Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01853

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр Дуга 210/МА2024/01853

 

 

ххх НД газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/03997 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ххх НД газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НЗГ ХХК холбогдох,

 

НД шимтгэл, алдангид 123,353,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хадбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. НЗГ ХХК нь 2024 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар 2023 оны 02 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих НД шимтгэлийг дутуу төлсний улмаас 161,878,733 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 61,475,175 төгрөг, нийт 223,353,908 төгрөгийн НД шимтгэлийн өр үүсгээд байна.

1.2. Нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь 223,353,908 төгрөгийн өртэй байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 100,000,000 төгрөгийг төлсөн учраас үлдэх 123,353,908 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани 2006 оноос эхлэн асфальтбетон үйлдвэрлэлийн чиглэлээр жил бүрийн 5-100 сарын хугацаанд асфальтбетон үйлдвэрлэж, харилцагч байгууллагуудад нийлүүлдэг бөгөөд зөвхөн дулааны улиралд 5-10 сарын хугацаанд 30 орчим ажилтантайгаар ажилладаг.

2.2. Дэлхий нийтээр тархсан цар тахлын үе, дайнаас үүдэлтэй 2020-2023 онд авто замын салбарт хүндээр тусч, ажиллах боломжгүй болсон бөгөөд 2023 оны 2 дугаар улирлаас эхлэн бага багаар ажил явагдаж байна. Эдгээр цаг хугацаанд компани өөрийн нөөц боломжоор ажилчдын нийгмийн даатгал болон цалинг таслахгүйгээр явж ирсэн.

2.3. 2021-2023 онд үүссэн өр төлбөр болох 129,826,594.34 төгрөгийн төлбөрийг төлөхөөр 2023 оны 09 сарын 01-ний өдөр ххх НД хэлтсийн дарга Н.А, гүйцэтгэх захирал Б.Х нарын байгуулсан НД шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ний хүрээнд болон cap бүрийн ногдуулалт зэрэгт 2023 оны 03 сарын 21-ний өдөр 2,843,071 төгрөг, 2023 оны 07 сарын 18-ны өдөр 105,966,780 төгрөг, 2023 оны 08 сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 30-ны өдөр 44,956,648 төгрөг, нийт 163,766,499 төгрөгийн НД шимтгэлийн төлбөрийг төлсөн байна.

2.4. 2024 онд НД шимтгэлийн төлбөрийг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байсан боловч Оросын холбооны улсаас импортоор орж ирэх битумын хэмжээ буурсантай холбоотой бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос хамааралтайгаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэхгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан ххх НД газраас нэхэмжилсэн 61,475,175 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан алдангийг бууруулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, НД тухай 1994 оны хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч НЗГ ХХК-аас 80,828,962/наян сая найман зуун хорин найман мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ххх НД газарт олгож, нэхэмжлэлээс 42,524,946/дөчин хоёр сая таван зуун хорин дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххх НД газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч НЗГ ХХК-аас 562,095 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого /Баянгол дүүргийн Татварын хэлтэс/-д оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Манай зүгээс нэхэмжлэгчтэй уулзсан ба ингэхдээ НД шимтгэлийн үндсэн төлбөрөөс 100,000,000 төгрөг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч алдангиасаа татгалзахыг зөвшөөрч шүүх хурал дээр эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцсон. Ингээд манайх 2024 оны 08 сарын 12-ны өдөр 100,000,000 төгрөгийг төлсөн байдаг.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.4-т Талуудын байгуулсан гэрээнд хамаарахгүй буюу 2023 оны 08 сараас мөн оны 12 сарын хооронд НЗГ ХХК нь НД шимтгэлийн төлбөр 87,008,786 төгрөг төлөөгүй зөрчил үүссэн болох нь ... зэрэг баримтуудаар нотлогдож байна., 8-д Талууд НЗГ ХХК-ийн НД шимтгэлийн өр төлбөрийн үлдэгдэл 61,878,733 төгрөг, байгаа талаар хэн хэн нь маргаагүй ба хариуцагч тал энэ өр төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин төлөгдөөгүй шимтгэлийн өр төлбөрт алданги 61,475,175 шаардах эрхийн талаар маргаж байна. гэж тодорхойлсон.

4.3. Түүнчлэн шийдвэрийн 12-т Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ковид цар тахалын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан талаар тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй учир тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзэж шийдвэрээ гаргасан байна.

4.4. Ковид цар тахлын нөлөөгөөр 2020 оны 12 сараас 2022 оны 12 сарыг дуустал Коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж байсан нь дээрх үйл баримтын нотолгоо илэрхий байсаар байтал нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзжээ.

4.5. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн НД шимтгэлийн авлагын үүссэн хугацаагаар нь ангилах, хянан шийдвэрлэх журмын хоёрдугаар хавсралт маягт №2 загварын дагуу НД шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-нд хүснэгтийн 3 дугаар эгнээнд Хуримтлагдсан өглөг + тухайн сарын үүсгэл гэж заасан байгаа нь НЗГ ХХК нь НД шимтгэлийн төлбөр 87,008,786 төгрөг төлөөгүй зөрчил үүссэн дээрх төлбөрт мөн адил хугацааг 2023 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр хугацаа тогтоосон.

4.6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад шаардаагүй 2024 оны 01 сараас нэхэмжлэлийн гаргах хүртэл хугацаагаар тооцож 18,950,229 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж 80,828,962 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, НД тухай 1994 оны хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль бус байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/03997 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан алданги 18,950,229 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал үндсэн төлбөрийн тал хувийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба үндсэн төлбөрөөс 0,3 хувиар тооцож алданги шаардсан бөгөөд анхан шатны шүүх алдангийг зөв шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ххх НД газар нь хариуцагч НЗГ ХХК-д холбогдуулан НД шимтгэлийн өр төлбөрт 223,353,908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 161,878,733 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч маргаагүй, харин алданги 61,475,175 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. НЗГ ХХК нь 2023 оны 02 сараас 2023 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны байдлаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос НД шимтгэлд төлөөгүй 161,878,733 төгрөгийн өртэй талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэйг зөв дүгнэж, хариуцагч НЗГ ХХК-аас НД шимтгэл 61,878,733 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь НД тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт уг хуулийн зохицуулалтыг алдаатай бичснийг залруулах нь зүйтэй.

 

НД тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ххх НД газар нь хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 161,878,733 төгрөгийн 30 хувиар тооцож, 61,475,175 төгрөгийн алданги шаардах эрхтэй.

 

Гэтэл, анхан шатны шүүх НД шимтгэлийг хугацаанд төлөөгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага буюу алдангийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүссэн гэж дүгнэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

 

НД харилцаа нь нарийвчилсан зохицуулалттай НД хуулиар зохицуулагдах бөгөөд хуулиар тогтоосон НД шимтгэл болон алданги нь ххх НД газар болон НЗГ ХХК-ийн хүсэл зоригоос үл хамааран хуулиар хувь хэмжээг тогтоох тул Иргэний хуулийг баримтлан шийдвэрлэх боломжгүй.

 

Мөн, НД шимтгэлийг хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой алданги нь хуулиар тогтоосон хариуцлага тул хяналт шалгалтын ажиллагаа явуулсан эсэхээс үл хамааран НД шимтгэлийн нэгэн адил төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон алдангийг буруу тооцож хассан байх боловч нэхэмжлэгч нь алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс өөрчлөх үндэслэлгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/03997 шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг гэснийг хасч, ... 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ... гэснийг ... 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,701 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР