| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0059/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын харъяат, эмэгтэй, ... настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэгдэж ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ... дугаар магадлалаар хэрэгсэхгүй болсон С овогт Л.О-д холбогдох эрүүгийн 18200002570136 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай УАЗ-31512 маркын автомашины дугуйнуудад мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгүүдэд зааснаар хязгаарласан бараа болох 99 кг 285 гр ямааны махыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” ... ” гэсэн мэдүүлэг
Бараа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/
Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан юм. Оройны 17 цагийн орчимд ... улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-31512 маркийн автомашин БНХАУ-руу гарахаар ирсэн. Тухайн автомашинд хяналт шалгалт хийж байхдаа 4 дугуйг нь цохиж үзтэл дотор нь юм байгаа юм шиг битүү дуу гарсан. Тэгэхээр нь уг автомашиныг рентген рүү оруулж харахад 4 дугуйнд нь юм байгаа харагдсан. Ингээд хяналтын талбай дээр аваачиж байгаад 4 дугуйг нь тайлуулахад дотроос нь нилээд хэдэн гялгар уутнуудад жижиг жижгээр хийсэн махнууд гарч ирсэн. Би жолоочоос юуны мах болох талаар болон ямар зорилгоор улсын хилээр зөвшөөрөлгүй мах нэвтрүүлэх гэж байсан талаар нь асуухад “Ямааны мах байгаа юм. Манай ээж өвчтэй байгаа тул олохоор мах гаргаж байгаа юм” гэж хэлж байсан. Улсын хилээр мэргэжлийн хяналтын бичиг квот,эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлтэй л махыг л нэвтрүүлдэг. Ингээд уг хэрэгт зөрчлийн хэрэг нээж материалжуулаад харъяаллын дагуу шилжүүлсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би тэр өдөр гарах чиглэлд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Би уг автомашиныг шалгахдаа багааж, копуд , сандал суудал, банк зэргийг нь шалгасан. Мөн 4 дугуйг нь цохиж үзэхэд дотор байгаа шинж тэмдэг мэдэгдэхгүй байсан тул тамгаа дарсан. Миний шалгасан автомашиныг гаалийн улсын байцаагч рентген рүү дагуулаад явсан. Тэгэхээр нь араас нь очоод хартал 4 дугуйнд нь мах байсан” гэсэн /хх-ийн 32-33/
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Замын-Үүд боомт дахь ХМХА-ны итгэмжлэгдсэн лабораторын хүрээнд махны төрөл тодорхойлох боломжгүй. Махны төрөл тодорхойлох шинжилгээг Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид тодорхойлуулах нь зүйтэй. Мэдрэхүйн үзлэгээр биелэг байдал махны ширхэг, өнгө өөхөн эд зэргээс үзэхэд ямааны мах мөн байна.
2. Мэдрэхүйн шинжилгээгээр өөрийн өвөрмөц өнгө үнэртэй механик болон үс шороо тоосоор бохирлогдсон, зориулалтын агуулахад хадгалагдаагүй зэргээс үзэхэд стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.
3. Ямааны махыг ашиглах боломжгүй” гэсэн шинжээч мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Л.С-н дүгнэлт /хх-ийн36/
А ХХК-ны 2018 оны 12 сарын 04-ний өдрийн “ Ямааны мах 99,285 кг нийт үнэ 397,140 төгрөг “ гэсэн ТХҮ/818-036 тоот дүгнэлт /хх-ийн 4/
А ХХК-ны 2018 оны 11 сарын 28-ны өдрийн “... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэл 500,000 төгрөг “ гэсэн ДГО/ЗҮ-031 тоот дүгнэлт /хх-ийн 46-48/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-54/
2018 оны 12 сарын 10-ны өдрийн “99,285 кг ямааны махыг эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 65/
Шүүгдэгч Л.О нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэгдэж ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ... дугаар магадлалаар хэрэгсэхгүй болсон гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/
2018 оны 12 сарын 10-ны өдрийн “... улсын дугаартай УАЗ-31512 маркийн автомашиныг битүүмжлсэн” тухай эд хөрөнг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 78/
Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би уг автомашиныг 1 жилийн өмнө өөрийн найз Х.Ү-с 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн үедээ Ү бид хоёр ямар нэг гэрээ байгуулаагүй, мөн гэрчилгээн дээрхи нэрийг шилжүүлээгүй. Ү нь удаагүй Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу шилжсэн тул бичиг баримтан дээрхи нэрээ шилжүүлж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Тэгээд автомашиныг 2018 онд / сарыг сайн санахгүй байна / О гэх хүнд 500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Би автомашины мөнгө 500,000 төгрөгийг бэлнээр авсан. Би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Учир нь би автомашиныг Ү-с худалдаж аваад О-д зарсан. Ү бид хоёрын хооронд болон О бид хоёрын хооронд автомашины өр авлага байхгүй тул энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Л.О нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор ... улсын дугаартай УАЗ-31512 маркын автомашины дугуйнуудад мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгүүдэд зааснаар хязгаарласан бараа болох 99 кг 285 гр ямааны махыг нууж зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.
Амьтны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “...амьтныг амьдаар нь, мөн амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байх бөгөөд уг хуулийн зүйл, хэсгийн дагуу гарсан Байгаль орчны сайдын 2007 оны 292 тушаалаар баталсан “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах журам”-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг авч чонын мах буюу түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх юм. Гэтэл шүүгдэгч Г.Б-н хувьд ямар нэг байдлаар зөвшөөрөл авахгүйгээр саарал чонын мах 1,2 кг-ийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.
Шүүгдэгч дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг агуулж байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7/, гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч С.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33/, мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Л.С-н дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:
Энэ хэрэгт 99,285 кг ямааны махыг хурааж, эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд ямааны махыг хэрэглэх, ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гараагүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Л.О нь 99,285 кг ямааны махыг гаалийн үзлэг шалгалтаас нуух зорилгоор ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн 4 дугуйнд нуусан байх бөгөөд шүүхээс түүнийг уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэв. Уг ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.О нь гэрч Н.Н-с 2018 онд 500,000 төгрөгөөр худалдан авчсан байх тул ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
... улсын дугаартай УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслийг А ХХК нь 500,000 төгрөгөөр үнэлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт Л.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.О-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 99,285 КГ ямааны махыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 500,000 төгрөгийг үнэтэй ... улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.О-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.О нь 500,000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц