216 төгрөгийг хариуцагчаас гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас ажилгүй байсан хугацааны цалин 208515, ажлаас халагдсаны 2 сарын тэтгэмж 777600төгрөгийн нийт 986115 төгрөгийг гаргуулж Г.Цогтгэрэлд олгож, 1828410 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 28216 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ