| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0274/И |
| Дугаар | 406 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 406
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М-ойл групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 722.759 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Гомбосүрэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Одонтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М-Ойл групп ХХК нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлтээр 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14-43 тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ мөн 2015 оны 05-р сарын 25-ны өдрийн 15-25 тоот Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээг байгуулан гэрээний дагуу хамтран ажиллаж эхэлсэн билээ. Гэрээ байгуулсанаас хойш тус байгууллага нь А80-688 литр АИ92-4498.12 литр ДТ-633.25 литр тус тус шатахуун авсан. Нийт 10.394.806 /Арван сая гурван зуун ерөн дөрвөн мянга найман зуун зургаан/ төгрөгийн шатахуун авсан үүнээс 9.672.047 /Есөн сая зургаан зуун далан хоёр мянга дөчин долоо/ төгрөгийг төлсөн үүнээс үлдэгдэл 722.759 /Долоон зуун хорин хоёр мянга долоон зуун тавин есөн/ төгрөг төлөгдөөгүй байна.
Иймд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гэрээний дагуу худалдан авсан нефтийн бүтээгдэхүүний төлөгдөөгүй үнэ болох 722,759 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.Гомбосүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийгмийн даатгалын хэлтэс нь 02 сард нийт 592000 төгрөгийн шатахуун авснаас 191000 төгрөг төлсөн, 3 сард 690018 төгрөгийн шатахуун авснаас 232100 төгрөгийн үлдэгдэлтэй, 4 сард 972584 төгрөгийн шатахуун авснаас 542400 төгрөгийг төлсөн, 5 сард 144000 төгрөгийн шатахуун авснаас 343990 төгрөг төлж, 199990 төгрөгийн илүү төлөлт хийсэн. 6 сард 568540 төгрөгийн шатахуун авснаас 522000 төгрөг төлж 46544 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн, 7 сард 216000 төгрөгийн шатахуун авснаас 568544 төгрөгийг төлж, 352544 төгрөгийн илүү төлөлт нь өмнөх үлдэгдлүүдрүүгээ гүйгдэж тооцогдоно. 8 сард 144000 төгрөгийн шатахуун авснаас 449000 төгрөг төлж, 305000 төгрөгийн илүү төлөлт хийсэн, 9 сард 342000 төгрөгийн шатахуун авснаас 200000 төгрөг төлж 142000 төгрөгийн үлдэгдэлтэй, 10 сард 506150 төгрөгийн шатахуун авснаас 722759 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэнийг Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан н.Цэрмаатай нь тулгалт хийж, тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Оны сүүлд төлөхийг шаардахад дарга нь эмнэлэгт хэвтсэн, ерөнхий нягтлан н.Цэрмаа нь Улаанбаатар хотруу явсан байсан учраас 12 сард өр үүсгэсэн. Иймд 722759 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.Ер нь бол сар болгоны 28-ны өдөр ерөнхий нягтлантай нь тооцоо нийлдэг байсан. Сар сардаа төлөх гэхээр төсөв нь орж ирдэггүй, хойшилдог байдлыг нь харгалзан үзэж харилцан итгэлцлийн үүднээс ажиллаж байсан. Шатахуун олгох бичгийг хэлтсийн дарга, ерөнхий нягтлан нь хийж өгдөг байсан. Шатахуун олгох бичгийг 2 хувь үйлдээд нэг хувь нь манайд ирж, нэг хувь нь байгууллагадаа үлддэг байсан. Шатахуун авах бүрд жолооч нараар баримт дээр гарын үсэг зуруулдаг байсан. Ээлжийн түгээгч нар давхар тэмдэглэж надтай тулгаж явдаг байсан ба тухайн сард авсан шатахууны мөнгийг сар болгон нэхэмжлэх явуулддаг байсан. Харин хариуцагч байгууллага нь тухайн сарын төсөвтөө баригдан надаас төлбөрийн нэхэмжлэх авч явж тэрийгээ канондаад орж ирсэн мөнгөндөө тааруулаад нэхэмжлэх авч явдаг байсан. Нэхэмжлэх дээрх бичиг миний бичиг биш байна. н.Сэмжиддорж дарга өөрөө авч яваад бичээд байдаг байсан юм.Ингэхдээ нэхэмжлэхээ хоёр хувааж бичихгүй бол болохгүй байна. Хөдөө орон нутагт явсан шатахуунаа тусдаа, аймгийн төв дотор явсан шатахуунаа тусдаа бичиж байя нэг нэхэмжлэх өгч явуулаач гэсэн байсан. Нэг нэхэмжлэх өгч явуулсан байсныг олон хувь канондаж авсан, энэ нь хуурамч нотлох баримт гэж болно. Манай байгууллага бол сар болгон нэхэмжлэхээ явуулдаг, н.Цэрмаа нягтлан нь мөнгөө шилжүүлдэггүй байсан. Манайхаас явуулсан нэхэмжлэхийг яасныг нь би мэдэхгүй..гэв.
Хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Одонтунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу тус хэлтсийн 2015 оны М-Ойл грүпп ХХК-иас худалдан авсан шатахууны тооцоог тулган баталгаажуулахад нийт 3473834 төгрөгийн шатахууны нэхэмжлэл анхан шатны баримтыг үндэслэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, нягтлан бодох бүртгэл хөтлөх санхүүгийн тайлан гаргана.. гэсэн заалтын дагуу бүртгэл тайланд тусгасан байна.
М-Ойл грүпп ХХК-иас гаргасан 722.759 төгрөгийн нэхэмжлэлийг дараах шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Нийгмийн даатгалын хэлтэс нь тус компанитай 2015 онд байгуулсан 15-25 тоот нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 3.1-т Худалдан авагч нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг худалдагч талд тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор төлбөрийн дараах дансанд төлнө. /Хаан банк 5040050582 төгрөгийн данс/ гэсний дагуу тооцоо нийлж, нэхэмжлэл ирүүлсэн тухай бүр нь төлбөрийг сар бүр бүрэн барагдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.
2. Гэрээний 2.1-т Худалдан авагч нь дараагийн удаагийн бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш сард нэг удаа тооцоо нийлж явах бөгөөд тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд дараагийн удаагийн нийлүүлэлтийг худалдагч талд нийлүүлнэ гэсний дагуу сар бүр тооцоо нийлж шатахууны үлдэгдэл төлбөр бүрэн төлөгдсөний үндсэн дээр М-Ойл грүпп ХХК- нь дараа дараагийн саруудад нийлүүлэлтийг хийсэн байна.
3. Гэрээний 2.1-т Худалдан авагч нь дараагийн удаагийн бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш сард нэг удаа тооцоо нийлж явах бөгөөд тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд дараагийн удаагийн нийлүүлэлтийг худалдагч талд нийлүүлнэ гэсний дагуу М-Ойл грүпп ХХК нь сар бүр тооцоо нийлж төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэл анхан шатны баримтаа ирүүлсэн байхад шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн сар бүрийн тооцооллын үлдэгдэл зөрүүтэй байна
4. М-Ойл грүпп ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Санхүүгийн тайлангийн жил 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэрээний 4.1-т талууд тохиролцсоноор гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 02-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулав..гэсний дагуу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.1.4-т Бэлтгэн нийлүүлэгч худалдан авагчтай тогтоосон хугацаанд тооцоо нийлж, үлдэгдлийг баталгаажуулсан байх.. гэсэн заалтын дагуу тайлант болон гэрээт хугацаа дуусгавар болох хугацаа буюу 2015 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлсэн үлдэгдлийн тулган баталгаажуулалт хийгээгүй байна.
5. Тус хэлтсийн 2015 оны санхүүгийн тайланд М-Ойл ХХК-иас нэхэмжилсэн 722.759 төгрөгийн шатахууныг авсан тухай, орлого зарлага бүртгэгдээгүй, М-Ойл ХХК-тай холбоотой өглөг авлага байхгүй байна.
6. Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т заасан бүрэн эрхийн дагуу тус хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон санхүүгийн тайланд Амйгийн Аудитын газраас аудит хийж, санхүүгийн тайлан үнэн зөв илэрхийлэгдсэн болохыг баталгаажуулсан байна.
Иймд тус хэлтэс нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв, гаргах үндэслэл болно гэсний дагуу М-Ойл грүпп ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэл анхан шатны баримтыг үндэслэн санхүүгийн тайлангаа гаргасан байх тул М-Ойл грүпп ХХК-ний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Одонтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэх аваад канондсан гэх утгатай зүйлийг ярьж байна. Манай байгууллагаас гарсан бүх зардал санхүүгийн баримт дээр их хувиараа байдаг гэдгийг залруулж хэлэх нь зүйтэй байна. M oil ХХК-тай 2015 онд гэрээ байгуулсан. Энэ хугацаанд өөр дарга, өөр нягтлан ажиллаж байсан. Хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцахад сар бүрийн тооцоолол нь эцсийн үлдэгдэлтэйгээ тохирохгүй харагдаж байна. Нийгмийн даатгалын хэлтсийн дансаар дамжиж бүх гүйлгээнүүд хийгдэх ёстой. Гэтэл Ц.Сэмжиддорж дарга бэлнээр төлсөн зүйлүүд ч харагдаж байна. Зээлээр худалдан авсан шатахууны төлбөрийг худалдагч тал тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дараах дансанд төлнө гэж гэрээн дээрээ заасан байна. Сар болгондоо ирүүлсэн нэхэмжлэлийнх нь дагуу мөнгөө шилжүүлсэн байдаг. Энэ нь манай санхүүгийн баримтууд дээрээс тодорхой харагдаж байна. Сард нэг удаа тооцоо нийлж явах бөгөөд тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шатахууны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд дараагийн удаагийн нийлүүлэлтийг худалдагч талд нийлүүлнэ гэсний дагуу сар болгон тооцоо нийлэн төлбөрөө төлж, гэрээнийхээ дагуу M oil ХХК шатахуунаа нийлүүлэх ёстой. Ийм учраас дараа дараагийн шатахууныг олгоод явсан асуудал нь сар сардаа төлбөрөө төлсөн учраас шатахууныг олгосон гэж ойлгож байгаа. Нэхэмжлэлийн дүн нь жагсаалттайгаа зөрүүтэй байгаа учраас үндэслэлгүй байна гэж ойлгож байгаа.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно гэж заасны дагуу талууд 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал гэрээ байгуулсан. Сангийн сайдын тушаалаар батлагдсан маягтын дагуу жилийн эцэст тооцоо нийлж үлдэгдэл өртэй гарсан талаар баримт үйлдэх ёстой. Гэтэл энэ талаар үйлдсэн нотлох баримт байхгүй. Манай байгууллагын 2015 оны тайланд 722759 төгрөгийн шатахуун орлогодож авсан нэг ч баримт байдаггүй. Анхан шатны баримтыг үндэслэж санхүүгийн тайлбан гардаг. Сар болгон ирсэн нэхэмжлэлийн дагуу, шатахууны үнийг төлж байсан баримтуудаа тайландаа тусгасан байгаа. Бэлтгэн нийлүүлэгчтэй тооцоо нийлж өр авлагаа бүртгэх ёстой. Гэтэл ийм баримт байдаггүй гэдгийг дахин хэлэх байна. Санхүүгийн тайлангаас харахад M oil ХХК-д өр авлагатай талаар ямар ч баримт байдаггүй. 2016 оны төсөв нь 2016 ондоо л үйл ажиллагаа явуулахад зориулагдсан төсөв байдаг. Магадгүй 722759 төгрөгийг M oil ХХК-д тухайн ондоо төлж барагдуулах ёстой байсан. Тооцоо нийлж баталгаажуулж, санхүүгийн тайланд тусгаагүй байгаа учраас төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М-ойл групп ХХК-нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг шатахууны төлөгдөөгүй үнэ 722.759 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч М-Ойл грүпп ХХК, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хооронд 2014 оны 07 сарын 01-ний өдөр Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 14-43 дугаартай гэрээ, 2015 онд №15-25 дугаартай 14-43 тоот нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ тус тус байгуулагдсан байна.
М-Ойл грүпп ХХК-ийн хягтлан бодогч А.Алтанзулын тооцоо бодсон хүснэгтээр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2014 оны 07 сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэл 77 удаагийн 10.394.806 төгрөгийн борлуулалт хийснээс хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 9.672.047 төгрөгийн төлөлт хийж 722.759 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоо гаргасан бол хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2015 оны 02 сарын 13-ны өдрөөс 2015 оны 11 сарын 23-ны өдөр хүртэл 10 удаагийн төлбөрийн хүсэлтээр М-Ойл грүпп ХХК-ийн дансанд нийт 3473834 төгрөгийн төлбөр төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн, тухайн үеийн хариуцагч байгууллагын дарга Ц.Сэмжиддорж нь 446400 төгрөгийг бэлнээр төлсөн гэжээ. Иймд хариуцагч байгууллага нь 2015 онд худалдан авсан шатахуунаас нийт 3920234 төгрөгийг төлсөн гэж үзэхээр байна.
Гэтэл нэхэмжлэгч М-ойл групп ХХК-ийн шүүхэд ирүүлсэн баримтаар 2015 онд 5100190 төгрөгийн шатахууныг хариуцагч байгууллагад нийлүүлсэн тооцоог ирүүлсэн байна.
Улмаар М-Ойл грүпп ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд болох Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст сар бүр худалдсан шатахууны төлбөрийн нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт, холбогдох баримт, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбараас үзвэл хариуцагч байгууллага нь сар бүр төлбөрийг бүрэн төлөхгүйгээр өөрийн байгууллагын тухайн сарын төсөвт тохируулан нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэж М-Ойл грүпп ХХК-д төлбөрийн үлдэгдэлгүй мэтээр баримт бүрдүүлж тайланд тусгаж байсан болох нь тогтоогдож байна.
Тухайлбал хоёр байгууллагын 2015 оны 10 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 2015 оны 10 сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 715450 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж тус газрын ерөнхий нягтлан бодогч А.Цэрмаа, М-Ойл грүпп ХХК-ийн төлөөлөгч А.Гомбосүрэн нар гарын үсэг зурж тэмдэг дарсан байна. Улмаар 2015 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 323294 төгрөгийн шатахуун нэмж худалдан авсан бол хариуцагч байгууллага нь 235500 төгрөгийг төлсөн байна.
Эндээс дүгнэвэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 722759 төгрөгийг төлж барагдуулах үндэслэлтэй байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч байгууллагаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21896төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 21896 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасныг баримтлан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 722.759 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М-Ойл грүпп ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 21896 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 21896 төгрөг гаргуулж нэхэмжлэгч M-Ойл ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ